Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буурайн Баттөр |
Хэргийн индекс | 142/2015/01077/И |
Дугаар | 00110 |
Огноо | 2016-06-24 |
Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 00110
Жаргалант Трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Х.Жанцансамбууд холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар :
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 411 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Жаргалант Трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч :Х.Жанцансамбууд холбогдох,
Худалдан худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 24 ний өдөр ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Жаргалант Трейд ХХК-ийн захирал Ч.Батмагнай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч Х.Жанцансамбуу, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга ....................нар оролцов.
Нэхэмжлэгч Жаргалант трейд ХХК-ний захирал Ч.Батмагнай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Орхон аймгийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр 04-ний өдрийн 02 дугаар захирамжийн дагуу ХАА-н гаралтай хүнсний захын барилгын зориулалттай 0,6 га газрыг Талын нуур ХХК болон Жаргалант трейд ХХК нарт олгосон бөгөөд 2001 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130201710 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр одоогийн Даниста" ХХК байрлаж буй газрыг хуулийн дагуу Жаргалант трейд ХХК, баруун талыг Талын нуур" ХХК-д тус тус олгож байсан ба 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр уг газраа Жаргалант трейд ХХК-ийн нэр дээр шилжүүлэн барилга байгууламж барихаар харилцан тохиролцон Талын нуур ХХК-ийн захиралтай гэрээ хийж байсан болно. Мөн бид барилгын ажил эхлүүлэх бэлтгэл болгож 0,6 га газрыг тойруулан хашаа барьж зориулалтын дагуу эзэмшин Жаргалант суманд байрлах Сэндвичин барилгыг буулган уг талбайд авчрахаар тохиролцон төлбөрийг хийсэн боловч миний бие АНУ-руу 2001 оны 08 дугаар сард явахаар болж гүйцэтгэх захирлаар Ч.Чулуунбаатарыг 2001 оны 08 дугаар сарын 17-ны өдөр томилсон бөгөөд дахин ямар нэг тушаал гаргалгүй явсан юм. Гэтэл намайг гадаадад байх хугацаанд компанийг захирал, гүйцэтгэх захирал, мөн гишүүдийн ямар нэг шийдвэргүйгээр мөн мэдэгдэлгүйгээр 2002 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэг гишүүнтэй болгон өөрчилж 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэх захирлын гарын үсгийг дууриалган зурж газрын албанд хүсэлт гарган 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуулийн этгээдийн эзэмшилд байсан 3000 ам дөрвөлжин метр буюу 0,3 га газрыг газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг иргэнээр Х.Жанцансамбуутай байгуулсан байх ба гэрээнээс үүдэн засаг даргын захирамж гарч Жаргалант трейд ХХК-ийн эзэмшлийн 0,3 га газрыг Даниста ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн олгосон байна. Мөн уг газар нь иргэний эзэмшлийн газар биш Жаргалант трейд ХХК-ийн эзэмшлийн газар байсан ба тухайн гэрээ нь иргэн хооронд хийгдсэн гэрээ байх бөгөөд хуулийн этгээдийн эзэмшлийн газрыг иргэд хооронд гэрээ байгуулж шилжүүлсэн нь мөн хуулийн этгээдийн тамга тэмдэг баримт бичиг буюу байгууллагын гэрчилгээ, дүрэм, захирал гэснийг нотлох баримтгүйгээр үйлдэж баталгаажуулан гэрээ байгуулан Жаргалант трейд ХХК-ийн эзэмшлийн 0,3 га газрыг Х.Жанцансамбууд шилжүүлсэн ба баруун талд байрлах Талын нуур ХХК-ийн хашаа барин эзэмшиж байсан 0,3 га газрыг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр албан ёсоор мэдэгдэхгүйгээр нийтийн эзэмшлийн талбай болгон өөрчилсөн байна. Иймд Х.Жанцансамбуутай байгуулсан уг гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйл, Компанийн тухай хууль зэргийг зөрчсөн мөн Жаргалант трейд ХХК-ийн гишүүдийн шийдвэр байхгүй гэрээ байгуулсан байх тул 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Жанцансамбуу шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Жаргалант трейд ХХК-ийн захирал гэх Ч.Батмагнай нь тухайн үедээ өөрийн төрсөн ах Ч.Чулуунбаатар, Ч.Болдбаатар нарт итгэл хүлээлгэн өөрийхөө компанийг өгөөд явсан гэх, Ах дүү нар Улаантолгойн 200 үнээний ферм, 0,3 га газрын хамт зарахаар явж байсан. Үүнийг манай найз Улаанбаатар хотод байхдаа сонсож танай энд газар, ферм зарах гэсэн хүн байна гэж надад дээр ирснээр Ч.Чулуунбаатар, Ч.Болдбаатар нартай уулзаж ярьж хэлсэн бүхнийг протоколдож авсан. Бид Ч.Чулуунбаатар, Ч.Болдбаатар нартай уулзаж 200 үнээний ферм 0,3 га газрыг авах 15 сая төгрөгөөр авахаар тохиролцож эхний ээлжийн мөнгө төгрөгийг өгөөд 200 үнээний фермээ буулгаж авах гэтэл тэндэхийн жижүүр хүн ирээд наад барилга чинь Жаргалант трейд ХХК буюу Ч.Чулуунбаатар гэдэг хүнийх биш, Сэлэнгэ аймгийн Өрнөлт ХХК-ийн Нямдорж гэдэг хүнийх гэсэн. Сэлэнгийн Амар бил үү тэр хүнтэй уулзахад бид барилгаа Улаанбаатар хотын Нимонс ХХК-д зарсан гэж хэлсэн. Ч.Чулуунбаатар, Ч.Болдбаатар, Ч.Батмагнай нар нь ингэж ээлжит арга замаа хэрэглэж хүний хөрөнгийг зарах гэж байсан нь удалгүй баригдаж жинхэнэ эзэн нь олдсон. Талын нуур ХХК-ийн газрыг эзний зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн газар болгосон гэж намайг гүтгэж байгаа тэр Талын нуур ХХК-ний газар нь одоогийн Хуримт бил үү энэ хавьд л зарагдсан. Намайг хуурамч гарын үсэг гэх мэтчилэн юу яриад байгааг нь би ойлгохгүй байна. Худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулаад явж байсан гэрээг би яаж хуурамч болгох юм бэ? Би амьдралдаа тийм юм хийж үзээгүй. Ч.Чулуунбаатар, Ч.Болдбаатар нарын хэлснээр юм бариагүй газар зарсан болно гээд хамтран ажиллах гэрээ байгуулаад удалгүй худалдах, худалдан авах гэрээ хийж мөнгө төгрөгөө өгөлцөж авалцсан. Тэр хүмүүс ч өөрсдөө мэдэж байгаа. Намайг хуулийн байгууллагуудаар явж янз бүрээр гүтгэж хаа хамаагүй асуудлыг хүртэл надад тохож, доромжилж байгаа нь тэгээд хэлчихвэл энэ Х.Жанцансамбуу гэдэг хүн улаан луйварчин байна гэдэг ойлголт өгөх зорилготойг хуулийн байгууллага эрх биш ойлгоно биз. Уг фермийн барилга нь Сэлэнгийн Өрнөлт ХХК-ийнх болохыг баталсан шүүгчийн захирамж байгаа болно. Өрнөлт ХХК-ийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ч.Чулуунбаатар нь минийх гэж фермийн барилгыг зарах гэж оролдоод баригдсан юм гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 411 дугаар шийдвэрээр:
Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан Ч.Чулуунбаатар, Х.Жанцансамбуу нарын хооронд хийгдсэн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хэлцлийг хийсэн цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 399 дугаар захирамжийн дагуу олгосон 130101115 нэгж талбарын дугаар бүхий Даниста ХХК-ны нэр дээрх 0010962 дугаартай газар эзэмших гэрчилгээг хүчингүйд тооцож,
Жаргалант трейд ХХК-ний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын албанд даалгаж буцаалт хийлгэж,
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Жаргалант трейд ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Жанцансамбуугаас 70.200 төрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Батмагнайг 2013 оны 09 дүгээр сарын 12 ны өдөр Жаргалант Трейд ХХК-ийг өөрийн төрсөн ах Ч.Чулуунбаатараас гэрээгээр шилжүүлэн авсан тул тус компаний газар бусдад шилжсэн буюу эрх нь зөрчигдсөн болохыг тухайн өдөр мэдсэн тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэсэн дүгнэлт нь нотлох баримтанд үндэслээгүй юм. Ч.Батмагнай нь 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Жаргалант трейд ХХК-ийг худалдан авахдаа компаний эзэмшилд байсан Эрдэнэт хотын Хүнсний захын урд байрлалтай газрыг бусдад шилжүүлсэнийг тухайн өдөр мэдсэн гэдэг хэн ч үнэмшихгүй худал. Бүхэл бүтэн том барилга баригдаад 12 жил болсон байхад харахгүй явах уу.Өөрийнх нь төрсөн ах дүүс нь бас түүнд хэлэхгүй байх уу. Энэ хүн 2001 онд АНУ руу явсныг нотлох баримт хэрэгт байхгүй. Харин Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын Хойд бүс дэх газрын лавлагаанд 2013 онд АНУ руу явсан тухай дурдсан байна лээ.
Ч.Батмагнай нь Жаргалант Трейд ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч биш байсан бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй.Харин 2013 оны 9 дүгээр сарын 12-нд Жаргалант Трейд ХХК-ийн 1000 ширхэг хувьцааг худалдан авсан тул энэ үеэс хойш Жаргалант Трейд ХХК-ийн хувьд эрх ашиг нь хөндөгдвөл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд шаардах эрхтэй юм.Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Ч.Батмагнай шаардах эрхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу.
Шүүх газрыг шилжүүлсэн гэрээнд Ч.Чулуунбаатар гарын үсэг зураагүй болох нь ШШҮХ-ийн шинжээчийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дугаартай дүгнэлтээр батлагдсан гэжээ.Энэ шинжээчийг томилсон тогтоолыг Орхон аймгийн ЦГ-ын мөрдөн байцаагч Б.Мөнхтулга үйлдсэн бөгөөд энэ хүн бол нэхэмжлэгч талын өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн төрсөн дүүгийн хүүхэд юм. Яагаад энэ мөрдөн байцаагч шинжээч томилсон бэ гэвэл энэ газар эзэмших эрхийг залилан мэхэлж авсан гэж Х.Жанцансамбуу дээр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 т зааснаар 2015 оны 9 дүгээр сарын 28-нд 2015140000462 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн өөрөө шалгаж байсан байдаг юм.Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл нь Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг гэдгийг хуульч бүр мэднэ. Гэтэл иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүссэнийг мэдсээр байж дахин цагдаагийн газарт гомдол гаргаж түүнд нь эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан зэрэг нь үнэхээр энэ газрыг авахын тулд прокурор, мөрдөн байцаагч нарыг гар хөлөө болгож, гар хөл нь болсон өмгөөлөгчийнх нь дүү Эрүүгийн хуулийг илтэд, маш бүдүүлгээр буруу хэрэглэж ЭБШХ-ийг ноцтой зөрчиж хийлгэж авсан дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзсэн юм. Энэ шинжээчийн дүгнэлт нь хууль зөрчиж цуглуулсан нотлох баримт юм. Эрүүгийн хуулиар зохицуулаагүй асуудалд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь ЭБШХ-ийг зөрчиж байх тул хэрэгсэхгүй болгоно уу гэсэн хүсэлтийг прокурорт гаргасан боловч иргэний хэргийг шүүх шийдтэл түдгэлзүүллээ гэсэн хариуг 2015 оны 12 сарын 26-нд надад өгсөн юм. Тийм учраас анхан шатны шүүхийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ч.Чулуунбаатарын өмнөөс түүний нэрийг бичсэн хүн бол Ч.Болдбаатар гэдэг хүн бөгөөд нэхэмжлэгчийн бас нэг төрсөн ах нь юм. Ч.Болдбаатарыг одоо АНУ-д байгаа гэж тэд хэлдэг боловч Монголд байхгүй гэсэн нотлох баримт хэрэгт байхгүй. Өөрсдөө мэдэж газрыг шилжүүлчихээд дараа нь эртнээс зориуд бэлтгэж байж зохион байгуулалттайгаар буцаан авах ажлыг хийж байгаа нь илтэд байдаг.
Шүүх хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан. Цаана нь эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүс болон гэрчийг шүүх хуралдаанд оролцуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Маш чухал шаардлагатай нотлох баримтыг ирээгүй байхад шүүх хурлыг хийсэн. Шүүх хурлын өмнө нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцуулаагүй шүүх хурлыг эхэлсэн. Шүүх хурлын тэмдэглэлтэй энэ гомдлыг гаргах өдөр хүртэл танилцах гээд танилцаж чадаагүй. Нарийн бичгийн дарга тэмдэглэлээ дуусгаагүй гэж шүүгчийн туслах хэлсэн. Шүүх хуралд ороход хэргийг үдэж, цэгцлээгүй, дугаарлаагүй, задгай материалаар хэргийг шийдвэрлэсэн тул нотлох баримтыг дугаар зааж дурьдах боломжгүй байлаа гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Жаргалант Трейд ХХК хариуцагч Х.Жанцансамбууд холбогдуулан 2004 оны 10 дугаар сарын 25 ны өдрийн Худалдан худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хариуцагч Х.Жанцансамбууд 2015 оны 09 дүгээр сарын 21 ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т эрүүгийн хэрэг үүсгэж 2015 оны 12 дугаар сарын 14 ний өдөр эрүүгийн 201514000462 дугаартай хэргийг прокурорын тогтоолоор түдгэлзүүлсэн байна.
Эцэслэн шийдвэрлэгдээгүй эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлтийг шууд иргэний хэргийн нотлох баримт гэж үнэлж, шийдвэрийн үндэслэл болгож хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-т заасан хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.-д заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1.-т заасан шүүхийн шинжилгээ гэж эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид заасан тусгай мэдлэг шаардсан асуудал /шинжлэх ухаан, техник, урлаг, соёл, нягтлан бодох бүртгэл зэрэг/-ыг шийдвэрлэхийн тулд шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагааг, 6.1.4.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд гэж хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч, шүүхийг болон хуульд заасан төрийн эрх бүхий байгууллагыг, 8 дугаар зүйлийн 8.1.-т заасан шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлнэ гэсэн хуулийн заалтуудыг зөрчжээ.
2015 оны 10 дугаар сарын 28 ны өдрийн 15/45 дугаар албан бичгээр Жаргалант трейд ХХК-ний нэхэмжлэлтэй, иргэн Х.Жанцансамбууд холбогдох гэрээ хүчингүйд тооцуулах иргэний хэрэгт тус компанийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Чогсомын Чулуунбаатарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан Ч.Чулуунбаатарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.д заасан дараахь хүнийг гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй мөн хуулийн 43.8.1.-т заасан үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагч, зохигчийн төлөөлөгч буюу эрүүгийн хэргийн өмгөөлөгч гэснийг зөрчжээ.Шийдвэрийн Удиртгал хэсэгт гэрчээр оролцсон талаар бичигдээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2-т заасныг зөрчсөн байна.
Хууль буруу хэрэглэсэн талаар :
Шийдвэрийн Үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 57.1.1., 57.1.8.-д зааснаар хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байна гэж хуулийн заалтыг буруу бичжээ.
Тогтоох хэсгийн 2 дугаар заалтад : Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 399 дугаар захирамжийн дагуу олгосон 130101115 нэгж талбарын дугаар бүхий Даниста ХХК-ны нэр дээрх 0010962 дугаартай газар эзэмших гэрчилгээг хүчингүйд тооцсугай гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2004 оны 10 дугаар сарын 27 ны өдрийн хэлцлийг хийсэн цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн тул газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, Жаргалант трейд ХХК-ний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын албанд даалгаж буцаалт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ : Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч Х.Жанцансамбуугаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 411 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Х.Жанцансамбуугаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
Б.БАТТӨР