Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 401

 

 

 

 

 

 

 

  Зохигчийн эвлэрлийг баталж,
  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, Арслан цохионы 09 дүгээр гудамж 16 тоотод оршин суух Боржигон овгийн Томбаньдийн Зандансүрэнгийн  /РД:АЮ83051008/ нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, 33-р байр 5 тоотод оршин суух Цагаан гэрүүд овгийн Шагдарсүрэнгийн Гомбодорж /РД:АЭ74102977/, Арлаан овгийн Үүрцайхын Шүрэнчимэг /РД:АЭ78081060/ нарт холбогдох 5.985.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Зандансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Зандансүрэн би Ш.Гомбодорж, Ү.Шүрэнчимэг нарт 2015 оны 02-р сарын 15-нд 3.500.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Ш.Гомбодорж, Ү.Шүрэнчимэг нар нь 2015 оны 9 сараас хойш хүү болон үндсэн мөнгөнөөс төлөөгүй. Иймд Ш.Гомбодорж, Ү.Шүрэнчимэг нараас 9, 10, 11-р саруудын хүү 735.000 төгрөг, 2015 оны 11 сарын 15-наас 2016 оны 2 сарын 22 хүртэлх хугацаа хэтэрсэн 100 өдрийн алданги 1.750.000 төгрөг, үндсэн мөнгө 3.500.000 төгрөг, нийт 5.985.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Т.Зандансүрэн миний бие 5.985.000 төгрөгийг хариуцагч Ш.Гомбодорж, Ү.Шүрэнчимэг нараас 2016 ондоо багтааж төлүүлэхээр, хариуцагч Ш.Гомбодорж, Ү.Шүрэнчимэг бид нар 5.985.000 төгрөгийг 2016 ондоо багтааж нэхэмжлэгч Т.Зандансүрэнд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилаж өгнө үү гэжээ.

    Шүүх зохигчийн эвлэрлийн гэрээ болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Зандансүрэн нь хариуцагч Ш.Гомбодорж, Ү.Шүрэнчимэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 5.985.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Гомбодорж, Ү.Шүрэнчимэг нар 5.985.000 төгрөгийг 2016 онд багтаан төлж дуусгахаар нэхэмжлэгч Т.Зандансүрэнтэй үүрэг гүйцэтгэх хугацааны талаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

Зохигчийн энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.    

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:
    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ш.Гомбодорж, Ү.Шүрэнчимэг нар 5.985.000 төгрөгийг 2016 онд багтаан төлж дуусгахаар нэхэмжлэгч Т.Зандансүрэнтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110.710 төгрөгөөс 55.355 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Ш.Гомбодорж, Ү.Шүрэнчимэг нараас 55.355 төгрөг, орон нутгийн орлогоос 55.355 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Зандансүрэнд олгосугай.

3. Хариуцагч нар захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.БАЙГАЛМАА