Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 257

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны  З овогт Б-ын Сд холбогдох эрүүгийн 19100 0059 0095 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Жаргалсайхан, насанд хүрээгүй хохирогч Э.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Р.Б, хохирогчийн өмгөөлөгч Ж.Гантулга, өсвөр насны шүүгдэгч Б.С, түүний хууль ёсны төлөөлөгч Б.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Орхон  шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 16 нас 04 сар 02 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Аварга” ахлах сургуулийн 10б ангид сурдаг, ам бүл 2, ахын хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр баг, Чулуут бригадад оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Алтан сан хорооллын 1-209 тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, З овогт Б-ын С /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Өсвөр насны шүүгдэгч Б.С нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 13:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн урд талд байрлах автобусны буудлын орчим иргэн У.Б-ийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Өсвөр насны шүүгдэгч Б.С-гаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:

“...Тухайн өдөр манай сургуулийн шинэ жилийн баярын арга хэмжээ болсон.  Би 10в ангийн сурагч Өсөх-Ирээдүйд 1000 төгрөгийн өртэй байсан. Гэтэл Өсөх-Ирээдүй 1000 төгрөгөө нэхээд байсан. Тэгэхэд Б надад “хог асгаад ирвэл 5000 төгрөг өгнө” гэж хэлэхээр нь би хогийг нь асгаад иртэл Б 5000 төгрөгөө өгөхгүй “өгнө өө” гэж хэлээд автобусны буудал руу дагуулаад явсан. Би Бийг “өгнө, гэсэн яасан бэ” гэхэд өгөхгүй байхаар нь автобусны буудал хүртэл дагаж явсан.  

Би Бийг “мөнгө өгөхгүй юм бол ганц цохиулах юм уу” гээд цохиход Б-ийн уруулаас цус гарсан байхаар нь “зүгээр үү” гэхэд “зүгээр” гэхээр нь би сургууль руугаа буцаад явсан. Бид хоёрын дунд өр авлага байгаагүй. Б надад “хог асгаад ирвэл 5000 төгрөг өгнө” гэж хэлсэн боловч дараа нь намайг гуйлгачин гэж хэлсэн. Хэрэг болсон өдрөөс хойш Б сургуульдаа ирэхгүй байгаа. Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Бөөс уучлалт гуйж байна. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,

 

2. Өсвөр насны шүүгдэгч Б.С-гийн хууль ёсны төлөөлөгч Б.О-оос шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:

“...Манай дүү Б.С нь зан ааш сайн, хүмүүжилтэй хүүхэд байгаа юм. Тухайн өдөр шинэ жил болох гэж байгаатай холбогдуулж манай төрсөн эгч Б.Сд мөнгө өгсөн. Яагаад ийм хэрэгт холбогдсон талаар сайн мэдэхгүй байна. Цаашид дүүгээ харж хандах болно. Насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирлыг нотлох баримтыг үндэслэн төлөх болно. Сая шүүх хуралдаанаас өмнө нэхэмжилсэн хохирлоос 250.000 төгрөгийг хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн. Үлдсэн хохирол, эмчилгээний зардлыг баримтыг үндэслэн нөхөн төлнө.” гэсэн мэдүүлэг,

 

3. Насанд хүрээгүй хохирогч У.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:

“...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай ангийн шинэ жилийн арга хэмжээ дуусаад анги цэвэрлээд Өсөх-Ирээдүй бид хоёр хогоо хэн асгах талаар яриад байж байхад С манай ангид орж ирээд надаас “5000 төгрөг байна уу” гэхээр нь би “байхгүй” гэж хэлсэн. Гэтэл С манай ангийн хогийг аваад гарсан. Тэгээд С манай ангийн Отгонбаяр, Мөнх-Эрдэнэ хоёр дээр очоод “5000 төгрөг байна уу, маргааш 10.000 төгрөг болгоод өгнө, би өөрөө 5000 төгрөгийг өгнө, харин Б 5000 төгрөгийг өгнө” гэж хэлсэн. Тэгээд би сургуулиас гараад автобусны буудал руу явж байхад Б миний араас ирээд “мурих гээд байгаа юм уу” гээд автобусны буудал дээр намайг цохисон. Би шүдний эмнэлэгт үзүүлсэн, одоогоор эмчилгээ хийлгээгүй. Би С-д цохиулаад миний 21 дэх шүд хугарсан, би шүдэндээ эмийн ургамал ууж, эмчилгээ хийлгэж байгаа. Цаашид би хугарсан шүдэнд эмчилгээ хийлгэж, шинэ шүд хийлгэнэ.  Б.С-гийн зүгээс эмчилгээний зардал өгөөгүй байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

4. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:

“...Миний хүүд элдэв муу зан ааш байхгүй, гэртээ зурагт болон хүүхдийн кино үзээд суудаг. Гэрээсээ гарч тэнэдэггүй, хүүхэдтэй зодоон битгий хийгээрэй гэж зөндөө захидаг. Хүмүүжил сайтай хүүхэд байгаа юм. Хэрэг гарсаны дараа Б.С-гийн ээж утсаар яриад Дүнжингарав худалдааны төв дээр ирж надтай уулзаж, эмчилгээний зардалд хэдэн төгрөг өгөх талаар ярьсан юм. Тухайн үед Б.С-гийн ээж нь “савны хагалгаанд орох гэж байгаа” гэж хэлэхээр нь би “та хагалгаандаа орчих, би эмчилгээний баримтаа бүрдүүлээд дараа нь мөнгөө нэхэмжлэх” талаараа хэлж байсан. Хэрэг гарсанаас хойш хүүхэд маань сэтгэл санаа нь тогтворгүй, их хямарч байгаа. Хичээл сургуульдаа яваагүй, бид өөр сургуульд шилжүүлэн сургана. Хүүхдийн шүдний эмчилгээний зардал болон бусад унаа такси хөлсөлсөний зардалд 2.625.000 төгрөгийг нэхэмжилнэ. Нэхэмжлэлээс сая хүлээн авсан 250.000 төгрөг хасагдаж тооцогдоно. Бидний зүгээс Б.С-г заавал шүүхээр шийтгүүлж явуулахыг хүсээгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0059 0095 дугаартай хэргээс:

 

1. Насанд хүрээгүй У.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аварга” ахлах сургуулийн 10в ангид суралцдаг юм.

Өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн үед сургууль дээр ангиа цэвэрлээд Өсөх-Ирээдүй бид хоёр “ангийнхаа хогийг хэн асгах вэ” гэж ярьж байхад 10б ангийн сурагч С орж ирээд “5.000 төгрөг зээлчих” гээд гуйгаад байсан. Би түүнд “зээлэх мөнгө байхгүй” гэж хэлсэн боловч “мөнгө зээлчих” гээд гуйгаад дагаад яваад байсан. Тэгсэнээ манай ангийн Отгонбаяр дээр очоод “чи 10.000 төгрөг зээлчих, маргааш өгье, Б 5.000 төгрөгийг, би 5.000 төгрөгийг өгнө” гэж хэлэхээр нь “надад тийм мөнгө байхгүй шүү” гэж хэлсэн. Ингээд ангиа цэвэрлэж дуусаад гэртээ харихаар “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн урд талын автобусны буудал руу явахад С “чи намайг мурих гээд байгаа юм уу” гээд дагаад явж байснаа автобусны буудал дээр очиход гэнэт зүүн гараараа миний уруул орчимд нэг удаа хүчтэй цохитол үүдэн дээд талын нэг шүд сугарч гарч ирээд, хажуу талын шүд нь хөдөлчихсөн.

Тухайн үед автобусны буудал дээр байсан 30-35 орчим насны эгч надад сальфетка өгөхөөр нь би унасан шүдээ буцааж хийгээд хазсан чинь шүд тогтчихсон. Гэхдээ одоо үүдэн дээд талын 2 шүд хөдөлгөөнтэй, дээд уруул дотор талдаа язарсан байна. С намайг цохичихоод яваад өгсөн. Амнаас гарсан цусаа арчаад байж байхад Мөнхжаргал ах “яасан бэ” гэж асууж байсан. С бид хоёр урьд өмнө хэрэлдэж маргалдаж байгаагүй, бидний хооронд өр авлага, өш хонзон байхгүй. Манай ангийн хогийг авч гараад асгаж ирсэнээ “чи надад 5.000 төгрөг өгчих, би танай ангийн хогийг асгачихлаа” гэхээр нь “надад мөнгө алга, Отгонбаярт байж магадгүй” гэхэд “тэгвэл чи Отгонбаяраас асуугаад өг” гэхээр нь “чадахгүй, өөрөө асуу” гэж хэлсэн юм. Би Сд “хог асгавал 5.000 төгрөг өгнө” гэж  хэлээгүй. Автобусны буудал дээр манай сургуулийн 11а ангийн сурагч Мөнхжаргал болсон асуудлыг харсан. Мөн 30-35 насны орчим насны нэг эгч харсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-7х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-ы гэрчээр өгсөн:

“...Миний хүү У.Б нь “Аварга” ахлах сургуулийн 10в ангид суралцдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 13 цаг 30 минутын үед Бийн 99724059 дугаарын утас руу өөрийн 94458495 дугаараас залгаж ярихад тэрээр “нөгөө ангийн С надаас 5.000 төгрөг нэхээд, байхгүй гэж хэлсэн чинь миний шүдийг цөм цохичихлоо, би таксинд суугаад Нарны гүүр даваад явж байна” гэж хэлсэн. Ингээд хүү маань 14 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн ба түүний амнаас нь цус гарсан, дээд уруул нь хавдаад дотор талдаа язарсан, дээд талын үүдэн 2 шүд нь хөдөлгөөн орсон байхаар нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний хувьд хүүг минь зодож хохироосон С гэх хүүхдэд гомдолтой байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 8х/,

 

3. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 620 дугаартай:

  1. У.Б-ийн биед 21 дүгээр шүдний хугарал, буйланд цус хуралт, 11, 21 дүгээр шүдний ганхалт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.
  5. Дээрх гэмтлүүд нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 15х/,

 

4. Насанд хүрээгүй хохирогч Э.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох төрсний бүртгэлийн лавлагаа, “Аварга” ахлах сургуулийн тодорхойлолт, суурь боловсролын гэрчилгээ, сурагчийн хувийн хэргийн хуулбар баримтууд /хэргийн 21х, 22-23х, 24-29х/,

 

5. Шүд эрүү нүүрний эмнэлгийн эмчийн эмчилгээ, эмчилгээ оношилгооны үнэ тарифын талаархи мэдээлэл бүхий магадлагаа баримт /хэргийн 55х/,

 

6. Өсвөр насны шүүгдэгч Б-н С-гийн нас тоолсон тэмдэглэл /хэргийн 19х/,

 

7. Өсвөр насны шүүгдэгч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

 “...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аварга” ахлах сургуулийн 10б ангид суралцдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай сургуулийн шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж, 13 цагийн үед сургуулиас гарах гээд явж байхдаа 10в ангийн кабинетруу шагайтал 10в ангийн Б, Өсөх-Ирээдүй нар ангиа цэвэрлэж байсан ба Өсөх-Ирээдүй нь намайг харангуутаа урьд нь надад зээлсэн байсан 1000 төгрөгөө нэхсэн.

Тэгэхээр нь би Б-өөс “1000 төгрөг зээлээч, маргааш өгье” гэхэд “чи манай ангийн хогийг асгачихаад ирвэл би чамд 5.000 төгрөг өгье” гэсэн. Үүнийг 10в ангийн Мөнх-Эрдэнэ, Өсөх-Ирээдүй нар сонссон. Тэгээд би Бийн ангийн хогийг урагшаа байдаг хогийн цэг дээр асгаад буцаж орж ирээд Бөд “мөнгөө өгчих” гэхэд “надад мөнгө байхгүй, би чамд хүнээс зээлж өгье” гэсэн боловч Бөд мөнгө зээлэх хүүхэд олдоогүй. Би түүнийг надад мөнгө өгөхгүй юм байна гэж бодоод явах гэж байтал Б “би хэлсэн үгэндээ хүрдэг хүн шүү, надад мөнгө байна, чи автобусны буудал руу дагаж яваад авчих” гэж хэлэхээр нь би Бийг дагаад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Цахилгаан шугам сүлжээ ХХК-ийн урд талын автобусны буудал дээр очсон.

Б автобусны буудал руу очингуутаа надад “200 төгрөг өгчих” гэхээр нь “чи надад мөнгө өгнө гээд дагуулж яваад байгаа биз дээ” гэхэд Б уурлаад “чи гуйлгачин, эцэг, эх чинь ч гэсэн тийм, сургууль дээр дандаа мөнгө гуйгаад явж байдаг” гээд намайг хэл амаар доромжилсон. Би түүнтэй тоглоод “ чи надаар нэг цохиулчих юм уу” гэхэд тэрээр “чам шиг юманд цохиулдаг нь би биш, би чамайг нэг цохиход чи муу тэр чигээрээ үхнэ” гээд байхаар нь би түүний уруул орчимд гарынхаа араар нэг удаа цохитол амаа дараад доошоо тонгойсноо “уруул сэтэрчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнээс “гайгүй юу” гэж асуухад “зүгээрээ зүгээр” гэхээр нь би явсан. Б миний хойноос “би чамайг сургуульгүй болгоно, шоронд хатаана” гээд орилоод байсан. Энэ асуудлыг автобусны буудал дээр байсан хүмүүс харсан байх, таньдаг хүн байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 59-60х/ болон өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 44/, төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 31х/, Б.С-гийн гаргасан амжилт, бүтээлийг тодорхойлсон “Аварга” ахлах сургуулийн тодорхойлолт /хэргийн 32х/, сурагчийн хувийн хэргийн хуулбар баримт /хэргийн 33-43х/, төрөл садангийн тухай лавлагаа /хэргийн 50х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгч Б.С-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.С нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 13:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн урд талын автобусны буудал дээр “мөнгө өгсөнгүй” шалтгаанаар насанд хүрээгүй иргэн У.Б-ийн нүүрэн тус газарт гараараа цохисноос түүний биед “... 21 дүгээр шүдний хугарал, буйланд цус хуралт, 11, 21 дүгээр шүдний ганхалт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:

- насанд хүрээгүй хохирогч У.Б-ийн: “...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аварга” ахлах сургуулийн 10в ангид суралцдаг юм.

Өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн үед сургууль дээр ангиа цэвэрлээд Өсөх-Ирээдүй бид хоёр “ангийнхаа хогийг хэн асгах вэ” гэж ярьж байхад 10б ангийн сурагч С орж ирээд “5.000 төгрөг зээлчих” гээд гуйгаад байсан. Би түүнд “зээлэх мөнгө байхгүй” гэж хэлсэн боловч мөнгө зээлчих гээд гуйгаад дагаад яваад байсан. Тэгсэнээ манай ангийн Отгонбаяр дээр очоод “чи 10.000 төгрөг зээлчих, маргааш өгье. Б 5.000 төгрөгийг, би 5.000 төгрөгийг өгнө” гэж хэлэхээр нь “надад тийм мөнгө байхгүй шүү” гэж хэлсэн. Ингээд ангиа цэвэрлэж дуусаад гэртээ харихаар Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн урд талын автобусны буудал руу явахад С “чи намайг мурих гээд байгаа юм уу” гээд дагаад явж байсанаа автобусны буудал дээр очиход гэнэт зүүн гараараа миний уруул орчимд нэг удаа хүчтэй цохитол үүдэн дээд талын нэг шүд сугарч гарч ирээд, хажуу талын шүд нь хөдөлчихсөн. Тухайн үед автобусны буудал дээр байсан 30-35 орчим насны эгч надад сальфетка өгөхөөр нь би унасан шүдээ буцааж хийгээд хазсан чинь шүд тогтчихсон. Гэхдээ одоо үүдэн дээд талын 2 шүд хөдөлгөөнтэй, дээд уруул дотор талдаа язарсан байна. С намайг цохичихоод яваад өгсөн. Амнаас гарсан цусаа арчаад байж байхад Мөнхжаргал ах “яасан бэ” гэж асууж байсан. ...Би Сд “хог асгавал 5.000 төгрөг өгнө” гэж хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-7х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- гэрч Р.Бы: “...Миний хүү У.Б нь “Аварга” ахлах сургуулийн 10в ангид суралцдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 13 цаг 30 минутын үед Бийн 99724059 дугаарын утас руу өөрийн 94458495 дугаараас залгаж яриад “нөгөө ангийн С надаас 5.000 төгрөг нэхээд, байхгүй гэж хэлсэн чинь миний шүдийг цөм цохичихлоо...” гэж хэлсэн. Ингээд хүү маань 14 цаг өнгөрч байхад орж ирэхэд амнаас нь цус гарсан, дээд уруул нь хавдаад дотор талдаа язарсан, дээд талын үүдэн 2 шүд нь хөдөлгөөн орсон байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 8х/,

- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 620 дугаартай: “...У.Б-ийн биед 21 дүгээр шүдний хугарал, буйланд цус хуралт, 11, 21 дүгээр шүдний ганхалт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж боломжтой, дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна, дээрх гэмтлүүд нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 15х/ болон өсвөр насны шүүгдэгч Б.Сгаас үйлдсэн хэргийн талаар яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримдуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Насанд хүрээгүй хохирогч У.Б-ийн биед учирсан “21 дүгээр шүдний хугарал, буйланд цус хуралт, 11, 21 дүгээр шүдний ганхалт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь өсвөр насны шүүгдэгч Б.С нь түүний аман тус газарт нь цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд  хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Сгийн насанд хүрээгүй хохирогч У.Б-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь “...21 дүгээр шүдний хугарал, буйланд цус хуралт, 11, 21 дүгээр шүдний ганхалт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Иймд Хан-Уул дүүргийн прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.Сгийн дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул түүнийг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн гэж шүүх дүгнэв.  

 

Хэргийн шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл бүхий хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ оношилгоо хийлгэсэн болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсанаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм.  

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.  

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 2.625.000 төгрөг нэхэмжилсэнээс такси унааны зардалд тооцон 235.000 төгрөгийн гэрээ, үйлчилгээний хөлс төлсөн тухай баримт гаргаж өгсөн бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад өсвөр насны шүүгдэгч Б.Сгийн хууль ёсны төлөөлөгч Б.Ооос 250.000 төгрөг нөхөн төлсөнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б хүлээн авсан болох нь мөнгө хүлээлцсэн баримтаар тогтоогдсон. /хэргийн 96х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/

 

Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээний зардалд хэргийн 55 дугаар талд авагдсан эмчийн магадлагаа баримтад заасан дүнгээр тооцон хийгдэх эмчилгээний зардалд 2.390.000 төгрөг нэхэмжилнэ гэх хэдий ч энэхүү эмчилгээг бодитоор хийлгээгүй  байгаа тухай тэдгээр нь шүүх хуралдаанд мэдүүлсэн учир /шүүх хуралдааны тэмдэглэл/ “бодитоор гарсан зардал” гэж шүүх дүгнэж хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалтай байна.  

 

Иймд дээрх шаардлагыг шүүх эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээний зардалд зарцуулсан эмчилгээ үйлчилгээтэй холбоотой нотлох баримтаа тухай бүрд нь бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.С, түүний хууль ёсны төлөөлөгч Б.О нараас эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэв.  

 

Өсвөр насны шүүгдэгч Б.С нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 44 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон бөгөөд тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно. 

 

Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч Б.С нь 2002 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдсэн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 16 нас 23 хоногтой, хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх үед 16 нас 04 сар 02 хоногтой, 18 насанд насанд хүрээгүй болох нь хэргийн 19, 31 дүгээр талд авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон  баримтаар нотлогдож байх тул түүний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Наймдугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тусгай журам үйлчилнэ.

 

Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн  онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр сууриа олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байх зорилго бүхий бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, тэрээр ерөнхий боловсролын “Аварга” ахлах сургуулийн 10б ангид суралцаж байгаа, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж, өсвөр насны шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.  

 

 

 

Энэ хэрэгт Б.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон       

                                                         ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны З овогт Б-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, Б.С-г 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Б.С-д хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 01 /нэг/ жилийн хугацаанд “зан үйлээ засах сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харьяалах Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад даалгаж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Б.О-од хариуцуулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-оос 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Бд нөхөн төлсөнийг дурьдаж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлыг түүнтэй холбоотой баримтыг тухай бүрд нь бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт өсвөр насны Б.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД