Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 212/МА2024/00052

 

Х.А-ийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2024/00255 дугаар шийдвэртэй,  хүсэлт гаргагч ****** багт оршин суух Т овогт Х.А-ийн хүсэлттэй,

 

“Б.Б-тай 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий  шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлтийн агуулга: 

1.1. Миний бие 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б.Б-тай гэр бүл болсон. Улмаар бид хоёр 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дундаасаа нэг хүүтэй болсон ба уг хүүхдийг М гэдэг.

1.2. Нөхөр Б.Б-тай гэр бүлийн баталгаагүй, хамтран амьдрагчаар 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хүү Б.М- бид гурав хамт амьдарч байсан бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нөхөр Б.Б- өвчний улмаас нас барсан.

1.3. Хүү Б.М-ад тэжээгчээ алдсан тэтгэмж тогтоолгоход талийгаач нөхөр Б.Б- бид хоёр 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд гэр бүл болж, хамт амьдарч байсныг тогтоох шаардлагатай тул талийгаач бид хоёрын гэр бүлийн байдлыг тогтоож өгнө үү.

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2024/00255 дугаар шийдвэрээр:

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Т овогт Х.А-ийн (талийгаач) С овогт Б.Б-тай 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.  

 

3. Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1.Миний бие Х.А- нь 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б.Б-тай гэр бүл болсон. Улмаар бид хоёр 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дундаасаа нэг хүүтэй болсон ба уг хүүхдийг Б-ы М- гэдэг. Нөхөр Б.Б-тай гэр бүлийн баталгаагүй, хамтран амьдрагчаар 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хүү Б.М- бид гурав хамт амьдарч байсан бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нөхөр Б.Б- өвчний улмаас нас барсан ба хүү Б.М-ад тэжээгчээ алдсан тэтгэмж тогтоолгоход талийгаач нөхөр Б.Б- бид хоёр 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд хамтран амьдарч байсныг тогтоолгохоор 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн иргэний хэргийн анхан шүүхэд талийгаач хамтран амьдрагч нөхөр Б.Б- төрсөн хүү Б.М- бид гурав хамтран амьдарч байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан.

3.2. Уг шүүх хуралдаан 3 дугаар сарын 07-ны өдөр товлосон хугацаандаа Аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж, миний гаргасан хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

3.3. Иймээс талийгаач нөхөр Б.Б- бид хоёр хамтран амьдарч байсныг дахин хэлэлцэж шударга зарчмыг баримталж иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн тогтоож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            4. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            5. Хүсэлт гаргагч Х.А- нь “Б.Б-тай 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох” тухай хүсэлтийн үндэслэлээ Б.Б-тай 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсон, бидний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б-ы М- гэж хүү төрсөн, бид гурав хамт амьдарч байсан бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Б.Б- өвчний учир нас барсан учраас Б.М-ад тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоход нөхөр Б.Б-тай гэр бүл болсон байдлыг тогтоолгох шаардлагатай гэжээ.

 

            6. Тэжээгчээ алдсаны тэтгэмж авах өргөдлийг эрх бүхий байгууллагад гаргахад гэрлэлтийн гэрчилгээ буюу гэрлэлтийн баталгааны эх хувь шаардагдах бөгөөд хэрэгт цугларсан, Х.А-ийн гаргаж өгсөн болон шүүхийн санаачилгаар цуглуулж, хэрэгт хавсаргасан баримтуудаар Х.А- болон Б.Б- нарын гэр бүл болсон байдал баримтаар тогтоогдоогүй байна.

 

            Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, 3.1.2 дахь заалтад “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгоно гэж хуульчилжээ.

 

            7. Гэтэл хүсэл гаргагчийн тайлбар, Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын тодорхойлолтууд, Б.Б-ы нас барсан тухай гэрчилгээ, Б.М-ын төрсний гэрчилгээ, Улсын бүртгэлийн байгууллагаас шүүхийн журмаар гаргуулж авсан Х.А-ийн ХААТР маягтууд зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар Х.А- болон Б.Б- нар гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад зохих бүртгэлийг хийлгэсэн нь тогтоогдоогүй учраас тэдгээрийн гэр бүл болсон байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар сэргээн тогтоох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.  

 

            8. Иймд Х.А-ийн “Б.Б-тай 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох” тухай хүсэлтийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь заалт /гэрлэлтийг бүртгүүлсэн байдал/ буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаатуулан хүлээн авч онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж, хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн, давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр нь үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2024/00255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Х.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан Х.А-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            Ж.Отгонхишиг

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК