Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 402

 

 

 

 

 

 

 


   Зохигчийн эвлэрлийг баталж,
  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Т.Бадрах, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13-р хороолол, 38-48 тоотод оршин суух Хүдэн овгийн Тувааны Пүрэв /РД:ЦБ74100462/, Хүдэн овгийн Тувааны Лхагважав /РД:ЦБ71042277/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Хашаат сумын Цайдам гэх газар оршин суух Боржигон овгийн Цэдэнгийн Лутбат /РД:АС62101013/,
Хариуцагч: Архангай аймгийн Хашаат сумын Цайдам гэх газар оршин суух Боржигон овгийн Лутбатын Лхагвасүрэн /РД:АС99022404/ нарт холбогдох
7.075.900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Энхбаяр, хариуцагч Ц.Лутбат, Л.Лхагвасүрэн, хариуцагч нарын өмгөөлөгч В.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Пүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. Миний бие 2015 оны 07 сарын 30-ны өдөр Архангай аймаг Хашаат сумын нутаг Цайдам гэх газар Ланд круйзер прадо-120 маркийн 79-17 УБГ дугаартай ах Т.Лхагважавын эзэмшлийн машинд сууж явахад Лутбатын ээзэмшлийн Портер маркийн авто машиныг охин Л.Лхагвасүрэн нь жолоодож яваад миний сууж явсан авто машиныг мөргөж автомашинд эвдрэл учруулсан. Тухайн үед миний бие ухаан алдаж унасан. Хархорин сумын эмнэлэгт очиж эмчлүүлсэн. Ер нь биеийн байдал сайнгүй, осолд орсноос хойш дандаа эмнэлгээр эмчлүүлж байгаа бөгөөд саяхан хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд гарлаа. Одоогийн байдлаар эм авсны болон эмчилгээ оношлогооны зардалд нийт 965.300 төгрөг зарцуулсан. 
2. Мөн Ланд круйзер прадо-120 маркийн 79-17 УБГ дугаартай автомашинд учирсан эвдрэл нь хуулийн байгууллагын дүгнэлтээр “Портер” маркийн машиныг жолоодож явсан охин Л.Лхагвасүрэнгийн буруугаас болсон нь тогтоогдсон. Миний сууж явсан автомашин нь ах Т.Лхагважавын эзэмшлийнх юм. Ах маань надад итгэмжлэл хийж өгсний дагуу автомашинд учирсан хохирлыг давхар төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Автомашины эвдрэлийг засуулахад 6.483.000 төгрөг зарцуулсан. Улаанбаатар хот дотор эвдэрсэн машиныг чирүүлж засуулахад 308.800 төгрөг, хариуцагч, сумын хэсгийн байцаагч нартай утсаар ярьсны зардалд 68.000 төгрөг зарцуулсан. Дээрх бүх бэлэн мөнгө надад байхгүй тул ломбард гэрийнхээ эд зүйлийг тавьж мөнгө зээлсний гурван сарын хүү 1.447.200 төгрөг болон мөн өмгөөлөгчийн хөлс 650.000 төгрөг, буудлын хөлс 60.000 төгрөг, зорчигч тээврийн зардлын 93.600 төгрөг гэх мэт нийт 10.075.900 төгрөгийн хохирол учирснаас 3.000.000 төгрөгийг нь дансаар авсан тул үлдсэн 7.075.900 төгрөгийг Ц.Лутбат болон охин Л.Лхагвасүрэн нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ц.Лутбат, Л.Лхагвасүрэн нар шүүхэд гаргасан тайлбартаа: 7.075.900 /долоон сая далан таван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. 
1. Уг осол гарахад Т.Пүрэв нь эсрэг урсгал руу орсны улмаас гарсан.
2. Биднийг хэсгийн төлөөлөгч эвлэр гээд байхаар нь би эвлэхээр болж: ... миний зүгээс 7 сая төгрөгөнд мал өгье, малаа үзэж хараад тохирвол тохиръё, үгүй бол би эвлэрэхгүй, тэр шүүхээр явъя гэсэн юм. Т.Пүрэв нь манайд очиж мал үзэж хараад 7 сая төгрөгөнд мал авахаар болж бид 2015 оны 8 сарын 16-ны өдрийн эвлэрлийн гэрээ байгуулсан учраас би гэрээнд тусгагдсан малыг өгөх боломжтой байна. Түүнээс биш 7 сая төгрөгийг мөнгөөр өгөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Т.Пүрэв, Т.Лхагважав нарын нэхэмжлэлийн шаардлага 7.075.900 /долоон сая далан таван мянга есөн зуу/ төгрөгөөс 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг 2016 оны 09 сарын 20-нд төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Т.Пүрэв, Т.Лхагважав нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр миний бие нэхэмжлэлээс 4.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын тайлбарыг хүлээн зөвшөөрч 7.075.900 төгрөгөөс 2.575.900 төгрөгний нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хариуцагч нарын төлөхийг зөвшөөрсөн 4.500.000 төгрөгийг 2016 оны 09 сарын 20-нд бэлэн мөнгөөр авахаар боллоо гэв.

    Шүүх зохигчийн эвлэрлийн гэрээ болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Пүрэв, Т.Лхагважав нар нь хариуцагч Ц.Лутбат, Л.Лхагвасүрэн нарт холбогдуулан гэм хорын хохирол 7.075.900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Энхбаяр 7.075.900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.Лутбат, Л.Лхагвасүрэн нар 2016 оны 09 сарын  20-нд төлөхөөр хүлээн зөвшөөрч талууд нэхэмжлэлийн үнийн дүн болон үүрэг гүйцэтгэх хугацааны талаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.    
2016 оны 01 сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэлд төлөөлөгч Г.Энхбаярт нэхэмжлэлийн зарим хэсгээс эсхүл бүхэлд нь татгалзах, мөн эвлэрэх эрхийг олгосон байх тул Г.Энхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, хариуцагчтай эвлэрэх эрхтэй.
Иргэдийн төлөөлөгч Ж.Амгаланд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, зохигч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн   106.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Пүрэв, Т.Лхагважав нарын нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4.500.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ц.Лутбат, Л.Лхагвасүрэн нар 2016 оны 09 сарын 20-нд төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128.200 төгрөгөөс 84.725 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 43.475 төгрөг хариуцагч Ц.Лутбат, Л.Лхагвасүрэн нараас 43.475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Пүрэв, Т.Лхагважав нарт олгосугай.

3. Тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ тогтоолд давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.БАЙГАЛМАА

         ШҮҮГЧИД                                    Т.БАДРАХ

                                                                    Ц.ДАГИЙМАА