Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 224

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-ийн Б-ад холбогдох эрүүгийн 19100 0205 0106 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймагт төрсөн, 40 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хэсгийн Бөхөг 60а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч-ийн Б /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2 дугаар хэсгийн 2а-23 тоотод хохирогч Ч.П-ыг 0.75 литрийн архитай шилээр толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх, шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Би хэрэг болох өдөр архи уусан байсан, хохирогч мөн архи уусан байсан юм. Би хохирогчийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, ханцуйнаасаа архи гаргах гэж байгаад түүнд гэмтэл учруулсан. Дахин ийм асуудал гаргахгүй. Би 10-17 насны 4 хүүхэдтэй, сард 1.0 сая төгрөгийн орлого олдог. Манай эхнэр цайны газар ажиллуулдаг.” гэсэн мэдүүлэг,  

 

Эрүүгийн 19100 0205 0106 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.П-ын хохирогчоор өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед Ч.Б гаднаас Наранцэцэг гэдэг хүнтэй хамт орж ирээд өөрийн өмсөж явсан куртикнийхээ ханцуйнаас 0.75 литрийн савалгаатай Хараа архи гаргаж ирсэнээ “та нар даварцгаагаад байгаарай” гээд манай нөхөрийг цохих гээд байхаар нь би “яагаад байгаа юм бэ” гэж дундуур нь ортол тухайн архиараа намайг цохисон юм. Тухайн өдөр бид хоёр маргалдсан зүйл байхгүй. Ч.Б миний зүүн талын хөмсөгний дээд талд барьж орж ирсэн архиараа цохиж, миний зүүн талын хөмсөгний дээд талд язарсан. Өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй. Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, уг дүгнэлтэнд дурдагдсан гэмтлүүдийг Ч.Б миний биед учруулсан. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Ч.Б бид хоёрын хооронд ямар нэг өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр хоорондоо учраа олсон. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07-08х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Наранцэцэгийн гэрчээр өгсөн:

 “...Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 50 жилийн хойд талын хашаанд түр оршин сууж байгаа бөгөөд өнөөдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байж байхад гаднаас Туул тосгонд нүүрс зардаг Ч.Б согтуу орж ирээд “архи ууя” гэхээр нь “манайд архи байхгүй” гэж хэлэхэд “та, намайг хүмүүст муугаар ярьсан байна” гэсэн. Тэгэхэд нь би “хэнд юу гэж ярьсан юм” гэхэд “Болдбаатар, П- хоёрт намайг хүнтэй явалддаг гэж ярьсан байна” гэж хэлсэн. Тэгээд намайг дагуулж гэрээс гараад Болдбаатар, П- нарын гэрт очоод би түрүүлж ороод “би та хоёрт юу гэж ярьсан юм” гэхэд тэр хоёр “юу ч яриагүй шүү дээ” гэсэн. Тэгэхэд Ч.Б хойноос 0.75 литрийн архи барьж орж ирээд “та нар муу лаларууд, юу гээд байгаа юм” гэж агсархаар нь би хажуунаас нь “чи болиоч” гэхэд Болдбаатар босож ирээд “Наранцэцэг эгч юу ч яриагүй” гэхэд Ч.Б барьж орж ирсэн архиараа Болдбаатарыг цохих гэж байхад урдуур нь орсон П-ын дух хэсэгт нь цохиж цус гаргасан. Тэгээд цагдаа дуудсан. Ч.Б намайг цохиж зодоогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/,

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 1293 дугаартай дүгнэлтэд:

1. Ч.П-ын биед тархи доргилт, духанд язарсан шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь 2019.01.11-нд үүсэх боломжтой шинж гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 15х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Б-ын гэрч, яллагдагчаар өгсөн:

“Би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн үед П-ын гэрт 0.75 литрийн Хараа нэртэй нэг шил архи аваад орсон бөгөөд архиа баруун гарын ханцуйны дотор талаас сугалж авах гээд хүчтэй татах эрчиндээ П-ын толгойг нь цохичихсон юм. Тэгэхэд П-ын нөхөр унтаж байгаад орноосоо босож ирээд миний гарт байсан архийг аваад, П- цагдаад дуудлага өгсөн. П- бид хоёр маргалдсан асуудал байхгүй. Би түүний зүүн талын хөмсөгний хэсэгт нь шилтэй архиараа нэг удаа цохисон. Өөр бусдаар түүнийг цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн үед П-ын зүүн талын хөмсөгнөөс цус гарч, хавдсан байсан. Намайг хэн нэгэн цохиж зодоогүй, хохирогч бид хоёрын хооронд ямар нэг өр авлага, өш хонзон байхгүй.

...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан, уг дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг би куртикнийхээ ханцуйнаас архиа сугалж гаргах гэж байгаад П-ын толгойг нь цохиж учруулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х, 24х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 28х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 29х/, шүүхийн шийтгэх тогтоол, өршөөл үзүүлэх комиссын тогтоол, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт баримтууд /хэргийн 33-34х, 35х, 36-37х, 38-43х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Бын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2 дугаар хэсгийн 2а-23 тоотод “та нар намайг хүнд муугаар ярьлаа” гэх үл ялиг зүйлээр шалтаглан агсамнаж нөхөр Болдбаатар луу дайрч давшлах үед урдуур нь орж салгах гэсэн хохирогч Ч.П-ыг гартаа барьсан 0.75 литрийн “Хараа” архитай  шилээр толгой хэсэгт нь цохиж “тархи доргилт, духанд язарсан шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хууль заасан үндэслэл журмын дагуу дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:  

- хохирогч Ч.П-ын: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед Ч.Б гаднаас Наранцэцэг гэдэг хүнтэй хамт орж ирээд өөрийн өмсөж явсан куртикнийхээ ханцуйнаас 0.75 литрийн савалгаатай Хараа архи гаргаж ирсэнээ “та нар даварцгаагаад байгаарай” гээд манай нөхөрийг цохих гээд байхаар нь би “яагаад байгаа юм бэ” гэж дундуур нь ортол тухайн архиараа намайг цохисон юм. Тухайн өдөр бид хоёр маргалдсан зүйл байхгүй, Ч.Б миний зүүн талын хөмсөгний дээд талд барьж орж ирсэн архиараа цохиж, миний зүүн талын хөмсөгний дээд талд язарсан. Өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй. Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, уг дүгнэлтэнд дурдагдсан гэмтлүүдийг Ч.Б миний биед учруулсан. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Ч.Б бид хоёрын хооронд ямар нэг өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр хоорондоо учраа олсон. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07-08х/,

- гэрч Н.Наранцэцэгийн: “...Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 50 жилийн хойд талын хашаанд түр оршин сууж байгаа бөгөөд өнөөдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байж байхад гаднаас Туул тосгонд нүүрс зардаг Ч.Б согтуу орж ирээд “архи ууя” гэхээр нь “манайд архи байхгүй” гэж хэлэхэд “та намайг хүмүүст муугаар ярьсан байна гэсэн. Би “хэнд юу гэж ярьсан юм” гэхэд “Болдбаатар, П- хоёрт намайг хүнтэй явалддаг гэж ярьсан байна” гэсэн. Тэгээд намайг дагуулж гэрээс гарааад Болдбаатар, П- нарын гэрт очоод би түрүүлж ороод “та хоёрт би юу гэж ярьсан юм” гэхэд тэр хоёр “юу ч яриагүй шүү дээ” гэсэн. Тэгэхэд Ч.Б хойноос 0.75 литрийн архи барьж орж ирээд “та нар муу лаларуудаа, юу гээд байна” гэж агсархаар нь би хажуунаас нь “чи болиоч” гэхэд Болдбаатар босож ирээд “Наранцэцэг эгч юу ч яриагүй” гэхэд Ч.Б барьж орж ирсэн архиараа Болдбаатарыг цохих гэж байхад урдуур нь орсон П-ын дух хэсэгт нь цохиж цус гаргасан. Тэгээд цагдаа дуудсан. Ч.Б намайг цохиж зодоогүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/,

- ШШҮХ-ийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 1293 дугаартай шинжээчийн: “...Ч.П-ын биед тархи доргилт, духанд язарсан шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь 2019.01.11-нд үүсэх боломжтой шинж гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 15х/ болон шүүгдэгч Ч.Баас үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Ч.П-ын биед учирсан “тархи доргилт, духанд язарсан шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ч.Б түүнийг цохисноос үүссэн болох нь тогтоогдсон ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Ч.П-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Прокуророос Ч.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг шалгагдан тогтоогдсон байх тул шүүх, шүүгдэгч Ч.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,  

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл / эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Ч.П нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөхдөө “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй..” /хэргийн 07-08х/ хэмээн мэдүүлж, баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.

Иймд шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Б нь урьд хэд хэдэн удаа ял шийтгэгдэж байсан тухай хэрэгт шүүхийн шийтгэх тогтоол баримтууд /Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2265 дугаар тогтоол, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоол/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 29х, 33-34х, 35х, 36-37х, 38-43х/ тус тус авагдсан ба “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.  

 

Шүүх, шүүгдэгч Ч.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч Ч.П- гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор Ч.Бад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх үндэслэлтэй.       

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч Ч.П- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                         ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ч-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Быг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Ч.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.П нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ч.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД