Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
Хэргийн индекс | 130/2024/00043/И |
Дугаар | 212/МА2024/00049 |
Огноо | 2024-05-28 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 212/МА2024/00049
Т.Д-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2024/00262 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***** багт оршин суудаг, “Х”-ийн ахлагч, Ө овогт Т-ийн Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын Газар (дарга Х.Б)-т холбогдох,
“Гэрээт ажил гүйцэтгэх явцад гэрээнд зааснаас нэмэгдсэн зардал, хөлс 6.443.100 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгч Т.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагчийн төлөөлөгч Х.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Миний бие малын эмчээр 33 дахь жилдээ ажиллаж байгаа малын бага эмч мэргэжилтэй хүн. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбоотойгоор мал эмнэлгийн бүх ажил үйлчилгээ цахимд шилжиж, бүх үйлчилгээ цахимд орох болсон. Гэтэл манай багийн хэмжээнд мал угаалгын стандартын шаардлага хангасан хашаа ванн байхгүйгээс малын угаалга хийгдэхгүй байсан.
1.2. Үүнтэй холбоотойгоор миний бие 2022 оны 4 дүгээр сард Буянт сумын 1 дүгээр багийн нутаг Хойд худагт баригдах мал угаалгын ванн барилгын ажлын төслийг 19,490,000 төгрөгөөр хийж, зардлыг нь малын хөлийн татвараас гаргуулахаар сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн.
1.3. Сумын Засаг даргын тамгын газраас миний төслийг сумын ИТХ-ын хуралдаанд оруулсны дагуу Буянт сумын ИТХ-ын хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хөрөнгө зарцуулахыг зөвшөөрөх тухай 01 дугаартай тогтоолоор 1 дүгээр багт мал угаалгын ванн шинээр барихад 13,047,600 төгрөгийг малын тоо толгойн албан татвараас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.
1.4. Миний бие дээрх шийдвэр гарсны дараа 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мал угаалгын ванн барих төсөлд хамтран оролцох “Х” нэртэй бүлэг байгуулж холбогдох материалыг нь сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн.
1.5. Сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Б бид хоёр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөх эрэг багийн Хойд судагт мал угаалгын ванн барих 10 дугаартай ажлын гэрээ байгуулсан. Тухайн үед ажлын гэрээг сумын ИТХ-аас шийдвэрлэсний дагуу 13,047,600 төгрөгөөр хийсэн ба ажлыг батлагдсан төсвийн хүрээнд хийх, илүү зардал гарсан тохиолдолд жич нэхэмжлэхээр амаар тохиролцсон. Гэрээ ёсоор ажлыг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эхэлж, 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгахаар тохиролцсон.
1.6. Гэрээний дагуу урьдчилгаа 10,438,080 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлж өгсөн. Би урьдчилгаа мөнгийг авсны дараа ванн барих ажлыг эхэлсэн боловч хугацаандаа дуусгаж чадаагүй. Учир нь, өвлийн улирал эхэлж, газрын хөрс хөлдсөн учир газар шорооны ажил хийхэд хүндрэлтэй болсон. Мөн сумын байгаль орчны байцаагчаас голын эрэг дагуу барьж болохгүй гэж хориглосон учир дахин өөр газарт газар шорооны ажил хийх болсон.
1.7. Дээрх шалтгаануудаас болж бид үндсэн ажлын 90 орчим хувийг хийж гүйцэтгээд ажлаа зогсоож, үлдсэн ажлыг намар хийж гүйцэтгээд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр барилга, байгууламжийг хүлээн авч ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсөн.
1.8. Миний бие анх Тамгын газрын хамт олонд төсөв бичиж өгөхдөө 19,490,000 төгрөгийн төсөлтэй төсөв бичиж өгсөн. Надад зөвхөн цугларсан татварын хэмжээнд гэж 13,000,000 гаруй төгрөг өгсөн. Тэгээд би уг 13,000,000 төгрөг тухайн төсвийн ажлыг хийж гүйцэтгэхэд хүрэлцэхгүй гэдгийг Тамгын газарт хэлсэн. Гэхдээ тэд нар “чи ажлаа зогсоохгүй хийж байгаарай, бид үлдсэн мөнгөө өгнө” хэмээн хэлдэг байсан. Тухайн төслийн ажлыг би хийж байх явцад Тамгын газрын дарга ч төлөөлөгч нар ч ирээд хянаж үзээд явдаг байсан.
1.9. Миний хүргүүлсэн 19,490,000 төгрөгийн дотор ус татах мотор, нэг тонн усны сав болон нэмж бариулсан хашаа зэрэг ороогүй байсан. Харин төлөөлөгч нар нь уг мөнгийг өгнө гэсэн учраас өгөх байх гэж бодсон. Гэхдээ надад мөнгө өгнө гэж хэлсээр байгаад сүүлд өгөх боломжгүй гэдгийг хэлсэн. Тийм учраас шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд орсон. Би өөрийн хийх ёстой ажлаа бүрэн хийсэн. Түүнийг Тамгын газарт журмын дагуу хүлээлгэж өгсөн. Одоо би өөрийн хувиасаа гаргаад илүү хийсэн ажлын мөнгийг авах хүсэлттэй. Би намын үзэл бодлоосоо болж хохирч байгаа гэж боддог.
1.10. Миний бие дээрх ажлыг нийтдээ 19,490,700 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн ба гэрээт ажил гүйцэтгэх явцад дутсан ажлын хөлс нийт 6,443,100 төгрөгийг шийдэж өгөхийг хүсэж сумын Засаг даргын Тамгын газрын даргад өргөдөл гаргасан. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/131 дугаартай албан бичгээр ажил гүйцэтгэх явцад дутсан болон хүрээгүй төсвийг нэмж өгөх эрх, төсөв Засаг даргын Тамгын газарт байхгүй гэсэн хариу өгсөн.
1.11. Мөн сумын ИТХ-ын даргад дутуу санхүүжилтийг баталж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан боловч 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/17 дугаартай албан бичгээр таны гаргасан хүсэлтийг 2023 оны 12 дугаар сарын 13-нд болсон сумын ИТХ-ын ээлжит VIII хуралдаанд оруулан нэг бүрчлэн танилцуулсан боловч төлөөлөгчдийн олонх дэмжээгүй тул хөрөнгө нэмж шийдвэрлэх боломжгүй болно гэсэн хариу өгсөн.
1.12. Миний бие тухайн ажлыг хийж гүйцэтгэхдээ мөнгө хүрэлцээгүй учир 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төрийн банкны Буянт салбараас 15,000,000 төгрөгийн зээл авч хийж гүйцэтгэсэн бөгөөд одоо хүртэл зээлээ төлж дуусаагүй байна.
1.13. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т “Хэрэв санал зөрөлдсөнийг хэлэлцэн шийдвэрлэж чадахгүй бол хууль тогтоомжид заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу эрх ашгаа хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна.
1.14. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Тамгын газраас гэрээт ажил гүйцэтгэх явцад дутсан ажлын хөлс нийт 6,443,100 төгрөг гаргуулан өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2022 оны 01 дүгээр тогтоолоор сумын малын хөлийн татвар орлогоос 1 дүгээр багийн газар нутаг Хойд судаг гэх газарт мал угаалгын ванн шинээр барихаар 13,047,600 төгрөг баталсан. Уг батлагдсан төсөл арга хэмжээний хүрээнд Засаг даргын Тамгын газар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ хийж ажилладаг хууль журамтай. (ТБОНӨБАҮХАТ хууль, орон нутгийн хөгжлийн журам)
2.2. Хойд судагт мал угаалгын ванн барих төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр үнийн санал авах зар нийтэд гаргаснаар иргэн, малын эмч Т.Д- мал угаалгын ванн барих саналаа ирүүлсэн байсан. Т.Д- нь “Х” нэртэй бүлэг байгуулж олон нийтийн оролцоогоор хийхээр саналаа ирүүлснийг захиалагчийн зүгээс хүлээн зөвшөөрч, 2022 оны 10 дугаар сарын 18-нд Хөх эрэг багийн Хойд судагт мал угаалгын ванн барих гэрээ байгуулж, санхүүжилтийн 80% буюу 10438080 төгрөг олгосон.
2.3. Тухайн үед ганц Т.Д- гэрээ хийгдээгүй мал угаалгын 3 ванны засвар үйлчилгээ, шинээр барих ажил байсан учир 3 гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан.
2.4. Иргэн Т.Д- нь 2022 онд ажлаа дуусган хүлээлгэж өгөөгүй бөгөөд он дамжуулж 2023 оны 10 дугаар сарын 25-нд хүлээлгэн өгсөн. Захиалагчийн зүгээс тухайн үед удаа дараа шаардлага тавьж, мэдэгдэх хуудас хүртэл хүргүүлж байлаа.
2.5. Захиалагч Засаг даргын Тамгын газар нь батлагдсан төсвийн хүрээнд төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх, хууль журмын дагуу хяналт тавьж, хүлээж авах, орон нутгийн өмчид бүртгэх үүрэг бүхий байгууллага юм.
2.6. Уг байгууллага нь төсөв хөрөнгө баталдаггүй, нэмэлт өөрчлөлт хийдэггүй, хүрээгүй төсөлд нэмж төсөв баталдаг байгууллага биш. Хойд судагт баригдсан мал угаалгын ванн баригдаж дуусахад бид 13047600 төгрөгийн ажлаа хүлээж авсан болно.
2.7.Тухайн үед батлагдсан хөрөнгөнөөс илүү гарсан, эсвэл дутсан зэрэг 2 талаас ямар нэгэн байдлаар тооцоо гаргаж хэн хэн нь хүлээн зөвшөөрсөн асуудал байхгүй.
2.8. Нэхэмжлэгчийн төсөлд бичигдсэн тэр малын ванн нь маш чухал хэрэгцээтэй зүйл байсан. Нэхэмжлэгч тэр ванныг байгуулъя гэж өчнөөн жил явсан. Нэхэмжлэгч өөрөө малын эмч учраас тэр талын асуудлыг маш сайн мэдэж байгаа. Т.Д- нь өөрөө малын эмч учраас тухайн газарт малаа тарина, малаа угаана.
2.9. Мөн манай суманд бод малыг тарих гэж хүндрэлтэй ажил байдаг байсан. Тэрийг нэхэмжлэгчийн зүгээс үгүй болгож мал тарих хашаа барьсан байна. Тэр нь угаасаа гэрээнд байгаагүй ажил юм. Бид нарын зүгээс гэрээний дагуу ажил гүйцэтгэх үүрэгтэй. Бид нарт нэхэмжлэгчид өгөх илүү төсөвт тусгагдан мөнгө байхгүй. Бид нарын зүгээс эхний байдлаар байгаа мөнгийг шилжүүлсэн. Бүх зүйл гэрээний үндсэн дээр явагдах ёстой.
2.10. Нэхэмжлэгч тухайн төсвийг хэрэгжүүлэх явцад трактор авч ирээд ажиллуулж, их хөрөнгө зарцуулсан ажил хийсэн нь үнэн. Улмаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж дуусгасан ажлыг бүрэлдэхүүнээрээ очиж хүлээж авсан. Түүний хийсэн ажил дээр ямар нэгэн асуудал гараагүй. Ажил явагдаж байх явцад төлөөлөгч нарын зүгээс ч олон удаа очиж хянаж байсан байна.
2.11. Бод малыг тарих төхөөрөмжийг нэхэмжлэгчийн зүгээс өөрөө санаачлан хийсэн. Түүний хийсэн ажлыг бид нарын зүгээс үгүйсгэх боломжгүй. Мөн тэр газар шорооны ажил дээр техник ажиллуулж байгаа учраас түүний шатахуун, жолоочийн хөлс гээд их хэмжээний зардал гарсан байх.
2.12. Бас тэр ус гаргах насос, усны сав гэдэг зүйлүүд гарцаагүй шаардлагатай төхөөрөмжүүд юм. Түүнийг нэхэмжлэгч бас хувиасаа худалдаж авсан байна. Тэр бид нарын гэрээнд ороогүй, энэ бол зүгээр нэмэлт төхөөрөмжүүд.
2.13. Нэхэмжлэгчийн хуралд гаргасан өргөдөл гомдлыг зарим төлөөлөгч нар хэлэлцэхийг хүсэж дэмжсэн боловч олонхын санал авч чадаагүй болно. Манай Тамгын газарт илүү гаргах төсвийн мөнгө байхгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй байна. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд тэр төсөлд асар их хэмжээний хөдөлмөр зарцуулсан нь үнэн.
2.14. Бид нарын зүгээс зөвхөн гэрээний хүрээнд л ажил хийгдэх ёстой гэж үзэж байгаа. Миний зүгээс 6 сарын чуулган дээр нэхэмжлэгчийн материалыг албан ёсоор аваачаад хурал дээр танилцуулсан. Тэнд ямар ажил хийх ёстой байсан, ямар ажил илүү санаачилгаар хийсэн гэдгийг би дэлгэрэнгүй хэлж танилцуулсан байгаа.
2.15. Мөн нэхэмжлэгч эхний ажлаа эхлүүлсэн газарт тухайн ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болоод дараа нь дахин өөр газарт хийсэн үйл баримт бас байгаа. Тийм учраас ч усны сав болон насос хэрэгтэй болсон байдаг. Зарим төлөөлөгч нар нь тэр илүү ажил, гэрээнд заасны дагуу хийгдэх ёстой гэдэг байдлаар тайлбар гаргасан учраас тэр асуудал хэлэлцэгдээгүй.
2.16. Би тухайн үед ядаж насос болон ус зөөх савны мөнгийг гаргаад өгөхийг ч санал болгосон. Гэхдээ тухайн үед төлөөлөгч нарын ихэнх нь дэмжээгүй учраас түүнтэй холбоотой төсөвт мөнгө батлагдаагүй. Одоо бид нарт нэхэмжлэгчийн мөнгийг төлөх илүү мөнгө байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөнгийг төлөх боломжгүй байна.
2.17. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан 6443100 төгрөгийг хариуцахгүй, иргэн Т.Д-ийн Буянт сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2024/00262 дугаар шийдвэрээр:
3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2-ыг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын Газраас гэрээт ажил гүйцэтгэх явцад дутсан ажлын хөлс нийт 6,443,100 (зургаан сая дөрвөн зуун дөчин гурван мянга нэг зуун) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Д-ид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118040 (нэг зуун арван найман мянга дөчин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газраас 118040 (нэг зуун арван найман мянга дөчин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Д-ид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч нь 2022 онд тус сумын Хөх эрэг багийн газар нутагт мал угаалгын ванн барих төслийн ажил гүйцэтгэхээр гэрээ хийсэн.Уг мал угаалгын ванны төсөл, хөрөнгө оруулалт нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор малын хөлийн татварын орлогын эх үүсвэрээр 13,047,600 төгрөгийн өртгөөр баригдахаар шийдвэрлэгдсэн төсөл, арга хэмжээ байсан.
4.2. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг Засаг даргын Тамгын газар Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Орон нутгийн хөгжлийн сангийн холбогдох журмын дагуу бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажилладаг.
4.3. Хөх эрэг багийн мал угаалгын ванны хувьд ч гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, Т.Д-оор ахлуулсан “Х” бүлэгтэй гэрээ хийж ажилласан. Гүйцэтгэгч Т.Д- нь сумын ИТХ-аас баталсан мөнгөн дүн буюу 13,047,600 төгрөгөөр мал угаалгын ванн барихаар харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрч гэрээ хийж ажил гүйцэтгэсэн. Уг ванны ажлыг он дамжуулж, 2023 оны 10 дугаар сард жилийн дараа ашиглалтад хүлээлгэн өгсөн. Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг очиж ажил гүйцэтгэх гэрээ, зураг төсвийн дагуу 13,047,600 төгрөгийн үнийн дүн бүхий ажил хүлээж авч, ванныг ашиглалтад оруулсан. Гэтэл нэхэмжлэгч Т.Д- илүү мөнгөн зарцуулж 19 сая гаруй төгрөгөөр гүйцэтгэсэн тухай, түүний зөрүү мөнгө нэхэмжилж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Иргэний хэргийн анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
4.4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 130/ШШ2024/00262 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д Т.Д- нь ЗДТГ-ын дарга Х.Б-тай амаар харилцан тохиролцсон, ажил дууссаны дараа зөрүү мөнгийг гаргаж өгнө гэсэн мэтээр худал мэдүүлэг, тайлбар гаргаж үндэслэсэн байна.
4.5. Х.Б миний хувьд бичгээр хийсэн гэрээтэй ажил дээр амаар тохиролцох шаардлага үндэслэл байхгүй болно. Мөн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа “сум орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, хөтөлбөр арга хэмжээг баталдаг эрх нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байдаг. ЗДТГ нь дутсан төсөв гүйцээж өгдөг, нэмж хөрөнгө шийдвэрлэдэг, нэмэлт өөрчлөлт хийдэг байгууллага биш бөгөөд тийм эрх хэмжээ байхгүй гэдгээ дурдаж байсан.
Нэхэмжлэгч Т.Д- нь аймгийн Байгаль Орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн Хянан баталгааны дүгнэлт, нөлөөлөх байдлын үнэлгээ гарсан газарт анх ажил хийгээгүй, 2км хол усны хажууд аваачиж, өөр газар ухаж бэлтгэсэн. Уг газрыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч албан шаардлага өгч зогсоох арга хэмжээ авсан. Энэ ажилд гарсан зардал нь Т.Д-ийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн илүү зардал тул өөрөө хариуцах ёстой.
Мөн Т.Д- усны насос мотопомп, ус зөөх сав худалдан авсан нь энэ төсөлд хамааралгүй бөгөөд өөрөө дур мэдэн худалдан авсан бараа, тоног төхөөрөмжийг бид хариуцахгүй, энэ нь мал угаалгын ванн барих төслийн нэг хэсэг гэж тооцох үндэслэл байхгүй болно.
4.6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ шударга ёсны зарчмаар шийдвэрлээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
4.7. Сумын ИТХ-аас төсөв хөрөнгө баталсан, батлагдсан төсвийн дагуу гэрээ хийж ажил хүлээж авсан зэрэг нь тодорхой, ойлгомжтой асуудал гэж үзэж байна. Иймд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2024/00262 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Миний бие Т.Д- тус суманд малын эмчээр 33 жил ажилласан. 2022 онд бензин түлшний үнэ 2500 төгрөгтэй байхад төсөв бичиж өгсөн. Тухайн хөрөнгөөр тус багаас цугларсан малын татварын хэмжээ 18.755.600 төгрөг байсан. 2022 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус оны 6 дугаар сард төсвийг баталж өгөхийг хүсэхэд баталж өгөөгүй. Тус сумын 80 жилийн ойн баяр болж байгаатай холбоотой гээд төсвийг баталж өгөөгүй. Дараа нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр баталж өгсөн. Тухайн үед Х.Б даргаас уг төсвийн мөнгөний талаар асууж байсан. Уг төсвийг баталж өгсний дараа Засаг дарга намайг 5 удаа суманд дуудаж байсан.
5.2. Төсвийг оройтож өгснөөс болж миний ажил бас хойшлогдсон. Газар хөлдсөн, блокоор барих төлөвлөгөө маань өөрчлөгдсөн. Би угаалгын ванныг лист төмрөөр гагнуулж хийлгэж ирсэн. Трактор түрээсэлж аваад их мөнгө төлсөн. Хуулиараа шийдэж өгөхийг хүсэж байна.
5.3. Зээл авч хийсэн. Үүнээс болж эхнэр нөхөр хоёрын хооронд маргаан үүсэж байна. 19.490.000 төгрөг бичиж өгсөн. Тухайн үед бензин түлшний мөнгө 2500 төгрөгтэй байсан. Шатахууны үнэ ханшнаас илүү их ажил хийсэн. Ус, голын эргээс зайтай газар барьсан. Мотор, ёнкос зэрэг зүйлс авсан. Малын хашааг дахин нэмж барьсан. Төлөөлөгч нар нь ийм ажил хийнэ, батлаад өгнө гэж хэлчхээд төсвөө багаар шийддэг атлаа олонхын саналаар шийддэг юм байна. Батлах үед зарим нь зөвшөөрч, зарим нь зөвшөөрдөггүй юм байна. Тэгээд би сүүлд нь шүүхэд хандсан.
ХЯНАВАЛ:
6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу талуудаас цугларсан нотлох баримтаар “Х бүлэг” болон Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын хооронд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөх эрэг багийн Хойд судагт мал угаалгын ванн барих 10 дугаартай, 13.047.600 төгрөгийн өртөгтэй ажлын гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл дуусгахаар байгуулсан, энэ хугацаанд гүйцэтгэгч нь Буянт сумын Хөх эрэг багийн Хойд судагт мал угаалгын ванн барих, харин захиалагч нь гэрээний санхүүжилтийг урьдчилгаа 80 хувь, ажил хүлээлгэж өгсний дараа 20 хувийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.
8. Анхан шатны шүүхийн Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газар (захиалагч), нөгөө талаас нэхэмжлэгч “Х бүлэг” (гүйцэтгэгч) харилцан тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 10 дугаартай Хөх эрэг багийн хойд судагт мал угаалгын ванн барих ажлын гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байна гэж дүгнэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч (ажил гүйцэтгэгч) нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, хариуцагч (захиалагч) нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
9. Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 10 дугаартай гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай “Барилга, байгууламж хүлээн авч ашиглалтад оруулах комиссын акт” зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Т.Д- нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 10 дугаартай Хөх эрэг багийн хойд судагт мал угаалгын ванн барих ажлыг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эхэлж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай Барилга, байгууламж хүлээн авч ашиглалтад оруулах комиссын актаар ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон, тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ “...сумын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулан, тухайн ажлыг сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлаас шийдвэрлэсний дагуу 13.047.600 төгрөгөөр хийсэн ба ажлыг батлагдсан төсвийн хүрээнд хийх, илүү зардал гарсан тохиолдолд жич нэхэмжлэхээр амаар тохиролцсон. Миний бие анх Тамгын газрын хамт олонд төсөв бичиж өгөхдөө 19,490,000 төгрөгийн төсөлтэй төсөв бичиж өгсөн. Надад зөвхөн цугларсан татварын хэмжээнд гэж 13.000.000 гаруй төгрөг өгсөн ба энэ нь тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд хүрэлцэхгүй гэдгийг Тамгын газарт хэлэхэд ажлаа зогсоохгүй хийж байгаарай бид үлдсэн мөнгөө өгнө хэмээн хэлдэг байсан боловч өөрийн хувиасаа гаргаад илүү хийсэн ажлын мөнгийг авч чадаагүй” гэж тайлбарласан бол хариуцагч үүнийг эс зөвшөөрч “ажлаа гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүй. Захиалагчаас тухайн үед удаа дараа шаардлага тавьж, мэдэгдэх хуудас хүртэл хүргүүлж байсан. Захиалагч Засаг даргын Тамгын газар нь батлагдсан төсвийн хүрээнд төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх, хууль журмын дагуу хяналт тавьж, хүлээж авах, орон нутгийн өмчид бүртгэх үүрэг бүхий байгууллага болохоос төсөв хөрөнгө баталдаггүй, нэмэлт өөрчлөлт хийдэггүй, нэмж төсөв баталдаг байгууллага биш. Хойд судагт баригдсан мал угаалгын ванн баригдаж дуусахад бид 13.047.600 төгрөгийн ажлаа хүлээж авсан болно. Манай Тамгын газарт илүү гаргах төсвийн мөнгө байхгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй байна” гэж маргажээ.
10. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсгийг хэргийн үйл баримтад хэрэглэж, “гэрээт ажил гүйцэтгэх явцад дутсан ажлын хөлсийг хэрхэн төлөх талаар тохиролцоогүй боловч нэхэмжлэгч (гүйцэтгэгч)-ийн гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан хариуцагч (захиалагч) Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч (гүйцэтгэгч)-д гэрээт ажил гүйцэтгэх явцад дутсан ажлын хөлсийг төлөх үүрэгтэй” гэж хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, хуулийн дээрх зүйл, заалтад заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй байхад маргааны үйл баримтад хуулийн уг заалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаатай дүгнэлт болжээ.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Хариуцагч (захиалагч) Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн, илүү зардал гарсан гэх ажлын хөлс 6.443.100 төгрөгийн ажлын төсвийг төсөвт суулгаж өгөөгүй, Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас энэ талаарх санхүүжилтийг шийдвэрлэж байгаагүй, ажлыг гүйцэтгэх явцад зайлшгүй ажлын шаардлагын улмаас зардал, төсөв нэмэгдсэн талаар талууд акт үйлдэж, харилцан тохиролцоогүй, мөн талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 10 дугаартай Хөх эрэг багийн хойд судагт мал угаалгын ванн барих ажлын гэрээнд ажил гүйцэтгэсний хөлсийг урьдчилж тодорхой тусгасан буюу тохиролцсон байхад анхан шатны шүүх маргааны үйл баримтад Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсгийг хэрэглэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
12. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлд ажил гүйцэтгэгчид төлөх хөлсний талаар зохицуулсан бөгөөд талууд ажил гүйцэтгэсний хөлсний талаар тохиролцоогүй тохиолдолд шүүх ажил гүйцэтгэгчийн шаардлагаар гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргийг үндэслэж, тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалтыг баримтлан, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож ажил гүйцэтгүүлэгч буюу захиалагчид хөлс төлүүлэх талаар мөн зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулсан ба хэрэгт цугларсан нотлох баримтаар үүнтэй холбоотой үйл баримт тогтоогдоогүй тул мөн зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг талуудын гэрээнд зааснаар тохиролцож, хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь ажил гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй. Харин уг үүргээ хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газар биелүүлсэн ба энэ нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №10 дугаартай Хөх эрэг багийн хойд судагт мал угаалгын ванн барих ажлын гэрээгээр ванн барих ажлын нийт дүнг 13.047.600 төгрөгөөр тохиролцсон нь мөн гэрээний 1.2 дахь заалтаар нотлогджээ.
13. Талууд гэрээндээ ирээдүйд зайлшгүй гарах зардлыг нэмж тооцох талаар тухайлан тохиролцоогүй, энэ талаар заалт гэрээнд байхгүй, гэрээний үнэ буюу гүйцэтгэсэн ажлын хөлсний талаар тодорхой тусгасан байхад шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй учраас хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
14. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,040 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2024/00262 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтыг баримталж нэхэмжлэгч Т.Д-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан 6.443.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,040 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Д.КӨБЕШ