Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2024/00050

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,     

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00270 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ******багт үйл ажиллагаа явуулах  “М” ХХК /захирал Х.Х/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****** багт оршин суух Т овогт С-ны С-т холбогдох,

 

“Худалдаж авсан тоосгоны үнэ 3.300.000 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. “М” ХХК нь барилгын материалын үйлдвэрлэл болон угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Манай компанийн эзэмшлийн тоосгоны үйлдвэрээс С.С- 22,500 ширхэг улаан тоосгыг 6,300,000 төгрөгөөр авахаар болж харилцан тохиролцдог. Ингэхдээ 3,000,000 төгрөгийг тухайн үед өгч, үлдсэн мөнгийг байшингаа барьж дуусгасны дараа зээл гаргуулан өгөхөөр болж тохиролцсон.

1.2. Зээлээр авсан тоосгоны үнийн үлдэгдлийг төлөх хугацааг нарийн тохиролцоогүй ч гэсэн С.С- нь байшингаа барьж дууссаны дараа төлнө гэдгээ хэлсэн. Үүний дагуу 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, мөн 7 дугаар сарын 14, 18-ны өдрүүдэд 22,500 ширхэг улаан тоосгыг 3 удаагийн тээвэрлэлт хийж хүлээн авсан ба хэлэлцэн тохиролцсоны дагуу 3,000,000 төгрөгийг тухайн үед шилжүүлсэн. Үлдэгдэл 3,300,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа юм.

1.3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчид 22,500 ширхэг улаан тоосгыг тээвэрлэж хүлээлгэж өгсөн нөхцөл байдал тогтоогдсон.

1.4. Гэрээний дагуу худалдан авагч нь худалдан авсан эд зүйлийн үнийг төлөхгүй байгаа тул хуулийн дагуу үлдэгдэл төлбөр болох 3,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:      

2.1. Хариуцагч С.С- би “М” ХХК-аас 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр хэрэгцээний хирээр улаан тоосго худалдаж авах захиалга өгч, амаар тохиролцсоны үндсэнд 3,000,000 төгрөгийг “М” ХХК-ийн дансанд шилжүүлж өгсөн.

2.2. Бэлтгэн нийлүүлэгч буюу худалдагч “М” ХХК нь худалдан авагч буюу захиалагч С.С- надад 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр жолооч Х-ы эзэмшлийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслээр 7,500 ширхэг улаан тоосго, мөн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр жолооч Х-ы эзэмшлийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслээр 7,500 улаан тоосго буюу нийт 15,000 ширхэг улаан тоосго тус тус хоёр удаагийн тээвэрлэлтээр хүлээлгэж өгсөн.

2.3. Нэхэмжлэгч “М” ХХК нь эхний удаа 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч С.С- надад 7,500 ширхэг улаан тоосго хүлээлгэн өгч, 28 дугаартай зарлагын баримт /падаан/ үйлдэж гарын үсэг зуруулж авсан байна. Хоёр дахь удаа буюу 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр мөн 7,500 ширхэг улаан тоосго хүлээлгэн өгч, мөн өдрийн 54 дугаартай зарлагын баримт /падаан/ үйлдэж, худалдан авагч С.С- надаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байгаа. Ингэж хариуцагч С.С- би “М” ХХК-аас хоёр удаагийн үйлдлээр нийт 15,000 ширхэг улаан тоосго авсан ба үнэ 3,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн.

2.4. Тухайн үед буюу 2019-2020 онуудад улаан тоосгоны зах зээлийн ханш 150-180 төгрөгийн хооронд хэлбэлзэлтэй байсан учраас С.С- миний урьдчилан төлсөн 3,000,000 төгрөгт тухайн үед (3,000,000:150=20,000) 20,000 ширхэг улаан тоосго, эсвэл (3,000,000:180=16,660) 16,680 ширхэг улаан тоосго тус тус авах бүрэн боломжтой байсан. Тийм учраас С.С- миний бие “М” ХХК-аас хүлээж авсан нийт 15,000 улаан тоосгоны үнэ болгож урьдчилан 3,000,000 төгрөг төлж өгсөн тул тооцоо дуусаж, “М” ХХК-д ямар ч өглөг байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.

2.5. Нэхэмжлэгч “М” ХХК нь нотлох баримтаар 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай зарлагын баримтыг нотлох баримтаар хавсаргаж, хариуцагч С.С- надаас 7,500 ширхэг  улаан тоосгоны үнэ нэхэмжилжээ. Гэтэл тухайн 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай зарлагын баримтад хүлээж авсан, хүлээлгэн өгсөн байдлыг нотлох, нотолгоо болох хариуцагч С.С- миний гарын үсгийн баталгаажуулалт байхгүй учир энэ нь нотлох баримтын эх сурвалж биш юм. Хариуцагч С.С- би “М” ХХК-аас гурав дахь удаа улаан тоосго хүлээж авч байгаагүй учир 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 7,500 ширхэг улаан тоосго өгсөн гэх 48 дугаартай нотлох баримтыг хууль ёсны нотлох баримт биш, өөрөө дур мэдэж үйлдсэн, хуурамч нотлох баримт гэж үзэж байна. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай зарлагын баримт нь цаг хугацааны хувьд Монголын Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяртай давхцаж байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.6 дахь хэсэгт зааснаар 7 дугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдрийг дуустал Ардын хувьсгалын баяр, наадмын бүх нийтийн амралтын өдөр тохиож байх тул нэхэмжлэгч “М” ХХК-ийн ажилчид наадмаар амраагүй байх, тухайн наадмын өдөр хариуцагч С.С- би байшин барьж байх гэх асуудлууд бодит байдал, үнэнд нийцэхгүй юм.

2.6. Нэхэмжлэгч “М” ХХК нь нэхэмжлэлдээ хариуцагч С.С- нь 22,500 ширхэг улаан тоосгыг 6,300,000 төгрөгөөр авахаар тохирсон гэжээ. Нэхэмжлэгч “М” ХХК-ны захирал Х.Халиасхар, хариуцагч С.С- бидний хооронд нийт 22.500 ширхэг тоосго авах, мөн түүний үнэ 6,300,000 төгрөгөөр тохирсон хэлцэл, гэрээ огт байхгүй. Энэ бол нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Х.Халиасхарын санаанаасаа зохиосон огт үндэслэлгүй зүйл юм. Хэрэв С.С- би “М” ХХК-аас 22,500 ширхэг улаан тоосгыг 6,300,000 төгрөгөөр авах тохиролцоо хийж, үнэ өртгийг тохирсон байвал нотлох баримт гаргаж нотлох, нотолгооны хэрэгслээр батлах шаардлагатай байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох үүрэгтэй юм.

2.7. Хэрэв нэхэмжлэгч 22,500 ширхэг улаан тоосгыг 6,300,000 төгрөгийн үнэтэй гэж үзвэл 2019 оны 6,7 дугаар сард нэг ширхэг улаан тоосгоны үнэ (6,300,000:22,500ш=280) 280 төгрөг болох юм. Гэтэл Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2019 оны 7, 8 дугаар сард нэг ширхэг улаан тоосгоны үнэ 150-180 төгрөгийн хооронд үнэлэгдэж байсан ба 4 жилийн дараа 2023 онд арай ядаж 250-300 төгрөгийн үнэ хүрсэн байдаг. Тухайн үеийн зах зээлийн ханшийг судалж, орон нутгийн ханшийг баримтлан шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, шударга ёсонд нийцнэ. Харин хариуцагч С.С- би тоосгоны үнэ 3,000,000 төгрөгийг урьдчилан “М” ХХК-д шилжүүлэн өгсөн ба мөнгөн дүнд дүйцүүлэн “М” ХХК нь хоёр удаагийн тээвэрлэлтээр 15,000 ширхэг улаан тоосго бэлтгэн нийлүүлсэн болно. Энэ нь (3,000,000:15,000=200) 200 төгрөгөөр ногдох буюу “М” ХХК нь үнэ өртгийг хангалттай буюу тухайн үеийн ханшны (тухайн үед нэг тоосгоны үнэ 150-180) үнээс 20-50 төгрөгөөр илүү худалдаж, нэмүү ашиг олсон гэж үзэж байна. Иймд шүүхээс нэхэмжлэгч М ХХК-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00270 дугаар шийдвэрээр:

3.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ны нэхэмжлэлтэй хариуцагч С.С-ээс үлдэгдэл улаан тоосгоны үнэ 3,300,000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 /жаран долоон мянга долоон зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ. 

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч С.С- нь 22,500 ширхэг улаан тоосгыг 2019 оны 6 дугаар сарын 20-нд, мөн 7 дугаар сарын 14, 18-ны өдрүүдэд 3 удаагийн тээвэрлэлт хийлгүүлэн хүлээн авсан. Энэ нь зарлагын падаан болон гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. 1 ширхэг тоосгыг 280 төгрөгөөр нийтдээ 6,300,000 төгрөгөөр авахаар болж харилцан тохиролцож, 3 сая төгрөгийг тухайн үед өгч, үлдсэн мөнгийг байшингаа барьж дуусгасны дараа зээл гаргуулан өгөхөөр болж тохиролцсон. Зээлээр авсан тоосгоны үнийн үлдэгдлийг төлөх хугацааг нарийн тохиролцоогүй ч гэсэн С.С- нь байшингаа барьж дууссаны дараа төлнө гэдгээ хэлсэн байдаг.

4.2. Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ тоосгыг хэдэн төгрөгөөр тохиролцсон, хэдэн тоосго өгсөн нь, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй гэдэг нь нотлогдоогүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Хэрэгт авагдсан зарлагын баримт, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй.

4.3. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00270 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг хуульд заасан журмаар үнэлээгүй тул  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

            6. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч С.С-т холбогдуулж худалдаж авсан  тоосгоны үлдэгдэл үнэ 3.300.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай, 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаартай зарлагын баримт, гэрч Т.Х-ы мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг эш үндэс болгож нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “М ХХК тоосгоны үйлдвэрээс иргэн С.С- нь 22,500 ширхэг улаан тоосгыг нийтдээ 6,300,000 төгрөгөөр тохиролцож авсан. Харин иргэн С.С-ийн хувьд тухайн үед 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан ч үлдсэн 3.300.000 төгрөгийг төлөөгүй үлдсэн. Иймд үлдэгдэл улаан тоосгоны үнэ 3.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлажээ.

 

7. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...М ХХК-аас 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 7,500 ширхэг улаан тоосго, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 7,500 ширхэг улаан тоосго, нийт 15,000 ширхгийг тус тус хүлээн авсан. Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар падаан, 2019 оны 7 дугаар сарын 18-н өдрийн 54 дүгээр падаануудаар дээрх тоосгыг авсан болох нь нотлогдож байгаа. Уг хоёр падааныг хариуцагч хүлээж аваад, хүлээж авсан хэсэгт өөрийн гарын үсгээ зурсан. Харин нэхэмжлэгч байгууллагын зүгээс 3 дахь удаагийн 7,500 ширхэг улаан тоосгоны үнийг нэхэмжилж байгаа. Гэхдээ үүнийг хариуцагч хүлээж аваагүй байдаг. Өөрөөр хэлбэл 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 48 тоот падаанаар хүлээлгэж өгсөн хэмээн хэлж буй улаан тоосгыг хариуцагч хүлээж аваагүй. Хүлээж авсан хэсэгт хариуцагч С- гарын үсэг зураагүй. С.С-ийн нэхэмжлэгч байгууллагад шилжүүлсэн 3,000,000 төгрөг болохоор өмнөх 2 падаанаар хүлээлгэж авсан 15,000 ширхэг улаан тоосгоны үнэ юм. Иймд үндэслэлгүй нэхэмжилж буй 3,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

8. Нэхэмжлэгчийн тайлбар, түүнд хавсаргасан бичмэл нотлох баримтууд, үнэн зөв мэдүүлэг өгөх талаарх баталгааны хуудаст гарын зурсан гэрч Т.Х-ы шүүх хуралдаанд өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр С.С-т нэг удаа 7500 ширхэг тоосго, дараа нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 7500 ширхэг тоосго, сүүлд 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр дахиж 7500 ширхэг тоосго нийт 3 удаа буулгасан. 2 дахь удаа буулгахдаа гарын үсэг зуруулж чадаагүй С.С- байхгүй байсан, өмнө нь буулгасан юм чинь тухайн газарт буулгачих гэж хэлсэн... тухайн үед тоосгыг 280-300 төгрөгөөр өгч байсан” гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэвэл, хариуцагч С.С- нь нэг удаад 7500 ширхгээр 3 удаа, нийт 22,500 ширхэг тоосгыг нэг бүрийг нь 280 төгрөгөөр, нийт 6.300.000 төгрөгөөр нэхэмжлэгч “М” ХХК-аас худалдаж авсан нь нотлогдсон, тоосгоны үнээс 3.000.000 төгрөгийг бэлэн бусаар төлсөн, үлдсэн 3.300.000 төгрөгийг төлөөгүй нь тогтоогдсон ба хариуцагч С.С-ийн “2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 48 тоот падаанаар хүлээлгэж өгсөн хэмээн хэлж буй улаан тоосгыг хариуцагч хүлээж аваагүй” гэх тайлбар үндэслэлгүй, нотлох баримтаар нотлогдоогүй байна.

 

9. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх 3 төрлийн бичмэл баримт болон гэрч Т.Х-ы мэдүүлгийг давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Харин хариуцагч С.С- нь өөрийн татгалзлын үндэс болсон, хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, татгалзлаа нотлоогүй, түүний хариу тайлбараас үзвэл тэрээр 48 дугаартай падаанаар 7500 ширхэг тоосго хүлээж аваагүй, 2 удаагийн тээвэрлэлтээр 15,000 ширхэг тоосго авсан гэх боловч түүнд 3 удаагийн тээвэрлэлтээр 22,500 ширхэг, нийт 6.300.000 төгрөгийн үнэ бүхий тоосгыг хүлээлгэж өгсөн нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зарлагын падаануудаар тогтоогджээ.

 

10. Иймээс хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтад шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг хэрэглэж, зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүссэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

11. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул түүнд өөрчлөлт оруулж, “нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайыпын давж заалдах гомдлыг хүлээн авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх, мэтгэлцэх зарчмуудад тус тус нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

12. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан гаргуулж, “М” ХХК-д олгоно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00270 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төлек овогт Сатаны С-ээс тоосгоны үнэ 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж “М” ХХК-д олгосугай” гэж,  2 дахь заалтын “...болгосугай.” гэснийг “...болгож, хариуцагч С.С-ээс 67.750 төгрөг гаргуулж “М” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайыпын давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг,  162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан гаргуулж, “М” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК 

                       

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ