Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 203/МА2024/00029

 

  

Д.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 143/ШШ2024/00184 дугаар шийдвэртэй,

Д.*******ийн нэхэмжлэлтэй,

З.*******д холбогдох,

Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч З.*******ийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Хонгор /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Э.Наранцацрал, нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие охин О.*******тай хамт амьдарч байгаад З.*******тэй 2016 онд танилцаж 2017 онд хамтран амьдарч эхэлсэн. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүү Н.*******, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр охин Н.******* нар төрсөн. Одоо хүү Н.******* 4 настай, охин Н.******* 3 настай. Хүүхдүүд надтай хамт амьдарч байгаа. З.******* нь байнга үндэслэлгүй хардаж, хэл амаар доромжилж, сэтгэл санааны болон бие махбодын дарамт үзүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, мөн гэр бүлээс гадуурх харилцаатай байсан учраас 2021 оны 12 дугаар сараас хойш хамтран амьдрах боломжгүй болсон. Охин О.******* маань миний тухайн үеийн байдлаас айж, сэтгэл санааны дарамтад орж байсан. Үүнээс хойш одоог хүртэл фейсбүүк чат болон утсаар байнга хэл амаар доромжилдог. З.******* бид хоёр эд хөрөнгийн маргаантай. 2017 онд хамтран Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн ******* 1-р гудамж, 2 тоотод 9*9 хэмжээтэй, 2 давхар хувийн сууц барьж амьдарсан. 2017 оны 11 дүгээр сараас сууцныхаа 1 давхарт байрлах 9*4,5 хэмжээтэй объектыг Төрийн банкны ******* тооцооны төвд одоог хүртэл түрээслүүлж байгаа. Уг түрээсийн орлогоос би нэг ч төгрөг авч байгаагүй. Миний бие 2017 онд Хаан банкны ******* тооцооны төвд эрхлэгч, ахлах теллер албан тушаалд ажилладаг байсан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкнаас 20 000 000 төгрөгийн цалингийн зээл авч, мөн өөрийн нэр дээрх Toyota-20 маркийн авто машинаа зарж борлуулан тус байшинг барихад нийт 30 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт тухайн үед хийсэн. Одоо тус хувийн сууц хамгийн багадаа 150 000 000 төгрөгөөр үнэлэгдэнэ. З.*******ийн сэтгэл санааны дарамт шахалт, хүчирхийллээс болж хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа ороод 7 хоногийн дараа ажлаас гарах өргөдлөө өгөхөөс өөр аргагүй байдалд орсон. Ажиллаж байх хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж З.******* өөрийн албан тушаалыг ашиглан ******* сумын Эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн магадалгаа гаргуулан ажилд явуулахгүй дарамталдаг байсан. Одоо З.******* гэр бүлээс гадуурх харилцаатай байсан Б.тай хамтран Хас банкнаас орон сууцны зээл аван хотод байр авсан байгаа. Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн ******* 1-р гудамж, 2 тоот хаягт байрлах миний хөрөнгө оруулсан хувийн сууцыг зарж борлуулан тал мөнгийг авч Улаанбаатар хотод худалдан авч байгаа орон сууцны урьдчилгааг төлсөн гэсэн мэдээлэл байна. Миний хувьд хүүхдүүдээ өөрөө өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй, боломжтой тул хүү Н.*******, охин Н.******* нарыг өөрийн асрамжид үлдээн хүүхдүүдийн эцэг З.*******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамт амьдарч байх хугацаандаа бий болгосон 150 000 000 төгрөгөөр үнэлэгдэх хувийн сууцнаас өөрт болон Н.*******, Н.******* нарт ноогдох хэсэг болох 112 500 000 төгрөгийг З.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч З.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 онд Д.*******тэй танилцаж 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүү Н.******* төрж, 2018 оны 05 дугаар сараас Д.******* нь тусдаа байж2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр охин Н.******* төрсөн. Мөн 2017 онд танилцсан цагаас аймаг, суманд тусдаа байсаар ирсэн. Д.*******ийн нэхэмжлэлийн агуулгыг харахад хэтэрхий нэг талыг барьж буруутгасан байна. Анх 2017 онд танилцаад гэр оронтой болж үр хүүхэдтэй болж сайн сайхан амьдрах, элэг бүтэн байхыг хүлээж өдий хүрсэн. Гэвч Д.******* нь аав Доржсүрэнтэйгээ нийлж өмнөх нөхрөө дарамталж явуулсан яриа нийтийн дунд байдаг.

Мөн ийм байдлаар надтай харилцаж учир шалтгаангүй байхад явдаг. Аймаг дээр эцэг эхдээ үр хүүхдээ үлдээгээд тэнэдэг, шоуддаг байдал хэрээс хэтэрсэн. 2017 онд байшин барьж бид цалингийн зээл хийж, унаж байгаа машинаа борлуулан байшингаа эхэлсэн. Байшин барих зардал төсөвлөсөн зардлаас давж Д.*******ийн унаж байсан Приус-20 машиныг 10 000 000 төгрөгөөр зараад Д.*******ийн Хаан банкны зээлийн үлдэгдэл 10 000 000 төгрөгийг төлж Хаан банкны 10 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь угаасаа Приус автомашин авах гэж зээлсэн мөнгө байсан. Машинаа зарж зээлээ хаасан Д.******* 20 000 000 төгрөгийн зээл банкнаас авсан. Авсан 20 000 000 төгрөгийг байшинд зарцуулсан боловч Д.******* 2018 оны 05 дугаар сард цалингийн бүх зээл хааж өг гэж дарамталсан. Би цалингийн зээлтэй байшин барьж ямар ч мөнгөний боломжгүй байсан учир энэ байшинд хамт амьдрахгүй гэж байгаа бол байшингаа зараад мөнгөө ав гэхэд наад хогоор чинь яадаг юм, зээл дарж өг гэж дарамтлаад байхаар нь би өөрийн аав Д.Зоригсайхан, ээж Г.Сайнтуяа нараар зээл гуйл хийлгэж таньдаг найз нөхөд хүмүүсээс мөнгө зээлж цалингийн зээлийг нь 100 хувь бид төлсөн. Үүнийг ******* сумын Хаан банкныхан болон Д.*******ийн зээл төлсөн дансны хуулгаас харж болно. Хэн хэзээ бэлнээр болон хэний данснаас төлөлт хийгдсэн зэрэг нь маш тодорхой дансны нь хуулгаас харах боломжтой. Д.******* 9*9 харьцаатай байшин барихад оруулсан мөнгөн дүнг бид төлж барагдуулснаас гадна хамт амьдарна, болно бүтнэ гэчхээд байшин барихад өөрийн биеэр туслалцаа үзүүлээгүйгээс гадна бөөн өр, бөөн ажил дунд орхин явсан. Одоо энэ байшинг зарах сургаар үндэслэлгүй 30 000 000 төгрөг өгсөн, мөн ямар ч зах зээлийн үндэслэлгүй 150 000 000 төгрөгийн ханш өөрөө тогтоож 112 500 000 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ байшин мэргэжлийн үнэлгээний компанийн үнэлгээгээр 58 000 000 төгрөг, мөн худалдан авахаар сонирхож байсан Монгол ардын нам худалдан авалтыг хойшлуулж татгалзсан бөгөөд нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй.

...Миний бие өөрөө архи дарс амсдаггүй учир хүү Н.*******ийг өөрийн асрамжид авах төлбөртэй сургуульд сургаж сурлага, спорт боловсролд нь өндөр ач холбогдол өгч өсгөх хүсэлтэй байна. Д.******* 3 хүүхдээ айлд үлдээх, айлын хүүхдүүд нь буланд суулгах, чимхэх, шоглох, томоотой байхгүй бол манайхаас холд гэх зэргээр айлын хүүхдүүдэд 4 дарамтлуулаад сууж байх нь надтай нэг бус удаа тааралдсан. Би хүүхдүүдтэйгээ уулзах, дэлгүүрээр авч явах, баяр баясгалантай байлгахыг хичээн уулзах үед Д.******* дургүйцэх, айлд үлдээснээ нуух, уулзуулахгүй гэсэн дарамт байнга тохиолддог. Хүүхдүүдэд аавтайгаа уулзвал ээж нь хол явчихна гэж хүүхдүүдийг айлган дарамтлан архины хамааралтай болсон, өөр хүнтэй уулздаг болсон гэсэн яриа байдаг. Үр хүүхдээ байнга хаяад тэр хүн рүүгээ явж шоуддаг, хүний асрамжид үр хүүхдээ өгөх хүсэлгүй байна. Хүүхдүүд Д.*******ийн асрамжид байх хугацаандаа гараа түлэх, хуруугаа таслах шахсан, өвдөх, ханиад бол байнга тусдаг, гар хөлөө шалбалах, хаяад явсан хойгуур нь ээжээ гэж яваад нохойд уруулах гэх мэт маш олон тооны бэртэл гэмтэл авч байсан. Хүүхдүүдээ айлаар байхыг нь харж тэвчихгүйгээс би өөрийн эцэг эхийн 5 ханатай гэрийг тохижуулж, гэрийн бариаг доош нь ухаж цементээр цутган шаллах, дээш нь блокоор өндөрлөн гэрийг барих ажлыг өөрийн найзын хамт 10 гаруй хоног хийж өгсөн. Зардал нь гэрээс гадна 5 000 000 төгрөгөөр янзалж бүрэн тохижуулж өгсөн. 2 хүүхдийнхээ хувь заяаг бодож болгож бүтээх гэж олон удаа буулт хийж, архи тамхийг уучлан гэр орондоо авч ирж байсан боловч бүтээгүй ээ. Би хоёр хүүхэдтэй айлын бага хүү нь, эгч 2009 онд тусдаа гарсан. Миний эцэг эх намайг тусад нь гаргах гэж энэ байшинг барьж хөрөнгийн ихэнх хэсгийг гаргаж барьсан тул аав ээждээ байшинг өгч одоо миний аав ээж хоёр энэ байшинд амьдарч байна. Би ******* сумаас шилжсэн байгаа. Ингээд аав ээжийн болон өөрийн хөрөнгийг нийлүүлж барьсан байшинг Д.******* үндэслэлгүй нэхэж байна. Хөрөнгө мөнгөөр шантаачилж 2 хүүхдийг уулзуулахгүй гэж дарамталдаг. Хэрвээ миний хүү Н.*******ийг надад үлдээх боломжгүй гэж үзвэл би 2 хүүхдийнхээ тэтгэмжийг зохих хууль журмын дагуу төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин 2 хүүхэдтэйгээ хүссэн үедээ уулзаж байх талаар тогтоолд тусгаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт зааснаар 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Н.*******, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Н.******* нарыг 18 насанд хүртэл эх Д.*******ийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоож,

 Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Боржигон анчин овогт Зоригсайханы ******* /РД: КК88061018/-ээс 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Н.*******, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Н.******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.*******ээс 39 410 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 705 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдэж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 790 650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос илүү төлсөн 720 450 төгрөг, хариуцагч З.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т тус тус олгож, шинжээчийн ажлын хөлсийг нэхэмжлэгч Д.*******ээс 165 000 төгрөг, хариуцагч З.*******ээс 165 000 төгрөгийг тус тус гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч З.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...1. Анхан шатны шүүх хариуцагч талын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал тайлбарт хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй буюу тухайн Өмнөговь аймгийн ******* сумын 2-р баг, ******* ******* 4 гудамж, 1 тоотод байрлах, 140 м.кв талбайтай, хувийн сууцыг барихад нэхэмжлэгч Д.******* нь 20.000.000 төгрөгийн цалингийн зээл авч оруулсан бөгөөд тухайн зээлийг миний бие болон миний аав Зоригсайхан, ээж Сайнтуяа нар 100 хувь төлж дуусгасан. Энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Гэвч анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Яагаад надаас гарах төлбөрөөс хасч тооцоогүй талаар дүгнэлт хийгээгүйд гайхаж байна. Мөн гэрчүүдийн мэдүүлэгт ямар нэг хууль зүйн дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэр нэхэмжлэгч *******ийн орон сууцанд оруулсан 20 сая төгрөгийг хэрхэн зарцуулж хэрхэн буцаан төлсөн талаар тодорхой мэдүүлсэн, хэдийн хугацаанд хамтран амьдарсан талаар мөн ярьсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хэргийн бодит байдалд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 143/ШШ2024/00184 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.*******т олгосон 39.410.000 төгрөгөөс Д.*******ийн авсан цалингийн зээлийг буцаан төлсөн төлбөр болох 20.000.000 төгрөгийг хасч тооцож өгнө үү. гэжээ.

5. Нэхэмжлэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З.*******ийн ээж аавынх нь төлсөн мөнгөний хуулгуудыг харсан. Түүнд хамт амьдарч байх хугацаанд бэлэг гэж шилжүүлж байсан мөнгө зэргийг бүгдийг нь оруулсан байсан. Тухайн үед жирэмсний амралтаа авах хүртлээ зээлээ өөрөө төлж байсан. Жирэмсний амралтаа авснаас хойш З.******* зээл төлж байсан. Зээлээ хаахад би эгчээсээ мөнгө зээлж хаасан. Нэхэмжлэл дээр бичигдсэн зүйлүүд үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Хонгор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 122,500,000 төгрөг гаргуулах байсан. Шүүх шийдвэртээ 59,115,000 төгрөг гэж техникийн алдаа гарсан байна. Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдсэн. Хөрөнгийн үнэлгээг гаргах асуудал дээр талууд хоёр жилийн хугацаанд эвлэрэх боломж байсан. Гэтэл талууд эвлэрээгүй. Шүүхийн зүгээс талуудад эвлэрэх боломжийг хэд хэдэн удаа олгосон боловч талууд эвлэрээгүй. Мөн хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлаар шүүх талуудад хангалттай тайлбарыг хэлсэн. Мөн талууд нотлох баримтаа хангалттай шинжлэн судалсан. Шүүхээр биш нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нар хавтаст хэргээ өөрсдөө авч шинжлэн судалсан, хангалттай мэтгэлцсэн, шүүх мэтгэлцээнийг хангалттай сонссон, асуулт асуусан. Шүүх үндэслэх хэсэгтээ дэлгэрэнгүй, тодорхой тайлбарлаад өгсөн байгаа.

Хөрөнгийн үнэлгээ их учир дутагдалтай байсан. Яагаад гэхээр манай үйлчлүүлэгч 112,500,000 төгрөг нэхэмжилсэн. Тэгэхээр үүнийгээ тодорхой болгохын тулд хөрөнгийн үнэлгээ гаргая гэдэг саналыг би үйлчлүүлэгчдээ тавьж хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн. З.******* нь Ачит Билгүүн компаниар маргаад байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг гаргуулсан. 2018 оны байдлаар 58,800,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Миний зүгээс тавьсан хүсэлтийн дагуу Хөрөнгийн үнэлгээ төв ХХК-с 2024 оны байдлаар тухайн хөрөнгө 78,820,000 төгрөгийн үнэлгээтэй гарсан. Манай үндсэн нэхэмжлэлийн шаардлага 112,500,000 төгрөг, дараагийн үнэлгээгээр 78,820,000 төгрөг болоод буурсан байгаа. Манай тал үүн дээр маргаагүй. Шүүх 39,410,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******т олгох нь зүйтэй гэж үзсэн. Манай үйлчлүүлэгчийн тухайд 2 дахь амьдрал нь дуусгавар болж байгаа. Өмнө нь нэг гэр бүлтэй байсан дахиад З.*******тэй амьдарна болно гээд амьдарсан. Гэтэл З.******* зөвхөн мөнгө л ярьж байгаа. Гэтэл цаана 2 биш 3 хүүхдийн амьдрал, хувь заяа, яах вэ гэдэг дээр санаа санаачилга анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдах гомдол дээрээ ч яриагүй, ерөөсөө мөнгө л гэж байгаа. Давж заалдах гомдол хууль зүйн ямар ч үндэслэлгүй, юу шаардаад байгаа нь ойлгомжгүй байна. Мөн тайлбараа 78,820,000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээ гарсан. Хөрөнгийг нь З.*******д өөрт нь үлдээсэн 39,410,000 төгрөгийг Д.*******т олгохоор шийдвэрлэсэн гэж байгаа. Мөн хэргийн хохирогч нар мэдүүлэг өгсөн гэж яриад байгаа. Энэ нь З.*******ийн төрсөн аав болон ээжийг хэлээд байгаа. Аав Зоригсайхан, ээж Сайнтуяа эдгээр хүмүүс мэдүүлэгтээ би хадам аав, ээж нь байгаа хамт амьдардаг. Мөнгө төгрөг оруулсан эхэндээ Д.******* төлж байсан, сүүлдээ бид нар төлсөн, дууссан гэж хэлсэн. Тухайн хөрөнгөд манай үйлчлүүлэгч Д.******* гэр бүлтэйгээ нөхөртэйгөө аз жаргалтай амьдрахын тулд өөрийн машинаа зараад цалингийн зээл аваад үндсэн зээлдэгчээр нь Д.******* ороод хамтран зээлдэгчээр нь З.******* ороод тухайн зээлийг авсан. Тэгээд тухайн байшинд оруулсан. Гэр бүлээс гадуурх харилцаа, хүчирхийлэл үйлдэгдэж талуудын харилцаа хөндий болсон. Ингээд гэр бүлийн асуудлаа нэг талд нь шийдье гэдэг үндсэн дээр өмгөөлөгч авч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгө дээр манай үйлчлүүлэгчийн зүгээс маргахгүй байгаа. Үүнийг нь би заавал авъя гэхгүй гэж шүүх хурал дээр ч тайлбарласан. 39.410.000 төгрөг нь 3 хүүхэд болон өөртөө зарцуулах мөнгө байгаа. Тэгэхээр давж заалдах гомдол дээр нуршиж нуршиж төгсгөлд нь 20,000,000 төгрөгийг хасаж өгнө үү гэсэн байгаа. Тэгэхээр 30,410,000 төгрөгөөс төлсөн 20,000,000 төгрөгийг хасуулъя. Үүнийг би төлсөн гэж маргаад байна гэж би ойлгож байгаа. 19,410,000 төгрөгийг өгөөд тэтгэлэг төлье. Хүүхдийн асрамж дээр маргахгүй гэж давж заалдах гомдлоо гаргасан юм болов уу гэж ойлгож байгаа. Мөн дараагийн хэлж захих зүйл нь манай үйлчлүүлэгчийн хувьд харамсалтай өмнө нь гэр бүлтэй болоод сая чадаагүй гэж хэлсэн. Ингээд 3 сайхан хүүхэдтэйгээ энэ бүсгүй маань үлдэж байгаа. Хариуцагч З.******* өмнө нь амьдарч байсан гэр бүлийн хүнээ хүчирхийлж нэг жилийн хорих ялыг авсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч шүүх хуралдаанд ордоггүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд хүртэл ирээгүй байна. Эхнэрээ муулдаг, хүүхдүүдээ санаа тавьсан санаа зорилго хариуцагчид байхгүй. Тэгэхээр миний хувьд харамсалтай байна. Эцэг хүн нэг биш 3 хүүхдийн амьдралд яагаад 20,000,000 төгрөгийн асуудал яригдаад байгаа юм. 20,000,000 төгрөг байж болно. Гомдол гаргах хууль зүйн үндсэн эрх нь байгаа. Гэхдээ шүүх болон хууль зүйн үндэслэлээ тайлбарлаад талууд боломжийг нь олгосон шийдвэр гаргасан. Энэ нь нэг жил биш хоёр жилийн хугацаанд талууд хангалттай боломж нь байсан гэж үзэж байгаа. Хариуцагчийн өмгөөлөгчийн ярьсан Дээд шүүхийн тайлбар нь гаргаж байгаа гомдолтой хамааралгүй гэдгийг өмгөөлөгчийн зүгээс хэлмээр байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэстэй байна. Шийдвэрийн шаардлага дээр 59,115,000 төгрөг гэж техникийн алдаа гаргасан байна. Өмгөөлөгчийн зүгээс 112,500,000 төгрөгийн шаардлагыг засаад шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 7. Хариуцагчийн өмгөөлөгч Э.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Маргааны зүйл болох ******* суманд байрлах хашаа газрыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зааснаар дундын өмч гэж үзэж шийдвэрлэснийг өмгөөлөгч миний зүгээс эргэлзээтэй байна гэж хардаг. Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот зөвлөмжид аливаа дундын өмчлөлийн эд хөрөнгийн эрх зүйн үндэслэл болох Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэх хуулийн зохицуулалтын хуульд зааснаар гэдэг нь гэрлэлтийн үндсэн дээр үүссэн гэр бүлийн дундын өмчлөлийн эрхэд хамаардаг. Харин гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагчийн дундын өмчлөлийн эрх Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд заасан зохицуулалтад хамаардаггүй. Хэлцлийн үндсэн дээр үүсдэг гэж Иргэний хуулийн 108 дугаар зүйлийг тайлбарласан байдаг. Үүнээс харахад Д.*******, З.******* нарын зүгээс Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэлцэл хийсэн гэдэг нь тодорхойгүй. Энэ талаар нотлох баримт авагдаагүй үндэслэл байдаг. Миний харж байгаагаар Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 1-д зааснаар тухайн маргааны зүйл болсон хашаа байшин гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө гэж хардаг. Үүн дээр Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 1-д зааснаар гэр бүлийн гишүүний хөрөнгийг хамтран өмчлөх, дундын өмчлөлд шилжүүлэхэд тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна гэж байгаа. Хуваарьт хөрөнгөд юу юу хамаарах вэ гэдгийг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 1.2-т заасан байгаа. Тухайн газар нь хариуцагч З.*******ийн ээж Сайнтуяагаас бэлэглэлээр шилжсэн газар байгаа. Байшингийн хувьд хариуцагчийн ээж, аав болох Зоригсайхан, Сайнтуяа нарын зүгээс байшинг барихад ихэнх хөрөнгийг гаргаж босгосон. Үүн дээр анхан шатны шүүх Иргэний хуулийн 119 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгө нийлсэн, холилдсон гэх үндэслэлээр 50 хувийг тэнцүү хэмжээгээр гаргаж шийдвэрлэсэн нь эргэлзээтэй, үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Учир нь хавтаст хэргийн хүрээнд тухайн байшинд оруулсан гээд байгаа Д.*******ийн цалингийн зээл хийсэн 20.000.000 төгрөгийг хариуцагчийн ээж аавын зүгээс 100 хувь төлж дуусгасан талаар нотлох баримтыг хавтас хэрэгт гаргаж өгсөн. Үүн дээр мөн нотлох баримтын хэмжээнд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй учраас үйлчлүүлэгчийнхээ давж заалдах гомдол гаргасан тухайн зээлийг төлөөд байгаа 20,000,000 төгрөгийг хасаж тооцуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Д.*******ийн нэхэмжлэлтэй, З.*******д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Д.******* шүүхэд хандан хүү Н.*******, охин Н.******* нарыг өөрийн асрамжид үлдээн хүүхдүүдийн эцэг З.*******ээс хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулж, хамт амьдарч байх хугацаандаа бий болгосон 150 000 000 төгрөгөөр үнэлэгдэх хувийн сууцнаас өөрт болон Н.*******, Н.******* нарт ноогдох хэсэг болох 112 500 000 төгрөгийг З.*******ээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Анхан шатны шүүх хүү Н.*******, охин Н.******* нарыг 18 насанд хүртэл эх Д.*******ийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоож, хариуцагч З.*******ээс 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүүхдүүдийг 18 насанд хүртэл тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.*******ээс 39 410 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 705 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 Хариуцагч З.******* нь шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч Д.******* нь 20.000.000 төгрөгийн цалингийн зээл авч байшин барихад хөрөнгө оруулсан боловч тухайн зээлийг миний бие болон миний аав Зоригсайхан, ээж Сайнтуяа нар 100 хувь төлж дуусгасан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.*******т олгосон 39.410.000 төгрөгөөс Д.*******ийн авсан цалингийн зээлийг буцаан төлсөн төлбөр болох 20.000.000 төгрөгийг хасч тооцож өгнө үү. гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн 2 хүүхдийн асрамж, 2 хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаан бүхий үйл баримтыг зөв тогтоож шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгч Д.******* нь ...хамт амьдарч байх хугацаанд бий болгосон хувийн сууцыг 150 000 000 төгрөгөөр үнэлж, уг сууцнаас өөрт болон Н.*******, Н.******* нарт ногдох хэсэг болох 112 500 000 төгрөгийг З.*******ээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: эд хөрөнгийн үнэлгээ 78 820 000 төгрөгөөр гарсан учир энэ үнэлгээгээр тооцож өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ гаргуулна гэж,

 Хариуцагч З.******* нь шүүх хуралдаанд ...хувийн орон сууцыг 150 000 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ хувийн орон сууцыг өгөхөөр бол хүүхдүүдийнхээ нэр дээр шилжүүлж өгч болно. Байрыг булаацалдсан зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргасан байна.

 Анхан шатны шүүх З.*******, Д.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ба хамтран амьдрах явцдаа 2017 онд Өмнөговь аймгийн ******* сумын 2-р баг, ******* ******* 4 гудамж, 1 тоотод байрлах, 140 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бий болгосон нь зохигчдын тайлбараар нотлогдож байх ба уг үл хөдлөх эд хөрөнгө хариуцагч З.*******ийн нэр дээр бүртгэлтэй болох нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Хонгорын хүсэлтээр хийгдсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 152 дугаартай хөрөнгө үнэлсэн тайлангаар Өмнөговь аймгийн ******* сумын 2- р баг, ******* ******* 4 гудамж, 1 тоотод байрлалтай, 140 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 78 820 000 төгрөг гэж үнэлжээ.

 Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна гэж зааснаар З.*******, Д.******* нар нь дээрх хувийн сууцны хамтран өмчлөгч байна гэж дүгнэн, зохигчийн хамтран амьдрах хугацаанд бий болгосон, зах зээлийн үнэ нь 78 820 000 төгрөгөөр үнэлэгдсэн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч З.*******ийн өмчлөлд үлдээж, уг эд хөрөнгөөс нэхэмжлэгч Д.*******т ногдох хэсэг 39 410 000 төгрөгийг З.*******ээс гаргуулан Д.*******т олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргаан нь Иргэний хуулийн эд хөрөнгийг дундаа өмчлөх 108 дугаар зүйлд зааснаар зохицуулагдах үндэслэлтэй тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно, мөн зүйлийн 108.8-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй. байна гэж дүгнэв.

 Анхан шатны шүүх зохигчдын эд хөрөнгийн маргаантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ маргаан бүхий хувийн сууцыг хуульд заасан журмын дагуу эрх бүхий хуулийн этгээдээр үнэлүүлэх ажиллагааг хийлгэж, үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлж, хувийн сууцны үнийг зохигчдод тэнцүү хэмжээгээр хуваарилж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн ба энэхүү үнэлгээтэй холбогдуулан зохигчид гомдол гаргаагүй байна.

 Хариуцагч З.******* нь Д.*******ийн цалингийн зээлийг төлсөн тул 20,000,000 төгрөгийг байшингийн үнэд суутган тооцуулах агуулга бүхий давж заалдах гомдол гаргаж байх боловч нэхэмжлэгчийн цалингийн зээлийг бүрэн төлж дуусгасан талаарх болон хамтран амьдрах хугацаандаа бий болгосон хувийн сууцыг тус тусын хөрөнгөөр босгож бий болгосон гэх бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул З.*******ээс 39,410,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгох шийдвэрт өөрчлөлт оруулж, 20,000,000 төгрөгийг хасч тооцох үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Түүнчлэн Д.******* нь хариуцагчтай хамт амьдарч байх хугацаанд бий болгосон хувийн сууцыг 150 000 000 төгрөгөөр үнэлж, уг сууцнаас өөрт болон Н.*******, Н.******* нарт ногдох хэсэг болох 112 500 000 төгрөгийг З.*******ээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 152 дугаартай хөрөнгө үнэлсэн тайлангаар Өмнөговь аймгийн ******* сумын 2- р баг, ******* ******* 4 гудамж, 1 тоотод байрлалтай, 140 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 78,820, 000 төгрөг гэснийг нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэл гаргасан 112.500.000 төгрөгөөс бус үнэлгээгээр тогтоогдсон орон сууцны үнэ болох 78,820,000 төгрөгөөс тооцсон байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

 Иймд хариуцагч З.*******ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан Д.*******ийн цалингийн зээлийг нь төлсөн тул 20,000,000 төгрөгийг байшингийн үнэд суутган тооцож өгнө үү гэх гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч З.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдэж, нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 790,650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.*******ээс 425,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 143/ШШ2024/00184 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч З.*******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 143/ШШ2024/00184 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3 дахь хэсэг гэснийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэг гэж,

Мөн 4 дэх заалтад ...19,705,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...73,009,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 6 дахь заалтад нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 790,650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос илүү төлсөн 720,450 төгрөг, хариуцагч З.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т тус тус олгож гэснийг нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 790,650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.*******ээс 425,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.