Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2024/00046

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,     

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2024/00215 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***** багт үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК (итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х)-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төв (дарга О.С)-д холбогдох,

 

“Эд барааны үнэ 13,368,900 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн төлөөлөгч О.С нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. “Х” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвтэй зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Д-ын зөвшөөрснөөр “Х” ХХК-аас тус Эрүүл мэндийн төвийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах буюу гэрээний биелэлтийг жигд хангах үүднээс 6 удаагийн падаанаар 24 төрлийн эд зүйл, бараануудыг үнийг дараа тооцох нөхцөлөөр нийлүүлж байсан. Уг эд бараа, зүйлийн нийт өртөг нь 13.368.900 төгрөг гарч байгаа.

1.2. Өнгөрсөн хугацаанд тус компаниас нийлүүлсэн 24 төрлийн эд барааны үнийг шилжүүлэх талаар Бугат сумын Эрүүл мэндийн төвийн удирдлагад удаа дараа хүсэлт гаргасан боловч тус байгууллага нь санхүүгийн боломж байхгүй гэсэн үндэслэлээр өдий хүртэл төлж өгөхгүйгээр компанийг эдийн засгаар хохироож байна.

1.3. Иймд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвөөс эд барааны үнэ 13,368,900 /арван гурван сая гурван зуун жаран найман мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулан “Х” ХХК-нд олгож шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:  

2.1. “Х” ХХК нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төв нь тус компаниас ажил гүйцэтгэх гэрээгээр 6 удаагийн үйлдлээр 24 төрлийн 13,368,900 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, барааг үнийг дараа төлөх нөхцөлөөр нийлүүлж авсан боловч тухайн барааг байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд авсан тухай баримт, материал байхгүй байна.

2.2.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 13,368,900 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг тус сумын Эрүүл мэндийн төв нэхэмжлэгч байгууллагаас зээлээр худалдаж аваагүй болно.

2.3.Иймд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2024/00215 дугаар шийдвэрээр:

3.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан эд барааны үнэ 13,368,900 (арван гурван сая гурван зуун жаран найман мянга есөн зуун) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,800 (хоёр зуун хорин дөрвөн мянга найман зуун) төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ. 

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх “Х” ХХК-ны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу тайлбарлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж  үзэж байна.

4.2. Тус “Х” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ" байгуулан ажиллаж байсан юм. Тухайн үед ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Д-ын зөвшөөрснөөр “Х” ХХК-аас эрүүл мэндийн төвийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах буюу гэрээний биелэлтийг жигд хангах үүднээс 6 удаагийн падаанаар 24 төрлийн эд зүйл, бараануудыг үнийг дараа тооцоохоор нийлүүлж байсан юм. Уг эд бараа, зүйлийн нийт өртөг нь 13,368,900 төгрөг гарч байна.

4.3. Өнгөрсөн хугацаанд тус компаниас нийлүүлсэн 24 төрлийн эд барааны үнийг тус компанид шилжүүлэх талаар Бугат сумын Эрүүл мэндийн төвийн удирдлагад удаа дараа хүсэлт гаргасан боловч тус байгууллага нь санхүүгийн боломж байхгүй гэсэн үндэслэлээр өдий хүртэл төлж өгөхгүй тус компанийг эдийн засгийн хохирол учруулсан гэж үзэж  байна.

4.4. Анхан шатны шүүх тус компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлдээ 24 төрлийн эд барааны үнийг шилжүүлсэн зарлагын падаанд тус Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч гарын үсэг зураагүй байгаа учраас хүчин төгөлдөр санхүүгийн баримт биш гэж дүгнэсэн байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар тус компанийн зарлагын падаанаар нийлүүлсэн эд хөрөнгийн падаанд тухайн байгууллагын нягтлан бодогч гарын үсэг зурж баталгаажуулах, уг бараануудыг орлогод авч нягтлан бодохын бүртгэл хөтлөх асуудал нь тус компанийн ямар нэгэн буруутай ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Учир нь тус компанийн зүгээс зарлагын падаануудыг бичээд сумын Эрүүл мэндийн төвийн эд хариуцагчид барааг хүлээлгэн өгснөөр дараачийн Нягтлан бодох бүртгэлийн асуудлыг хариуцагч хариуцах ёстой гэж үзэж байна.

4.5. Анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эд хариуцагч Х.А нь тус компаниас нийлүүлсэн бараануудыг нэг бүрчлэн үзээд хүлээн авсан тухайгаа, зарлагын падаанд бараа хүлээж авсан эд хариуцагчийн гарын үсэг миний гарын үсэг мөн, тус эмнэлгийн аж ахуйн хэрэгцээнд зарцуулсан, зарим бараануудыг одоо хүртэл хэрэглэж байгаа тухай мэдүүлэг өгсөн юм. Иймд анхан шатны шүүхээс санхүүгийн хүчин төгөлдөр баримтууд гэдэг нь нотлогдоогүй байна гэж байгаа асуудалд тус компанийн ямар  нэгэн буруутай ажиллагаа байхгүй гэж үзэж байна.

4.6. Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан “Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ-ний Гуравдугаар зүйл. Гүйцэтгэгчийн үүрэг. 3.5-д “Бодитойгоор илүү зардал гарган гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэн авах эрхтэй”, Зургаадугаар зүйлийн 6.4. "Ажил дуусахаас өмнө гүйцэтгүүлэгч нь гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй “ гэж заасан.

Дээрх гэрээний заалтаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төв нь “Х” ХХК-тай байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул гэрээ цуцалснаас үүсэх үр дагаврыг хариуцах ёстой гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.

4.7. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 130\ШШ2024\00215 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах  шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбарт:

5.1. Миний бие 2020 оны сүүлээр тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилогдсон. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэлд дурдсан бараа материал нь тухайн үед тавьсан бараа материалын жагсаалтад байхгүй байсан. Зарим нэг жижиг, сажиг зүйлүүд байсан. Нүүрсний тухайд хэрэглэсэн байж магадгүй. Гэхдээ тухайн нүүрсний амбаар зэрэг том том юмнууд одоо хүртэл тухайн байгууллагын өмч хөрөнгө болдог. Тус байгууллагын өмч хөрөнгийг хүлээж авах, бүртгэх асуудлыг тухайн үед хүлээж авсан комисс хариуцах ёстой.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийг буруу тайлбарлаж /хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг/ хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

            7. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Бугат сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулж тус төвийн худалдаж авсан бараа, эд зүйлийн үнэ 13.368.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “тус төвтэй байгуулж байсан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр “Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ”-ний дагуу тус байгууллагад нийлүүлж байсан 24 төрлийн эд зүйл, барааны үнийг гаргуулна” гэж тайлбарласан бөгөөд хэрэгт нэхэмжлэлээ нотлохоор дээрх гэрээ болон 2020 оны 3 дугаар сарын 02, 03-ны 6 ширхэг зарлагын баримтуудыг гаргаж өгсөн, уг баримтуудын “хүлээж авсан” гэх хэсэгт тухайн байгууллагын эд хариуцагч гарын үсэг зурсан боловч шалгасан нягтлан бодогч гарын үсгээ зураагүй, хүлээлгэн өгсөн эд хариуцагчаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Хуаныш” гэж гарын үсгээ зуржээ.

 

            8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эд хариуцагч буюу нярав ажилтай Х.А шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр “Энэхүү эд хөрөнгүүдийн бүгдийг “Х” компанийн зүгээс надад хүлээлгэж авсан /өгсөн/. Түүнийг бол хүлээж авсан учраас би гарын үсгээ зурсан. Үүнд зурагдсан гарын үсгүүд миний гарын үсэг мөн. Эд бараануудыг хүлээж аваад тухайн үеийн нягтландаа зарлагын падаануудыг өгсөн байсан. Тэгээд шилжүүлнэ гэж явсаар байгаад шилжүүлэхгүй өөр байгууллагад /нягтлан өөрөө/ шилжээд явсан” гэж шүүхэд мэдүүлж, үнэн зөв мэдүүлэг өгөх талаар баталгаа гаргаж, баримтад гарын үсэг зурсан байна.

 

            9. Харин хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлснээс өөр татгалзлаа нотлох ямар ч баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцож “нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” тухайгаа тайлбарлажээ.

 

            10. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болох талуудын хооронд байгуулагдсан гэрээ, 6 ширхэг зарлагын баримт болон гэрчийн мэдүүлгээр “Х” ХХК ба Бугат сумын Эрүүл мэндийн төвийн хооронд бараа, ажил үйлчилгээг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж байсан, тус гэрээний хүчин төгөлдөр байдал нь гурван шатны шүүхийн шийдвэрүүдээр эцэслэн тогтоогдсон, худалдагч “Х” ХХК-аас  Бугат сумын Эрүүл мэндийн төвд 6 удаагийн зарлагын падаанаар 24 нэр төрлийн эд зүйл, бараа материалыг нийлүүлснийг худалдан авагчийн эд хариуцагч буюу нярав хүлээж авсан нь нотлогдсон, зарим эд зүйлсийг одоог хүртэл хэрэглэж байгаа, заримыг нь үйл ажиллагаандаа ашиглаагүй ч байгууллагад байгаа тухай тайлбарлаж энэ талаар хариуцагчийн төлөөлөгч үгүйсгээгүй, худалдан авагч нь худалдаж авсан бараа, материалын үнийг төлөөгүй нь бүрэн нотлогдсон байхад анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг “хүлээн авагч А гарын үсэг зураагүй” гэж буруу үнэлж, “байгууллагын нягтлан бодогч шалгаж гарын үсэг зураагүй тул зарлагын баримт хүчин төгөлдөр болоогүй байна” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн, хууль ёсны байх зарчмыг хангаагүй байна.

           

            11. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдагч нь худалдан авагчийн  өмчлөлд 6 ширхэг зарлагын падаанаар 24 нэр төрлийн эд зүйл, бараа материалыг шилжүүлсэн, худалдан авагчийн төлөөлөл уг эд зүйл, бараа материалыг баримтад гарын үсэг зурж хүлээж авсан нь тогтоогдсон байхад шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, хуулийн уг зохицуулалтыг баримталсныг “шүүх хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн” хууль хэрэглээний алдаанд тооцож, дээр дурдсан үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

            12. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ”-ний хүчин төгөлдөр байдлын талаар гурван шатны шүүхийн шийдвэрүүдийг үндэслэж, нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг иш үндэс болгож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны болсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн учраас, хуульд зааснаар нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамж төрийн сангийн дансанд хэвээр үлдэх ба хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвөөс 224.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгоно. Давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн тул хариуцагч “Х” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х-т буцаан олгов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2024/00215 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвөөс 13.368.900 /арван гурван сая гурван зуун жаран найман мянга есөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.” гэж,

2 дахь заалтын “...болгосугай.” гэснийг “...болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвөөс 224.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х-т буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК