| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00122/И |
| Дугаар | 134/ШШ2016/00125 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 134/ШШ2016/00125
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.У /-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З
2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 48 хоногийн цалинг нөхөж олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, нийт 2 144 103 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У хариуцагч Д.М нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, төрийн албыг нэр төртэйгөөр гүйцэтгэж ирсэн. Гэтэл Баянтал сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч М.Наранмандах нь албаны бус хувийн таарамжгүй харилцаа бий болгон үндэслэлгүй шалтгаанаар хариуцлага тооцон 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 тоот захирамжаар ажлаас халсан. Энэ халагдсан үндэслэл шалтгааныг эс зөвшөөрөн төрийн жинхэнэ албан хаагч миний бие 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд дээрх асуудлаа шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан. Төрийн албаны салбар зөвлөлөөс гомдолтой холбоотойгоор нягтлан шалгах ажлын хэсэг томилогдож ажлаас халсан шалтгаан нөхцөлийг судалсны үндсэн дээр төрийн албаны салбар зөвлөлөөс “Баянтал сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч М.Н Засаг даргын Тамгын Газрын дарга Б.У халсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Засаг даргын Тамгын газрын дарга Б.У ажилд нь эгүүлэн томилох нь зүйтэй” гэсэн утга бүхий 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №37 тоот тогтоолыг гаргасан. Уг тогтоолын дагуу Засаг даргын үүрэг гүйцэтгэгч М.Н нь тогтоолыг хүлээн зөвшөөрч намайг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 тоот захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн томилсон. Б.У миний бие Засаг даргын үүрэг гүйцэтгэгч М.Н хууль бус шийдвэрийн улмаас 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилгүй байж цалин мөнгөө авч чадахгүй хохирсон гэж нэхэмжлэл гаргасан. Гэвч тооцож үзэхэд 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн цалинг авсан байх тул одоо 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг нөхөж олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалд нөхөн төлүүлэх, дээрх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгүүлэх, нийт 2 144 103 төгрөгийг Б гаргуулах шаардлагыг тус тус гаргаж байна гэв.
Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.М миний бие 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.
Баянтал сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 тоот захирамжаар Говьсүмбэр аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаар тогтоол, Баянтал сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 тоот захирамжийг судлан үзээд Баянтал сумын Засаг даргын орлогч ажилтай М.Н Засаг даргын Тамгын газрын дарга Б.У халсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, хувийн таарамжгүй харилцаа, ашиг сонирхолын үүднээс халсан гэж ойлгогдож байна. Иймд Б.У хохирлыг хууль бус шийдвэр гаргасан Засаг даргын орлогч ажилтай М.Н барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Г даргад холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 48 хоногийн цалинг нөхөж олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, нийт 2 144 103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Б.У ажилд нь эгүүлэн томилсон Баянтал сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 тоот захирамжийн талаар маргаагүй, цалин хөлсийг Б.У олгох үндэслэлтэй гэж байгаа боловч буруутай этгээд болох М.Н төлүүлэх нь зүйтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын орлогч М.Н нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар тамгын газрын дарга Б.У ажлаас халсан боловч Говьсүмбэр аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 37 тоот тогтоолыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 тоот захирамжаар ажилд нь эгүүлэн томилжээ. Энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д зааснаар хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч олгох үүрэгтэй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.У нь ажилгүй байсан хугацааны цалингаа ажил олгогчоос шаардах эрхтэй байна.
Харин ажил олгогч нь Баянтал сумын Засаг дарга тул ажилтны ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцах үүрэг хүлээх ба өөрт хохирол учирсан гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэсэн заалтыг үндсэлэн буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй.
Иймд дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7а-д заасны дагуу нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин буюу 02, 03, 04 дүгээр сарын цалингийн дунджаас тооцоход /сүүлийн 3 сард үндсэн цалин 591 218+хавсарсан 118 244+нэмэгдэл 177365 төгрөг/ 1 сард 886 827 төгрөг, 1 хоногт 44 341 төгрөгийн дундаж цалинтай /886 827 : сарын ажлын өдрийн дундаж тоо 20 = 44 341 /(2 дугаар сард ажлын 18 өдөр + 03 дугаар сард ажлын 22 өдөр + 04 дүгээр сард ажлын 21 өдөр) : 3=20 ажлын өдрийн дундаж тоо/ байх тул ажилгүй байсан хугацаа болох 2 сар 11 хоногт /886 827 х 2 сар = 1 773 654 төгрөг, 11 хоног х 44 341 = 487 751 төгрөг/ 2 261 405 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй боловч нэхэмжлэгч Б.У ажилгүй байсан хугацааны дундаж олговорт 2 144 103 төгрөг гаргуулна гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй.
Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу хөнгөлөлтийн орлого буюу унаа, хоолны үнийн хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулж тооцдоггүй тул цалингийн тооцооны хүснэгтийг үндэслэн үндсэн цалин, хавсарсан, нэмэгдэл цалингийн нийлбэрээр дундаж цалин хөлсийг, мөн 05 дугаар сард ажлаас халагдсан байх тул сүүлийн 3 сарын дундаж цалинг 02, 03, 04 дүгээр сарын цалингийн дунджаар тооцсон болно.
Мөн цалин олговрыг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэж байгаа тул дээрх олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.
Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 49 255 төгрөгийг хариуцагчаас гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Говьсүмбэр аймгийн Б нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 144 103 /хоёр сая нэг зуун дөчин дөрвөн мянга нэг зуун гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.У олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Улаанхүүгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Б үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Говьсүмбэр аймгийн Б даргаас улсын тэмдэгтийн хураамжид 49 255 төгрөг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ