| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0272/Э |
| Дугаар | 288 |
| Огноо | 2019-04-12 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д овогт Б-ын Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 19100 0479 0253 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Б.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Журагат шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бага боловсролтой /бичиг үсэг мэдэхгүй гэх/, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 8, нөхөр, 3 сартайгаас 15 насны 6 хүүхдийн хамт амьдрах, Ховд аймгийн Үенч сумын 2 дугаар баг, Нарийн гол гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Д овогт Б-ын Д /РД: 4/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 710 дугаар байрны 19 тоотод өөрийн төрсөн хүүхэд, 2 сартай, эрэгтэй Н.Х-ийг хөхүүлж, улмаар хөхөөрөө дарж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Д-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Бага хоёр хүүхдээ кесерово хийлгэж төрүүлсэн, дутуу төрсөн болохоор Улаанбаатар хотод ирж, Эх нялхасын эмнэлэгт 2 сар гаран сахиж эмнэлэгт хэвтэж байгаад гарсан юм. Эмнэлгээс гараад гараад хамаатны айлдаа байхдаа ийм асуудал болсон. 03 сартайгаас 15 насны 6 хүүхэдтэй. Хүүхдүүд маань хөдөө хэцүү байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 0479 0253 дугаартай хэргээс:
1. Хэрэг учрал болсон Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хорооллын 710 дугаар байрны 3 давхрын 19 тоот дахь 2 өрөө орон сууцны байранд үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-9х/,
2. 2019 оны 02 сарын 12-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 10-13х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Н-ын хохирогчоор өгсөн мэдүүлэг:
“...Өөрийн эхнэр Батын Д-ын эсрэг мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. Хэрэг гардаг өдөр би цагдаа дээр ирж тодорхой мэдүүлэг өгсөн байгаа. Өнгөрсөн 5 дахь өдөр ажил явдал нь Улаанбаатар хотод болж дууслаа. Болсон асуудал тодорхой байгаа шүү дээ. Хоёр ихрийн биеийн байдлаас болж эхнэр маань эмнэлэгт хүүхдүүдийн хамт хэвтэж байгаад гарсан. Хүүхдүүд маань шөнө их уйлдаг болохоор эхнэр ядарч, улмаар хөхүүлж байгаад хөхөөрөө болгоомжгүй дарчихсан. Би хөхөөрөө дарсаныг нь хараагүй ч өөрөө надад тэгж хэлсэн юм. Надад урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж яриад байх зүйл байхгүй ээ. Мөн надад ямар гомдол санал байх вэ дээ. Эхнэртэйгээ ханилаад 18 жил орчим болж байна. Энэ хэргийг хуулийн дагуу хурдан түргэн шийдэж өгөхийг л хүсэж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18х/,
4. Мөн хохирогчийн гэрчээр өгсөн:
“...2018 оны 11 сарын 29-ний өдөр эхнэр маань Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт амаржсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй хоёр ихэр хүүхэдтэй болсон. Гэвч хоёул дутуу төрж улмаар Улаанбаатар хотод Эх нялхсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Хүүхдүүд шөнө их уйлдаг байсан болохоор эхнэр маань өдөр шөнөгүй ээлжлэн авдаг байсан. Их ядардаг байсан. Ингээд 2019 оны 02 сарын 11-ний өдөр эмнэлгээс гарсан. Мөн эхнэр бид хоёр хөдөө хүүхдүүдээ үлдээсэн болохоор хөдөө гэр лүүгээ яарч 2019 оны 02 сарын 21-ний өдөр явах онгоцны билет захиалж, ойр юм гээд Халтар ахын гэрт нь 2019 оны 02 сарын 14-нд ирсэн байсан. Өчигдөр буюу 2019 оны 02 сарын 16-ны өдөр Халтар ах, Батчулуун эгч хоёр хойд талын том өрөөндөө хэвтэж, эхнэр бид хоёр хоёр хүүхдээ аваад урд талын жижиг өрөөнд хэвтсэн. Шөнө ихэрийн нэг Хувьзаяа уйлагнаж, эхнэр хөхүүлчихээд надад өгөхөөр нь би тэвэрч бүүвэйлж унтуулаад орон дээр хэвтүүлсэн. Гэтэл зөрж хүү Хувьтөгөлдөр уйлагнаад байхаар эхнэр авч газар хэвтэж байгаад хөхүүлсэн.
Бид хоёр хүүгээ голдоо хийгээд би нилээн зайтай хэвтэж, эхнэр хүүхдээ хэвтээгээр хөхүүлж байсан. Гэрэл унтраастай байсан болохоор би унтсан байсан. Гэтэл өглөө 05 цагийн орчим байхаа эхнэр намайг дуудаад “хөөе хүүхэд хөдлөхгүй байна аа, би мээмээрээ дараад хэвтчихсэн байна” гэхээр нь би босоод гэрэл асаагаад хартал хүү маань дээш харсан байдалтай, толгой нь эхнэрийн хэвтэж байгаа чигт чигт харсан, амандаа жоохон шингэн цагаан зүйлтэй байхаар нь зүрхийг нь чагнаад үзтэл цохилохгүй, бие нь хөрсөн байсан.
Ингээд бид хоёр маш их сандарч, эхнэр уйлж байтал хойд өрөөнөөс Халтар ах, Батчулуун эгч хоёр орж ирээд “юу болсон, яагаад уйлаад байгаа юм” гэхэд болсон явдлын талаар хэлсэн. Эхнэр бид хоёр хаашаа яаж, хэнд хандахаа мэдэхгүй байсан чинь Батчулуун ах эгч Мөнхцэцэгийг дуудаж, удалгүй эгч ирээд түргэн дуудсан. Түргэн ирж үзээд “хүүхдийг нас барсан байна” гэж хэлээд бичиг хийж өгөөд явсан. Мөн цагдаа нар ирсэн.
Тухайн үед хүүхдүүдийн биеийн байдал эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд сайжирсан байсан. Талийгаачид архаг хууч өвчин байхгүй ээ. Эхнэр Д-ын хувьд биеийн байдал учиргүй өвчин зовлон байгаагүй ч ... олон хоног хоёр хүүхдээ ээлжлэн аваад үнэхээр их ядарсан байсан. Сүүлийн хэд хоног хүүхдээ хөхүүлж байгаад л зүүрмэглээд байдаг байсан. Угаасаа л санамсаргүй хөхөөрөө дарчихлаа. Яадаг юм билээ дээ хүүхдүүд хөдөө ханиад томуу хүрчихээд, халуураад байдаг. Бид энд айлд, учираа олохгүй л байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Батчулууны гэрчээр өгсөн:
“...Д- нь нөхөр Н болон 2 ихэр хүүхдийн хамт Эх нялхсын эмнэлгээс 2019 оны 02 сарын 14-ний өдөр гарч, манайд ирсэн. Гэхдээ шууд манайд ирээгүй л дээ, Мөнхцэцэгийн гэрт хэд хоносон байсан. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байсан бөгөөд 2019 оны 02 сарын 16-ны өдөр Д- нь нөхөр, хүүхдүүдийн хамт урд талын өрөөнд амарсан. Шөнө нойрон дунд хүүхдээ бүүвэйлж, нөхөр нь тэвэрч хоолыг нь өгч байсан. Тэгтэл өглөө 05 цаг өнгөрч байхад хүн уйлах чимээ гарахаар нь нөхрийн хамт босоод өрөөнд нь ороход нэг хүүхэд нь орон дээр унтаж, нөгөө хүүхэд нь газарт гудсан дээр хэвтэж байсан. Д- хэлэхдээ “би хүүхдээ хөхөөрөө дарчихлаа” гэж хэлсэн. Ингээд Мөнхцэцэгт хэлээд, Мөнхцэцэг ирээд түргэн дуудсан. Түргэн ирж үзээд “нас барсан байна” хэлээд бичиг хийж өгөөд явсан. Шөнө манай гэрт маргаан болоогүй ээ. Ээж нь олон хоног хүүхдээ харж ядарснаас л ийм юм болчихлоо.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Мөнхцэцэгийн гэрээр өгсөн:
“...Миний хувьд Д-ын холын хамаатан нь байгаа юм. 2019 оны 02 сарын 17-ны өдөр гэртээ унтаж байтал 06 цаг 25 минутын үед 99068208 гэсэн дугаар луу Н утсаар яриад “хүүхдээ алдчихлаа” гэж хэлсэн. Ингээд би шууд иртэл Д-ын хоёр ихэр хүүхдийн нэг нь нас барсан байсан. Мөн урд талын өрөөний орон дээр хэвтүүлсэн байсан. Юу болсон талаар нь Д-аас асуухад “би шөнө хөхүүлж байгаад хөхөөрөө дарчихсан л юм шиг байна” гэж хэлсэн. Би ирж эмнэлэг дуудсан. Хоёр ихэр хүүхэд маань Ховдод 2018 оны 11 сарын 29-нд дутуу төрсөн бөгөөд хотод ирж Эх нялхсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад хэвийн болсон гэж үзээд 2019 оны 02 сарын 11-ний өдөр эмнэлгээс гарсан. Ямар нэг хууч өвчин байгаагүй. Д-, Н нар нь хоорондоо хэвийн харилцаатай, ямар нэг хэрүүл маргаан хийдэггүй хүмүүс байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Халтарын гэрчээр өгсөн мэдүүлэг:
“...Д- нь миний төрсөн эгчийн охин нь юм. Д- оны өмнөхөн хоёр ихэр хүүхэдтэй болсон бөгөөд дутуу төрсөн гэх шалтгаанаар Эх нялхсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Улмаар хүүхдийн бие нь сайжирч гараад, 2019 оны 02 сарын 14-ний өдөр ирсэн. Хоёр ихэрийн бие сайн байсан бөгөөд өчигдөр 2019 оны 02 сарын 16-ны өдөр Д-, Н хоёр хүүхдээ аваад урд талын өрөөнд орсон. Би эхнэрийн хамт хойд талын өрөөнд шөнийн 00:45 цагийн орчимд амарсан.
Шөнө хүүхэд нь уйлаад Н хүүхдээ бүүвээлж байсан. Гэтэл өглөө 05 цаг өнгөрч байхад хүн уйлах чимээ гарахаар нь босоод юу болсон талаар асуухад “хүүхэд өнгөрчихлөө” гэж хэлсэн. Мөн нэг ихэр нь орон дээр, харин эндсэн хүүхэд нь өлгийтэй гудсан дээр хэвтэж байсан. Бид их сандарсан ба ээжийг нь тайвшруулаад, Мөнхцэцэг рүү утсаар мэдэгдсэн. Мөнхцэцэг ирээд эмнэлэг дуудсан. Түргэний эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн, тэгээд цагдаа нар бас ирсэн.
Тухайн үед ямар нэгэн маргаан болоогүй. Ээж нь ч хүүхэд харж ядраад хөхөөрөө дарчихсан юм шиг байна лээ. Өөрөө ч надад “хөхөөрөө дарчихлаа” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х/,
8. ШШҮХ-ийн 2019 оны 03 сарын 14-ний өдрийн Цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 554 дугаартай:
1. 2. Н.Хийн цогцост гэмтэл тогтоогдсонгүй.
3. Талийгаач ам хамар дарагдсаны улмаас амьсгал бүтэж нас баржээ.
4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогсонгүй.
5. Талийгаач АВIV бүлгийн цустай байна.
6. Талийгаачийн ходоодонд 60 мл орчим сүүн агууламж байна. гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 33-35х, 36х/,
9. Талийгаач Н.Х 2018 оны 12 сарын 22-ноос 2019 оны 02 сарынн 11-ний хооронд Эх хүүхдийн эрүүл мэндийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх баримт /хэргийн 54-144х/,
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Дын гэрчээр болон яллагдагчаар өгсөн:
“...Миний хувьд 2018 оны 11 сарын 29-ний өдөр Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн. Эрэгтэй, эмэгтэй хоёр ихэр хүүхэдтэй болсон. Гэвч хоёр хүүхэд маань дутуу төрж, улмаар Улаанбаатар хотод 2018 оны 12 сарын сүүлээр ирж Эх нялхасын эрүүл мэндийн төвд ирж хэвтсэн. Улмаар биеийн байдал нь сайжирч 2019 оны 02 сарын 11-нд эмнэлгээс гарч хамаатны Мөнхцэцэгийн гэрт очиж хоносон. Тэндээ байж байгаад Ховд аймаг руу онгоцоор явах болоод аминдаа нисэх буудалтай ойртож авга ах Халтарын гэрт 2019 оны 02 сарын 14-ний өдөр ирсэн юм. Нөхөр бид хоёр хүүхдийнхээ хамт урд өрөөнд нь байдаг байсан. 2019 оны 02 сарын 16-ны өдөр Халтар ах эхнэрийнхээ хамт амрахаар хойд талын өрөөн хэвтээд, би нөхөр хүүхдийн хамт амрахаар урд талын өрөөнд орсон.
Шөнө унтахдаа хоёр хүүхдээ орон дээр унтуулаад нөхөр бид хоёр газар унтдаг юм. Тэгсэн шөнө 03 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна охин Хувьзаяа уйлахаар нь босч хөхүүлээд нөхөртөө өгч унтуулсан. Охиныг нөхөр орон дээр хэвтүүлсэн. Удалгүй хүү Хувьтөгөлдөр уйлахаар нь би аваад газарт зассан байсан орон дээр хэвтсэн. Газарт би урдуур нь хэвтээд, баруун гар талдаа хүүхдээ /талийгаач/ хэвтүүлээд, цаад талаар нь нөхөр Н хэвтсэн ба нөхөр бид хоёр хүүхдээ голдоо хийгээд унтсан.
Миний хувьд хоёр хүүхэд олон хоног шөнө уйлагнаж ээлжлэн хөхүүлж явсаар байгаад маш их ядарсан байсан. Ингээд хүүгээ баруун хөхөөрөө хөхүүлээд, биеэ баруун гар талруугаа хазайлган хөхүүлэн хэвтэж байгаад унтчихсан байсан. Өглөө 5 цагийн үед сэртэл би анх хөхүүлж байсан байрлалаараа, хөхөвч баруун хөхний доогуур тайлсан байдалтай, хүүгийн маань ам нь хөхний толгойноос үл ялиг зайтай байсан. Мөн бие нь хөхөрчихсөн байхаар нь өлгийг нь тайлаад хартал үхчихсэн юм шиг байхаар нь айгаад ойртож чадаагүй нөхөртөө хэлсэн.
Гэтэл нөхөр босож хараад бид хоёр хэсэгтээ айж балмагдан уйлсан. Гэтэл хойд өрөөнөөс Халтар ах, Батчулуун эгч хоёр орж ирэхээр нь “хүүхдээ алдчих шиг боллоо” гэж хэлсэн. Мөнхцэцэгийг дуудсан байсан бөгөөд Мөнхцэцэг ирээд түргэн дуудсан. Харин түргэн ирж үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. Ийм л зүйл болсон юм. Талийгаачийг өлгийдсөн байсан ба цээж болон хөл хэсгээр нь хоёр бүсээр их зайтай зөөлөн бүсэлсэн байсан. Нөхөр бид хоёроос их зайтай унтдаг юм.
Хүүхдэд маань хууч архаг өвчин байхгүй, дутуу төрсөн болохоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Шөнө жоохон уйлагнаад байдаг байснаас өөрөөр хэвийн сайн байсан. Одоо хөдөө Ховд аймгийн Үенч суманд 5-15 насны 5 хүүхэд байгаа, том хүү маань дүү нараа харж байгаа. Үнэхээр хэцүү байна, бага хүү маань бас ханиад хүрээд халуураад байна гэсэн. Үнэндээ яахаа мэдэхгүй байна.
...Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаа тогтоолтой өмгөлөгчийн хамт танилцлаа. Тогтоолд дурьдсан зүйлийг ойлгож мэдлээ. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийн талаар би болоод манай нөхөр, хэрэг гарсан айлын хүмүүс бүгд л хэлж ярьсан байгаа байх гэж бодож байна. Мөн урьд өгсөн мэдүүлэгт бүгдийг ярьж хэлсэн. Миний хүүхдүүд хөдөө суманд гэртээ байгаа, тэр хэдрүүгээ санаа зовоод байж сууж ч чадахгүй юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-21х, 151-152х/,
11. Д.Н-, Б.Д нарын гэрлэлт бүртгэлийн лавлагаа баримт /хэргийн 40х/,
12. 2004 оны 04 сарын 20-ны өдөр төрсөн Нын Буянхишиг, 2002 оны 02 сарын 28-нд төрсөн Нын Буяндэлгэр, 2006 оны 03 сарын 04-ний өдөр төрсөн Нын Хишигбаяр, 2010 оны 05 сарын 03-ны өдөр төрсөн Нын Ариунзаяа, 2013 оны 05 сарын 29-нд төрсөн Нын Ариунбилэг, 2018 оны 11 сарын 29-нд төрсөн Нын Хувьзаяа нарын төрсний бүртгэлийн лавлагаа баримтууд, төрсний гэрчилгээ /хэргийн 42-47х, 51х/,
13. Шүүгдэгч Б.Даваажавын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 39х, 49х/,
14. Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 41х/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн шүүгдэгч нь бага боловсролтой, бичиг, үсэг мэдэхгүй гэх учир өмгөөлөгчийг оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан журамд нийцсэн байх ба шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Дын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаарх шүүхийн дүнэлт:
2019 оны 02 сарын 16-17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хорооллын 710 дугаар байрны 19 тоотод Б.Д нь өөрийн төрсөн хүүхэд болох 2 сартай Н.Хийг хөхүүлж байхдаа унтаж, хөхөөрөө амыг нь дарснаас хүү Н.Хувьдтөгөлдөр нь ...ам хамар дарагдсанаас амьсгал бүтэж... нас барсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
- Хэрэг учрал болсон Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хорооллын 710 дугаар байрны 3 давхрын 19 тоот дахь 2 өрөө орон сууцны байранд үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-9х/,
- 2019 оны 02 сарын 12-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 10-13х/,
- ШШҮХ-ийн 2019 оны 03 сарын 14-ний өдрийн Цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 554 дугаартай:
1. 2. Н.Хийн цогцост гэмтэл тогтоогдсонгүй.
3. Талийгаач ам хамар дарагдсаны улмаас амьсгал бүтэж нас баржээ.
4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогсонгүй.
5. Талийгаач АВIV бүлгийн цустай байна.
6. Талийгаачийн ходоодонд 60 мл орчим сүүн агууламж байна. гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 33-35х, 36х/,
- хохирогч Д.Н-ын: “...Өөрийн эхнэр Батын Д-ын эсрэг мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. Хэрэг гардаг өдөр би цагдаа дээр ирж тодорхой мэдүүлэг өгсөн байгаа. Өнгөрсөн 5 дахь өдөр ажил явдал нь Улаанбаатар хотод болж дууслаа. ...Хоёр ихрийн биеийн байдлаас болж эхнэр маань эмнэлэгт хүүхдүүдийн хамт хэвтэж байгаад гарсан. Хүүхдүүд маань шөнө их уйлдаг болохоор эхнэр ядарч, улмаар хөхүүлж байгаад хөхөөрөө болгоомжгүй дарчихсан. Би хөхөөрөө дарсаныг нь хараагүй ч өөрөө надад тэгж хэлсэн юм. Надад урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж яриад байх зүйл байхгүй ээ. Мөн надад ямар гомдол санал байх вэ дээ. Эхнэртэйгээ ханилаад 18 жил орчим болж байна. Энэ хэргийг хуулийн дагуу хурдан түргэн шийдэж өгөхийг л хүсэж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18х/,
- мөн хохирогчийн гэрчээр өгсөн: “...2018 оны 11 сарын 29-ний өдөр эхнэр маань Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт амаржсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй хоёр ихэр хүүхэдтэй болсон. Гэвч хоёул дутуу төрж улмаар Улаанбаатар хотод Эх нялхасын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Хүүхдүүд шөнө их уйлдаг байсан болохоор эхнэр маань өдөр шөнөгүй ээлжлэн авдаг байсан. Их ядардаг байсан. Ингээд 2019 оны 02 сарын 11-ны өдөр эмнэлгээс гарсан. Мөн эхнэр бид хоёр хөдөө хүүхдүүдээ үлдээсэн болохоор хөдөө гэр лүүгээ яарч 2019 оны 02 сарын 21-ны өдөр явах онгоцны билет захиалж, ойр юм гээд Халтар ахын гэрт нь 2019 оны 02 сарын 14-нд ирсэн байсан. Өчигдөр буюу 2019 оны 02 сарын 16-ны өдөр Халтар ах, Батчулуун эгч хоёр хойд талын том өрөөндөө хэвтэж, эхнэр бид хоёр, хоёр хүүхдээ аваад урд талын жижиг өрөөнд хэвтсэн. Шөнө ихэрийн нэг Хувьзаяа уйлагнаж, эхнэр хөхүүлчихээд надад өгөхөөр нь би тэвэрч бүүвэйлж унтуулаад орон дээр хэвтүүлсэн. Гэтэл зөрж хүү Хувьтөгөлдөр уйлагнаад байхаар эхнэр авч газар хэвтэж байгаад хөхүүлсэн. Бид хоёр хүүгээ голдоо хийгээд би нилээн зайтай хэвтэж, эхнэр хүүхдээ хэвтээгээр хөхүүлж байсан.
Гэрэл унтраастай байсан болохоор би унтсан байсан. Гэтэл өглөө 05 цагийн орчим байхаа эхнэр намайг дуудаад “хөөе хүүхэд хөдлөхгүй байна аа, би мээмээрээ дараад хэвтчихсэн байна” гэхээр нь би босоод гэрэл асаагаад хартал хүү маань дээш харсан байдалтай, толгой нь эхнэрийн хэвтэж байгаа чигт харсан, амандаа жоохон шингэн цагаан зүйлтэй байхаар нь зүрхийг нь чагнаад үзтэл цохилохгүй, бие нь хөрсөн байсан.
Ингээд бид хоёр маш их сандарч, эхнэр уйлж байтал хойд өрөөнөөс Халтар ах, Батчулуун эгч хоёр орж ирээд “юу болсон, яагаад уйлаад байгаа юм” гэхэд болсон явдлын талаар хэлсэн. Эхнэр бид хоёр хаашаа яаж, хэнд хандахаа мэдэхгүй байсан чинь Батчулуун ах эгч Мөнхцэцэгийг дуудаж, удалгүй эгч ирээд түргэн дуудсан. Түргэн ирж үзээд “хүүхдийг нас барсан байна” гэж хэлээд бичиг хийж өгөөд явсан. Мөн цагдаа нар ирсэн.
Тухайн үед хүүхдүүдийн биеийн байдал эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд сайжирсан байсан. Талийгаачид архаг хууч өвчин байхгүй ээ. Эхнэр Д-ын хувьд биеийн байдал учиргүй өвчин зовлон байгаагүй ч ... олон хоног хоёр хүүхдээ ээлжлэн аваад үнэхээр их ядарсан байсан. Сүүлийн хэд хоног хүүхдээ хөхүүлж байгаад л зүүрмэглээд байдаг байсан. Угаасаа л санамсаргүй хөхөөрөө дарчихлаа. Яадаг юм билээ дээ хүүхдүүд хөдөө ханиад томуу хүрчихээд, халуураад байдаг. Бид энд айлд, учираа олохгүй л байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,
- гэрч Т.Батчулуун /хэргийн 26-27х/, Т.Мөнхцэцэг /хэргийн 28-29х/, Ж.Халтар /хэргийн 24-25х/ нарын мэдүүлэг болон шүүгдэгч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 19-21х, 151-152х, шүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Хэргийн нөхцөлд шүүгдэгч Б.Д нь талийгаач хүү Н.Хийг шөнөдөө уйлагнах үед нь авч хөхүүлэхдээ өөрөө хажуугаар орж хэвтэн, улмаар унтаж, тодорхой хугацааны дараа сэрэхэд хүүхэд нь амьсгалахгүй болж, нас барсан болохыг мэдсэн,
Тухайлбал: шүүгдэгч Б.Д нь хүүхдээ хөхүүлэх явцдаа унтаж, хөхөөрөө амыг нь дарснаар хүүхэд амьсгалах боломжгүй болж, амьсгал бүтэлтэд орж болзошгүй байх үр дагаварыг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч ухамсарлан ойлгоогүй, мэдэлгүй үйлдэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний амь насыг хохироосон гэм буруутай байна.
Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Дыг хүний амь насыг болгомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хэргийн нөхцөлд тухайн гэмт хэргийн улмаас 2 сартай хүү Н.Хийн амь хохирсон үр дагавар нь уг гэмт хэргийн хохиролд тооцогдох ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Д.Н-аас гомдол, нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хэргийн 41 дүгээр талд авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь тогтоогдсон тул түүний анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Түүнчлэн тухайн хэргийн хохирогч Д.Н-, шүүгдэгч Б.Д нар нь иргэний гэр бүлийн гэрлэсний байдалд гэрлэлтээ бүртгүүлэн, гэрлэгчдийн эрх үүрэг үүсгэн хамтын амьдралаар амьдарч буй эхнэр, нөхөр бөгөөд дундаасаа 2004 оны 04 сарын 20-ны өдөр төрсөн Нын Буянхишиг, 2002 оны 02 сарын 28-нд төрсөн Нын Буяндэлгэр, 2006 оны 03 сарын 04-ний өдөр төрсөн Нын Хишигбаяр, 2010 оны 05 сарын 03-ны өдөр төрсөн Нын Ариунзаяа, 2013 оны 05 сарын 29-нд төрсөн Нын Ариунбилэг, 2018 оны 11 сарын 29-нд төрсөн Нын Хувьзаяа нарын хамт амьдардаг болох нь хэрэгт авагдсан гэрлэлт бүртгэлийн лавлагаа баримт /хэргийн 40х/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа баримтууд, төрсний гэрчилгээ /хэргийн 42-47х, 51х/ баримтаар тус тус нотлогдсон байна.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй болон нэг нас хүрээгүй хөхүүл хүүхэдтэй /2019 оны 11 сарын 29-ний өдөр төрсөн охин Н.Хувьзаяа/ шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гурав хүртэлх насны хүүхэдтэй эх”-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэсгэрийг харьяалах Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Н- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д овогт Б-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дд 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Д нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд “хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн болон санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд” шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг Б.Д-д анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ 06 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харьяалах Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт Б.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Н “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД