Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 247

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ын Бд холбогдох эрүүгийн 19100 0203 0091 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, хохирогч Б.Х, шүүгдэгч Т.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга В.Орхон шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сартагтай мөр ХХК-д хамгаалагч, харуул ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 12 дугаар гудамжны 303 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд УБТЗ-ын тусгай шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 175 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Т-ын Б /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Х-г “түрүүвч авсан” гэх шалтгаанаар зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                          

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Т.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байхад манай хамгаалалтын албаны Тамир, Ган-Эрдэнэ, Х нар дугуй авахаар ирсэн. Тэгээд бид архи ууж, Х бид нарт хоол хийж өгсөн. Тэгээд Ган-Эрдэнэ явлаа гээд манай гэрээс явахаар нь Х бид хоёр хамт архи авахаар дэлгүүр явсан. Буцаж гэртээ орж ирээд авсан архиа хувааж уусан. Надтай хамт ажилладаг залуугийн гар утас алга болсон гэсэн ба тухайн үед миний түрүүвч мөн алга болсон байна гэж хэлэхэд Х нь манай гэрээс гадуур хувцасаа шүүрч аваад гарч зугатаах гэхэд нь би араас нь түүнийг барьж авсан. Тухайн үедээ авчихаад гарах гэж байна гэж бодсон юм. Тэгтэл тэр татсан хүчинд Х газар унасан. Би түүнийг өргөж босгоод гэртээ оруулаад өөрийнхөө өмдийг өгсөн, мөн хөлөнд нь тос түрхэж өгчихөөд би дэлгүүр лүү архинд яваад иртэл Х манай гэрээс явсан байсан.

Тухайн үед миний гар утас алга болсон байсан, гэхдээ би гомдол гаргаагүй. Миний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Алга болсон байсан түрүүвч гэрээс олдсон, гэхдээ би гар утсаа олоогүй. Хэрэг болсоноос хойш хохирогч Б.Хтай уулзаагүй. Би хохирол төлбөр, эмчилгээний зардалд 210.000 төгрөг төлсөн. Би тухайн үед хутга барьсан зүйл байхгүй, Б.Х өөрөө газар унахдаа гэмтэл авсан. Шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан гэмтлийг би учруулсан, хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Б.Х-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 28-ны орой Тамираа, Магсаржав нар барилгын харуулын байранд нэг шил архи хувааж уугаад маргааш өглөө нь буюу 2018 оны 12 дугаар сарын 29-ний өглөө Б-ын гэр рүү очсон. Тэгээд Ганхуяг, Б бид гурав нэг шил архи хувааж уусан. Гэтэл Б “миний гар утас алга болсон” гээд намайг гадаа гаргаж 10 минут зодсон. Мөн миний бүх хувцасыг урсан, би тухайн үед зугтах гэсэн боловч хувцасгүй болохоор зугтаж чадаагүй. Б гартаа хутга барьсан байсан. Би “намайг битгий алаач” гэж гуйгаад гэрт нь орж Баас өмд авч өмссөн. Одоо миний биеийн байдал хүндэрсэн. Сэтгэл санааны хувьд маш их гомдолтой байгаа, даралт ихсээд шөнө унтаж чаддаггүй болсон. Би маш их гомдолтой байна. Эмчилгээний зардалд 210.000 төгрөг шилжүүлснийг авсан. Цаашид шинжилгээ, эмчилгээ хийлгэх шаардлагатай, мөн би Дархан хотод амьдардаг тул ирж очсон замын зардал зэрэгт нийт 600.000 төгрөг одоо нэхэмжилнэ. Хавтас хэрэгт эмчилгээний баримт гаргаж өгөөгүй. Би Быг өмнө таньдаггүй байсан ба тухайн өдөр л танилцсан.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0203 0091 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Х-гийн хохирогчоор өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 01:00 цагийн үед Содон хороололд найз Эрдэнэбаярын гэрт амарч байхад түүний төрсөн ах Магсаржав нь найз нартайгаа шинэ жилээ тэмдэглэсэн гээд согтуу орж ирээд нэмж архи уухаар болж, намайг хань татаж авч гарсан юм. Тэгэхэд Магсаржавын найз Тамираа гэх залуу утсаар залгаад “Яармагт хүрээд ир” гэж хэлсэн байхаар нь би Магсаржавтай хамт Яармагт хамгаалалтын албаны путкен дээр ирээд хамт архи ууцгаасан. Өглөө 07:00 цагийн үед Магсаржав яваад, харин Тамираа надад “өглөө 09:00 цагаас ажил тарна, би чамайг хүргэж өгье” гээд намайг аваад үлдсэн байсан.

Өглөө 10:00 цагийн үед Тамираа нь Б гэдэг хүнтэй яриад дугуй авахаар Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Яармагийн эцэс дээр байдаг Бын гэрт очиход Б нь хоёр хүнтэй хамт архи ууж байсан. Тэгээд Тамир, Ганхуяг бид нар нэмэгдэж архи ууцгаасан. Нэг мэдэхэд 14:00 цагийн үед Тамир, Ганхуяг нар болон Бтай хамт байсан хоёр настай хүний нэг нь явчихсан, Б нэрийг нь мэдэхгүй байна нэг найзтайгаа хамт үлдсэн байсан. Гэтэл Бын “утас нь алга болсон байна” гэж байгаад намайг хулгайд сэрдээд эхэлсэн.

Тэгээд намайг шууд гудамжинд чирч гаргаад газар хэвтүүлээд толгой руу цохиод, миний бүх хувцасыг тайлж нүцгэлж зодсон юм. Би гуйж гэрт нь ороод сандал дээр ч сууж чадахгүй байсан. Тэгэхэд Б “дэлгүүр орж архи авна” гэж хэлээд гарсаных нь дараа  зугтааж, ойролцоо дэлгүүр орж цагдаад дуудлага өгөөд, буцаж цагдаа нартай хамт Бын гэрт очиход Б гэртээ байхгүй байсан.

Тэгээд шууд Нарангийн голд байдаг эгчийнхээ гэрт очиж хоночихоод 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дархан луу явсан. Дарханд очоод 2019 оны 01 сарын 02-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлэх гэтэл харъяаллын дагуу хотод очиж үзүүл гэсэн тул өчигдөр ирж үзүүлсэн.

Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Уг дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Т.Б намайг зодож учруулсан. Харин тухайн хайрагдалт нь миний хувцасыг ураад гадаа удаан байсан болохоор хайрагдсан байсан. Дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй, би шүүх хуралдаанд оролцоно. Би гомдолтой байна. Тухайн өдрөөс хойш миний ахар сүүл өвдөөд байдаг болсон, хөдөлж явахад хэцүү байна. Зураг авахуулах хэрэгтэй, эмчилгээ хийлгэж байгаад зарлагын баримтуудаа хэргийн материалд хавсаргуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 08-10х/,

 

2. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1143 дугаартай:

1. Б.Х-гийн биед цээж, баруун өвдөг, шилбэ, зүүн шилбэний цус хуралт, баруун өгзөгний хайрагдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн, хайрагдалт нь нам хэмийн хэсэг газрын үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийнхөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 15х/,

 

3. Шүүгдэгч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Тамираа гэх залуу надаас машины дугуй авах гээд хамт ажилладаг Ганхуяг болон Х гэх эмэгтэйтэй хамт ирээд нэг шил “Хараа” нэртэй архи хувааж уугаад, дахин нэг шил архи уусан юм. Бид нарыг архи ууж байх үед Тамираа унтчихсан байсан ба Отгонбаатар, Х бид гурав архиа хамт уусан. Тэгэхэд манай найз “миний утас алга болчихлоо” гэхээр нь би өөрийн “түрүүвчтэй мөнгө алга болсон байна” гэж хэлтэл Х хувцасаа өмсөөд гараад явахаар нь би араас нь гараад цамцнаас татсан чинь цамц нь урагдчихсан юм. Тэгээд өмднөөс нь таттал мөн өмд нь урагдчихсан, би түүнийг үснээс нь татаад гэрт оруулсан. Гэртээ ороход манай найз “утсаа олчихлоо” гэхээр нь би гэрээ янзалж байтал сандалны матрас доороос миний түрүүвч гарч ирсэн.

Би Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй, уг дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг би Хг татаж газарт унагаах үед учруулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14х, 24х/ мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Хороо, багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 27х/, шүүгдэгч Т.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 28х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 29х/, УБТЗ-ын тусгай шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 175 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, өршөөл үзүүлэх комиссын тогтоол, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолтын хуулбар баримтууд /хэргийн 30-32х, 33-34х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул эдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.Б нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх өөрийн гэртээ бусадтай архидан согтуурсан үедээ, тухайн үед гэрт нь хамт байсан иргэн Б.Хг “утас, түрүүвч авсан” гэх шалтгаанаар хулгайд сэрдэж, түүнийг татаж газарт унаган хувцасыг нь урж, үснээс нь чирж зулгаах зэргээр зодож биед нь  “...цээж, баруун өвдөг, шилбэ, зүүн шилбэний цус хуралт, баруун өгзөгний хайрагдалт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:

- хохирогч Б.Х-гийн: “...Гэтэл Б “утас нь алга болсон байна” гэж байгаад намайг хулгайд сэрдээд эхэлсэн. Тэгээд намайг шууд гудамжинд чирч гаргаад газар хэвтүүлээд толгой руу цохиод, миний бүх хувцасыг тайлж нүцгэлж зодсон юм. Би гуйж гэрт нь ороод сандал дээр сууж чадахгүй байсан. Тэгэхэд Б “дэлгүүр орж архи авна” гэж хэлээд гарсаны дараа нь зугтааж, дэлгүүрт орж цагдаад дуудлага өгч, буцаж цагдаа нартай хамт Бын гэрт очиход Б гэртээ байхгүй байсан учир шууд Нарангийн голд байдаг эгчийнхээ гэрт очиж хоночихоод 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дархан луу явсан. Дарханд очоод 2019 оны 01 сарын 02-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлэх гэтэл харъяаллын дагуу хотод очиж үзүүл гэсэн тул өчигдөр ирж үзүүлсэн. Одоо миний толгой их өвддөг, зүүн хөл доголсон, биеийн бүхий л хэсгээр шарх сорви үүссэн байгаа.

Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Уг дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Т.Б намайг зодож учруулсан. Харин тухайн хайрагдалт нь миний хувцасыг ураад гадаа удаан байсан болохоор хайрагдсан байсан. Дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй, би шүүх хуралдаанд оролцоно. Би гомдолтой байна. Тухайн өдрөөс хойш миний ахар сүүл өвдөөд байдаг болсон, хөдөлж явахад хэцүү байна. Зураг авахуулах хэрэгтэй, эмчилгээ хийлгэж байгаад зарлагын баримтуудаа хэргийн материалд хавсаргуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 08-10х/,

- ШШҮХ-ийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1143 дугаартай: “...Б.Хгийн биед цээж, баруун өвдөг, шилбэ, зүүн шилбэний цус хуралт, баруун өгзөгний хайрагдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн, хайрагдалт нь нам хэмийн хэсэг газрын үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийнхөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 15х/

- шүүгдэгч Т.Б-ын: “...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Тамираа гэх залуу надаас машины дугуй авах гээд хамт ажилладаг Ганхуяг болон Х гэх эмэгтэйтэй хамт ирээд нэг шил “Хараа” нэртэй архи хувааж уугаад, дахин нэг шил архи уусан юм. Бид нарыг архи ууж байх үед Тамираа унтчихсан байсан ба Отгонбаатар, Х бид гурав архиа хамт уусан. Тэгэхэд манай найз “миний утас алга болчихлоо” гэхээр нь би өөрийн “түрүүвчтэй мөнгө алга болсон байна” гэж хэлтэл Х хувцасаа өмсөөд гараад явахаар нь би араас нь гараад цамцнаас татсан чинь цамц нь урагдчихсан юм. Тэгээд өмднөөс нь таттал мөн өмд нь урагдчихсан, би түүнийг үснээс нь татаад гэрт оруулсан. Гэртээ ороход манай найз “утсаа олчихлоо” гэхээр нь би гэрээ янзалж байтал сандалны матрас доороос миний түрүүвч гарч ирсэн.

Би Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй, уг дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг би Хг татаж газарт унагаах үед учруулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14х, 24х/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож, тогтоогдсон байна.

 

Хэргийн хохирогч Б.Х-гийн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, мэдээлэл /хэргийн 3х/, шүүгдэгч Т.Бын мэдүүлэг зэргээс тухайн хэрэг маргаан “...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн үед болсон байна” гэж  дүгнэх үндэслэлтэй ба прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан гэх он, сар, өдрийг “2019 оны 01 сарын 08-ны өдөр” гэж хохирогчоос гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өдрөөр тодорхойлж бичсэнийг “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан журмын дагуу тухайн гэмт хэрэг гарсан он сар, өдөр, цаг хугацааг залруулан зөвтгөж шийдвэрлэснийг тэмдэглэв. 

 

Хэргийн шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тухайн үед гэрт нь хамт байсан хохирогч Б.Хг утас, түрийвчний хулгайд сэрдэж, улмаар түүнийг гудамжинд чирч гарган, газарт татаж унаган хувцасыг нь урж, үснээс нь чирж зулгаах зэргээр зодож биед нь  “...цээж, баруун өвдөг, шилбэ, зүүн шилбэний цус хуралт, баруун өгзөгний хайрагдалт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан эрүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай. /ЭХЕА-ийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/

 

Шүүгдэгч Т.Б-ын хохирогч Б.Хгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Хан-Уул дүүргийн прокуророос Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Т.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Т.Б нь хохирогч Б.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрснийг болон гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч, шүүгдэгч нар нь орон гэртээ шалтаг шалтгаангүй архидан согтуурсан, зан байдлаа хянах чадвар дутмаг байсан нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд хохирогч Б.Хгийн эрүүл мэндэд учирсан учирсан хөнгөн гэмтэл бүхий хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ оношилгоо хийлгэсэн болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь тухайн гэмт хэргийн улмаас хохирол учирснаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болно.  

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.  

 

Тухайн хэргийн хохирогч Б.Х нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хохирогчид эмчилгээний зардалд тооцон 210.000 төгрөг шилжүүлсэн хэмээн 2019 оны 01 сарын 22-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг баримтыг гаргасан ба хохирогч Б.Х нь уг шилжүүлсэн 210.000 төгрөгийг хүлээн авч өөрийн эмчилгээнд зарцуулсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, цаашид эмчилгээ, оношилгоо хийлгэх шаардлагатай зардал болон Дархан-Улаанбаатар хот хооронд энэ хэргийн улмаас 3-4 удаа ирж очсон замын зардал зэргийг тооцож нийт 600.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулна хэмээх гомдлын шаардлага гаргасан. /хэргийн 54х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/

 

Дээрх шаардлагын үндэслэлд хамаарах баримт, нотолгоог хохирогч талаас шүүхэд гаргаж өгөөгүй учир эрүүгийн хэргийн хамт нэг мөр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн, хохирогч Б.Хгийн гаргасан “цаашид эмчилгээ, оношилгоо хийлгэх шаардлагатай зардал болон Дархан-Улаанбаатар хот хооронд энэ хэргийн улмаас 3-4 удаа ирж очсон замын зардал зэрэгт нийт 600.000 төгрөг шүүгдэгчээс гаргуулна” гэх шаардлагыг шүүх хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хохирогч нь дээрх гомдлын шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Т.Б-аас баримт бүхий хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Б нь урьд ял шийтгэгдэж байсан талаар хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад /хэргийн 29/ тэмдэглэгдсэн хэдий ч энэ нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.    

 

Шүүх, шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт тооцож хохирогчийн эмчилгээний зардалд 210.000 төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.      

 

Энэ хэрэгт шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.       

      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон       

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. Б овогт Т-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-аас гэм хорын хохиролд хохирогч Б.Хд 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөг нөхөн төлсөнийг дурьдаж, хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардал болон Улаанбаатар-Дархан чиглэлд ирж буцсан унааны зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт Т.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД