Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 285

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ийн Бд холбогдох эрүүгийн 19100 0426 0158 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дайчдын хөшөө 1-23 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 208А тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, Б овогт Н-ийн Б /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Н.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн орчимд 2019 оны 02 дугаар сарын 06-ны шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Б-тай маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                         

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож, “өөрөө өөрийгөө өмгөөлнө” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг шүүх хангасан болохыг, мөн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04 сарын 11-ний өдрийн 698 дугаартай захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 заалт болон мөн зүйлийн 7 дахь хэсэгт заасан журмын дагуу түүнд холбогдох эрүүгийн 1910 0042 60158 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулахаар тогтож шийдвэрлэснийг тус тус тэмдэглэв.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн учир шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Би 2017 оны 09 дүгээр сараас “Оюу толгой” ХХК-д ажиллаж байгаад 6 сарын хугацаагаар чөлөө авсан бөгөөд 2019 оны 05 дугаар сард ажилдаа орно. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, надад маргах зүйл байхгүй. Улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.

Хэрэг гарсан тухайн үед Урсгалсайхан, Б бид 3 хамт 1 шил архи уусан. Тэгээд Б таксины хүнтэй маргалдах гээд байхаар нь би “битгий маргалд” гэж хэлэхэд надад уурласан. Бид хоёр зууралдаад барилцсан байхад шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан гэмтлүүд учирсан байх. Би хохирогчийг гараараа 3 удаа цохиж, биед нь гэмтэл учруулсан. Одоо түүний биеийн байдал хэвийн байгаа, би эмчилгээний зардалд нэхэмжилсэн 234.000 төгрөгийг төлсөн. Одоо бид хоёр найз нөхдийн харилцаатай холбоотой байгаа. Би буруу зүйл хийснээ ойлгож, харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0426 0158 дугаартай хэргээс:

 

1. “Хэрэг гарсан гэх ХУД-ийн 11-р хороо, Дайчдын хөшөө 1-36б тоот хашааны гадна үзлэг хийсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 04-07х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Б-гийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 02 сарын 06-ны шөнө 00 цагийн орчимд танил Б өөрийн 94117120 дугаарын утаснаас миний 80803238 дугаарын утас руу залгаж “байрныхаа голд гараад ир, уулзмаар байна” гэж хэлэхээр нь би “за за” гэж хэлээд гараад очиход цагаан өнгийн Приус 20 маркийн автомашин байсан /улсыг дугаарыг нь би сайн мэдэхгүй байна/ ба дотор нь Б, Б-ын хамаатны найз Урсгалсайхан нар сууж байсан. Тэгээд өнөөдөр “цагаан сарын баяр, шинийн нэгэн болж байгаа учир архи ууя аа” гэж хэлээд ARKHI гэсэн бичигтэй 0.75 литрийн архийг гурвуулаа хувааж уугаад дуусгасан. Архиа ууж байхад Б “үерхэж байсан охин нь хүүхдийг нь авахуулсан байна” гэж яриад жоохон бухимдуу байгаа нь анзаарагдсан. Мөн манай дүү Амарсанаатай өнгөрсөн зун зодолдож байсан түүхээ яриад “та нар удам үеээрээ дийлэхгүй, барахгүй” гэж надтай маргалдаад байхаар нь “та хоёрын асуудал надад хамаагүй ээ” гээд машинаас буухад араас Б бууж ирээд “чи байж бай” гэж хэлээд миний дээлний баруун мөрний хэсгээс татаад хавсарч унагаахад би баруун мөрөө дараад унасан ба Б нь миний нүүр хэсэг рүү баруун зүүн хөлөөрөө 5 орчим удаа өшиглөж, баруун, зүүн гараараа миний мөн нүүр хэсэг рүү 5-6 орчим удаа /би яг хэдэн удаа цохиж, өшиглөснийг нь сайн мэдэхгүй байна/ цохисон.

Тэрнээс хойш би юу ч санахгүй байна. Нэг мэдэхэд би машины арын суудал дээр цусандаа холилдчихсон, өмсөж явсан дээл маань урагдсан байдалтай сууж байсан. Тэгээд тэд нар надад шанагатай ус өгөөд би нүүрээ угааж, гэртээ орсон. Би Баттулгыг хэл амаар доромжилсон зүйл байхгүй, Б нь манай дүү Амарсанаатай өс хонзонгийн асуудалтай гэж бодож байна. Тэгээд надаас өшөөгөө авсан байх. Би Баттулгыг 2001 оноос хойш мэднэ, Зайсангийн зүүн талын хэсэгт ойрхон амьдардаг учраас ер нь сайн мэддэг. Өөрийгөө “би Зайсангийн атаман” гэж ярьдаг. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ширүүн, агсамдуу талдаа хүн байгаа. Тухайн үед Урсгалсайхан хамт байсан ба болсон асуудлыг харсан. Б бид хоёр хоёулаа биеэ авч явж чадах хэмжээний согтолттой байсан юм.

Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, дүгнэлттэй холбогдуулан хэлэх зүйл байхгүй. Миний нүдний дотор хана хугарсан, одоо өвдөлт байхгүй. Би эмчилгээний зардлын баримтыг хүлээлгэн өгсөн байгаа. Үүнийг төлж барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй. Уг баримтуудын дунд Орбита нүдний эмнэлгийн нүдний мэс заслын төлбөрийн баримт байсан ба би уг мэс засалд орохгүй учраас энэ баримт нь хүчингүй болно.

...Эмчилгээний зардал болон шинжилгээ, эм тарианы зардалд 224.500 төгрөг нэхэмжилж баримтаа өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х, 19-20х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Урсгалсайханы гэрчээр өгсөн:

“...2019 оны 02 сарын 06-ны өдрийн 01:00 цагийн үед үеэл Б /94117120/ утасдаж “хөгшөөн гараад ирээч, ганц шил архи хуваагаад уух уу” гэхээр нь би 0.75 литрийн Хар экспорт нэртэй архи гэрээсээ авч гараад Б бид хоёр Зайсан толгойд байрлах манай хашаанд очиж, Бг Б дуудахад Б нь 3 минутын дараа гараад ирсэн. Бид гурав архиа хувааж ууж дуусаад “Элкс” хүнсний дэлгүүрээс 2.5 литрийн савалгаатай Нийслэл нэртэй хоёр пиво авч ууж байхад над руу хамаатны ах утсаар ярихаар нь би машинаас буусан. Тэр хойгуур Б, Б хоёр хоорондоо гэнэт “чулуу шидлээ, чи яагаад чулуу шидэж байгаа юм” гээд зодолдоод эхлэхээр нь би гүйж очоод салгаад ... Бг гэрт нь хүргэж өгсөн.

...Бгийн зүүн талын нүд хавдсан, хамраас нь цус гарчихсан байсан. Харин Б-ын зүүн талын хацар нь хавдаад урагдчихсан байсан. Үүний дараа машиндаа суухад дахин хэрүүл маргаан үүсээгүй, учир зүйгээ ололцоод Бг гэрт нь хүргэж өгсөн. Би Бтай жилд нэг л удаа уулздаг, фейсбүүк хаягаар хоорондоо мэнд солилцдог. Б нь манай нагац ахын хүүхэд байгаа юм, 2-3 сард нэг л удаа уулздаг найзууд байгаа юм. ...Тухайн үед Бг “таксинаас буухгүй байна” гэсэн шалтгаанаас болж үл ойлголцож, хараалын үг хэрэглэж, нэгнийхээ уурыг хүргэж зодолдсон гэж бодож байна. Б яагаад гартаа чулуу барьж дайрсаныг би сайн мэдэхгүй. Бид 3 тухайн үед согтолт гайгүй, биеэ авч явах чадвартай байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26х, 28х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Нэргүйгийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 02 сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө гэртээ байж байхад Баззаррагчаагийн утас дуугараад “манай найз байна” гэж хэлээд 01 цагийн үед гараад явсан. 02 цаг 20 минутын үед өөрийн 95174397 дугаарын утаснаас Бгийн 80803238 дугаар руу залгаж ярихад “хүү нь ойрхон байна, одоо орлоо” гэж хэлэхээр нь би тайвшираад унтаад өгсөн. 30-аад минутын дараа Б гэрт орж ирээд гэрэл ч асаалгүй шууд унтаад өгсөн. Өглөө босож ирээд харахад хувцас нь цус болчихсон байсан ба нүүр ам нь битүү хавдсан байдалтай байсан.

Тэгээд би Урсгалсайхан дуудсаныг мэдэж байсан болохоор Урсгалсайханы гэрт шууд явж очоод “юу болсон” талаар асуухад “би зодоогүй ээ, Б хүнд зодуулсан байхад нь би хүргэж өгсөн” гэж хэлсэн. Тухайн үед Урсгалсайханы гарыг харахад хавдсан байдалтай байхаар нь “энэ залуу л миний хүүг зодсон байна” гэж бодоод цагдаа дуудаж, өргөдөл гаргасан.

Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Үл хөдлөх зуучлалын компанид зуучлагч ажил хийдэг, байнгын олон хүмүүстэй харьцдаг, өглөө оройдоо машинаар явдаг. Тухайн үед Урсгалсайхан, Б нар миний хүүг уруу татаж, архи уулгасан гэж бодож байна. Тэрнээс биш Б ерөөсөө архи уудаггүй хүүхэд. Одоо түүний биеийн байдал муу байгаа, энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү.“ гэсэн мэдүүлэг /хэргийн 30х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Өнөрөөгийн гэрчээр өгсөн:

“...Б бол миний бага хүү байгаа юм. Бүрэн дунд боловсролтой, намуун дөлгөөн зантай, гэртээ эцэг Нямхишигийг /хорт хавдартай/ асарч байдаг. Цэргийн албыг Сүхбаатар аймагт хаасан, хүн амьтан зодоод байх хүүхэд биш. Би тухайн үед хүүгээ хүн зодсоныг сонсоод бүүр гайхсан. Миний хүүгийн уурыг маш их хүргэсэн болоод л зодсон байх. Б гэдэг залуу манай ойролцоо амьдардаг, манай хүүгийн үеийн залуу байгаа юм. Архи их уучихсан явж байдаг. Миний хүү хааяа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Гэхдээ гэртээ аавыгаа асардаг учир архи уух зав байдаггүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33х/,

 

6. Шүүх эмнэлгийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2095 тоот актын:

1. А.Б--н биед зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн нүдний дээд зовхи, духны баруун дээд хэсэг, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгний дотор дээд хэсгүүдэд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын баруун хэсэг, цээжний зүүн дээд хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 35х/,

 

7. Хохирогч А.Б-гийн хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан эмчилгээ оношилгоо хийлгэсэнтэй холбоотой зардлын баримтууд болон “шүүгдэгчээс хохирол төлбөр хүлээн авсан, цаашид гаргах нэхэмжлэл, гомдол саналгүй” тухай шүүхэд бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 9-12х, 90х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б-ын гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 2 сарын 06-ны өдрийн 00:40 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн зүүн талын Урсгалсайханы хашаанд Б, Урсгалсайхан бид гурав уулзаж, 0.75 литрийн Экс нэртэй архи нэг шилийг хувааж уугаад дуусахаар нь бид 3 такси бариад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элкс нэртэй хүнсний дэлгүүрээс Сэнгүр нэртэй 2 том пиво аваад, буцаад Зайсангийн KFC-ийн хажуугийн Хаан банкны АТМ-ын харалдаа зогсоод Урсгалсайхан таксины мөнгө авах гээд АТМ явсан байсан.

Би машинаас буугаад байж байтал Б нь таксины жолооч болон жолоочийн хажууд явж байсан танихгүй хүнтэй маргалдаад байхаар нь би “Бг буугаад ирээ, танихгүй хүнтэй маргалдаад яах юм бэ” гээд машинаас буулгаад Урсгалсайханы гэрийн хашаанд очоод пиво задлаад нэг нэг аяга уусан. Б “бие засна” гээд машинаас буугаад ирэхгүй удаад байхаар нь Урсгалсайхан бид хоёр араас нь яваад очиход Б гартаа том чулуу барьсан байсан. Тэгэхэд нь “чи яагаад чулуу барьсан байгаа юм бэ” гэхэд “та хоёрыг ална” гэхээр нь “андаа, чи чулуугаа хая” гээд гуйж байгаад гартаа барьсан байсан чулууг тавиулсан чинь Б намайг толгойгоороо 2 мөргөж, баруун гараараа миний зүүн талын эрүү рүү цохисон.

Тэгэхээр нь би “чамтай маргалдмааргүй байна” гэж хэлээд эргээд хартал миний ардаас өшиглөсөн. Тэгээд би цааш яваад булан тойроход Б над руу чулуу шидэхээр нь би бултаж, чулуу нь айлын хашаа оносон. Би Бг тэвэрч аваад “боль” гэхэд намайг цохисон, би зөрүүлээд баруун гараараа 2 удаа цохисон юм. Урсгалсайхан ирээд бид хоёрыг салгахаар нь бид хоёр Бг гэрийнх нь үүдэнд хүргэж өгөөд явсан.

Би Бг таксины жолоочтой маргалдаж байхад нь салгасанаас болоод над руу дайраад байсан. Би тухайн үед биеэ хянах чадвартай согтуу байсан. Би Бгийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 47х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 49х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 51х/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 208А дугаар шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 61-66х/, хохирогч А.Б-, шүүгдэгч Н.Б нараас “холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулж түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэсэн  Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 57х, 58х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн орчимд,  2019 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж зодон биед нь “...зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн нүдний дээд зовхи, духны баруун дээд хэсэг, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгний дотор дээд хэсгүүдэд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын баруун хэсэг, цээжний зүүн дээд хэсгүүдэд цус хуралт,..” гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн

- хэрэг гарсан гэх ХУД-ийн 11-р хороо, Дайчдын хөшөө 1-36б тоот хашааны гадна үзлэг хийсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 04-07х/,

- хохирогч А.Б- /хэргийн 16-17х, 19-20х/, гэрч Б.Урсгалсайхан /хэргийн 26х, 28х/, Ц.Нэргүй /хэргийн 30х/ нарын мэдүүлэг,

- ШШҮХ-ийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2095 дугаартай хохирогч А.Б-гийн биед “...зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн нүдний дээд зовхи, духны баруун дээд хэсэг, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгний дотор дээд хэсгүүдэд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын баруун хэсэг, цээжний зүүн дээд хэсгүүдэд цус хуралт...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл тогтоогдсон” тухай шинжээчийн дүгнэлт /хэргийн 35х/,

- хохирогч А.Б-гийн хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан эмчилгээ оношилгоо хийлгэсэнтэй холбоотой зардлын баримтууд болон “шүүгдэгчээс хохирол төлбөр хүлээн авсан, цаашид гаргах нэхэмжлэл, гомдол саналгүй” тухай шүүхэд бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 9-12х, 90х/,  

- мөн шүүгдэгч Н.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 47х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч А.Б-гийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн нүдний дээд зовхи, духны баруун дээд хэсэг, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгний дотор дээд хэсгүүдэд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын баруун хэсэг, цээжний зүүн дээд хэсгүүдэд цус хуралт,..” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Н.Б нь түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

2019 оны 02 дугаар сарын 06-ны шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Б-тай үл ялиг зүйлийг шалтаглан маргалдаж, А.Б-гийн нүүрэн тус газарт гараараа цохисноос биед нь шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Түүнчлэн тухайн хэргийн хохирогч А.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг бүрэн арилгасан үндэслэлээр “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа бичгээр илэрхийлсэн баримттай /хэргийн 57х, 90х/, мөн шүүгдэгч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар урьд гаргасан хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд дахин гаргаж, хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокуророос түүний гаргасан хүсэлтийг дэмжин, хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн нь тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журамд харшлахгүй.  

 

Хан-Уул дүүргийн прокуророос Н.Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай дээрх үйлдэлд нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай тогтоогдсон тул  шүүгдэгч Н.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч А.Б-гийн эрүүл мэндэд учирсан “...зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн нүдний дээд зовхи, духны баруун дээд хэсэг, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгний дотор дээд хэсгүүдэд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын баруун хэсэг, цээжний зүүн дээд хэсгүүдэд цус хуралт,..” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.    

 

Хэргийн хохирогч А.Б- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд нь гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж тодорхой зохицуулсан.  

 

Тухайн хэргийн хувьд хохирогч А.Б- нь эрүүл мэндэд нь хохирол учирсаны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт тооцон эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн зардалд 234.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Бас нэхэмжилсэн гомдлын шаардлага гаргасан ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад уг төлбөр болох 234.000 төгрөгийг бүрэн нөхөн төлсөн болох нь:

- хохирогч А.Б-гийн хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан эмчилгээ оношилгоо хийлгэсэнтэй холбоотой хэрэгт гаргасан зардлын баримтууд /хэргийн 9-12х/,

- мөн түүний тус шүүхэд бичгээр гаргасан “хохирол болох 234.000 төгрөгийг Н.Б нь бүрэн төлж барагдуулсан тул гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлт /хэргийн 90х/,

- “...миний бие эдгэрсэн, гомдол саналгүй, хэргийг хялбаршуулж түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос гаргасан хүсэлт /хэргийн 57х/ зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдсон байна.   

 

Иймд шүүгдэгч Н.Б-ын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, арилгасан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Н.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт эрүүгийн хэруцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 54х/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 208А тоот шийтгэх тогтоол баримт /хэргийн 61-66х/ тус тус авагдсан ба “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэнийг болон гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Түүнчлэн тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч А.Б- нь “гомдол саналгүй” гэснийг болон прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг шүүх тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                                             ТОГТООХ нь:

 

1. Б овогт Н-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Н.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Б- нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД