| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2016/00346/И |
| Дугаар | 399 |
| Огноо | 2016-07-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт баг, Гурван толгой гэх газар оршин суух Цэц боржигон овгийн Чулуунбаатарын Оюунгэрэлийн /РД:АН66022108/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ж.Дарьсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Оюунгэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1966 онд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэвэрт орох болсон боловч тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр шатсан, манай гэр шатсан. Цэцэрлэг сумын архив шатсан учраас бичиг баримтууд дутуу гарч ирээд байна. Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэл 1981 оноос 1990 он хүртэл малчин, төлчнөөр ажиллаж байсан. Иймд архивын лавлагаа болон бусад бичиг баримтуудыг үндэслэн Ч.Оюунгэрэл намайг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1981 оны 06 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл малчин, төлчнөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ж.Дарьсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ч.Оюунгэрэлийн 1981 онд ажиллаж байсантай холбоотой баримт гарахгүй байгаа учир 1982 оны 1 сарын 1-ээс 1990 оны 12 сарын 30 хүртэл Чөлөөт-Амьдрал нэгдэлд малчин, төлчнөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ж.Дарьсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Оюунгэрэл нь 1981 оны 06 сарын 01-ний өдрөөс Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд малчин, төлчнөөр ажиллаж эхэлсэн. Ч.Оюунгэрэлийн гэр нь шатчихсан, хөдөлмөрийн дэвтэр байхгүй гэсэн. Ч.Оюунгэрэлийн 1981 онд ажиллаж байсан. Нотлох баримт гарч ирэхгүй байгаа тул Ч.Оюунгэрэлийг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд малчин, төлчнөөр 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Оюунгэрэл нь 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд малчин, төлчнөөр ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Соёл урлагийн 3 хоногт оролцсон 64 хүмүүсийг хавсралт 1-ээр шагнаж урамшуулах нь зүйтэй гэж үзсүгэй. Хавсралтанд: Оюунгэрэл, том аяга-1, печень-1 гэсэн “Соёл урлагийн гурав хоногийн концертонд оролцсон хүмүүсийг шагнаж урамшуулах тухай” Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 12 сарын 29-ний өдрийн 21 тоот тогтоол,
1.2. ... Богийн төлчдийн дунд зарласан болзол биелүүлсэн 88 төлчинд 15538 төгрөг 20 мөнгөний шагнал олгосугай. 6-р хавсралтанд: Ч.Оюунгэрэл, бүгд-101, хонь-76, ямаа-25, бүгд-101, хурга-76, ишиг-25, хувь-100, шагнал /төг/-90=90 гэсэн “Болзол дүгнэх тухай” Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 7 сарын 10-ны өдрийн 66 тоот тогтоол,
1.3. Сумын МАХН-ын хороонд нэгдлээс УАЗ-469 машин хандивлан олгуулах тухай Туулант бригадын бүх гишүүдийн хурлаас гаргасан уриалгыг дэмжиж тус бригадын гишүүдийн хурлаас гаргасан уриалгыг дэмжиж тус бригадын гишүүдийн 36.5 хувь нь УАЗ-469 машин хандивлан олгохоор шийдвэрлэв гэсэн 1990 оны 12 сарын 23-ны өдрийн 2 тоот тогтоол,
1.4. Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн саальчдын саасан сүүгээр байр эзлүүлсэн цуваа, 1990 он гэсэн баримтын хавсралтын 126 дугаар мөрөнд: Оюунгэрэл, бригад-Хужирт, гүйцэтгэл-100, хувь-100 гэжээ,
1.5. Цэцэрлэг сумын Хонгорж, Хужирт багийн гишүүдийн ХОЭБ-ийн баталгаажилт гэсэн 1993 оны 12 сарын 10-ны өдрийн баримтын хавсралтанд: Ч.Оюунгэрэл гэжээ.
2. Хүсэлт гаргагч Ч.Оюунгэрэлийн шагнагдаж байсан:
2.1. Чөлөөт-Амьдрал нэгдлийн зөвлөлийн 1981 оны 10 сарын 28-ны өдрийн баярын бичиг,
2.2. 1982 онд 100 эхээс унага 75, тугал 74, хурга 93, ишиг 92-ыг бойжуулж аймагтаа тэргүүн амжилт гаргасан нэр хүндтэй, бахархалтай үйлст оруулсан их хувь нэмрийг өндөрөөр үнэлж Цэцэрлэг сумын намын үүр, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа, Чөлөөт-Амьдрал нэгдлийн зөвлөлөөс олгосон 1983 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн талархал,
2.3. 1986 оны сааль сүүний аварга цолоор шагнасан Цэцэрлэг сумын намын үүр, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, ХЗЭ-ийн хорооны 1987 оны 1 сарын 30-ны өдрийн диплом,
3. Гэрч Г.Дуламын: “Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд Хужирт бригадад 16 наснаасаа эхлэн тус нэгдлийг хувьчлагдах хүртэл буюу 1991 оныг дуустал төлчин, саальчнаар тасралтгүй ажилласан. Би сургууль соёлоор яваагүй. Ч.Оюунгэрэл 1981 онд миний ажилладаг байсан Н.Чулуунбаатарын хонин суурьт төлчин, саальчнаар ирж ажилласан. Ч.Оюунгэрэл нь илгээлтээр ирж байсан. Тэгэхдээ 15 настай байсныг нь би мэднэ. Ч.Оюунгэрэл илгээлтээр ирэхдээ хонь маллаж эхэлсэн. Тэр үеэс эхлэн би Ч.Оюунгэрэлтэй Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1991 оныг дуустал ажилласан. Суурийн ахлагч Н.Чулуунбаатар нь манай гэр бүлийн хүн байгаа юм. Ч.Оюунгэрэл нь Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй. Ч.Оюунгэрэл нь нормоо сайн биелүүлдэг малчин байсан. Нэгдэлд бид ажиллаж байхдаа хонио маллаж, төллүүлж саана, мөн үнээ сааж сүүгээ тушаадаг байсан” гэх мэдүүлэг,
4. Гэрч Н.Чулуунбаатарын: “Би 16 наснаасаа эхлэн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд малчнаар анх орж тус нэгдлийг хувьчлагдах хүртэл ажилласан. Намайг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд Хужирт бригадад суурийн ахлагчаар ажилладаг байхад Ч.Оюунгэрэл нь 1981 онд манай хонин суурьт төлчин, саальчнаар ирж 1991 он хүртэл тасралтгүй уг ажлаа хийсэн. Ч.Оюунгэрэл анх ирэхдээ 15 настай байсан. Ч.Оюунгэрэл нь төлөө бүрэн онд оруулж, нормоо сайн биелүүлдэг байсан. Ч.Оюунгэрэл олон шагнал авч байсан, одоо шагналуудыг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Ч.Оюунгэрэл нь хонь, ямаа төллүүлж, идээ цагаа боловсруулдаг, дандаа хонь малладаг байсан” гэх мэдүүлэг,
5. Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал ББус ХК конторын барилга нь 1996 оны 01 дүгээр сарын 25-нд цахилгаан ашиглалтын буруугаас, тамгын газрын байр нь эд хогшилын хмат 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гар хийцийн цахилгаан халаах хэрэгсэл ашигласны улмаас тус тус шатсан нь үнэн болохыг гал түймрийн нэгдсэн бүртгэлээс хянан үзэж тодорхойлов,
Цэцэрлэг сумын Хужирт багт Д.Пүрэвжавын гэр эд хогшилын хамт 1993 оны 05 дугаар сарын 25-нд пийшин зуухны янданг буруу залгаснаас болж шатсан нь үнэн болохыг гал түймрийн нэгдсэн бүртгэлээс хянан үзэж тодорхойлов гэсэн Архангай аймгийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 05 сарын 27-ны өдрийн 19 тоот, 2016 оны 06 сарын 10-ны өдрийн 16 тоот тодорхойлолт,
6. Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн 1981, 1982, 1983, 1984, 1985, 1987, 1989 оны баримтуудыг шүүж үзэхэд ажил төрөлтэй холбоотой материал гараагүй тул Чулуунбаатар овогтой Оюунгэрэлд холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн Архангай аймгийн архивын тасгийн 2016 оны 05 сарын 27-ны өдрийн 295 тоот тодорхойлолт зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ж.Дарьсүрэнгийн хүсэлтээр хүсэлт гаргагч Ч.Оюунгэрэлтэй хамт ажиллаж байсан Г.Дулам, Н.Чулуунбаатар нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг, мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Мөн Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, хэрэгт эх хувиараа авагдсан талархал, диплом зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт бөгөөд Ч.Оюунгэрэлийн Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд малчин, төлчнөөр ажиллаж байсан нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 12 сарын 29-ний өдрийн 21 тоот, 1988 оны 7 сарын 10-ны өдрийн 66 тоот тогтоол, Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн саальчдын саасан сүүгээр байр эзлүүлсэн цуваа, 1990 он гэсэн баримт, 1983 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн талархал, 1987 оны 1 сарын 30-ны өдрийн диплом, гэрч Г.Дулам, Н.Чулуунбаатар нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэрчүүд хүсэлт гаргагч Ч.Оюунгэрэлийг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд 1981 оны хэдэн сард ажилд орсныг болон хэзээ ажлаас гарсныг тодорхой мэдүүлээгүй боловч хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн, түүнчлэн хэрэгт хүсэлт гаргагчийн ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй тул хүсэлт гаргагчийн “Би Чөлөөт-Амьдрал нэгдэлд 1981 оноос 1990 онд малчин, төлчнөөр ажиллаж байсан” гэх хүсэлт, хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ж.Дарьсүрэнгийн “Ч.Оюунгэрэлийг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд малчин, төлчнөөр 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоолгоно” гэх тайлбар зэргийг үндэслэн Ч.Оюунгэрэлийг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд малчин, төлчнөөр 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Ч.Оюунгэрэлийн Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд малчин, төлчнөөр 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Ч.Оюунгэрэлийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 1981 оны 10 сарын 28-ны өдрийн баярын бичгийн он болон шагнагдсан хүний нэр засвартай, 1990 оны 12 сарын 23-ны өдрийн 2 тоот тогтоолд Ч.Оюунгэрэлийн нэр байхгүй тул эдгээр баримтууд нь хүсэлт гаргагчийн ажиллаж байсныг нотолж чадахгүй байна. Иймд 1981 оны 10 сарын 28-ны өдрийн баярын бичиг болон 1990 оны 12 сарын 23-ны өдрийн 2 тоот тогтоолыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цэц боржигон овгийн Чулуунбаатарын Оюунгэрэлийг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдэлд малчин, төлчнөөр 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА