Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 398

 

 

 

 

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруугийн 7/1 тоотод орших Төрийн банк ХХК-ий /РД:5341469/ нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагийн 49а-01 тоотод оршин суух Балдан овгийн Төмөөгийн Жанчивсэмбэ /РД:АЮ71053112/, 
Хариуцагч: 1972 онд төрсөн, 11 дүгээр цэцэрлэгт туслах багш ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагийн 49а-01 тоотод оршин суух Төгс овгийн Төгсцогтын Бөхгэрэл /РД:АЮ72072964/ нарт холбогдох  
 Гэрээ дуусгавар болгох, гэрээний үүргийг биелүүлүүлж 4.015.170 төгрөгийн зээл төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  
    Шүүх хуралдаанд: хариуцагч Т.Бөхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд зээлдэгч Т.Жанчивсэмбэ, Т.Бөхгэрэл нь зээлийн гэрээний 5.1.1, 5.1.2-д заасан ноцтой зөрчлийг гаргаж зээлийн гэрээний хугацааг удаа дараа зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, зээл төлөхөөс зайлсхийж байгаа тул зээлийн гэрээний 5.2-т заасныг үндэслэн зээл болох төлбөр 3.701.595 /гурван сая долоон зуун нэг мянга таван зуун ерэн тав/ төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 310.575 /гурван зуун арван мянга таван зуун далан тав/ төгрөг, нотариатын зардал 3.000 /гурван мянга/ төгрөг, нийт 4.015.170 /дөрвөн сая арван таван мянга нэг зуун дал/ төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Бөхгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкны өөрийн өрхийн хэрэгцээндээ 5.500.000 төгрөгийн зээл авсан. Нөхөр болох Жанчивсэмбээг 2012 оны 09 сарын 14-нд ГХБХБГазраас орон тооны цомхотголд оруулсан боловч зээлээ төлж явдаг байсан. Гэтэл Бөхгэрэл миний бие нь 2016 оны 1 сард бөөрний хүнд хэлбэрийн хагалгаанд орж санхүүгийн байдал хүндэрч зээлээ хийж чадахгүй болсон нь үнэн. Миний бие үргэлжлүүлэн эмчилгээнд явж байгаа тул санхүүгийн байдал хүнд байна. Иймд энэхүү банкны нэхэмжлэлтэй 4.015.170 төгрөгөөс 200.000 төгрөг хийсэн. Үлдэгдэл болох 3.815.170 төгрөгийг 2017 оны 9 сар гэхэд бололцоо боломжоороо хийж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Бадамханд шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 09 сард зээлээ бололцоо боломжоороо хийж барагдуулна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүх хурлыг зарлаж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Т.Бөхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төрийн банкны ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 4.015.170 төгрөгийг төлөхийг болон зээлийн гэрээг дуусгавар болгохыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны ХХК нь хариуцагч Т.Жанчивсэмбэ, Т.Бөхгэрэл нараас гэрээ дуусгавар болгох, зээл 4.015.170 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Бөхгэрэл  нь  нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ий нэхэмжилсэн гэрээ дуусгавар болгох, зээл 4.015.170 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. 
    Хариуцагч Т.Жанчивсэмбэ 2016 оны 06 сарын 28-ны өдрийн итгэмжлэлээр хариуцагч Т.Бөхгэрэлд өөрийгөө төлөөлүүлэх бүрэн эрхийг олгосон байх тул Т.Бөхгэрэл нь Т.Жанчивсэмбийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй.
 Хариуцагч Т.Бөхгэрэл нь нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргаагүй бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Бадамхандад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч Д.Бадамханд нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагч нь хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 
ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5-д зааснаар Төрийн банк ХХК-ий гэрээ дуусгавар болгох, зээл 4.015.170 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Т.Жанчивсэмбэ, Т.Бөхгэрэл нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 79.193 төгрөгөөс 39.596 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Т.Жанчивсэмбэ, Т.Бөхгэрэл нараас 39.596 төгрөг, орон нутгийн орлогоос 39.596 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.
3. Хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА