Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 309

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Д” ХХК   

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам 

Гуравдагч этгээд: “М” ХХК 

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” дугаар А-236 тоот тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах”, “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” дугаар А-277 тоот тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” 

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн бие даасан шаардлага: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” дугаар А-265 тоот тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”  

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “Д” ХХК нь 2005 онд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл тогтворгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа болно. 

Манай компани нь 2012/58 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээтэй Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богд Хан уулын дархан цаазат газрын Энхтайвны аманд байрлах 2.0 га талбай бүхий газрыг Аялал жуулчлалын зориулалтаар ашиглагдаг. Бид уг талбай дээр “Таван одтой зочид буудал барьж байгуулах төсөл” хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба төслийн талбай дээр 12,088 м.кв талбай бүхий 5 давхар зочид буудлын барилга, 470,44 м.кв талбай бүхий 5 ширхэг 3 давхар зуны байшин, тусгай зочин хүлээн авах 8 ханатай шавар гэр зэрэг барилгууд барихаар төлөвлөгдсөн байдаг. 

Бидний зүгээс 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 07 тоот албан бичгээр Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэх хүсэлтийг Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд гаргасан. Хүсэлтийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны шинжээч С.Т Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хийж гүйцэтгэсэн. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр манай компанид 6/4854 дугаартай албан бичгээр дүгнэлтийн хариуг ирүүлсэн бөгөөд дүгнэлтийн дагуу Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэх шаардлагатай болсон. 

Үүний дагуу бид Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэхээр “П” ХХК-тай “2013 оны 10 дугаар сард 13/08 дугаартай “Аялал жуулчлалын цогцолбор, зочид буудал байгуулах төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний ажил гүйцэтгэх гэрээг”-г байгуулсан ба гэрээний дагуу “П” ХХК нь 45 хоногийн дотор Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтийг хийж ирүүлээгүй байна. Бидний зүгээс “П” ХХК-дд Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлт гаргаж өгөхийг удаа дараа мэдэгдсэн боловч ямар нэгэн тодорхой хариуг хүлээн аваагүй байдаг. 

Бид тусгай зөвшөөрөл эзэмших хугацаанд төлөх ёстой газрын төлбөрийг хугацаанд төлж байсан бөгөөд дээр дурдсан шалтгааны улмаас манай компанийн эзэмшиж буй газар дээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийн үйл ажиллагаа хүлээдэг байсан болно. Энэ тухайгаа бид Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд албан бичгээр мэдэгдэж байсан байдаг. 

Гэтэл Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №А-236 дугаартай “Газар ашиглах эрх цуцлах тухай” тушаалаар Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 болон 40.1.6 дугаар зүйлд заасан үндэслэлээр манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан байна. 

Гэхдээ манай компанийн газар ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай албан ёсоор бидэнд өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй болно. Бид нарийвчилсан үнэлгээ хийлгэхээр гэрээ байгуулсан “П” ХХК-д хандан гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардсан бөгөөд тус компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж нарийвчилсан үнэлгээг хийх явцад манай компанийн газар ашиглах эрх цуцлагдсан болохыг  олж мэдсэн болно. 

Иймд бид манай компанийн газар ашиглах эрхийг бидэнд огт мэдэгдэлгүйгээр цуцалсан нь хууль бус шийдвэр гэж байгаа бөгөөд газар ашиглах эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг А/236 дугаар тушаалаар нэхэмжлэгч компанийн Богд хан уулын тусгай хамгаалалттай газар нутагт эзэмшиж байсан 2 га газрын газар эзэмших эрхийг цуцлахдаа Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-г үндэслэсэн.

Хан-Уул дүүргийн Газрын албаны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 131464 дугаар албан бичиг дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч компани 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 36 сая төгрөгийг газрын төлбөрт төлсөн байдаг тул хариуцагчийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна.

Бид өөрсдийн газар дээр 5 одтой зочид буудал барих төслийг хэрэгжүүлэхээр өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа ба одоогийн байдлаар 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Бид газар ашиглах гэрээ байгуулахаас өмнө заавал нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай байсан. 

Үүний дагуу бид нарийвчилсан үнэлгээг мэргэшсэн компаниар хийлгэж төрийн эрх бүхий байгууллагаар батлуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2016 оны 8 сард болон удаа дараа хандаж байсан боловч эрх бүхий байгууллагын дарга солигдсон, хариуцсан ажилтан нас барсан зэрэг тодорхой бус шалтгааны улмаас бидний батлуулах гэсэн нарийвчилсан үнэлгээг хойшлуулсан байдаг.

2016 оны 1 сараас эхлэн би өөрөө уг газрын бүх гэрээ хэлэлцээрийг хариуцан ажиллаж байсан ба энэ хугацаанд хариуцагч болон Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэг ч хариу өгөөгүй. Газар ашиглах эрхийг ганц хашаа барихаар ойлгох нь өрөөсгөл ойлголт юм. 

Манай нарийвчилсан үнэлгээг хийсэн компани болон нэхэмжлэгч компанийн зүгээс олон удаа хариуцагчид энэ талаар хүсэлт гаргаж байхад бидэнтэй хариу холбогдоогүй байж нэхэмжлэгчтэй холбогдох боломжгүй байсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Миний зүгээс 2015 оны 6 дугаар сарын 16 өдөр болон өмнө өдрүүдэд хариуцагч байгууллагын холбогдох хүмүүстэй нарийвчилсан үнэлгээний талаар уулзаж байсан боловч гаргаж өгөх боломжгүй, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад ханд гэж хэлж байсан. Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад хандахад та нар нарийвчилсан үнэлгээ батлуулах хүсэлтээ өгөөгүй байна гэдэг. 

Нөгөө компанидаа бид энэ асуудлаар нь хандахад “бид удаа дараа өгсөн. Бидэнд хариу өгдөгүй, Энхтайваны ам орчмыг хариуцаж байсан байцаагч нь нас барсан, хэн гэдэг хүн ажлын хүлээн авсан нь тодорхойгүй, 2016 оны 2 сараас хойш Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга өвчтэй байсан гэдэг шалтгаанаар ажилдаа ирээгүй гэдэг тайлбарыг өгдөг. Иймд төрийн захиргааны байгууллагын хайхрамжгүй үйл ажиллагаанаас болж өндөр өртөгтэй төсөл хэрэгжиж чадахгүй, манай газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл болсон. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. 

Манай хашаа Баянзүрх дүүрэгт байрлах 22 дугаар авто баз ХХК-ийн хашаанд хураалттай байгаа. Тухайн үед хашаа барих гэхэд бидэнтэй хамт очсон газрын байцаагч, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилчид “наад газар чиг өвөл болохоор иргэд ирж гулгадаг, хашаа барихаар хүүхэд гэмтдэг, дээр нь бөөгийн ёслол хийдэг талбай байдаг. Тийм болохоор та нар нэг мөр нарийвчилсан үнэлгээгээ хийлгэчхээд ажлаа эхэл” гэж хэлж байсан.

 Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч болон Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж байсан албан бичгүүдээ нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Уг нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч компани нарийвчилсан үнэлгээг батлуулахаар хандаагүй байсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Мөн манай нарийвчилсан үнэлгээг хийсэн компани Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд нарийвчилсан үнэлгээг хүргүүлсэн байдаг. Төрийн захиргааны байгууллага өөрсдийн хууль бус үйлдлийг хамгаалахаар тухайн шийдвэрт нийцсэн тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “.... Үүнтэй холбоотой тайлбарыг бичгээр гаргасан. “Д” ХХК-ийн газар ашиглах эрх гэрчилгээн дээр "С" ХХК-ийн нэг үсэг байхгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яам газар ашиглах эрх олгохдоо өмнөх газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцалсны дараагаар олгодог. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл дээр газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болох үндэслэлүүдийг заасан. Манай компани тухайн маргаан бүхий газрын ойролцоо газрыг шилжүүлэн авах талаар яригдаж байгаад төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас өөрсдийн эрх хэмжээний хүрээнд боломжит солбицлыг манайд газар ашиглах эрхээр олгосон. Үүнийг баталгаажуулаад гэрчилгээ олгосон нь хуульд заасан үндэслэлээр олгогдсон. 

Тухайн орон нутгийн Засаг дарга болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээн дээр тулгуурлан газар ашиглах гэрээ байгуулагддаг. Бид гэрээ байгуулахаар явж байхад төрийн захиргааны байгууллагаас эс үйлдэхүй үзүүлж өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхээс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргахад хариуцагч нь өөрийн тайлбарыг дэмжсэн нотлох баримтыг гаргаж өгсөн нь хууль бус юм.

"С" ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаал нь хэрэв үргэлжлэх юм бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд 39 .1-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглохоор заасан. Өмнөх захиргааны актыг хүчингүй болгож дараагийн шинэ захиргааны актыг гаргадаг. Үүнийг үндэслэн нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон. Тухайн үед төрийн захиргааны хяналт тавих эрх бүхий албан тушаалтнаар газар ашиглах эрх олгох үйл ажиллагаа хянагдсан байсан” гэжээ. 

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Д” ХХК-ийн 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2012/58 дугаартай газар ашиглах гэрчилгээтэй Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Энхтайвны аманд байрлах 2.0 га талбай бүхий газрыг Аялал жуулчлалын зориулалтаар ашиглагдаг. Бид уг талбай дээр “Таван одтой зочид буудал барьж байгуулах төсөл” хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба төслийн талбай дээр 12,088 м.кв талбай бүхий 5 давхар зочид буудлын барилга, 470,44 м.кв талбай бүхий 5 ширхэг 3 давхар зуны байшин, тусгай зочин хүлээн авах 8 ханатай шавар гэр зэрэг барилгууд барихаар төлөвлөсөн байгаа. 

Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр А-236 дугаар тушаал манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан байна. 

Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр А-236 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулж, газар ашиглах эрхээ сэргээлгэх гэсэн шаардлагыг гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: “Д” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, мөн хуулийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг мөн улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний заалтыг тус тус зөрчсөн байна.

Нэхэмжлэгч уг газар дээр үйл ажиллагаа явуулаагүй нь нэхэмжлэлээс илт харагдаж байна. 

Иймд хууль зүйн үндэслэлгүй тул “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалаар “Д” ХХК-ийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр цуцалсан.

Маргаан бүхий 2 га газар ашиглах эрх нь анх “С” ХХК-ийн нэр дээр байсан бөгөөд дээрх компани болон “Д” ХХК-ийн захирал нь н.Ү******* газар эзэмших эрхэд нэг хүн байдаг тул “С” ХХК-ийн 2 га газрыг “Д” ХХК-ийн нр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/265 дугаар тушаалаар нэхэмжлэгч компанийн нэр дээр 2 га газар ашиглах эрх үүссэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын 2 дахь заалтаас үзвэл газар ашиглах эрхийг цуцалсан талаар мэдэгдэх үүргийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хүлээсэн байна. Үүний дагуу 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 380 тоот албан бичгээр “Д” ХХК-д газар ашиглах эрхийг цуцалсан талаар мэдэгдлийг хүргүүлсэн.

“С” ХХК-аас газар ашиглах эрхийг “Д” ХХК шилжүүлэн авснаар үүрэг, эрх бүгд шилжинэ. 2004 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар "С" ХХК-д газар ашиглах эрх анх үүссэн бөгөөд үүнээс хойш “Д” ХХК-д шилжүүлэх хүртэл газрын төлбөрийг төлж байгаагүй. “Д” ХХК шилжүүлэн авч гэрээ байгуулснаар газрын төлбөр төлөх эрх үүсдэг. Гэтэл нэхэмжлэгч компани нь газар ашиглах гэрээ байгуулаагүй. 2013 он, 2014 он, 2015 онд газрын төлбөрийг ямар гэрээгээр төлж байсан нь тодорхойгүй бөгөөд хуучин "С" ХХК-ийн нэрээр газрын төлбөрийг төлж байсан байх. Гэтэл "С" ХХК-ийн эрх үүрэг дуусгавар болсон тул гэрээг шинэчлэн байгуулах үүргээ нэхэмжлэгч компанийн биелүүлээгүй. 

Байгаль орчны сайдын 2001 онд баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай 218 дугаар журмын 3.4-т гэрчилгээ гарсны дараа 3 сарын дотор гэрээ байгуулах үүргийг иргэн, аж ахуй нэгжид хүлээлгэсэн байтал энэ үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй бөгөөд гэрээ байгуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нь газар ашиглах гэрээний 2.4-т заасан нэг жилд 7.920.000 төгрөгийг улирал бүрийн 25-нд төлөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас газар ашиглах эрхийг цуцалсан.

Мөн дээрх гэрээний 2.5-д заасны дагуу нэхэмжлэгчид газар ашиглах хугацаа нь 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл байсан бөгөөд энэ хугацааны төлбөрийг төлөөгүй. Мөн ашиглах 2010, 2011 оны газрын төлбөрийг төлөөгүй. Газар ашиглах гэрээний 4.1-т заасны дагуу нэхэмжлэгч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль хамгаалах төлөвлөгөө байгуулж, батлуулах үүрэгтэй байтал үүнийг байгуулж, батлуулаагүй.

Газар ашиглах гэрээний 4.2-т газрын төлбөрийг талбай ашиглахаас үл хөдлөх хөрөнгө хамааран хугацаанд нь төлөхөөр заасан байхад биелүүлээгүй. Мөн гэрээний 4.8-д заасны дагуу жил бүр хамгаалалтын захиргаанд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүрэг хүлээж гэрээ байгуулж, 300.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд уг үүргээ биелүүлээгүй. Мөн 4.10-т заасан газар ашиглах гэрээг сунгуулах, шинэчлэх хүсэлтээ гаргаагүй, 4.12-т заасан гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн тайланг жил бүр дүгнүүлэх үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчил гаргасан. 

Маргаан бүхий газар дээр хашаа болон ямар нэг үл хөдлөх хөрөнгийн объект баригдаагүй болох нь шүүхээс хийсэн үзлэг, Газрын харилцаа геодези, зураг зүйн газраас ирүүлсэн нотлох баримтаар тогтоогддог.

Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан 15 дугаар тогтоолд “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж заасан.

  “Д” ХХК-аас хариуцагчид удаа дараа хандаж байсан гэх хэрэгт авагдсан албан бичгүүд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Учир нь үнэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд албан бичиг гаргаж байсан бол тэдгээр байгууллагуудаас хандаж байсан албан бичгээ гаргуулах авах ёстой. Нэхэмжлэгч өөрийн албан бичгийг ямар ч байдлаар он сарын өөрчлөөд нотариатаар батлуулан өгөх боломжтой. Иймд дээрх албан бичгүүд нотлох баримтын шаардлага хангахгүй байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “...2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Д” ХХК анх Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлтээ гаргасан. "С" ХХК манай 2 компанийн захирал нь нэг хүн тул 2 га газрыг “Д” ХХК-д шилжүүлэх хүсэлтийг гаргасан байдаг. Энэ хүсэлтийн дагуу 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/265 дугаар тушаал гарсан бөгөөд уг тушаалын хавсралтад зааснаар “Д” ХХК-д Энхтайваны аманд 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон. Уг хавсралтын тайлбарт "С" ХХК-ийн захирал н.Ү-ын нэр дээр бүртгэлтэй компани руу шилжүүлэв гэсэн байдаг. 2013 оын 9 дүгээр сарын 10-ны өдөр “Д” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар ерөнхий үнэлгээг хийлгэсэн бөгөөд үнэлгээний дүгнэлтээр байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай байгаа талаар дурдсан байдаг. 

Гэтэл нэхэмжлэгч компани нь одоог хүртэл нарийвчилсан үнэлгээг хийлгэж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өгөөгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яам ерөнхий үнэлгээг хийсэн бол тухайн компани өөрөө нарийвчилсан үнэлгээг хийлгэх үүрэгтэй. “Д” ХХК нь нарийвчилсан үнэлгээг хийгээгүй байж "С" ХХК-ийн гурвалсан гэрээг ашиглан төлбөр төлсөн нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйг төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Үнэхээр яаманд албан бичиг өгч байсан бол уг албан бичиг нотлох баримтаар яамнаас гаргуулаад нотлох баримттай зүйл ярих ёстой. Гэтэл баримтгүй зүйл ярьж, хүнийг гүтгэж байна” гэжээ. 

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “М” ХХК нь нийслэлийн байгаль орчин, Засгийн газрын урт хугацааны мөрийн хөтөлбөр ногоон байгууламж, эко орчин бүрдүүлэх дархан цаазат Богд хан уулын ойжуулалтын нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлтэй аялал жуулчлал хийх зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хүч хөрөнгөөр Богд хан уулын Арцалтын аман дахь газрыг 2015 онд Байгаль орчны яаманд төсөл хөтөлбөрөө холбогдох бичиг баримтын хамт гаргаж өгсөн. 

Тус яам нь 5 жилийн хугацаатай газар эзэших эрхийг Хан-Уул дүүрэг Богд Хан Уулын дархан цаазат газар, “М” ХХК нарын гурвалсан гэрээ хийгдсэн юм. “М” ХХК нь дархан цаазат газрын бүс нутагт ямар нэгэн барилга байгууламж, цэнгээний газар барих ашиг хөөцөлдөхийг урьтал болгосонгүй. Дэлхийн дулаарал, хүлэмжийн хийг багасгах эх дэлхий, эх орон и нутаг, онгон байглаа ирээдүй хойч үедээ үлдээх эко аялал жуулчлалын зорилгоо болгосон ямар ч цаг хугацаанд хэзээ ч хэдийд ч гоё сайхан барилгыг барьж байгуулж болно. Харин Байгаль орчин нөхөн сэргээлт эко орчинг бий болгоход ямар цаг хугацаа орох вэ гэдэгт хэн ч маргахгүй байх. Ийм учраас “М” ХХК нь төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дэмжиж тодорхой газрыг олгосон гэж ойлгож байна. “Д” ХХК-ийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №А-236 дугаар тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулж гаргасан бие даасан шаардлагадаа: “... “М”  ХХК нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт орших Богд Хан-Уул дархан цаазат газрын хилийн зааг дотор Арцатын амны хязгаарлалтын бүсэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/27 тоот тушаалаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас олгосон 2015/233 дугаартай гэрчилгээтэй Арцатын аманд аялал жуулчлалын зориулалтаар 4,0 га талбайг 5 жилийн хугацаагаар эзэмшдэг.

Гэтэл “Д” ХХК нь манай эзэмшлийн газарт захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь “М” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна. 

Энэхүү маргаан бүхий газар нь “Д” ХХК-д шилжихдээ хууль бусаар шилжсэн бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/265 тоот тушаал, тухайн үеийн сайд Д.Ц нь илт хууль бус тушаалыг гаргасан нь захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэж байна. 

“С” ХХК-аас “Д” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлсэн нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг зөрчсөн байна. 

Энэхүү хууль бусаар газар эзэмших зөвшөөрөл авсан “Д” ХХК нь дээрх тушаалыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа нь “М” ХХК-ийн эрх, хууль ёсын ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. 

Иймд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/265 дугаар тушаалыг захиргааны акт илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 2015 оны А/27 дугаар тушаалаар олгосон газарт “Д” ХХК нэхэмжлэгч гаргасан тул манай компани гуравдагч этгээдээр уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орж ирсэн. Нэхэмжлэгч манай газар дээр нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Гуравдагч этгээдийн зүгээс бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Маргаан бүхий газар нь нэхэмжлэгчид хууль бусаар шилжсэн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/260 дугаар тушаал нь захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь тул уг тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүлэх ажиллагааг хуульчилсан. "С" ХХК-иас маргаан бүхий газар нь “Д” ХХК-д нэг албан бичиг өгөөд шилжсэн ба хуульд заасны дагуу шилжээгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар эзэмших эрхийг гэрээний үндсэн дээр авахаар заасан. "С" ХХК-ийн газрын солбицол “Д” ХХК-ийн газрын солбицол хоёр өөр байгаа. 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр газар ашиглах гэрээ байгуулаад "С" ХХК маргаан бүхий газрыг ашиглах эрхтэй болсон. Иймд маргаан бүхий газар нь илт хууль бусаар “Д” ХХК-д шилжсэн байна. Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчиж, нэхэмжлэгч компани хууль бусаар маргаан бүхий газрыг ашиглах эрхтэй болсон байна. 

"С" ХХК-ийн захирал “Д” ХХК-д газар шилжүүлэхдээ ямар ч хуульд заасан үндэслэл журамгүйгээр шилжүүлснээс болоод гуравдагч этгээдэд ноцтой хохирол учирч байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/260 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Д” ХХК нь “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” дугаар А-236 тоот тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах”, “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” дугаар А-277 тоот тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Харин гуравдагч этгээд “М” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” дугаар А-265 тоот тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн бие даасан шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд: 

“С” ХХК нь маргаан бүхий 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 2004 оноос эхлэн ашиглаж ирсэн болох нь газар ашиглах гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ  зэрэг баримтуудаар нотлогдож байна. 

“С” ХХК-ийн болон “Д” “ХХК-ийн захирал /үүсгэн байгуулагч/  Ө.Ү-ийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Компанийн нэр шилжүүлэх тухай” №19/12 болон №01/12 тоот албан бичгүүдээр  Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн "Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-265 дугаар тушаалаар “Д” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаатай, 2 га газрыг ашиглах эрх олгосон байна.

Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай”  А-236 дугаар тушаалаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй” үндэслэлээр “Д” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцласан байна. 

Улмаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-277 дугаар тушаалаар “Д” ХХК-д ашиглуулж байсан 2 га газрыг оролцуулан нийт 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг “М” ХХК-д олгосон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  1-дэх хэсэгт  “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 1-д “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” бол газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болохоор, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж хуульчилсан байна. 

“Д” ХХК нь маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр  нотлогдож байна. 

Хэдийгээр “С” ХХК болон “Д” ХХК нь тус тусдаа, бие даасан хуулийн этгээдүүд боловч уг компаниудын үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх захирал нь нэг этгээд байх бөгөөд дээрх компаниуд хамаарал бүхий хуулийн этгээдүүд болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа , “Компанийн нэр шилжүүлэх тухай” №19/12 болон №01/12 тоот албан бичгүүдээр  нотлогдож байна. 

Дээрхээс үзэхэд “С” ХХК болон “Д” ХХК нь тус тусдаа, бие даасан хуулийн этгээдүүд байх боловч бодит байдалд уг компаниуд хоорондоо хамаарал бүхий байх тул нэхэмжлэгчийг 2004 оноос хойш одоог хүртэл уг газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэ агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна. 

Мөн сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн "Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-265 дугаар тушаалаар нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосноос хойш тооцож үзсэн ч “Д” ХХК нь уг газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдож байх тул сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” А-236 дугаар тушаалыг шүүхээс хүчингүй болгох боломжгүй байна. 

Иймд нэхэмжлэгч маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тодорхой нотлогдож байх бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцласан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг “П” ХХК хугацаандаа гаргаж өгөөгүй, уг нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг холбогдох төрийн байгууллага баталж өгөхгүй, чирэгдүүлснээс шалтгаалж манайх хугацаа алдаж, газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй” гэсэн агуулгаар тайлбарлаж, энэ талаарх нотлох баримтуудыг гаргаж байх боловч дээрх шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, ... тогтоох” гэж төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан байна. 

Дээрх хуулийн заалтын дагуу Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-ыг батласан байна. 

Уг журмын 3.4-т “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, БО-ны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна. 

Дээрх журмын 3.4-т зааснаас үзэхэд газар ашиглуулах тухай сайдын тушаал гарахаас цаг хугацааны хувьд өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтийг гаргуулахаар, газар ашиглах гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй байхаар заасан байна. Нэхэмжлэгч “Д” ХХК-д 2012/58 тоот Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг  2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр олгосон байна. 

Дээрх журам, үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчид 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр газар ашиглах гэрчилгээ олгосон байх тул “Д” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулсан эсэхээс үл хамааран, гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн газраа зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулах боломжтой байжээ.   

Иймд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг холбогдох төрийн байгууллага баталж өгөхгүй чирэгдүүлсний улмаас манайх хугацаа алдаж, газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. 

“Д” ХХК-ийн газрын төлбөр төлсөн баримтууд хэрэгт цугларсан байх хэдий ч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдож байх тул “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” дугаар А-236 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Тодруулбал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан үндэслэлүүдийн аль нэг үндэслэл бий болсон нөхцөлд газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдэх бөгөөд дээрх хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүд нэгэн зэрэг бүрдсэн байхыг хууль тогтоогч шаардаагүй байх тул дээрх А-236 тоот тушаалыг шүүхээс хүчингүй болгох боломжгүй байна. 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” дугаар А-277 тоот тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд: 

Шүүхээс “Д” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” дугаар А-236 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн тул “М” ХХК-д газар ашиглах эрх олгосон сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” дугаар А-277 тоот тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзнэ.  

Иймд “М” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” дугаар А-277 тоот тушаалыг хууль зөрчсөн гэж үзэж, шүүхээс хүчингүй болгох боломжгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” дугаар А-265 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн бие даасан шаардлагын тухайд: 

Гуравдагч этгээд “М” ХХК нь “С*******” ХХК-аас “Д” ХХК-д газар ашиглах эрхийг шилжүүлсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “газар ашиглагч нь ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах” хориглоно гэж заасныг зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Учир нь дээрх хуулийн зохицуулалт нь газар ашиглуулах шийдвэр гаргах бүрэн эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагын буюу сайдын зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулан ашиглуулахыг хориглосон агуулгатай зохицуулалт байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна. 

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д нэрлэж заасан захиргааны акт илт хууль болох үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” дугаар А-265 тоот тушаалыг шүүхээс илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна. 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” дугаар А-236 тоот тушаалаар “Д” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан бөгөөд уг А-236 тоот тушаалд нэхэмжлэгчид анх газар ашиглах эрх олгосон сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 тоот тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох талаар заагаагүй хэдий ч уг тушаал агуулгаараа 2012 оны А-265 дугаар тушаалыг хүчингүй болгосон байх тул сайдын 2012 оны А-265 тоот тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсэг нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, тус А-265 тоот тушаалыг шүүхээс илт хууль бус болохыг тогтоосноор гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна. 

Дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” дугаар А-236 тоот тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах”, “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” дугаар А-277 тоот тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” дугаар А-265 тоот тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий гуравдагч этгээд “М” ХХК-ийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      М.Б