Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2024/00039

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2024/00039

 

 

 

 

Б.Л-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагчГ.Л-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Х, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2024/00262 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Л-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Г.Л-д холбогдох,

Гэм хорын хохиролд 19.101.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчГ.Л-йн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие өөрийн эзэмшлийн F маркийн .......... ХӨҮ улсын дугаар бүхий ачааны машинаар 38 тонн нүүрс тээвэрлэн Х аймгийн Могойн голын нүүрсний уурхайгаас Э-ийн чиглэлд явах замд буюу 2023 оны 2 сарын 15-ны өдөр Б аймгийн О сумын 4 дүгээр баг, Н-ийн гүүр гэх газарт зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогссон байх үед М маркийн ................. ОРБ дугаарын машин мөргөж миний бие махбод, сэтгэл санаа, эд хөрөнгөд асар их хохирол учруулсан юм. Б аймгийн Цагдаагийн байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Ммаркийн ................. ОРБ дугаарын машины 100 хувь буруутай үйлдэл гэдгийг тогтоож, хөлсөөр машин барьж байсан жолооч амь хохирсон үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэхдээ уг тээврийн хэрэгслийн өмчлөгч болохГ.Л-йг иргэний хариуцагчаар тогтоосон юм. F маркийн .......... ХӨҮ улсын дугаар бүхий ачааны машиныг миний бие зээлээр худалдаж авсан, түүний зээл, зээлийн хүүгийн төлбөрт сар бүр 3.0 сая төгрөгийг төлж ирсэн бөгөөд уг машинд ослоос болж эвдэрч гэмтсэн, зайлшгүй солих шаардлагатай сэлбэг хэрэгслийг тооцсон шинжээчийн дүгнэлтээр 12.685.000 төгрөгөөр тооцсон ба энэ үнийг, шинжээчийн хөлсөнд төлсөн 616.000 төгрөгийг, осолтой холбоотойгоор миний бие гэмтэл авч сэтгэл санаанд гүнзгий хямралд орсон, машин техник хөдлөх боломжгүй болсон тул Х аймгаас эхнэр хүүхдүүд ирж буцсан унааны хөлс, О аймагт буудалд байрласан хөлсөнд нийт 800.000 төгрөгийг, өөрийн тээврийн хэрэгсэл дэх 38 тонн нүүрсийг О аймагт буулгаж ачиж зөөвөрлөхөд 1 ковш, 1 чиргүүлтэй самосваль ажиллуулсны хөлс 2.500.000 төгрөгийг, өөрийн машиныг Улаанбаатар хотруу ачуулсан трайллерийн хөлс 2.500.000 төгрөгийг, эрүүгийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд Х аймгаас Б аймагт ирж мэдүүлэг өгөх, дахин ирж шинжээч томилсон тогтоолтой танилцах, дахин шинжээчийн дүгнэлттэй танилцах, түүний хөлс төлөх, дахин хэргийн материалтай танилцах, хүсэлт гаргах, дахин прокурорын шатанд хавтаст хэрэгтэй танилцах, О аймаг дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэгт нийт 5 удаа ирж буцсан бөгөөд нэг удаагийн зардалд приус машины бензин тосонд гаргасан 150.000 төгрөгөөр тооцож нийт 750.000 төгрөгийн, нийт 12.685.000+616.000+800.000+2.500.000+2.500.000+ 750.000=19.101.000 төгрөгийн бодит хохирол учраад байна. Иймд Г-ийн Л-оос гэм хор учруулсны хохирол болох 19.101.000 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч Б.Л надад олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан багасгасан шаардлагадаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа буруулж 13.539.600 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г.Л- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн хэрэг болсноос хойш Б аймгийн цагдаад мэдүүлэг тайлбар өгч байсан. Нэхэмжлээд байгаа мөнгө нь нэхэмжлэгч тал өөрөө даатгалын компанид даатгалаа хийлгэсэн байсан бол даатгалаасаа бүрэн төлүүлэх боломжтой байсан. Аливаа нэг замыг ашиглаж байгаа компани хууль дүрмийнхээ дагуу ачаа тээврийн даатгал болон жолоочийн даатгал зэргийг заавал хийлгэж байж явах ёстой гээд заасан байгаа. Үүний дагуу манайх бүх даатгалаа хийлгэсэн байгаа. Тухайн компани яагаад даатгалгүй машинтай гэрээ байгуулаад ачаа тээвэр хийлгүүлдэг юм, тухайн жолооч нь үүргээ биелүүлээд яагаад даатгалаа хийлгүүлэхгүй явж байдаг юм. Аль ч даатгалд даатгалтай байсан тухайн даатгалын компанидаа үнэлгээгээ өгчихөд хэн хэндээ амар бүх даатгал нь гарчих байсан. Тийм учраас энэ мөнгийг төлөх боломжгүй, мөн манай жолоочийн амь нас хохирсон байгаа. Хуулиндаа нас барсан тохиолдолд аливаа нэг талын нэхэмжлэлийг хангахгүй орхидог үндэслэл байгаа юм байна лээ. Үүний дагуу шийдэж өгөөч гэсэн хүсэлтэй байна гэв.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2024/00262 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.1., 499.4., 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Л-оос эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 13 301 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 238 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Л-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 455 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Л-оос улсын тэмдэгтийн хураамжид 224 455 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Л- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1.-т зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох тул тухайн тээврийн хэрэгсэл бусдад гэм хор учруулсан этгээдийн эзэмшилд шилжсэн болох нь тогтоогдсон байна. Тээврийн хэрэгслийг хариуцагч өөрийн нэр дээр бүртгүүлээгүй нь түүнийг эзэмшигч биш гэж үзэх үндэслэл болохгүй ч Тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд хөрөнгө эвдэрч, устаж, гэмтсэн тохиолдолд гэм хорыг нөхөн төлөх үүрэг үүссэн. Ммаркын ................. ОРБ автомашиныг жолоодож явсан жолооч тухайн ослын үед нас барсан. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т зааснаар тэрээр ШУУД эзэмшигч болох тул мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д заасан эзэмшигчид хамаарна. ХариуцагчГ.Л-йн хууль бус, гэм буруутай, болгоомжгүй үйлдлийн улмаас НЭХЭМЖЛЭГЧИЙН өмч хөрөнгөд гэм хорын хохирол учирсан, үйлдэп, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй байна. Зохигчид хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирч улмаар эд хөрөнгийн бодит хохирол учирсан тухайд маргаагүй. Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэтэл Ммаркын ................. ОРБ автомашины өмчлөгчид холбогдуулан нэхэмжпэл гаргаагүй, уг автомашины өмчлөгч уг ослын улмаас учирсан хохирол төлбөртэй асуудлаар даатгалын байгууллагад хандан хохирлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж баигаа. Мөн нэхэмжлэгч Б.Л нь F маркийн .......... ХӨҮ автомашиныг Б.М-аас авч ашигласан үеэс даатгал хийлгээгүй. Уг тээврийн хэрэгсэл ямар ч заавал даатгуулах албан журмын даатгалгүй ачаа тээврийн үйлчилгээ үзүүлж явсан бөгөөд өөрийн хариуцлагагүй, үүргээ биелүүлдэггүй байдлаас болж ослын улмаас учирсан хохирлыг хариуцагчид шууд хүлээлгэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Харин ч шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлтэй байна. Бусдад учруулсан гэм хорыг арилгах үүргийн асуудал хөндөгдөж байгаа ба тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах журам ерөнхий зохицуулалтаас өөр байдаг буюу Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3., 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагч бусдад гэм хор учруулсан байсан ч хохирлыг уг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч арилгах үүрэгтэй байдаг. Тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч үр шимийг нь хүртэж байгаа этгээд ослын улмаас учирсан хохирлоо даатгалын байгууллагаар гаргуулахаар ажиллаж байхадГ.Л-д шууд хариуцуулан гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 00262 дугаартай шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагчГ.Л-д холбогдуулан гэм хорын хохиролд 19.101.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм хорын хохиролд 13.539.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.1., 499.4., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Г.Л-оос эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 13.301.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 238.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Б.Л нь 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 21 цаг 50 минутын үед өөрийн эзэмшлийн F маркийн .......... ХӨҮ улсын дугаартай ачааны машинаар 38 тонн нүүрс тээвэрлэн Х аймгийн Могойн голын нүүрсний уурхайгаас О аймгийн чиглэлд явж байхдаа Б аймгийн О сумын 4 дүгээр багийн Н-ийн гүүр гэх газрын асфальтан замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогссон байх үед Ммаркийн ................. ОРБ дугаартай хариуцагчГ.Л-йн эзэмшлийн автомашин араас ирж мөргөн зам тээврийн осол гаргаж иргэн Ц.Б нас барж, нэхэмжлэгч Б.Л-ийн тээврийн хэрэгсэлд 12.685.000 төгрөгийн хохирол учирсан, жолооч Ц.Бын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй..., 510 дугаар зүйлийн 510.1.-д ...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..., 499 дүгээр зүйлийн 499.1.-д ...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй..., 499.4.-д ...Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй... гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Б.Л .......... ХӨҮ улсын дугаартай F маркийн тээврийн хэрэгслийг 2020 онд Б.М-аас 37.000.000 төгрөгөөр худалдан авч уг автомашины үнээс 17.000.000 сая төгрөг төлсөн, одоо үлдэгдэл 20.000.000 сая төгрөг төлөөгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй, тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Б.М-ын нэр дээр бүртгэлтэй байдаг боловч эзэмшиг нь нэхэмжлэгч Б.Л байх тул тэрээр .......... ХӨҮ улсын дугаартай F маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч, нэхэмжлэл гаргах, учирсан хохирлыг шаардах эрхтэй юм.

................. ОРБ улсын дугаартай Ммаркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Г.Л- 2021 онд Капитрон банкны зээлээр худалдан авч ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж байсан, талийгаач Ц.Б 2021 оны 6 дугаар сараас хөлсөөр ажиллаж байжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч Г.Л-оос Х ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон эд хөрөнгийн хохирол 12.685.000 төгрөг, шинжээчийн хөлс 616000 төгрөг, нийт 13.301.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Лд олгож нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохиролд хамаарахгүй гэж үзэж замын болон буудлын зардал 238.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцжээ.

Хариуцагч Г.Л- ... Иймд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 00262 дугаартай шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй тул хүчингүй болгож өгнө үү... гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэг авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх..., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан ...зохигч , гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-д заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч биелүүлээгүй болно.

ХариуцагчГ.Л-йн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчГ.Л-йн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

ХариуцагчГ.Л-йн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 224.455 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2024/00262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчГ.Л-йн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчГ.Л-йн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 224.455 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

 

ШҮҮГЧИД Л.Х

 

С.У