Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 473

 

 


    

 

 

 


                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
 Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1964 оны 06 сарын 03-нд төрсөн, 52 настай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 14-04 тоотод оршин суух Боржигон овогт Бавуугийн Эрдэнэбаярын /РД:АЯ64060367/   хүсэлттэй 
Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны  дээд  зөвлөлийн  харьяа  Шивэрт рашаан  сувилалд 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус саальчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
    Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Эрдэнэбаяр,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Дөлгөөн  нар оролцов.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:
    
Хүсэлт гаргагч Б.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оныг дуусталх хугацаанд саальчнаар  ажиллаж байсан бөгөөд энэ байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

    Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

     Хүсэлт гаргагч Б.Эрдэнэбаяр Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны  дээд  зөвлөлийн  харьяа  Шивэрт рашаан  сувилалд 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус саальчнаар  ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
    - Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 сарын 10-ны өдрийн Бавуу овогтой Эрдэнэбаярын тус аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт  1980 онд саальчнаар ажиллаж байсан үеийн цалингийн 369 дүгээр тодорхойлолт, 
    - Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1981 оны 09 сарын 21-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай 188 дугаар тушаал /Хавсралтын 20-д Бавуугийн Эрдэнэбаяр саальчин/, 
    - Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 01 сарын 28-ны өдрийн ажилчид шилжүүлэх тухай 14 дүгээр тушаал /Хавсралтын 72-т Бавуугийн Эрдэнэбаяр/, 
    - Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны дээд зөвлөлийн харьяа Шивэрт рашаан сувиллын даргын 1984 оны 03 сарын 28-ны өдрийн тэргүүний малчдыг шагнах тухай 08 дугаар тушаалд: 
    1. ... саалийн төлөвлөгөөг  101 хувиар биелүүлсэн саальчин Б.Эрдэнэбаяр нарыг  малчдын баярыг тохиолдуулан  баярын бичиг,  үнэ бүхий зүйлээр  шагнасугай зэрэг болно. 
     
      Иймд хүсэлт гаргагч Б.Эрдэнэбаярын Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт болон Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны  дээд  зөвлөлийн  харьяа  Шивэрт рашаан  сувилалд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
 
          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон
                                                                  
                                                                     ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Бавуугийн Эрдэнэбаярын Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны  дээд  зөвлөлийн  харьяа  Шивэрт рашаан  сувилалд 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус саальчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Эрдэнэбаярын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

     3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 


                     
                       


                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН