Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00108

 

Л.Халиунзулын нэхэмжлэлтэй, хариуцагч

С.Баттулгад холбогдох иргэний хэргийн

тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 236 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч:Л.Халиунзулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Баттулгад холбогдох ,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-15-40 тоот 2 өрөө орон байрыг гэр бүлийн дундын өмч болохыг тогтоож, гэр бүлийн гишүүдэд хувааж олгуулах,

Гуравдагч этгээд А.Сэрээтэрдагвын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-15-40 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Л.Халиунзулын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаД.Оюунбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Халиунзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа :

Л.Халиунзул миний бие Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт амьдарч 50 дугаар сургуульд математикийн багшаар ажилладаг. Миний бие Орхон аймгийн харъяат С.Баттулгатай 1996 онд Улсын багшийн их сургуульд оюутан байхдаа танилцаж үерхэж 1998 оны 12 дугаар сарын 13-нд охин Б.Мичидмааг, 2003 оны 10 дугаар сарын 10-нд хүү Б.Бумбаяр нарыг төрүүлсэн юм. 1999 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан юм. Миний охин Б.Мичидмаа аавтайгаа Орхон аймагт 2012 оноос хойш амьдарч байсан. Гэтэл 16 настай охин Б.Мичидмаа 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр өвдөөд аарцагны хөндий идээт үрэвсэл гэсэн оноштойгоор Эх нялхасын төв эмнэлэгт хэвтэж, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хагалгаанд орж, 02 дугаар сарын 16-нд эмнэлгээс гарсан бөгөөд эцэг С.Баттулга нь үргэлжлүүлж эмчилгээ хийлгэлгүй авч яваад дахин 03 дугаар сард өвдөөд одоо Улаанбаатарт эмэгтэйчүүдийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна. Хамт амьдарч байх хугацаанд С.Баттулга нь намайг байнга зодож, сэтгэл зүйн дарамтанд байлгаж байсан, хамт олны минь дунд хүртэл зодож байсан, тэр ч байтугай Солонгос улсаас 2009 оны 06 дугаар сард түр ирэх хугацаандаа өөр эмэгтэй хүн дагуулж ирсэн төдийгүй миний хавиргыг хугалж, 3-4 удаа зодож байгаад буцаад 08 сард Солонгос руугаа нөгөө бүсгүйтэйгээ хамт явсан юм. С.Баттулга нь амьдралаа дээшлүүлэхээр 2006 онд Солонгос улсад ажиллахаар яваад 2012 онд буцаж ирээд Орхон аймагтаа бидний дундын өмч болох байранд охин Б.Мичидмаатай амьдарч байсан юм. 2006 оноос хойш одоо хүртэл бид хоёр хамтын амьдралгүй тус тусдаа амьдарч байгаа юм. Иймд Орхон аймгийн Эрдэм ахлах сургуулийн 11Е ангид суралцдаг охин Б.Мичидмаа, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн 6Г ангид суралцдаг хүү Б.Бумбаяр нарыг өөрийн амрамжинд авч, гэрлэлтээ цуцлуулж, хуухдийн тэтгэлэг гаргуулах хусэлтай байна. Бид 2 анх айл болоод хөлсний байр, Орхон аймагт хадам аавын хашаанд гэрт амьдарч байгаад 2004 оны 10 дугаар сард өөрсдийн цуглуулсан цалин мөнгөөр найз Б.Цогзолмаагаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар бичил хорооллын 11 дүгээр байрны 10 тоот 1 өрөө байрыг 4.300.000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд 1.200.000 төгрөгийг бэлнээр өгч, 3,0 сая төгрөгийг нь банкнаас зээл авч төлж байсан юм. Ингээд нөхөр С.Бататулга 2006 онд Солонгос улс руу ажиллахаар явж би, өөрсдийн 1 өрөө байраа 2007 оны 10 дугаар сард 20 сая төгрөгөөр зарж, уг мөнгөө хадам аав Сэрээтэрдагвад өгч аав маань уг 20 сая төгрөг дээр надтай хамтран Орхон аймгийн Хаан банкны салбараас үлдэгдэл мөнгө болох 11 сая төгрөгний зээлийг, худалдан авсан байраа барьцаалж зээлээд нөхөр 8 сая төгрөгийг Солонгос улсаас явуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-ын 15-р байрны 40 тоотод 33.4 м2 2 өрөө байрыг 39 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Уг байрандаа миний бие 2 хүүхдийн хамт 2010 оны 12 сарын 01 хүртэл амьдраад ээжийн бие муудаад Улаанбаатар хот руу явсан юм. Бидний дундын өмч болох 2 өрөө байрны 39 сая төгрөгний 19 сая төгрөгийг нөхөр С.Баттулга Солонгос улсад ажиллаж олсон мөнгөөрөө, банкны зээлийн хамт төлсөн юм. Мөн хамтран амьдрах явцад 2002 онд Эксель маркийн машиныг 2 600 000 төгрөгөөр аваад, 2005 онд зараад Аксент машин 3.600.000 төгрөгөөр аваад, 2007 онд хадам аав Сэрээтэрдагвын нэр дээр шилжүүлж өгч байсан юм. Аксент маркийн машин нь Халиунзул миний нэр дээр байсан юм. Нэгэнт хадам аавдаа өгсөн учир энэ машиныг нэхэмжлэхгүй. Иймд бидний дундын өмч болох 2 өрөө байрны зохих хувийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Баттулга шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа :

Нэхэмжлэгч Л.Халиунзулын нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараахь тайлбарыг хийж байна. С.Баттулга би Л.Халиунзултай 1999.01.13-нд гэрлэлтээ батлуулж, 1998 оны 12 сарын 13-нд охин Б.Мичидмаа, 2003 оны 10 сарын 10-нд хүү Б.Бумбаяр мэндэлж охин хүү хоёртой болсон. Бид хоорондоо таарч тохирохгүй болоод хоёр тусдаа амьдарч эхэлсэн. 2012 оноос эхлэн Халиунзул хүүтэйгээ, би охинтойгоо амьдарч өнөөдөрийг хүртэл амьдарч байна. Бид тус тусдаа амьдраад олон жил болж байна. Би энэ эмэгтэйтэй сайн сайхан амьдраад болж бүтнэ гэж л энэ амьдралын төлөө зүтгэж явсан. Салах болсон шалтгаан хэн хэнд л байсан байх. Би эцэг хүнийхээ үүргийг гүйцэтгэж яваа гэж өөрийгөө боддог. Би хүүхдээ өвдүүлээд байгаа мэтээр нэхэмжлэлдээ бичсэн байх юм. Ямар ч эцэг эх хүүхдээ өвдөж зовоосой гэж хүсэхгүй. Охин маань Улаанбаатар хотын Эх нялхасын эмнэлэгт 21 хоног хэвтэж эмчлүүлсэн. Би охиныхоо эмчилгээний зардалд 600 000 гаран төгрөгийг төлж эмчлүүлээд цагаан сар болох гээд охиноо эмнэлэгт хэвтүүлж сар шинэ гаргаад яахав гээд эмчээс нь эм тариаг аваад битүүний өдөр Орхон аймагт ирээд шинийн 3-нд буцаж очиж эмнэлэгт хэвтүүлсэн юм. Би өөрөө охиноо 21 хоног сахиж байсан. Шаардлагатай бол охины эмчлэгч эмч Ганхуягыг гэрчээр дуудаж асууж болно. Үүнээс гадна хувийн эмнэлэгт ч хэвтэж эмчлүүлсэн. Л.Халиунзулын нэхэмжлээд байгаа Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн 6-15-40 тоот 2 өрөө байр бол бидний дундын өмч биш, энэ орон сууц бол миний аав А.Сэрээтэрдавгын өмч юм. Би 2 хүүхдийн эцэг гэдгээ маш сайн ухамсарладаг ба ирээдүйн төлөө байнга санаа тавих болно. Охин маань Орхон аймгийн Эрдэм ахлах сургуулийн 11л ангид сурдаг ба, ангийн багш нь Одончимэг юм. Хичээлээс гадуур волейбол болон бадминтоны секцэнд явдаг. Эцэг эхийн болон ангийн хуралд тогтмол суудаг. Одоо охин маань ирэх жил сургуулиа төгсөх ба би охиноо нэг анги хамт олон, найз нөхөдтэй, дассан орчинтой нь, багштай нь сургуулийг нь төгсгөх нь зүйтэй гэж бодож байна. Шилжилтийн насны хүүхдийн амьдрах орчин гэнэт солигдох нь сурлага хүмүүжилд нь сөрөг нөлөө үзүүлэх байхаа. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Охин минь хүссэн цагтаа ээж дүү хоёртойгоо уулзаж болно шүү дээ. Би ч хүүтэйгээ уулзаж баймаар байна. Иймд би нэхэмжпэлийн шаардлагаас гэрлэлт цуцлахад татгалзах зүйл байхгүй. Охин Б.Мичидмааг ээжийнх нь асрамжинд өгөхгүй. Охин Б.Мичидмааг эцэг С.Баттулга миний асрамжинд үлдээж өгнө үү, хүүхдүүдээ би өөрөө авах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Сэрээтэрдагва шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Алтангэрэл овогтой Сэрээтэрдавга нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу бие даасан шаардлагыг гаргаж байна. Бие даасан шаардлага гаргах учир нь гэвэл би өөрийн төрсөн хүү С.Баттулга бэр Л.Халиунзул нар нь шүүхэд гэрлэлтээ цуцлуулах гээд Сум дундын 14 шүүхэд маргаан үүсгэсэн байна. Миний бие А.Сэрээтэрдагва нь 1944-10-05-нд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Дээд боловсролтой, одоо тэтгэвэрт ба Авто-мастер ХХК-нд такси үйлчилгээнд жолооч ажилтай. Миний орон гэр 6-15-40 тоот 2 өрөө байр ба охин минь ганцаараа гээд 5-23-17 тоотод түр оршин суудаг. Би өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-15-40 тоот хоёр өрөө орон сууцаа Жигжидхорол гэх эмэгтэйгээс 2007.11.22-нд 22 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийж худалдаж авсан. Уул нь өөрөө амьдарч байгаад хүү С.Баттулга гадаад явсан учир бэр болон ач нараа оруулаад байлгаж байтал 2010 оны 10 сард бэр Л.Халиунзул байр цахилгаан дулааны мөнгөө 2 сар төлөлгүй байж, хөгшин бид хоёрыг дуудаад энэ байрныхаа түлхүүрийг ав, хот орж, ээж аавтайгаа амьдарлаа. А.Баттулгаас хүүгээс чинь саллаа гээд дотор нь байсан эд хогшилоо аваад хоосон байрны түлхүүр өгсөн. Би сүүлийн 2 сар төлөөгүй өртүүлж үлдээсэн ус дулаан цахилгааны өрийг төлсөн. Тэгээд хөгшин бид хоёр зээлээр авсан байрныхаа банкны зээлээ төлсөөр байгаад дуусгасан. Тэгээд хүү маань ирээд орон гэргүй охинтойгоо манайд амьдарч эхэлсэн. Гэтэл одоо С.Баттулга, Л.Халиунзул нар нь шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба миний өмчийг өөрсдийн дундын өмч гэж маргаан үүсгэж миний өмчлөх эрхийг хөндөж мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багт байрлах 6-15-40 тоот 2 өрөө орон сууцыг надад мэдэгдэлгүй битүүмжилсэн байх тул би бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувьд дараахь шаардлагыг гаргаж байна. Үүнд: А.Сэрээтэрдагва намайг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багт байрлах 6-15-40 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү. А.Сэрэтээрдавга миний Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багт байрлах 6-15-40 тоот 2 өрөө орон сууцны битүүмжлэлийг цуцалж өгнө үү. С.Баттулга Солонгосоос надад мөнгө өгч байсан, хүний хүүхэд, эцэг эхдээ мөнгө төгрөг өгч болохгүй юмуу, эцэг эхийгээ харж хандах ёстой биз дээ гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 236 дугаартай шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан С.Баттулга, Л.Халиунзул нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.6-д заасныг баримтлан 1998 оны 12 сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Мичидмаа, 2003 оны 10 сарын 10-нд төрсөн хүү Б.Бумбаяр нарыг эх Л.Халиунзулын асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар охин Б.Мичидмаа, хүү Б.Бумбаяр нарыг 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, сар бүр эцэг С.Баттулгаар тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулж,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-15-40 тоот орон сууцныг, гэр бүлийн дундын эд хөрөнгөөр тогтоолгох, гэр бүлийн гишүүдэд хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Сэрээтэрдагвыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-15-40 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 77155 төгрөг гаргуулан төрийн санд, нэхэмжлэгчээс 528 000 төгрөг гаргуулан төрийн санд тус тус оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1038 дугаартай хөрөнгө битүүмжилсэн шүүгчийн захирамж, энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Халиунзул, хариуцагч С.Баттулга нараас тус бүр 35 000 төгрөг гаргуулан Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвд олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Халиунзул давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдаж байна.

Үүнд: 1. Нэхэмжлэгч талаас дундын өмч болох Баян-Өндөр сумын Согоот багийн 6-15-40 тоот хоёр өрөө байрыг хадам эцэг А.Сэрээтэрдагва нь өөрийн нэрээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсныг шүүхэд нэхэмжлэл өгсөний дараа мэдэж 2015 оны 04-р сарын 28-ны өдөр А.Сэрээтэрдагвыг хариуцагчаар татан, шүүх хуралд оролцуулж өгөх хүсэлт гаргасныг шүүх хүсэлтийг хүлээн аваагүйгээр А.Сэрээтэрдагвын хүсэлтээр бие даасан шаардлага гаргасан гурав дахь этгээдээр оролцуулан захирамж гаргасанд гомдолтой байна. Энэ нь ИХШХШТ хуулийн 28-р зүйлд зааснаар нэхэмжлэгч миний бие хүсэлт гаргаад байхад А.Сэрээтэрдагвыг хариуцагчаар татаагүй мөртлөө гурав дахь этгээдээр оролцуулж, бидний дундын өмчийг А.Сэрээтэрдагвын өмч мэтээр шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэж нэг талын эрх ашгийг хамгаалсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Үүнийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна.

2. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Энэ нь нэхэмжлэгч талаас нөхөр болох С.Баттулга нь Солонгос улсад 6 жил ажиллахдаа төрсөн эцэг А.Сэрээтэрдагва руу олон улсын банк хоорондын мөнгөн гуйвуулгаар сар бүр мөнгө явуулдаг байсан талаар нотлох баримтыг шүүх харгалзан үзсэнгүй, хүсэлтийг хүлээн авсангүй. Энэ нь нэхэмжлэгч Л.Халиунзул миний бие хадам эцгийнхээ хамт Хаан банкнаас 11 сая төгрөгийн зээлийг авахын тулд хамтран материал бүрдүүлж , энэ зээлийн материалд миний цалингийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ам бүлийн тодорхойлолт зэргийг бүрдүүлэн өгч журмын дагуу уг зээлийг авсныг шүүх анхаарсангүй. Энэ зээлийг нөхөр Солонгос улсаас сар бүр явуулж төлж байсныг нотлох баримтаар гаргуулсангүй. Мөн шүүх хурал дээр гэрч Ө.Жигжидхорол 6-15-40 тоот байрыг худалдахдаа 39 сая төгрөгийг Л.Халиунзул надаас тоолж авч байсныг гэрчилсээр байхад үүнийг хайхарч үзсэнгүй. Миний бие дундын өмч хөрөнгө болох 5-11-10 тоот нэг өрөө байраа 20 сая төгрөгөөр зарж энэ мөнгөө 2 өрөө байрыг авахад зарцуулсныг шүүх нотолгоогүй гэж үзсэнд туйлын харамсаж байна.Гэтэл хадам эцэг 20 сая төгрөг хаанаас гаргасныг мөн л нотолж чадаагүй, 8 сая төгрөгийг хадам эцэг хадгаламжнаас гаргасан үүнийг надад өгөөгүй байхад өгсөн мэтээр шүүх үзсэн. Энэ 8 сая төгрөгийг мөн лнөхөр Баттулга Солонгос улсаас явуулсан юм.Залуу насандаа 2 хүүхэд төрүүлж, цалингийн зээл удаа дараа авч борви бохисхийлгүйгээр зүтгэж, зүтгэж олсон мөнгөөрөө 5-11-10 тоот 1 өрөө, 6-15-40 тоот 2 өрөө байруудыг журмынх нь дагуу хамтран зээлдэгчээр орж худалдан авсан байрыг минь А.Сэрээтэрдагвын өмч болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ асуудлыг нэг талыг барилгүйгээр үнэн зөвийг олж тогтоон шийдвэрлэж өгнө үү. Эцэст нь миний өмч гэж ярьж байгаа хадам эцэг А.Сэрээтэрдагва, байрны зээлийн мөнгө төлж байна гэх нэрээр Солонгос улсаас хоёр хүүхэддээ мөнгө явуулж байгаагүй байж төрсөн эцэг эхдээ мөнгө явуулах нь миний үүрэг гэж байгаа нөхөр С.Баттулга 2-ын яриагаар мөнгө явуулж байрны зээлийн төлбөрийг хадам эцэг төлсөн гэдэг нь харагдсаар байтал хүүхдийн үүрэг гэж үзлээ. Тэгвэл үр хүүхдийн өмнө ямар үүрэг хариуцлага хүлээдэг юм болоо. 2 хүүхэд маань орох оронгүй үлдэж байгаад туйлын гомдож байна.

Анхан шатны шүүх 236 тоот шийдвэртээ нэхэмжлэгч надаас 528000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь мөн үндэслэл муутай байна. Энэ нь бидний дундын өмч болох 2 өрөө байрыг маань бие даасан шаардлага гаргасан А.Сэрээтэрдагвын өмч хэмээн шүүх шийдвэртээ тогтоочхоод улсын тэмдгийн хураамжинд 70200 төгрөг авсан байдаг. 74 сая төгрөгөөр үнэлсэн энэ байрны улсын тэмдгийн хураамжийг надаар төлүүлж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Энэ асуудлыг журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.

Эцэст нь 236 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Халиунзул нь хариуцагч С.Баттулгад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах, гуравдагч этгээд А.Сэрээтэрдагва Баян-Өндөр сумын Согоот багийн 6-15-40 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчснөөс шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Л.Халиунзулын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагч С.Баттулгын шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар,бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Сэрээтэрдагвын шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон бусад баримтанд дүгнэлт хийхэд :

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-15-40 тоот хоёр өрөө орон сууцны талаар маргаан гарсан ба нэхэмжлэгч Л.Халиунзулын нэхэмжлэлийн шаардлагад тус 2 өрөө орон сууцнаас оногдох хэсгээ гаргуулна гэсэн бөгөөд тухайн байрыг худалдан авахад хэн ямар оролцоотой оролцож хэдэн төгрөг гаргасан эсэх, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-т зааснаар тухайн байр нь зохигчдын дундын өмч мөн эсэхийг шүүх тогтоогоогүй байна.

 

Гуравдагч этгээд А.Сэрээтэрдагва нь маргаж буй 2 өрөө орон сууцыг бусдаас худалдан авахад ямар үүрэг оролцоотой байсан, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөөс түүнд хувь оногдох эсэх, Л.Халиунзул, С.Баттулга нарыг гэрлэснээс хойш А.Сэрээтэрдагва гэр бүлийн бусад гишүүн болж хамтарч амьдарч байсан эсэхийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т зааснаар тодруулаагүй болно.

2016 оны 02 дугаар сарын 17 ны өдөр нэхэмжлэгч Л.Халиунзулын өмгөөлөгч Б.Наранцэцэг нь С.Баттулга нь Солонгос улсад 6 жил ажиллахдаа төрсөн эцэг А.Сэрээтэрдагва руу олон улсын банк хоорондын мөнгөн гуйвуулгаар сар бүр мөнгө шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ. 2016 оны 02 дугаар сарын 17 ны өдрийн 142 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Дээрх нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад шүүх анхаараагүй байна.

Иймд нэхэмжлэгч Л.Халиунзулын давж заалдсан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ :Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар 236 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Л.Халиунзулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 236 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаарнэхэмжлэгч Л.Халиунзулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528 000 төгрөгийгшүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

Б.БАТТӨР