Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 246

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д овогт Б-ийн М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18030 1046 0081 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Уранбайгаль /тээвэр/, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга В.Орхон шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хорооллын 10 дугаар байрны 75 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Б-ийн М- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 22 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер Стоун” хотхоны урд замд Toyota Estima маркийн 04-66 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Ц-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

                                                

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-ын өгсөн:  

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Болсон хэргийн талаар маргах зүйл байхгүй. Би одоо хувиараа хөдөлмөр эрхэлж, барилгын засал чимэглэлийн ажил хийдэг. Би 2005 оноос хойш тээврийн хэрэгсэл жолоодож байгаа. Би тухайн үед явган зорчигчид зам тавьж өгөөгүй буруу, амжаад гарчихна гэж бодсон юм. Өөрийн үйлдэлдээ маш их харамсаж байна. Насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд нийт 405.515 төгрөг төлж барагдуулсан, одоо холбоотой байгаа ба биеийн байдал нь хэвийн, хичээл сургуульдаа явж байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18030 1046 0081 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5х, 6-7х, 13-14х/,

 

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад “Бодонгоогийн Мөнхбаатарыг драйгер багаж ашиглан шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл /хэргийн 10х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Н.Ц-гийн өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 20 цаг өнгөрч байхад Бөмбөгөр худалдааны төв ороод эргээд байр руугаа явахаар Алтай хотхоны буудал дээр буугаад хойноосоо урагшаа нэг эгчийн хамт зам хөндлөн гарах гэж байгаад нэг машинд мөргүүлсэн. Осол гарах үед хамт явсан хүнийг танихгүй. Бөмбөгөр худалдааны төвөөс хамт такси барьсан хүн байгаа юм. Би гэрэл дохиогүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан юм. Би машин тулаад ирж байгааг харсан, замын гэрэл асаагүй байсан байх. Осол хэрэг гарсанаас хойш машины жолооч эмнэлэгт байх үеийн бүх хоол унд болон эмчилгээний зардлыг төлж байгаа. Би цаашид гарах бусад зардлыг гаргуулмаар байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-19х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нгийн өгсөн:

 “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Гэмтлийн эмнэлгээс залгаж, осол болсон талаар хэлээд би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод ирэхэд манай охин Гэмтлийн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэж байсан. ...Жолооч Б.М одоогоор бүх эмчилгээний зардал болон бусад зардлыг дааж байгаа болохоор бидний зүгээс зарцуулсан мөнгө төгрөг байхгүй. Ойролцоогоор 800.000 төгрөг гарсан байх, жолоочид бүх баримтууд нь байгаа. Одоо хүүхдийн биеийн байдал гайгүй болохоор хичээл номондоо орсон, хөлийн ясны эдгэрэлт нь хэвийн явагдаж байгаа. Тийм болохоор манай зүгээс ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Баярмаагийн гэрчээр өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 16-ны 22 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, River Ston хотхоны урд замыг явган хүний гэрлэн дохиогүй гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй гарч явахад миний баруун талд мөн нэг эмэгтэй хүүхэд явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан юм. Нэг машин ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй замын 2 дугаар эгнээгээр шууд л ороод ирэхээр нь би баруун талд явсан эмэгтэй хүүхдийг “хүүе” гээд зүүн гараас нь бариад хойш нь нэг алхам татахад нөгөө охин уг машины зүүн талын толь хэсэгт нь шүргэгдээд унахдаа зүүн хойд талын дугуй хэсэгт нь баруун хөлөө дайруулаад унасан юм.

Би зүүн талд нь явсан болохоор мөргүүлсэн охинд түлхэгдээд газарт унаад босоод ирсэн. Би ямар нэгэн гэмтэл аваагүй, гэхдээ мөргөсөн машины жолооч намайг ГССҮТ-д үзүүлчих гэхээр нь очиж үзүүлэхэд эмч “зүгээр байна” гэсэн учир гэртээ харьсан. Надтай хамт явсан охины баруун хөл нь шилбэ хэсгээрээ хугарсан байсан. Жолооч шууд машиндаа суулгаж ГССҮТ-д үзүүлсэн. ...Зам хөндлөн гарсан охиныг би танихгүй, явган хүний гарцан дээр тааралдаад цуг зам гарч явсан хүүхэд байгаа юм. ...Тухайн үед харагдах орчин чөлөөтэй, хальтиргаа гулгаа байхгүй, машин тэрэгний хөдөлгөөн бага сийрэг, цаг агаар таатай байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я.Оюунжаргалын гэрчээр өгсөн:

“...Б.М нь манай нөхөр байгаа юм. ...Нөхөр маань зан чанарын хувьд их дөлгөөн даруухан, хүнд их тусархуу, бусадтай нийтэч, найз нөхөд олонтой, шударга, архи дарс ууж, тамхи хэрэглэдэггүй, хувиараа хөдөлмөр эрхэлж гэр орноо тэжээж авч яваа хүн байгаа юм. Ийм осол гарсанд маш их харамсаж байна. Бид өөрсдийнхөө бүх боломжоор  эмчилгээг нь хийлгэж, чадах чинээгээрээ тусалж байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30х/,

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 346 тоот актын:

1. Н.Ц-гийн биед баруун шаант, тахилзуур ясны дунд 1/3-ийн зөрүүтэй далд хугарал, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 38х/,

 

6. Замын цагдаагийн албаны мөрдөгчийн 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 34 тоот магадлагаанд:

1. 04-36 УНП улсын дугаартай Т.Эстима маркийн автомашины жолооч Б.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Н.Ц-, Ж.Баярмаа нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.

7. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэжээ. /хэргийн 34х/,

 

7. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 66108 дугаартай:

1. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэсэн, EWJ94060 маркийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний хэмжээ хэвийн, урд хоёр их гэрлийн тусгалын эрчим ойр, хол дээрээ стандартын шаардлага хангаж байна. Мөн автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -4.3 мм/м буюу тохиргоо хэвийн байна. Өнгө үзэмж ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд буфер баруун доод талдаа 30х10 см хэмжээтэй талбайд хагарч, цуурсан гэмтэлтэй байна.

2. Урд буфер баруун доод талдаа 30х10 см хэмжээтэй талбайд хагарч, цуурсан гэмтэлтэй байна.

3, 4. Тогтоолд дурьдсан 3, 4-р асуултанд нэгтгэж хариулахад: Урд буфер баруун доод талдаа 30х10 см хэмжээтэй талбайд хагарч, цуурсан гэмтэлтэй, уг гэмтэл нь ашиглалтын үед үүссэн байх боломжтой.

4. Тоормосны шингэн дамжуулгатай, ABS системтэй байна.

6. Тоормосны систем хэвийн ажиллагаатай, тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна.

7. Тухайн тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нь стандартын шаардлага хангаж байна.

8. Уг тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын үзлэгт 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр БГТХҮТөвд орж тэнцсэн байна.” гэсэн дүгнэлт, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хэргийн 52-56х/,

 

9. Насанд хүрээгүй хохирогч Н.Ц-гийн ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 41-49х/,

 

10. Шүүгдэгч Б.Маас насанд хүрээгүй хохирогч Н.Ц-гийн эмчилгээний зардал төлсөн тухай эд зүйл, баримт бичгийг хэрэгт хавсаргуулахаар хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл баримт, зарлагын баримтууд /хэргийн 76-77х, 78-82х/,

 

11. Шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Надад сонсгож байгаа хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 22 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо River Ston хотхоны урд зам дээр өөрийн эзэмшлийн 04-66 УБР улсын дугаартай Т.Истима маркийн автомашинтай ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд замын 2 дугаар эгнээгээр 30 орчим км/цагийн хурдтай явж байтал явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлтэй хоёр хүн гарч явсан. Намайг ойртоод ирэх үед зогсох шиг болохоор нь би урдуур нь амжаад гарчих гээд хурдаа хасахгүйгээр ортол миний машины зүүн талын толь хэсэгт шүргэгдээд нөгөө хоёр явган зорчигч газарт унасан. Би машинаа зогсоогоод буухад нэг охин газарт унасан, баруун хөл нь машинд дайруулаад хугарсан байдалтай байсан.

Харин нөгөө эмэгтэй нь зүгээр, ямар нэгэн гэмтэл шархгүй байсан. Би тэр охиныг тэвэрч машиндаа суулгаад ГССҮТ-д авч ирж үзүүлэхэд охины баруун шилбэ хугарсан байсан. Харин хажууд нь зам гарч явсан эмэгтэй ямар нэгэн гэмтэл аваагүй байсан. Тэгээд би цагдаад мэдэгдээд, буцаж хэргийн газарт очиж үзлэгээ хийлгэсэн. Миний машинд ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй, зөвхөн зүүн талын толь хэсэг эвхэгдсэн.

Тухайн үед харагдах орчин чөлөөтэй, зам хальтиргаа гулгаа байхгүй, машин тэрэгний хөдөлгөөн бага, цаг агаар таатай байсан. Би ийм золгүй осол гаргасандаа маш их гэмшиж байна. Би хохирогч охины бүх эм тариа, эмчилгээ хагалгааны зардлыг төлж барагдуулсан. Явган хүний гарцан дээр хүн мөргөсөн нь миний буруу.” гэсэн мэдүүлэг /хэргийн 66-68х/, шүүгдэгч Б.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 74х/ баримт, насанд хүрээгүй хохирогч Н.Ц-гийн хэргийн материалтай танилцаад “...гомдол саналгүй, шүүх хуралд суухгүй” гэсэн тэмдэглэл /хэргийн 84х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн, Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 22 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер Стоун” хотхоны урд замд Toyota Estima маркийн 04-66 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захирагааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх заалтын “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.Ц-г мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг зам ослын улмаас явган зорчигч Н.Ц-гийн биед “...баруун шаант, тахилзуур ясны дунд 1/3-ийн зөрүүтэй далд хугарал, баруун тохойд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5х, 6-7х, 13-14х/,

- жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад “Бодонгоогийн Мөнхбаатарыг драйгер багаж ашиглан шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл /хэргийн 10х/,

- насанд хүрээгүй хохирогч Н.Ц-гийн: “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 20 цаг өнгөрч байхад Бөмбөгөр худалдааны төв ороод эргээд байр руугаа явахаар Алтай хотхоны буудал дээр буугаад хойноосоо урагшаа нэг эгчийн хамт зам хөндлөн гарах гэж байгаад нэг машинд мөргүүлсэн. Осол гарах үед хамт явсан хүнийг танихгүй, Бөмбөгөр худалдааны төвөөс хамт такси барьсан хүн байгаа юм. Би гэрэл дохиогүй, явган хүний гарцаар гарч явсан. Би машин тулаад ирж байгааг харсан, замын гэрэл асаагүй байсан байх. Осол хэрэг гарсанаас хойш машины жолооч эмнэлэгт байх үеийн бүх хоол унд болон эмчилгээний зардлыг төлж байгаа. Би цаашид гарах бусад зардлыг гаргуулмаар байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-19х/,

- насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нгийн:  “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Гэмтлийн эмнэлгээс залгаж осол болсон талаар хэлээд би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод ирэхэд манай охин Гэмтлийн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэж байсан. ...Жолооч Б.М одоогоор бүх эмчилгээний зардал болон бусад зардлыг дааж байгаа болохоор бидний зүгээс зарцуулсан мөнгө төгрөг байхгүй. Ойролцоогоор 800.000 төгрөг гарсан байх, жолоочид бүх баримтууд нь байгаа. Одоо хүүхдийн биеийн байдал гайгүй болохоор хичээл номондоо орсон, хөлийн ясны эдгэрэлт нь хэвийн явагдаж байгаа. Тийм болохоор манай зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19х/,

- гэрч Ж.Баярмаагийн: “...2018 оны 12 дугаар сарын 16-ны 22 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, River Ston хотхоны урд замыг явган хүний гэрлэн дохиогүй гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй гарч явахад миний баруун талд мөн нэг эмэгтэй хүүхэд явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан юм. Нэг машин ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй замын 2 дугаар эгнээгээр шууд л ороод ирэхээр нь би баруун талд явсан эмэгтэй хүүхдийг “хүүе” гээд зүүн гараас нь бариад хойш нь нэг алхам татахад нөгөө охин уг машины зүүн талын толь хэсэгт нь шүргэгдээд унахдаа зүүн хойд талын дугуй хэсэгт нь баруун хөлөө дайруулаад унасан юм. Би зүүн талд нь явсан болохоор мөргүүлсэн охинд түлхэгдээд газарт унаад босоод ирсэн. Би ямар нэгэн гэмтэл аваагүй, гэхдээ мөргөсөн машины жолооч намайг ГССҮТ-д үзүүлчих гэхээр нь очиж үзүүлээд эмч зүгээр байна гэсэн учир гэртээ харьсан. Надтай хамт явсан охины баруун хөл нь шилбэ хэсгээрээ хугарсан байсан. Жолооч шууд машиндаа суулгаж ГССҮТ-д үзүүлсэн. ...Зам хөндлөн гарсан охиныг би танихгүй, явган хүний гарцан дээр тааралдаад цуг зам гарч явсан хүүхэд байгаа юм. ...Тухайн үед харагдах орчин чөлөөтэй, хальтиргаа гулгаа байхгүй, машин тэрэгний хөдөлгөөн бага сийрэг, цаг агаар таатай байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26х/,

- гэрч Я.Оюунжаргалын: “...Б.М нь манай нөхөр байгаа юм. ...Ийм осол гарсанд харамсаж байна, бид өөрсдийнхөө боломжоор бүх эмчилгээг нь хийлгэж, чадах чинээгээрээ тусалж байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30х/,

- ШШҮХ-ийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 346 тоот: “...Н.Ц-гийн биед баруун шаант, тахилзуур ясны дунд 1/3-ийн зөрүүтэй далд хугарал, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэсэн шинжээчийн  дүгнэлт /хэргийн 38х/,

- Замын цагдаагийн албаны мөрдөгчийн 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 34 тоот:

“...04-36 УНП улсын дугаартай Т.Эстима маркийн автомашины жолооч Б.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна, явган зорчигч Н.Ц-, Ж.Баярмаа нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн үндэслэлгүй байна, зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна, магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа /хэргийн 34х/,

- насанд хүрээгүй хохирогч Н.Ц-гийн ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 41-49х/,

- шүүгдэгч Б.Маас насанд хүрээгүй хохирогч Н.Ц-гийн эмчилгээний зардал төлсөн тухай эд зүйл, баримт бичгийг хэрэгт хавсаргуулахаар хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл баримт, зарлагын баримтууд /хэргийн 76-77х, 78-82х/ болон шүүгдэгч Б.Мын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурьдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 22 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер Стоун” хотхоны урд замд Toyota Estima маркийн 04-66 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захирагааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх заалтын “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.Ц-г мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг зам ослын улмаас явган зорчигч Н.Ц-гийн биед “...баруун шаант, тахилзуур ясны дунд 1/3-ийн зөрүүтэй далд хугарал, баруун тохойд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Тээврийн прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий байна.

 

Хэргийн шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Иймд шүүгдэгч Б.Мыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Шүүгдэгч Б.М нь зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан насанд хүрээгүй хохирогч Н.Ц-гийн эмчилгээний зардал болон бусад зардалд 405.515 /дөрвөн зуун таван мянга таван зуун арван тав/ төгрөг нөхөн төлсөн талаар хэрэгт баримтууд гаргасан ба насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Нямдаваагаас: “...жолооч Б.М одоогоор бүх эмчилгээний зардал болон бусад зардлыг дааж байгаа болохоор бидний зүгээс зарцуулсан мөнгө төгрөг байхгүй. Ойролцоогоор 800.000 төгрөг гарсан байх, жолоочид бүх баримтууд нь байгаа. Одоо хүүхдийн биеийн байдал гайгүй болохоор хичээл номондоо орсон, хөлийн ясны эдгэрэлт нь хэвийн явагдаж байгаа. Тийм болохоор манай зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж, насанд хүрээгүй хохирогч Н.Ц-гаас хэргийн материалтай танилцаад “гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй” гэж тус тус илэрхийлэн, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчөөс уг эрүүгийн хэрэгт баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон гомдол, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. /хэргийн 19х, 34х/

 

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Б.Маас гаргуулах баримт бүхий хохирол, төлбөргүй гэж үзлээ.   

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 74 дүгээр талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлага гаргаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.   

 

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, насанд хүрээгүй хохирогч Н.Ц-, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Н нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                         ТОГТООХ нь:

 

1. Д овогт Б-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.М нь гэм хорын хохиролд хохирогч Н.Ц-д 405.515 /дөрвөн зуун таван мянга таван зуун арван тав/ төгрөг нөхөн төлж барагдуулсан, насанд хүрээгүй хохирогч Н.Ц-, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Н нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус тэмдэглэсүгэй. 

  

5. Энэ хэрэгт Б.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.    

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД