Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 125/2019/0002/З |
Дугаар | 221/МА2019/0532 |
Огноо | 2019-10-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2019/0532
2019 оны 10 сарын 10 өдөр Дугаар 221/МА2019/0532 Улаанбаатар хот
Б.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 125/ШШ2019/0020 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу Б.Б-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 125/ШШ2019/0020 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар захирамжийн “Б.Б-ыг ажилд томилох тухай” Б/26 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон хэсгийг хүчингүй болгож, Б.Б-ын урьд эрхэлж байсан Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,
2 дахь заалтаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9112657 /есөн сая нэг зуун арван хоёр мянган зургаан зуун тавин долоо/ төгрөгийг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулж Б.Б-т олгож, Б.Б-ын ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Б.Б нь анх уг албан тушаалд томилогдохдоо хууль зөрчиж томилогдсон гэх үндэслэл үгүйсгэгдэж байна гэжээ. Б.Б-ыг анх Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар томилохдоо хууль зөрчиж томилсон байдаг. Учир нь З.Л нь Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажлаас халсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан тэр үед сонгон шалгаруулалтыг явуулсан байсан нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн байдаг.
Б.Б-ыг томилохдоо сонгон шалгаруулалт явуулахаас 2 сарын өмнө Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн урьдчилсан мэдүүлэг хянасан тухай албан бичгийг үндэслэн томилсон байдаг. Хариуцагчийн зүгээс Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 200 дугаартай захирамжийн дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргасан байдаг. Эдгээр нөхцөл байдлаас харахад хариуцагч хуулийн хүрээнд захирамж гаргасан байхад анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэж дүгнэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийнг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “... шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзэж байна.
Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2050 тоот албан бичгээр Б.Б-ын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн бөгөөд Авилгатай тэмцэх газраас 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 05/6575 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Б.Б-ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаад ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн хариу ирүүлжээ. Авилгатай тэмцэх газраас 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 05/6575 дугаартай албан бичгийг нэхэмжлэгч хуулбарлан гаргаж өгсөн байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа.
Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын сонгон шалгаруулалтыг 2017 оны 11 дүгээр сард явуулж Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр сонгон шалгаруулалтад Б.Б нь нэгдүгээрт гарсан гэж томилуулахаар дүгнэлт гаргасан байдаг. Энэхүү дүгнэлт нь илт хууль бус байсан болох нь сонгон шалгаруулалт болохоос 2 сарын өмнө уг албан тушаалд ажиллаж байгаагүй Б.Б-ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авилгатай тэмцэх газраар /2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 05/6575 дугаартай албан бичгээр хариу ирсэн/ хянуулсан байна.
Харин сонгон шалгаруулалт болсноос хойш Б.Б-ыг томилогдох хүртлэх хугацаанд 2017 оны 11 дүгээр сард Б.Б-ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан баримт байхгүй бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоогоогүй.
Энэ нь нэхэмжлэгч Б.Б-ыг хууль бусаар томилогдсон гэж үзэх нэг үндэслэлд хамаарч байхад энэ талаарх нотлох баримтыг цуглуулах бүрдүүлэх үүргээ анхан шатны шүүх хэрэгжүүлсэнгүй. Тиймээс нэхэмжлэгчийг хууль бусаар томилсон эсэх нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзах татгалзалтай хамааралтай.
Анхан шатны шүүхээс Б.Б нь анх уг албан тушаалд томилогдохдоо хууль зөрчиж томилогдсон гэх үндэслэл үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Сонгон шалгаруулалт зарлах үед үүрэг гүйцэтгэгчээр нэхэмжлэгч биш н.П ажиллаж байсан бөгөөд З.Л нь эргэж томилогдсон тохиолдолд сул орон тоо гарсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх З.Л-г тус байгууллагын даргын албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэх маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад сонгон шалгаруулалт зарласан бөгөөд З.Л нь шүүхийн шийдвэрээр эргэж томилогдоод ажил үүргээ гүйцэтгэж байсан.
Тиймээс энэхүү сонгон шалгаруулалтыг явуулах үндэслэлийн талаар Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн даргыг гэрчээр асуух шаардлагатай байсан. Тухайн албан тушаалд хууль бусаар томилогдсон гэх асуудал нь зөвхөн сонгон шалгаруулалтад нэгдүгээрт гарснаар бүрэн хүчин төгөлдөр болно гэж үзэхгүй. Энэ талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхээс бүрдүүлэх үүргээ биелүүлсэнгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д заасан шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна.
Б.Б нь хуульч мэргэжилтэй гэх бөгөөд хуульчаар болон хөдөө аж ахуйн салбарт ажилласан туршлага байхгүй. Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангахгүй байгаа. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын нэр хүндийг унагах, төрийн албан хаагчдын төрт итгэх итгэлийг алдагдуулсан тус байгууллагын удирдлагуудаар мэргэжлийн бус, түр орлон гүйцэтгэгч гэсэн томилгоо сүүлийн 3 жилд 6 удаа хийгдсэнтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэргэжлийн хүн ажиллуулах саналыг аймгийн Засаг даргад тавьж байсан.
Түүнчлэн, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг баримтлан өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль бус захирамжаа хүчингүй болгосон бөгөөд энэ захирамжаар З.Л-ийн хөндөгдсөн эрх ашиг сонирхлыг сэргээсэн нь нэхэмжлэгч Б.Б-ын эрхэнд шууд халдсан гэж үзэх үндэслэл биш юм.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг цуглуулаагүй, шүүх нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах үүргээ дутуу гүйцэтгэсэн хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Б нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцэж, Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар тогтоолоор нэр дэвшүүлсний дагуу Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.
Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар захирамжаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 200 дугаар захирамжийг үндэслэл болгон “З.Л-г ажлаас халах тухай” Б/25, “Б.Б-ыг ажилд томилох тухай” Б/26 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болсонд тооцжээ.
Төрийн жинхэнэ албан хаагч хуулиар тогтоосон нийтлэг үүргээ зөрчсөн, хориглосон үйл ажиллагаа явуулсан зэрэг үндэслэл тогтоогдсон тохиолдолд түүнийг төрийн албанаас халах, чөлөөлөх боломжтой байхаар Төрийн албаны тухай хуульд зохицуулжээ.
Нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгох үндэслэл болсон Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 200 дугаар захирамж нь З.Л-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан байх бөгөөд тус захирамжаар Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан З.Л-г ажлаас халсан Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/25 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн байна.
Гэтэл дээрх шүүгчийн захирамжийг үндэслэн нэхэмжлэгч Б.Б-ыг төрийн жинхэнэ албан хаагчаар томилсон тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “... төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно” гэж заасантай нийцээгүй байна.
Түүнчлэн, хариуцагч болон гуравдагч этгээдийн “Б.Б нь анх уг албан тушаалд томилогдохдоо хууль зөрчиж томилогдсон” гэх үндэслэлийг маргаан бүхий захиргааны актад заагаагүй, акт уг үндэслэлээр гараагүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 125/ШШ2019/0020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, гуравдагч этгээд Г.Г, түүний өмгөөлөгч М.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ