Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 54

 

  

Н.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 723 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн  54 дүгээр магадлалтай, Н.Н-т холбогдох 2109000000658 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Н.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 723 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Н.Н-ыг “онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт тус тус зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 17 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-н  энэ хэргийн учир урьдчилан цагдан хоригдсон  160  хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа амь хохирогч А.Б-ийн хувцас эд зүйл, мөн хэргийн газраас хураагдан ирсэн эд зүйл /Архины хагархай шил, цус мэт зүйлээр бохирлогдсон алчуур, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хивсний тасархай/ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөн эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч Н.Н-н  өмсөж байсан хувцас, эд зүйлүүдийг түүнд буцаан олгохыг шүүгчийн туслахад тус тус даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн    723 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гаргасан гомдол болон хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Хэргийн үйл баримтаас үзэхэд бага насны Б.Э нь эцэг, эхийн хэрүүл маргааны улмаас айдас түгшүүрт авагдаж эгч Х руу утастаж байсан үйл баримт тогтоогддог боловч Н.Н нь хамтран амьдрагч А.Б-г зодох үйлдлээ хүүхдэд харуулах, түүнд зовиур шаналгаа төрүүлэх сэдэлт, санаа зорилго байгаагүй, түүний тулд энэ аргыг сонгож аваагүй нь хавтаст хэрэгт авагдсан бага насны Б.Э-ийн “... би хаалганы завсраар л харж байсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “онц харгис хэрцгий арга”-аар хүнийг алсан гэдэг нь ойр дотны хүний дэргэд алсан гэм буруутай этгээдийн үйлдлийг ойлгох боловч гэм буруутай этгээдээс үр хүүхэд, гэр бүл зэрэг ойр дотны хүмүүсийн дэргэд алахдаа тэдний дэргэд амь хохирогчийн амь насыг хөнөөх зорилготой ойр дотны хүмүүсийн дэргэд алж, тэдгээрт сэтгэл зүйн хувьд дарамт үзүүлэх, зовиур шаналгаа төрүүлж байна гэдгээ урьдчилан мэдсэн, түүнийг хүсэж үйлдсэн байхыг ойлгоно. Гэм буруутай этгээд энэхүү аргыг зориуд сонгож сэтгэхүйн дотоод харьцаа болох санаа зорилго тогтоогдсон бол энэ зүйл хэсгээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Харин гэм буруутай этгээдээс амь хохирогчийн амь насыг хохироох үйлдлийг түүний ойр дотны хүмүүс, гэр бүлийн гишүүд тохиолдлын улмаас хөндлөнгөөс харах, ойр орчим байж таарах, тэднээс харж байна гэдгийг тухайн этгээд мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, гэмт этгээд тухайн аргыг урьдчилан сонгож аваагүй нь Эрүүгийн хуулийн энэ зүйл хэсгээр зүйлчлэх хууль зүйн боломжгүй юм. Эрүүгийн хуулийг нэг мөр ойлгох зөв хэрэглэх хууль зүйн үндэслэлийг тодорхой болгох нь хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байх тул миний үйлчлүүлэгч Н.Н-ын үйлдлийн хууль зүйн үндэслэлийг хянан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “онц хэрцгий арга”-аар алсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний үйлчлүүлэгч Н.Н нь гэм буруугийн хувьд маргаагүй, холбогдсон хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны эхнээс шүүхийн хэлэлцүүлэг дуустал тогтвортой байр суурийг илэрхийлж байгаагаас харагддаг. Шүүгдэгчийн хүүхдүүдийн ахуй байдал, ар гэрийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.  

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Н гаргасан гомдолдоо “... Миний бие Н.Н би талийгаачийг цохиж, зодсон зүйл байхгүй. Бид хоёр том өрөөнд зууралдаад, талийгаач маажаад байхаар нь хоёр удаа алгадсан. Намайг “яах гэж ингэж байдаг юм бэ, одоо боль л доо” гэж хэлэхэд талийгаач огт болихгүй байсан. Тэгээд намайг “зайл” гэж хэлэхэд би явах гэтэл талийгаач араас зууралдаад байсан. Бид хоёр коридорт зууралдаж байгаад нэг удаа унасан. Тэгээд талийгаач над дээр унасан. Тэгээд том өрөөнд очоод “би явлаа” гэсэн. Тэгтэл надаас зуураад байсан. Тэгэхээр нь би түлхтэл талийгаач хойшоо унасан. Тэгээд эргээд хартал талийгаач босож байсан. Тэгээд би ванны өрөөнд тамхи, асаагуураа аваад гэрээс шууд гарсан. Прокурорын зүгээс 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн гэж зүйлчилсэн. Энэхүү зүйлийг эс хүлээн зөвшөөрөхгүйн улмаас энэхүү гомдлыг гаргаж байна. Миний бие Н.Н би анх удаа гэмт хэрэгт холбогдож, санамсар, болгоомжгүй үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж, харамсан байна. Миний бие Н.Нэмэхбаатр би талийгаач болох Бадамцэцэгтэй 20 жил хамт амьдарч, голоосоо 11 настай нэг хүүхэдтэй болсон. Мөн талийгаачийн минь охидын төрсөн эцэг би биш ч гэсэн эцэг, аав гэж хүлээн зөвшөөрч 20 жил хамт амьдарсан билээ. Иймд хоёр охин болон 11 настай хүүхдүүдийг минь харгалзан үзэж, цаашид амьдрах итгэлийг минь өгч 2.1 гэх зүйлийг минь хөнгөрүүлж, нээлттэй болгож өгнө үү” гэжээ.

 

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүхээс шүүгдэгч Н.Н-г онц харгис хэрцгийгээр гэр  бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс онц харгис хэрцгий аргаар хохирогчийн амь насыг хохироосон гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн агуулгаар гомдол гаргасан байна. Шүүгдэгч Н.Нын гэм буруутай үйлдэл, талийгаачийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон. Шүүгдэгч тухайн хэрэг болсон өдөр талийгаач болон гэрч Г нартай гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар маргалдаж, зодолдсон талаар гэрч мэдүүлдэг. Насанд хүрээгүй гэрч Эгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу мэдүүлэг авахад “... ээж, аав муудалцаад зодолдсон, ээж газар унасан, аав ээжийн нүүр, толгой руу хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон, түлхсэн, толгойноос цус гарсан, энэ бүхнийг хаалганы завсраар өөрийн нүдээр харсан” талаар мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Н бага насны 11 настай хүүхдийнхээ дэргэд ээжийг нь зодож алж байгаа нь түүнийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна. Шүүгдэгч Т.Н-ын хувьд өмнө нь хамтран амьдрагч Бадамцэцэгтэй муудалцаж, удаа дараа зодолдож байсан талаар талийгаачийн ах, эгч, дүү нар болон хүүхдүүд нь мэдүүлэг өгсөн байдаг. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Н-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэргийн нөхцөл байдалтай уялдуулан хянаж үзэхэд гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байх бөгөөд үүнийг дараах байдлаар тодруулан тайлбарлаж байна.

 

2.1. Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч “... Прокурорын зүгээс 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн гэж зүйлчилсэн. Энэхүү зүйлийг эс хүлээн зөвшөөрөхгүйн улмаас энэхүү гомдлыг гаргаж байна” гэсэн бол түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...  Н.Н-н  үйлдлийн хууль зүйн үндэслэлийг хянан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “онц хэрцгий арга”-аар алсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Анхан шатны шүүхээс “шүүгдэгч Н.Н нь эхнэр А.Б-ийг өөрийн төрсөн хүү бага насны хүүхэд буюу 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн 11 настай Б.Э-ийн нүдэн дээр алсан болох нь хавтас хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Б.Э-ийн мэдүүлэг болон гэрч Ц.Г нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд прокуророос шүүгдэгч Н.Н-н  дээрх үйлдэлд нь холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна” гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Н-г   гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч А.Б-ийг бага насны хүүхэд болох Б.Э-ийн дэргэд алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 ... -т зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв” гэж ижил агуулгаар дүгнэн шийдвэрлэжээ.

 

Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг нь байгалиас хүнд заяасан хүний амь насанд халдсанаар хор уршиг нь хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй ноцтой гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, түүнчлэн өлсгөж, цангаасан, осгоосон, хөлдөөсөн, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж, тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг хамааруулан үздэг байна.

 

Шүүгдэгч Н.Н-н  “хамтран амьдрагч А.Бийг бага насны хүүхэд болох Б.Э-ийн дэргэд алсан” үйлдлийг “Онц харгис хэрцгийгээр” гэж дүгнэхдээ уг гэмт хэргийн шинжийн зайлшгүй бүрдэл буюу дээрх үйлдлийг хийхдээ гаргаж буй сэтгэл зүйн дотоод хандлага болох субъектив талын бодит байдлыг агуулгын хувьд буруу тайлбарлан, эрх зүйн буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.  

 

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгож, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай.

 

Гэмт хэргийн субъектив талын зайлшгүй байх шинж бол гэм буруу бөгөөд гэм буруугүй бол гэмт хэрэгт тооцохгүй. Өөрөөр хэлбэл, тухайн этгээдээс өөрийнхөө эрх зүй зөрчсөн зан үйл ба түүний хор уршигт харьцсан сэтгэцийн хандлага нь сэдэл болон санаа зорилго гэсэн нэмэгдэл хэсгээс бүрдэх тул эдгээрийг бодитой тогтоох шаардлагатай төдийгүй ингэснээр тодорхой хүний үйлдэлд хууль зүйн зөв дүгнэлт хийх боломж бүрдэнэ. 

 

Хэрэг авагдсан баримтаар шүүгдэгч Н.Н болон амь хохирогч А.Б, гэрч Ц.Г нар нь хэрэг болдог өдөр шүүгдэгч Н.Н-н гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар амь хохирогч А.Б болон шүүгдэгч Н.Н нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсанаас тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогддог ба насанд хүрээгүй гэрч Б.Э-ийн “... аав ээж хоёр өрөөнөөс гарч ирээд том өрөөнд бие биенээ цохилцож нүдэлцээд байсан. Би өөрийн өрөөний хаалганы завсраар харж байхад ээж газарт унаад толгой хавиас нь цус гарсан ...” /1 дүгээр хавтаст хэргийн 128-130 хуудас/ гэх мэдүүлэг, гэрч Ц.Г-ийн “... тэгтэл толгойноос нь цус гарсан байсан.  Тэгэхээр нь би Б-ийн хүүхэд болох 10 настай Э-г дуудаад алчуур аваад ир, ээжийн чинь толгойноос цус гарсан байна гэж хэлсэн ...” /1 дүгээр хавтаст хэргийн 91-93 хуудас/ гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Н.Н нь 11 настай хүү Б.Э-г сэтгэл санааны хувьд хүндээр шаналгах гэмт сэдэл, санаа, зорилготой байсан гэж үзэхэд учир дутагдалтай юм.

           

Учир нь  шүүгдэгч Н.Н нь амь хохирогчийг ойр дотны хүний дэргэд хөнөөхөөр арга хэрэгслийг урьдчилан сонгож аваагүй, тухайн нөхцөл байдлыг зориудаар бүрдүүлж, бий болгосон зэрэг үйл баримт тогтоогдоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг “онц харгис хэрцгийгээр” алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай, шүүх хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг “онц харгис хэрцгийгээр” алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “онц хэрцгий арга”-аар алсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Ийнхүү хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж байгаатай уялдуулан, эрүүгийн хариуцлагыг оногдуулах нийтлэг үндэслэл, журмыг баримтлан шүүгдэгч Н.Н-т оногдуулсан 17 жилийн хугацаагаар хорих ялыг 14 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөх нь Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны зарчмын шаардлагад нийцнэ.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийг алах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог.

 

Шүүгдэгч Н.Н, амь хохирогч А.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хамтран амьдраад 15-16 жил болсон, тэдний дундаас 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Э төрсөн, шүүгдэгч нь амь хохирогчид байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дарамталж байсан талаарх хохирогч Э.Х, насанд хүрээгүй гэрч Б.Э, гэрч Ц.Г, гэрч А.С, гэрч А.Б, гэрч А.Б  нарын мэдүүлгээр, шүүгдэгч Н.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд 20 гаруй удаа шалгагдаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүн алах гэмт хэрэг хэрэг үйлдсэн хэмээн хүндрүүлэн зүйлчилсэн нь хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.  

 

Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн байнга буюу гурав, түүнээс дээш удаагийн давталтын шинж нь нэг удаагийн үйлдлээр үйлдэгдэх гэмт хэргийн, тухайлбал хүнийг алах гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх заалтын диспозитив нөхцөл болохгүй, өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн нэг гол шинж болох байнга үйлдэх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж биш юм. 

 

Гэр бүлийн хүчирхийллийн нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хор уршгийг шууд учруулж буй бол уг хор уршигт суурилан гэмт хэргийг зүйлчлэх нь зөв бөгөөд хүчирхийллийн тодорхой хэлбэр нь бие даасан гэмт хэрэг бус харин уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болдог онцлогтой.

 

4. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангажээ.

 

5. Шийтгэх тогтоол, магадлалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр зүйлчилснийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

6. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг дүгнэхдээ гэрч Э.Х-ны мэдүүлгийг насанд хүрээгүй гэрч Б.Э-ийн мэдүүлэгтэй холбон бичиж, хуудасны дугаарыг буруу дугаарласан зөрчил байгааг анхааруулж байна.  /1 дүгээр хавтаст хэрэг 19 хуудас/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 723 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Н-г   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэснийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Н-т 17 /арван долоо/-н жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Н-т 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж, 

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... 17 /арван долоо/-н жилийн ...” гэснийг “... 14 /арван дөрөв/ жилийн” гэж тус тус өөрчилсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

 

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                       

                                                                         Б.ЦОГТ

 

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН