Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 214

 

 

 

 

 

 

 

 

 

М.Түмэн-Өлзийд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Энхжаргал,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 144 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор З.Энхжаргалын бичсэн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 4 тоот улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201625031899 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Мягмардоржийн Түмэн-Өлзий, 1987 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн системийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгат 17 дугаар байрны 49 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧТ87072811/;

            М.Түмэн-Өлзий нь давтан үйлдлээр:

            2016 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд иргэн Д.Адъяасүрэнгийн хүүг Хятад улсад магистрт суралцуулж өгнө гэж хэлж 1,600,000 төгрөгийг бэлнээр,

            2016 оны 2 дугаар сарын 20, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрүүдэд иргэн Б.Болортуяагийн дүүг Хятад улсад сургуульд оруулж өгнө гэж хэлж 5,000,000 төгрөгийг дансаар,

            2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Мөнгөнсарнайг Хятад улсад магистрт суралцуулж өгнө гэж хэлж 2,000,000 төгрөгийг бэлнээр,

            2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ц.Ганбатын хүүг Хятад улсад магистрт суралцуулж өгнө гэж хэлж иргэн Б.Наранцэцэгээс 6,500,000 төгрөгийг дансаар тус тус залилан мэхэлж авч бусдад нийт 15,100,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: М.Түмэн-Өлзийгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Түмэн-Өлзийд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн үүнийг шүүх хуралдаанаар нөхөж гүйцэтгэх боломжгүй дараах нөхцөл байдал тогтоогдлоо. М.Түмэн-Өлзий нь иргэн М.Энхболд түүний хүү Д.Итгэлт нарыг залилан мэхэлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дээрх байдлыг нэгтгэн шалгуулан тогтоолгох шаардлагатай гэх хүсэлт гаргажээ. Иймд М.Түмэн-Өлзийд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорын газарт очих хүртэл М.Түмэн-Өлзийд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор З.Энхжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэн заалтын дагуу хэргийг шийдвэрлэлгүй, шүүхэд хэрэг хянагдах хугацаанд иргэнээс шинээр гаргасан гомдлыг уг хэрэгт нэгтгэн шалгуулахаар буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайн иргэн нь шүүхэд хандах биш харин цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэхийг шалгуулж эрүүгийн гэмт хэрэг болох нь тогтоогдвол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 144 дүгээр шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцжээ.

            Мөрдөн байцаалтад хэргийг буцааж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийж, болсон үйл баримт болон М.Түмэн-Өлзий бусдыг залилан мэхэлсэн өөр үйлдэл байгаа эсэхийг нэгтгэн тал бүрээс нь шалгаж, дахин тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Мөн прокурор  “...2016 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд Д.Адьяасүрэнгийн хүүг “Хятад улсад магистрт суралцуулж өгнө” гэж хэлж, 1,600,000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 2 дугаар сарын 20, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрүүдэд иргэн Б.Болортуяагийн дүүг “Хятад улсад сургуульд оруулж өгнө” гэж хэлж, 5,000,000 төгрөгийг дансаар авсан...” гэж М.Түмэн-Өлзийгийн үйлдэл үргэлжилсэн, давтан эсэх нь ойлгомжгүй, өөр өөр цаг хугацаанд хэдэн төгрөг, хэрхэн яаж авсан нь тодорхой биш байдлаар яллах дүгнэлт үйлдсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлэх нь зүйтэй.

            Иймд прокурор З.Энхжаргалын бичсэн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 4 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 144 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор З.Энхжаргалын бичсэн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 4 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

 

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

                                                                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ