Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2024/00047

 

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,     

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч Б.Мангилик, А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2024/00336 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн прокурорын газар (итгэмжлэгдсэн төлөөлөгч ахлах прокурор, хууль цаазын зөвлөх А.Дорждэрэм)-ын нэхэмжлэлтэй, хариуцагч **** багт оршин суух Ш овогт Р-ийн К-т холбогдох, 

 

“Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1.271.871 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дорждэрэм, хариуцагч Р.К- нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ...эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд манай байгууллагыг төлөөлөн оролцож өгнө үү гэсэн хүсэлтийг тус аймгийн Прокурорын газарт ирүүлсэн.

1.2. Хүсэлтийг хүлээн авч танилцахад Р.К- нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ****улсын дугаартай, Верна аксент загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын Хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч А.Е-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн байна.

1.3. Дээрх хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 2022/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор Р.К-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Харин уг хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон А.Е-д Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс эрчимт эмчилгээ хийхэд гарсан зардлыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, улмаар тухайн тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулан авсан нь зардлын жагсаалтаар тогтоогдож байх тул гэм буруутай этгээдийн үйлдлээс шалтгаалж Эрүүл мэндийн даатгалын сан дээр дурдсан үнийн дүн бүхий хохирол учирсан гэж үзэхээр байна.

1.4.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж тус тус зааснаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөр, хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шаардах, прокурор нь төрийн байгууллагын хүсэлтээр төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах эрхтэй.

1.5.Харин Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн байгууллага бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад Эрүүл мэндийн даатгал гэж төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг, 3.1.6-д эрүүл мэндийн санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг ойлгохоор тус тус заасан байна.

Үүгээр Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө нь төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн шимтгэлээс бүрдэх ба дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэхээр байна.

1.6. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаас 4,978,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бодит хохирол 1,271,871 төгрөг болох нь тогтоогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 1,271,871 төгрөгийг гэм буруутай этгээд Р.К-оос гаргуулж, нөхөн төлүүлэхээр прокурорын байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:  

2.1. Нэхэмжлэгч байгууллагаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол нэхэмжилсэн байна. Анх шүүхэд надаас 4,978,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд сая нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж одоо 1,271,871 төгрөг нэхэмжилж байна. Уг мөнгийг төлөхгүй гэж зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь ямар ч төлөх чадваргүй байгаа.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2024/00336 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш овогт Р-ийн К-оос эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1.271.871 (нэг сая хоёр зуун далан нэгэн мянга найман зуун далан нэг) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.К-оос улсын тэмдэгтийн хураамжид 35,075 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ. 

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Миний бичсэн тайлбартай уншиж танилцана уу. Уншиж танилцахад миний  үзэл бодол, санаа, мөн зарим худал байдал, тодорхой болох  үүднээс хүсэлт гаргаж байна.

4.2. Шүүх нь огт нотлогдохгүй байгаа тодорхой тогтоогдоогүй, тооцоо  нь тодорхой болоогүй байхад нэхэмжлэгч нь төр байна  гэсэн агуулгыг баримтлан шууд л нэхэмжилсэн 1,271,871 төгрөгийг төлөх шийдвэр гаргасан нь гомдмоор байна. Учир нь: Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг  нь нийгмийн даатгалд 1,150,900 төгрөгийн тусламж үйлчилгээ авсны мөнгийг нэхэмжилж тодорхойлолт өгсөн. Жинхэнэ нэхэмжилсэн баримт гэж үзэх ёстой.

4.3. Бид шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд түүнд нэхэмжилж буй мөнгөний дүнд тохирсон бүх нотлох баримт, үндэслэл нотолгоог нэхэмжлэгч талаас  тодруулан авч хэрэгт хавсаргаж  өгнө үү гэсэн байсан. Гэтэл нотлох баримт өгч чадаагүй байсан. Тийм байхад шүүх нь нотлогдсон хангалттай баримт байхгүй байхад шууд нэхэмжилсэн үнийг нь гаргуулахаар шийдвэр гаргасанд гомдож байна.

4.4. Мөн зөв хуулийн заалтыг буруу хэрэглэж, харанхуй бүдүүлгээр шийдвэрлэсэн.

4.5. Миний тооцоолсноор 500,000 төгрөг дээр нь дахин хасагдах ёстой гэж хэлсэн байхад шүүх эрх мэдлийнхээ хүрээнд эмнэлэг болон холбогдох эрх бүхий байгууллагаас нотлох баримтуудыг гаргаж авч бодит үнэнээр нь шийдвэрлэж өгөөгүй тул хянаж зөвөөр шийдэж өгнө үү.

 

5. Хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан  тайлбарт:

5.1. Би хохирлыг төлж барагдуулж дууссан гэж бодсон. Хохирогчид 500,000 төгрөг өгсөн, тухайн 500,000 төгрөг нь хасагдах ёстой гэж бодож байна.

 

6. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд:

6.1. Миний бодлоор хариуцагч Р.К- нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг зөвшөөрч байгаа боловч төлөх санхүүгийн боломжгүй гэж байна. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Баян-Өлгий аймгийн прокурорын газрын нэхэмжлэлтэй, Р.К-т холбогдох “Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1.271.871 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

8. Нэхэмжлэгч тус аймгийн прокурорын газар нь хариуцагч Р.К-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч Р.К- нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ****улсын дугаартай, Верна аксент загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч А.Е-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн. Уг хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон А.Е-д Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс эрчимт эмчилгээ хийхэд гарсан зардлыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, улмаар тухайн тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулан авсан нь зардлын жагсаалтаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “...буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ...” гэж заасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж, хариуцагч Р.К- нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ “Нэхэмжлэгч байгууллагаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол нэхэмжилсэн байна. Анх шүүхэд надаас 4.978.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд сая нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж одоо 1.271.871 төгрөг нэхэмжилж байна. Уг мөнгийг төлөхгүй гэж зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь ямар ч төлөх чадваргүй” гэж тайлбарлаж маргажээ.

 

9. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 20.4 дэх хэсэгт “Прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно” гэж тус тус зааснаас үзвэл Баян-Өлгий аймгийн прокурорын газар нь төрийн байгууллагын хүсэлтээр энэхүү нэхэмжлэлийг гаргах, шаардах эрхтэй байна.

 

10. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Р.К- нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ****улсын дугаартай, “Верна аксент” загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч А.Е-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулжээ.

 

11. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Р.К-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн заалтад зааснаар шүүгдэгч Р.К-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн. /хэргийн 7-11 дэх тал/

 

12. Дээрх шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон учраас хариуцагчийн гэм буруугийн асуудлыг нэгэнт тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцсэн, зохигч энэ талаар маргаагүй байна.

 

13. Анхан шатны шүүх уг эрүүгийн хэргийн хохирогч А.Е-ийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.271.871 төгрөгийн хөнгөлөлт болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоож, улмаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан, гэм буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад  нөхөн төлүүлэх эрхтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хуулийн холбогдох заалтыг оновчтой сонгож, зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

14. Тодруулбал, шүүх хариуцагч Р.К-оос баримтад үндэслэн тогтоогдсон 1.271.871 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж заасанд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

15. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн ийнхүү шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “Миний бодлоор хариуцагч Р.К- нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг зөвшөөрч байгаа боловч төлөх санхүүгийн боломжгүй гэж байна. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар харгалзаж үзсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 130/ШШ2024/00336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Р.К-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК