Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2024/00048

 

 

С.С-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2023/00175 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***** багт оршин суух С овогт С-ийн С-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч  Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургууль /захирал Х.Н/-д холбогдох, 

 

“Тус сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаартай ажлаас чөлөөлөх тухайн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгч С.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний бие С.С- нь ****** багт аав, ээж, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Дээд боловсролтой, Монгол улсын боловсролын их сургуулийг 2006 онд Физик, компьютерын техникч мэргэжлээр төгссөн, Барилгын политехникийн коллежийг 2019 онд “Иргэний барилгын техникч” гэсэн мэргэжлээр төгссөн. Бакалаврын зэрэгтэй.

1.2. 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн “Физикийн багш”-аар анх ажилд орж байсан ба 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс соёлын ажил хариуцсан ажилтнаар шилжиж ажилласан. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл барилгын өргөн мэргэжлийн багшаар ажиллаж ирсэн. Ажилласан хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд сургуулийн олон нийтийн ажилд идэвх, санаачилга гарган бусдыг манлайлан ажиллаж, Улсын хэмжээний урлаг, спортын уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцон алт, мөнгөн медаль хүртэж, сурагчдаа амжилттай оролцуулж байсан. 2009 онд "Шилдэг нээлттэй хичээл заагч багш", 2019 онд "Шилдэг мэргэжилтэн"-ээр шалгарч байсан.

1.3. Гэтэл Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 тоот тушаалаар ажлын цаг хасагдсан хэмээн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь миний эрхийг ноцтой зөрчиж байна. Манай сургуулийн бүтэц орон тоо өөрчлөгдөөгүй байхад орон тоо хасагдсан хэмээн намайг хууль бусаар чөлөөлсөн. Орон тоо хасагдсан ч гэсэн боловсролын салбарт 18 жил, үүнээс тус сургуульд 15 жил ажилласан, ажилласан хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй намайг орон тооны цомхотголд оруулж байгаад гомдолтой. Надаас хойш тус сургуульд ажилд томилогдсон Х-, Ху-, А, Н-, О-, Б- нар нь барилгын багшаар тус сургуульд ажиллаж байгаа. Надаас хойш ажилд орсон 6 багш нараас цомхотгол хийхгүйгээр намайг хувийн ашиг сонирхлын үүднээс ажлаас чөлөөлж байгаад гомдолтой. Тус сургуулийн өргөн мэргэжлийн багш болох Х- нь 2024 онд өндөр насны тэтгэвэрт гарах ба миний бие цалингүй чөлөө хүсэж дараа оноос тухайн орон тоонд ажиллах боломжтой байхад чөлөө өгөхөөс татгалзаж өргөдлийг хүлээн аваагүй.

1.4. Мөн 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн квот захиалах үед багш нарын саналыг үл харгалзан Өрөг угсрагчийн нэг жилийн ангийг хасаж захиалга өгсөн нь бидний цаг хорогдох байдалд хүргэж байгаа. Хичээлийн цаг хорогдсон явдал нь сургуулийн захирлын шууд буруугаас болсон бөгөөд үүнд ажилтан бидний буруу байхгүй. Шинээр анги бий болгож, шинээр олон багш ажилд авч, орон тоог хэтрүүлсэн. Тодруулбал: Ноос ноолуур, оёдол, аялал жуулчлал, зочид буудлын үйлчлэгч гэсэн ангиудыг шинээр бий болгож, шинээр ажилтан авсан ба илүү орон тоонд ажиллаж байсан ажилтнуудыг багтаахын тулд үсчин, тогооч, оёдол зэрэг анги нэмж бүтэц орон тоог дур мэдэн өөрчилсөн.

1.5. Сургуулийн захирал Х.Н нь хувьдаа Өлгий сумын 5 дугаар багт 5 давхар орон сууц барьж байсан ба 2022 оны 9 дүгээр сарын 01-ээс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд манай сургуулийн барилгын оюутнуудыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэж байгаа гэдэг нэрийдлээр өөрийнхөө барилгыг бариулсан. Тухайн үед би дадлага удирдсан багшийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй Х.Н-ий тус хувийн орон сууцанд оюутнуудыг ажиллуулж болохгүй талаар зөвлөж, татгалзсан. Үүнээс болж Х.Н- захирал чамайг зайлуулна хэмээн занаж байсан. Мөн сургуулийн гадна засварын ажлыг Х.Н- нь “В” гэдэг ХХК-ны нэрээр шууд гэрээ байгуулан өөрөө гүйцэтгэсэн. Х.Н- хууль зөрчиж өөртөө давуу байдал бий болгож төсөвт суулгасан засварын мөнгийг “В” гэдэг ХХК-ны дансаар дамжуулан хувьдаа завшиж авсан атлаа засварыг оюутнуудаар хийлгэсэн. Би оюутнуудын хөлсийг өгөх ёстой гэж хэлээд дахиад ад үзэгдэж байсан. Одоо үүнээс болж тус сургуульд хамгийн олон жил ажилласан барилгын багш байсан атлаа цомхотголд орсондоо гомдолтой. Тэгээд ч орон тоо хасагдаагүй, орон тоог яамнаас сайд баталдаг атлаа сургуулийн захирал дур мэдэн орон тоог өөрчилж байгаа нь хууль бус. Х.Н- захирал нь хувийн ашиг сонирхлын үүднээс 93 орон тоог 130 орон тоо болгож хэтрүүлсэн бөгөөд 37 илүү орон тоогоор ажиллуулж байгаа. Тэгсэн хэр нь хамгийн удаан жил ажилласан багш нарын нэг болох намайг орон тооны цомхотголд оруулж байгаад гомдолтой.

1.6. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар маргаан таслах гурван талт хороонд хандсан боловч шүүхээр шийдвэрлүүлж ав гэсэн хариу өгсөн.

1.7. Иймд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал Х.Н-ий 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.С- намайг урьд эрхэлж байсан барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Мэргэжлийн боловсролын сургуулийн бүтэц орон тоо тухайн хичээлийн жилийн элсэлтийн тооноос шууд хамааралтай бөгөөд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн хяналтын саналыг үндэслэн Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2023 оны 6 сарын 28-ны өдрийн А/280 дугаартай тушаалаар тус сургуулийн суралцагч элсүүлэх хяналтын тоог мэргэжил бүрээр баталж ирүүлсэн юм. Энэхүү суралцагч элсүүлэх хяналтын тооны дагуу элсэлт авах арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлж, удирдан зохион байгуулсан боловч 2023-2024 оны хичээлийн жилийн элсэгчдийн тоо Боловсрол, Шинжлэх ухааны сайдын тушаалаар баталж өгсөн элсэлтийн тоонд хүрээгүй учраас багш нарын орон тоог цөөрүүлэх шаардлага гарсан.

2.2. Тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагаа 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон боловч бидний зүгээс элсэлтийн хугацааг удаа дараа сунгаж, багш нарын ажлын байрыг хадгалж үлдэх талаар бүх талын арга хэмжээг авсан боловч тус сургуулийн зарим мэргэжлийн элсэгчдийн тоо батлагдсан хэмжээнд хүрээгүй анги дүүргэлт гүйцээгүй. Ялангуяа барилгын өрөг угсрагч, бетон арматурчны 2,5 жилийн сургалттай 2 ангид элсэлт хүрээгүй учир барилгын өргөн мэргэжлийн багш нараас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар “орон тоог цөөрүүлж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх” болсон багшийн нэг нь С.С- багш байгаа болно.

2.3. Нэхэмжлэгч С.С-ийн шүүхэд гаргасан гомдолд “Надаас сүүлд томилогдсон Х.Х-, А.Ху-, М.Н-, Д.О, А.Б- нарыг цомхотгол хийхгүйгээр авч үлдээд, хувийн ашиг сонирхлын үүднээс намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна” гэжээ. Гэтэл С.С- нь 2009 онд анх ажилд томилогдохдоо Ерөнхий эрдмийн физикийн багшаар ажиллаж байгаа багшийн ажлаас 2018 онд чөлөөлөгдөж, соёлын ажил хариуцсан мэргэжилтнээр ажилласан бөгөөд 2020 оны 9 дүгээр сард дахин багшаар томилогдсон. Харин дээр дурдагдсан багш нар бүгд “Барилгын өргөн мэргэжил”-ийн багшийн албан тушаалд удаан жил ажилласан, тухайн мэргэжлийн багшаар С.С-ээс олон жил ажилласан багш нар болохыг өөрөө сайн мэднэ. Мөн тухайн багш нарыг ажилд томилсон тушаал шийдвэр нотолно.

2.4. Мөн 2023 онд Боловсролын багц хууль батлагдсантай холбогдуулан манай салбарын хууль болох “Мэргэжлийн болон Техникийн боловсрол, сургалтын тухай хууль” 2023 онд батлагдаж, 2023 оны 7 дугаар сарын 01-ээс мөрдөгдөж байна. Мэргэжлийн болон Техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш тухайн мэргэжлийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэшлийн өндөр ур чадвартай, багшлах эрхийн гэрчилгээтэй байна” гэсэн шалгуур тавьсан байдаг. Гомдол гаргагч С.С- нь физик, компьютерын багш мэргэжлийн бакалавр, “Иргэний барилгын техникч” мэргэжлийн дипломын зэрэгтэй байгаа болно. Харин “Барилгын өргөн мэргэжил”-ийн бакалавр зэрэггүй учир хуулийн дээрх шаардлага, шалгуурыг хангахгүй байна.

2.5. Мөн гомдолд “Тус сургуулийн барилгын өргөн мэргэжлийн багш Х.Х- нь 2024 онд өндөр насны тэтгэвэрт гарах тул би цалингүй чөлөө хүсэж, дараа нь тухайн орон тоонд ажиллах боломжтой байхад чөлөө олгохоос татгалзсанд “гомдолтой байна” гэжээ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн 60.1.12-т зааснаар “ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтанд хувийн чөлөө олгох журамтай юм. Нэгэнт одоогийн байдлаар багшийн ажлын байр байхгүй учраас “хувийн чөлөө” олгох эрх зүйн зохицуулалт байхгүй болно.

2.6. Иймд гомдол гаргагч С.С-ийн тус шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00175 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтуудыг тус тус баримтлан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаартай ажлаас чөлөөлөх тухайн тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.С-ийг урьд эрхэлж байсан тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.С-ийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багш С.С-ийг Мэргэжлийн боловсролын байгууллагын захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн 80.1.1 дэх хэсэгт заасан “Орон тоо цөөрүүлсэн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

 

4.2. Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/280 дугаартай тушаалын хавсралтаар тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн суралцагч элсүүлэх хяналтын тоог баталж өгсөн. Гэтэл тус сургуулийн суралцагч элсүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, шат дараалсан арга хэмжээ авсан боловч тухайн 2023-2024 оны хичээлийн жилд элсэгчдийн тоо батлагдсан хяналтын тоонд хүрээгүй учир “Багш нарын орон тоог цөөрүүлэх” шаардлага зүй ёсоор тавигдсан.

4.3. Ингэхдээ зарим төрлийн мэргэжлийн багш нарын орон тоог цөөрүүлэх шаардлага гарсан нь элсэлтийн тоо хүрээгүй байгаа Барилгын өргөн мэргэжлийн багш нарт хамааралтай байсан. Гэвч бид элсэлтийн  хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болох байсан ч дээд газарт  асуудал тавьж байгаад сунгуулсаар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний  өдрийг хүртэл элсэлт авч байсан боловч элсэлтийн тоо  хүрээгүй.

4.4. Элсэлтийн  тооноос хамаарч Барилгын өргөн мэргэжлийн 2 анги хаагдсан учир тухайн мэргэжлийн 8 багшаас хоёр багшийн орон тоог цөөрүүлэх шаардлага гарсан тул А.Б- гэх  багш хүүхэд асрах чөлөө авч явсан ба үлдэх багш нарын дундаас мэргэжлийн байдал,  ажилласан хугацаа, тусгай шаардлагыг илүү хангаж байгаа зэргийг харгалзан Захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэж байгаад С.С- багшийн орон тоог цөөрүүлэх шийдвэр гаргасан.

4.5. Мэргэжлийн  болон техникийн  боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Мэргэжлийн сургалтын байгууллагын  багш мэргэжлийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын  зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэл,  үйлчилгээний салбарт мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэжлийн  өндөр чадвартай, багшлах эрхийн гэрчилгээтэй байна.” гэж заасан. Гэтэл С.С- нь Физик, компьютерын багш мэргэжлийн бакалавр зэрэгтэй болохоос бус Барилгын өргөн мэргэжлийн бакалавр зэрэггүй учир хуулийн 14 зүйлийн 14.2 дах хэсэгт заасан тусгай шаардлагыг хангахгүй юм.

4.6. Нэхэмжлэгч С.С- нь “Барилын өргөн мэргэжлийн багш Х.Х- нь 2024 онд өндөр насны тэтгэвэрт гарах тул тэр хүн тэтгэвэрт гарах хүртэл цалингүй чөлөө олгоогүйд гомдолтой байна” гэжээ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 60 дугаар зүйлийн 60.1.12-д зааснаар “Ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа тохиолдолд хувийн чөлөө олгох журамтай учир бүтэц, орон тоо байхгүй нөхцөлд хувийн чөлөө олгох боломжгүй байгаа билээ.

4.7. Багшийн бүтэц орон тооны асуудал суралцагч, элсэгчдийн тооноос шууд хамааралтай, хичээл заах норматив цаг хатуу тогтоосон эрх зүйн зохицуулалттай учраас элсэлт хүрээгүй бодит нөхцөл байдлаас болж Барилгын өргөн мэргэжлийн багшийн орон тоог цөөрүүлсэн байсныг анхан шатны шүүхээс буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

4.8. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00175 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

 

            5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

            5.1. Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуульд 18 дахь жилдээ ажиллаж байна. Физик, компьютерын багш мэргэжилтэй. 2015 онд барилгын техникч мэргэжлээр дахин суралцсан. 2020 оноос хойш барилгын багшаар ажиллаж байсан. А.Б- гэх багш жилийн чөлөө авсан. Яам руу багш нарын бүтэц орон тоог батлуулахаар нэрс явуулахдаа миний нэрийг хасаж А.Б- гэх багшийн нэрийг явуулж намайг ажлаас халсан явдалд гомдолтой байна.

5.2. Ажилласан хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 8 багшид мэдэгдэх хуудас өгөөгүй атлаа ямар нэгэн шалгалт авч, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр ганцхан намайг ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна. Хэрвээ сонгон шалгаруулалт явуулаад намайг ажлаас чөлөөлбөл би хүлээн зөвшөөрөх байсан.

5.3. Бусад багш нарын одоо байгаа ур чадварыг би маш сайн мэддэг. Үнэнийг хэлэхэд барилгын чиглэлээр хүүхдэд юм заах биш өөрсдөө юм хийж чаддаггүй багш нар олон байгаа. Удаан жил би тэд нартай хамт ажилласан болохоор тэр талаар маш сайн мэдэж байгаа.

 

            6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

            6.1. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т зааснаар ажилтныг ажлаас чөлөөлсөн. Анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа “бүтэц орон тоо цөөрсөн” гэж тайлбарласан. Бүтэц орон тоо цөөрсөнтэй холбоотой 8 барилгын өргөн мэргэжлийн багш нараас 1 багшийн орон тоог цомхотголд оруулсан байна.  

6.2. Нэхэмжлэгчийн зүгээс олон жил ажиллаж байгаа намайг бусад багш нараас ялгаварлан гадуурхаж бусад багш нарт мэдэгдэх хуудас өгөөгүй атлаа зөвхөн надад мэдэгдэх хуудас өгсөн, бусад багш нар надаас хойно ажилд орсон гэж маргадаг. Мэргэжлийн ур чадвар, авсан гавьяа шагнал болон мэргэшлээрээ бусад багш нараас илүү байхад ажлаас чөлөөлсөнд нь гомдолтой байгаа. Шаардлагатай нотлох баримтаа гаргаж өгсөн.

6.3. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь С.С-т мэдэгдэх хуудас өгсөн болох нь тогтоогдсон. Бүтэц орон тоог цөөрүүлэх ажиллагааг хуульд заасны дагуу хийгдээгүй гэж үзэж байгаа. Орон тоо цөөрсөн бол дахин бүтэц орон тоо батлагдсан байх ёстой. 2021 онд баталсан бүтэц орон тоо хэвээр байгаа. 8 барилгын өргөн мэргэжлийн багш хасагдаагүй. Бүтэц орон тоо баталсан баримтад 8 багшин орон тоо 7 болсон гэх асуудал байхгүй.

6.4. 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолд багшин орон тоог заасан, бүтэц орон тоог баталсан шийдвэр биш гэж маргасан. Удирдах зөвлөлийн хуралдаан хийх тогтоол хүчин төгөлдөр эсэхэд маргаан үүссэн. Бүрэлдэхүүнээр удирдах зөвлөл хуралдаагүй, шийдвэр гаргаагүй. С.С- нь бусад багш нараас өмнө ажилд орсон. Зарим багш нарын боловсролын бичиг баримтыг авхуулахдаа дээд боловсролгүй, Казахстан Улсад төгссөн, бакалаврын зэрэггүй нөхцөл байдал тогтоогдсон. Ажилласан байдал, ур чадвар, шагнал, ажилласан хугацаанд гаргасан зөрчил, сахилгын шийтгэл зэргийг ажил олгогчийн зүгээс харгалзан үзээгүй, бүтэц орон тоог цөөрүүлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдээгүй.

6.5. Хувийн таарамжгүй харилцааны улмаас удаан жил ажилласан, чадвартай багшийг орон тооны цомхотголд оруулсантай холбоотой тушаалыг анхан шатны шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Орон тоо хасагдсаныг хариуцагч байгууллагын төлөөлөгч нотолж чадаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

 

            7. Анхан шатны шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцаан дахь маргааны үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэлтэй сэргээн тогтоож, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            8. Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуульд 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр Барилгын өргөн мэргэжлийн багшаар /Барилгын засал чимэглэлийн ангид онол, дадлагын хичээл заах/ ажиллаж байсан С.С-ийг тус сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 /хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан/ дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.1 /ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн/ дэх заалт, 82 дугаар зүйлийн 82.1.4 /тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх/ дэх заалт,  Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.4.1, 4.10.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн “орон тоог цөөрүүлсэн” үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

 

            9. С.С-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэлүүдийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл:  

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаар “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтэц батлах тухай” тушаалын 3  дугаар хавсралтаар “Захиргааны удирдлага  болон ажилчдын орон тооны жишиг бүтэц”-ийг баталгасан байх бөгөөд 20 дахь хэсэгт “Багш”-ийн албан тушаалыг  орон тооны дээд хязгаарт багтаан Мэргэжлийн боловсролын сургуулийн байгууллага шийдвэрлэнэ” гэж,
  • Уг тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийн 2.1-т “Сургалтын байгууллага үйл ажиллагааг хэвийн,  тогтвортой явуулах нөхцөлийг бүрэн хангасан, Мэргэжлийн боловсрол сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан үлгэрчилсэн дүрэм, орон тооны жишигт нийцүүлсэн дүрэм, бүтэцтэй байна”, 2.6-т “Сургалтын байгууллагын  багш,боловсролын туслах ажилтнуудын албан тушаалын жагсаалтыг орон тооны дээд хязгаарт багтаан захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж,
  • Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтын 48-т “БӨМ багш-8”  гэж, мөн зөвлөлийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны  өдрийн 02 дугаар тогтоолын хавсралт 2-ын 49-т “БӨМ-ийн багш-8” гэж, мөн зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 26-д “багш-орон тооны дээд хязгаарт багтаан элсэлт, төгсөлтөөс хамааран сургууль шийдвэрлэнэ” гэж, 
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журмын дагуу тус Мэргэжлийн боловсролын сургуулийн хүргүүлсэн хяналтын тоо хүргүүлэх тухай саналын хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/280 дугаартай тушаалаар элсэлтийн хяналтын тоог хавсралтаар баталсан ба тус хавсралтад Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 2023-2024 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоог “1 /нэг/ жилийн элсэлтийн хүүхдийн тоо 270”, “2,5 жилийн элсэлтийн хүүхдийн тоо 180, нийт 450 тоогоор” элсэлт авахаар баталсан,  
  • Ажилтан С.С- нь ажил олгогч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2009 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 76 дугаартай тушаалаар физикийн багшаар, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар Соёл, олон нийт хариуцсан ажилтнаар, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/42 дугаартай тушаалаар 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн барилгын өргөн мэргэжлийн дадлагажигч багшаар 1 сарын туршилтын хугацаагаар, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/57 дугаар тушаалаар туршилтын хугацаа нь дууссан тул 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Барилгын өргөн мэргэжлийн онол дадлагын үндсэн багш”-ийн ажилд томилогдон тус тус ажиллаж байсан үйл баримтууд тогтоогдов.

 

10. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, ажил олгогч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургууль нь ажилтан С.С-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг “орон тоог цөөрүүлсэн” үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь нотлох баримтуудад үндэслэгдээгүй, хариуцагч байгууллагаас тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоо гүйцээгүй учир элсэлтийн тоо багасаж,  заах хичээлийн цаг хорогдож, орон тоо цөөрсөн гэх боловч энэ үйл баримт нь бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул энэ талаарх ажилтны гаргасан гомдол үндэслэлтэй байна.

 

11. Орон тоог цөөрүүлсэн гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг ойлгох бөгөөд энэ талаар тухайн байгууллагын ижил төрлийн орон тооноос тус ажил, албан тушаалын байр тодорхой үндэслэлээр, тодорхой тоогоор багассаныг ажил олгогч нотлох шаардлагатай.

Тус сургуулийн орон тооны бүрэлдэхүүнээс үзвэл С.С-ийн ажиллаж байсан “Барилгын өргөн мэргэжлийн онол, дадлагын үндсэн багш”-ийн орон тоо 2021-2022 оны хичээлийн жилд 8, 2022-2023 оны хичээлийн жилд мөн 8 орон тоотой тус тус батлагдаж, 8 багш ажиллаж байжээ. 2023-2024 оны багшийн ажлын байрны орон тоог ажил олгогчийн удирдах зөвлөлөөс 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор “орон тооны дээд хязгаарт багтаан элсэлт, төгсөлтөөс хамааран сургууль шийдвэрлэнэ” гэж журамлаад, улмаар Боловсрол, шинжлэх ухааны Сайдын 2023 оны А/280 дугаар тушаалаар баталсан Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 2023-2024 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоог эш үндэс болгож “сургуулийн зүгээс элсэлт авах арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлж, удирдан зохион байгуулсан боловч 2023-2024 оны хичээлийн жилийн элсэгчдийн тоо хяналтын тоонд хүрээгүй” гэх шалтгаанаар “Барилгын өргөн мэргэжлийн онол, дадлагын үндсэн багш”-ийн орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажилтан С.С-ийг ажлаас чөлөөлсөн үндэслэл бодитой тогтоогдоогүй байна.

 

12. Анхан шатны шүүх энэ талаар хариуцагчаас гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг, тухайлбал ажил олгогчийн багш нартай хийсэн хурлын тэмдэглэлүүд, багш нарын цагийн хуваарилалт болон Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Хяналтын тоо хүргүүлэх тухай” 29 дүгээр албан бичиг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2020 оны А/185 тушаалын хавсралтаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын үлгэрчилсэн дүрэм” дэх сургуулийн захирлын чиг үүрэг зэргийг харьцуулан шинжлээд “2023-2024 оны хичээлийн жилийн элсэгчдийн тоо хяналтын тоонд хүрээгүй” гэх шалтгааны улмаас орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэгджээ.

Тус сургуульд элсэгчдийн тоо хяналтын тоонд хүрээгүй явдал нь ажилтны ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт хамааралгүй, ажилтныг үүнд буруутгах хууль зүйн үндэслэлгүй, харин сургуулийн элсэлтийг зохион байгуулах нь ажил олгогчийн чиг үүрэг учраас тус сургуулийн “Барилгын өргөн мэргэжлийн онол дадлагын үндсэн багш”-ийн орон тоо цөөрсөн гэх үндэслэл бодитой тогтоогдоогүй гэх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй ба чухам ажилтан С.С-ийг сонгон авч түүний ажиллаж байсан орон тоог цөөрүүлсэн буюу ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтад нийцээгүй, хууль бус болох нь тогтоогджээ.

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад үндэслэгдээгүй тул дээрх үндэслэлээр “багшийн орон тооны асуудал суралцагч, элсэгчдийн тооноос шууд хамааралтай, хичээл заах норматив цагийг хатуу тогтоосон эрх зүйн зохицуулалттай учраас элсэлт хүрээгүй бодит нөхцөл байдлаас болж “Барилгын өргөн мэргэжлийн онол дадлагын үндсэн багш”-ийн орон тоог цөөрүүлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3 дахь хэсэгт зааснаар “зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх” ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Ажил олгогчийн санаачилгаар, ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг “орон тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлээр цуцалж, дуусгавар болгосон шийдвэрийн үндэслэл нь бодитой тогтоогдоогүй тул ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээв.

14. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэж хэргийн бүх ажиллагааг хянахад анхан шатны шүүхийг шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал Х.Н-ий давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3  дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК