Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 207/ма2024/00037

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 207/МА2024/00037

 

 

2024 04 11 207/МА2024/00037

 

 

С.Ж-ын нэхэмжлэлтэй, хариуцагч

Э ТӨХК-д холбогдох иргэний

хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2023/00337 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Ж-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ТӨХК-д холбогдох,

10.318.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 33.499.322 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч П.Б-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ж-, хариуцагчийн төлөөлөгч П.Б-, нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ж- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/46 тоот шийтгэх тогтоолоор С.Ж- нь ЭДЦС-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллах хугацаандаа Эв нэгдлийн сангийн 40.647.700 төгрөг, тушаал шийдвэргүй болон анхан шатны баримтгүй гаргасан 14.354.000 төгрөг нийт 55.001.700 төгрөгийн хохирол учруулсан гэж гэм буруутайд тооцсон. С.Ж- би анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаас 5 хоногийн завсарлага авч 2023 оны 02 сарын 01-ний өдөр өөрийн нэр дээрх Хаан банкны 5286312905 тоот данснаас 55.001.007 төгрөгийг О аймгийн ЭДЦС-ын ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 130600005581 тоот дансанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Ингээд тус шийтгэх тогтоолд гомдол гаргасан ба О аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №20 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан О аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцагдсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. С.Ж- нь 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж 10.318.000 төгрөгийг давхардуулан авсан болох нь нотлогдож байгаа боловч уг буцалтгүй тусламжийг Монгол Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн хорооны шийдвэр болон Эын үйлдвэрчний эвлэлийн Тэргүулэгчдийн тогтоолоор тус тус олгосон байх тул 10.318.000 төгрөгийг шүүгдэгч С.Ж- итгэмжлэн хариуцаж байсан эсэх, улмаар түүнийг завшсан гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 55.001.700 төгрөгөөс дээрх төгрөгийг хасч, үлдэх 44.683.700 төгрөг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан их хэмжээний хохиролд тооцогдохгүй юм гэж Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/46 тоот шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн. Иймд О аймгийн ЭДЦС-ын ТӨХК Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос 10.318.000 төгрөгийг гаргуулан С.Ж- надад олгож өгнө үү. Миний бие 2016-2020 онд салбарын үйлдвэрчний эвлэлийн ажлын бодлогыг тодорхойлох чиг үүрэг бүхий ЭХГУУҮ-ийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилласан юм. Ажиллах хугацаандаа эрчим хүчний салбарт оршиж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн зөрчил, сахилгын нэг зөрчилд шийтгэлийн хэлбэр давхардсан асуудлыг 3 шатны шүүх болон хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлсэн болно. Дээрх шийдвэрүүдийг Эрчим хүчний сайдаас үүрэг чиглэл гарган салбарт хэрэгжүүлсэн бөгөөд нэг жилд салбарын ажиллагсадын орлого 600 саяаас тэрбум төгрөгөөр өсөх тооцоо гарч байсан. Мөн манай үйлдвэрчний эвлэлийн хороо 3 жил дарааллан салбарын тэргүүний байгууллагаар шалгарч ажиллагсадын цалинг 57 хүртэл хувиар өссөн бөгөөд тайлангийн хурлаар гишүүд миний ажилд дүүрэн хангалттай үнэлгээ өгсөн юм. Ажлын энэ үзүүлэлт, тэтгэвэрт гарч цаашид ажиллахгүй зэргийг харгалзан холбоо болон хорооны тэргүүлэгчдийн тогтоолоор надад 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон юм. Надад тэтгэмж хүссэн өргөдөл санал гаргасан зүйл байхгүй бөгөөд шийдвэр гаргахад би оролцоогүй болно. Хоёр өөр ажлын үзүүлэлтээр, 2 өөр чиг үүрэг бүхий байгууллага, 2 өөр эх үүсгэвэр бүхий санхүүгээс 2 байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий шийдвэр тогтоолоор олгосныг анхаарч давж заалдах шүүх миний нэхэмжилсэн 10.318.000 төгрөгийг надаас суутгах хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Иймд миний нэхэмжилсэн 10.318.000 төгрөгийг гаргаж өгөхийг хүсье. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх яагаад намайг буруугүй гэж үзсэн гэхээр би ЭДЦС-ын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дарга, Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн гэдэг 2 ажлыг хийдэг байсан. Энэ 2 байгууллага нь тусдаа чиг үүрэгтэй, өөр байгуулагууд юм. Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хороонд би ажиллаж байх үедээ 2 томоохон ажлыг хийж гүйцэтгэсэн. Эрчим хүчний салбарт сахилгын шийтгэлийг дархардуулахгүй байх гэдэг асуудлыг 3 шатны шүүхээр явж байж шийдвэрлүүлсэн. 2-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бас өөрчилж өгсөн. Эдгээр ажлыг хийж гүйцэтгэсэн гэж намайг ажлаас гарахад 10,000,000 төгрөгийг өгсөн. Намайг ажиллаж байх үед тус хороо нь Монгол улсын хэмжээнд 3 удаа шилдэг хороогоор шалгарсан. Би надад ийм мөнгө өгөөч гэж гуйгаагүй. Бүх гишүүдийн саналаар надад буцалтгүй тусламж гэж энэ мөнгийг өгсөн байсан. Би энэ асуудлаар хуралдсан хуралд нь оролцоогүй. Надгүйгээр 2 удаа хуралдсан байсан. Энэ тэтгэмж нь цаашдаа ажиллана гэсэн нөхцөлтэй байгаагүй. Миний хийсэн ажлыг үнэлж Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос өгсөн буцалтгүй тусламжийн мөнгө нь ЭДЦС-ын Үйлдвэрчний Эвлэлийн хороонд ямар ч хамааралгүй. Энэ 2 байгууллага чинь тусдаа удирдлага, санхүүтэй байгууллагууд юм. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх үүнийг зөв дүгнэсэн. Эрүүгийн хэргийн хурал болох үеэр миний бие маш хүнд өвчтэй байсан. Хурал дээр өөрийгөө өмгөөлөх чадвар хомс байсан учир шүүхэд өөрийгөө зөвөөр ойлгуулж чадаагүй гэжээ.

Хариуцагч Эын Үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлж тус хорооны дарга П.Б- хариу тайлбартаа:

С.Ж- нь ЭДЦС-ын ҮЭ-ийн хорооноос 10.318.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.01-ний өдрийн 2023/ШЦТ/46 тоот шийтгэх тогтоол, О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.04.12-ны өдрийн №20 тоот магадлалаар, Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.06.07-ны өдрийн 445 тогтоолоор хэрэг эцэслэгдэн шийдэгдсэн байхад дахин уг хэрэгтэй холбогдуулсан нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан байна. Хэргийн бодит хохирол 55.001.700 төгрөг гэж тооцсон. Тухайн үед ЭДЦС-ын ҮЭ-ийн хорооны хуримтлалын мөнгийг С.Ж- өөрийн хувийн дансанд байршуулж хүү болох 31.099.322 төгрөгийг хувьдаа завшсан байдаг. Үүнийг О аймгийн Б ХХК-ийн шинжээч хохиролд оруулан тооцоогүй. Шүүх хуралд дээр шинжээч тооцоогүй гэдгээ хэлдэг. Хэрэв тооцсон бол хохирол нэмэгдэнэ. ЭДЦС-ын ҮЭ-ийн хорооноос шинжээчийн төлбөрийг төлж барагдуулсан ба иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шинжээчийн төлбөрийг иргэн С.Ж-аас нэхэмжлэл эрхтэй байгаа болно. Иймээс иргэн С.Ж-аас ЭДЦС-ын ҮЭ-ийн хороо бодит хохирлыг сөрөг нэхэмжлэл гаргаж бүрэн барагдуулах эрх нээлтэй байгаа болно. Иймд иргэн С.Ж-ын ЭДЦС-ын ҮЭ-ийн хорооноос 10.318.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргахгүй энэ хэргийг ингээд дуусгавар болгоё гэж тохиролцсон боловч тохиролцооноосоо буцаж шүүхэд нэхэмжпэл гаргажээ. Энэхүү нэхэмжлэлийг ЭДЦС-ын ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчид хэлэлцээд сөрөг нэхэмжлэл гаргаж хохирлыг бүрэн барагдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно. О аймгийн ЭДЦС-ын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны харилцах дансны хуулгыг хэрэгт өгсөн байгаа. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ЭДЦС-ын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурал болж даргаа сонгосон. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай тушаалаар намайг О аймгийн ЭДЦС-ын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны даргаар томилж, С.Ж-ыг ажлаас чөлөөлөсөн тухай тушаал гарсан. С.Ж- гэдэг хүний эрх тэр өдөр дуусаж, миний сэргэх ёстой байсан. Гэвч 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр ажил үүргийг надад хүлээлгэж өгсөн. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр буюу албан тушаал нь цуцлагдсан байх үед С.Ж- нь өөртөө буцалтгүй тусламж гэж 10.318.000 төгрөгийг авсан байсан. Өмнө нь энэ хүн энэ буцалтгүй тусламжийг манай дээд байгууллагаас авсан атлаа дахиад давхардаж авсан. Энэ буцалтгүй тусламжийн мөнгийг ямар нэгэн тушаал, шийдвэр, тэргүүлэгчийн хурлын тогтоолгүйгээр авсан мөнгө болох нь тогтоогдсон. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ямар нэгэн тушаал, шийдвэргүй олон гүйлгээг хийсэн байсан. Энэ мөнгийг нэхэмжлэх боломжтой гэж харж байгаа боловч нэхэмжлээгүй. Эрдэнэцэцэг гээд өөрийн нягтлан хүнд буцалтгүй тусламж гэж 2.000.000 төгрөгийг өгсөн байдаг, томилолт гэх мэт нийт 5 гүйлгээг хийсэн байсан. Эрх зүйн чадамжгүй байсан үедээ гүйлгээг хийсэн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2024/00337 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Эын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 10,318,000 /арван сая гурван зуун арван найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ж-т олгож, хариуцагч Эын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос нэхэмжлэгч С.Ж-т холбогдуулан гаргасан 33,499,322 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,380 төгрөгөөс 180,038 төгрөгийг, хариуцагч Эын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,447 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас нэхэмжлэгчийн илүү төлсөн 342 /гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг, хариуцагч Эын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос улсын тэмдэгтийн хураамжид 180,038 /нэг зуун наян мянга гучин найм/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Ж-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч П.Б- шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Хэрэг хянан шийдвэр ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд хэргийн нотлох баримтын талаар зохицуулсан байх бөгөөд Эын Үйлдвэрчний Эвлэлийн Хороонд учруулсан бодит гэм хорыг нотлох баримтыг тус хэрэгт хавсаргасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасан байх бөгөөд бодит гэм хорыг учруулсан эд мөрийн нотлох баримтаар иргэн С.Ж-ын учруулсан гэм хорыг нотлох баримтыг хэрэгт хавсрагдсан боловч шүүх хуралдааны явцад Нотлох баримтыг шинжилсэн байдал шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдээгүй болно. Иргэн С.Ж- нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02 тоот Эын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны бүх гишүүдийн хурлаар чөлөөлөгдөж эрх нь цуцлагдсан нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Гэвч С.Ж- 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа хүлээлгэн өгөлгүй, ямар ч тогтоол шийдвэргүй өөрөө дур мэдэн 10.318.000 төгрөгийг албан тушаал эрх мэдлээ ашиглан үндэслэлгүйгээр авсан нь нотлогдож байгаа. Мөн С.Ж- ҮЭ-ийн гишүүдийн хуримтлал болох 44.683.700 төгрөгийг өөрийн хувийн дансанд байршуулж хүүг нь хувьдаа авч байсан нь Төрийн банкны дансны хуулгаар нотлогдож байгаа. Гэвч шүүгч нотлох баримтыг үл харгалзан С.Ж-ын ам мэдүүлгээс хүү болон 22.000.000 төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа нь ...О аймгийн Б" ХХК-ийн шинжээч хүү орлогыг хохиролд оруулан тооцоогүй байдаг. Эын ...Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвзрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн журмыг хэрэгжүүлээгүй бөгөөд Эын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны нотлох баримтын бүрдүүлбэрт багтсан эд мөрийн баримтыг шүүх хуралдааны үеэр тодруулж асуугаагүй шүүх хуралдааны тэмдэглэл дээр тусгагдаагүй мөн Эын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж байгаа нь илтэд үндэслэлгүй байна.

Иймд О Аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2024/00337 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч С.Ж- нь Э ТӨХК-ийн ҮЭХ-нд холбогдуулан 10.318.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгч С.Ж-аас 33.499.322 төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгч С.Ж- сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна.

Нэхэмжлэгч С.Ж- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ О аймгийн Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа эв нэгдлийн сангийн 40,647,700 төгрөг, тушаал шийдвэр анхан шатны баримтгүй гаргасан 14,354,000 төгрөг нийт 55,001,700 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдсан ба анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаас 5 хоногийн засварлага авч 55,001,007 төгрөгийг төлж барагдуулсан О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэг удаагийн буцалтгүй тусламж болох 10,318,000 төгрөгийг давхардуулан авсан байгаа боловч итгэмжлэн хариуцаж байсан, улмаар түүнийг завшсан гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал нотлогдож байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож нийт хохирлоос хасч тооцож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ...Эрүүгийн хуулийн 17.4 дэх хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 10,318,000 төгрөгийг буцаан төлсөн учраас гаргуулна гэсэн тайлбар гаргаж тодорхойлсон байна.

Хариуцагч Э ТӨХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга байсан С.Ж- нь үйлдвэрчний эвлэлийн хорооны хуримтлал 45,168,000 төгрөгийг Төрийн банкны өөрийн нэр дээрх дансанд байршуулж жилийн 15.4 хувийн хүүний мөнгийг хувьдаа 4 жилийн турш ашигласан. Энэ нь шинжээчийн дүгнэлтэнд орж тооцогдоогүй, шинжилгээний төлбөрт 240,000 төгрөг төлсөн нийт 33,499,322 төгрөгийг С.Ж-аас гаргуулна гэсэн тайлбартаа үндэслэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч С.Ж- нь Э ТӨХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 2016-2020 онд ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түүнд хариуцуулсан үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татварын мөнгөнөөс 55.001.700 төгрөгийг завшсан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1., 2.2. дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (10 сая) торгох ял оногдуулжээ.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж С.Ж-ыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-д заасан албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүхээс С.Ж-ыг 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг давхардуулан авсан нь нотлогдож байгаа боловч буцалтгүй тусламжийг Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн хорооны шийдвэр болон Эын үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчдийн тогтоолоор тус тус олгосон тул 10.318.000 төгрөгийг С.Ж- итгэмжлэн хариуцаж байсан эсэх, улмаар түүнийг завшсан гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсон гэсэн дүгнэлт хийж нийт хохирол 55.001.700 төгрөгөөс хасч 44.683.700 төгрөгийн хохирол учруулсан гэж үзжээ.

Мөн нэхэмжлэгч С.Ж- нь хариуцагч байгууллагын дансанд 55.001.700 төгрөгийг төлсөн болох нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолоор тогтоогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт байвал түүнийг дахин гэсэн заалтыг үндэслэн анхан шатны шүүх нэг удаагийн буцалтгүй тусламж болох 10.318.000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 492, 493 дугаар зүйлийн 493.1 дүгээр зүйлд нийцжээ.

Хариуцагч Э ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо шинжээчийн дүгнэлт гаргуулахад 2.400.000 төгрөг төлсөн, түүнийг нэхэмжлэгч С.Ж-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж байгаа боловч мөнгө төлсөн баримтаа гаргаж өгөөгүй, шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байна. Хэрэгт Төрийн банкны харилцах дансны харилцагийн хуулга хэд хэдийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа боловч 2.400.000 төгрөг төлсөн болох нь нотлогдоогүй.

Нэхэмжлэгч С.Ж- нь 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж 10.318.000 төгрөгийг Монголын Эрчим хүч, геологи уул уурхайн яамны Үйлдвэрчний эвлэлийн хорооны шийдвэр болон Э ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу авсан болохыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоосон, энэхүү магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон тул энэ үйл баримтын талаар шүүх дахин нотлохгүй учраас С.Ж- нь 10.318.000 төгрөгийг буцаан төлсөн байх тул хариуцагчаас шаардах эрхтэй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн төлөөлөгч П.Б-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2024/00337 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч П.Б-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч П.Б-ийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505.485 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.А

 

ШҮҮГЧ С.У