Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 309

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н-ийн Эод холбогдох эрүүгийн 19100 0066 0143 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Баярхүү, хохирогч Б.Г, шүүгдэгч Н.Э-, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одгэрэл, шинжээч эмч Ж.Ганцэнгэл, гэрч Г.Лхагвасүрэн, Б.Баатар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Тэнгэр апарт” ХХК-нд туслах ажилтай, ам бүл 4, эх, эхнэр 4 настай охины хамт амьдрах, Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1 дүгээр баг, Номгон гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Туулын 89б байрны 124 тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Н-ийн Э /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Н.Энь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 89 дүгээр байрны В1 давхарын гараашинд иргэн Б.-Гтэй “манай эгчийг доромжиллоо” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун хөлийг өшиглөж, хавсарган унагаж эрүүл мэндэд нь “шаант болон тахилзуур ясны зөрүүтэй хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Хэрэг гарсан өдөр хохирогч согтуу байсан. Миний эгчийг доромжилдог хэн бэ гээд гүйж очоод хөлийг нь хавсарч унагаасан зүйл байхгүй. Би очоод “та уусан зүйлээ шингээ” гэж хэлэхэд хохирогч “чи бас яадаг пизда вэ” гээд заамдаад, намайг мөргөөд татаж унагасан. Тэгээд би босоод хохирогчийг татаж босгох гэтэл “миний хөл хугарчихсан байна” гээд босоогүй. Тэр үед хамт явж байсан найз нь араас нь орж ирээд “хөл нь хугарсан” гэхэд  “үгүй байлгүй дээ” гээд машинаа аваад ирсэн. Тэгээд Гэмтлийн эмнэлэг явсан. Бид Гэмтлийн эмнэлэг дээр очиход хохирогч “миний дүү айх зүйл байхгүй” гэж надад хэлж байсан. Удалгүй хохирогчийн эхнэр нь эмнэлэг дээр ирсэн ба хохирогч эхнэртээ “шатаар бууж байгаад хөлөө эвгүй гишгэчихлээ” гэж хэлж байсан. Эхнэрийгээ ор, дэвсгэрийн даавуунд явах хооронд хохирогч “миний дүү айгаад байх юм байхгүй, чи гараад 05 граммын Х нэртэй архи аваад ир” гэсэн. Би архи авч ирээд хохирогчийн хэвтэж байгаа өрөө рүү нь оруулж өгсөн. Хохирогч “ах нь чам руу яръя, санаа зовох зүйлгүй, цагдаа гээд яахав, ах нь чам руу яръя” гээд эхнэр, найз хоёрыгоо ирэхээс өмнө намайг явуулчихсан.

Би хохирогчийг над руу утсаар ярихыг нь хүлээж байсан. Над руу ярихгүй байж байгаад Гэмтлийн эмнэлэгт ажилладаг эмэгтэй дүү нь “чи хоёр гэрчтэй гэсэн билүү” гэж ярьсан. Тэгээд намайг цагдаад өгсөн гэдгийг нь мэдсэн. Би санаатайгаар гэмтэл учруулна гэж бодоогүй. Тухайн үед намайг шаардлага тавьж байхад зууралдаагүй байсан бол ийм зүйл болохгүй байх байсан. Хохирогч тухайн үед өөрөө архи хэрэглэсэн байсан тул зарим зүйлийг санахгүй байх шиг байна.

Би одоогийн байдлаар хохирогчид учруулсан хохирол төлбөрөөс төлөөгүй байгаа.  Тухайн хэрэг 21 цаг 50 минутад гараашийн үүдэнд болсон, гарааш нь гаднаа гэрэлтүүлэгтэй. Би хэрэг гарсан өдөр архи, согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан бөгөөд ажлаа хийж байсан.

Хохирогч надтай хамт унахдаа гэмтсэн байх, би өвдгөөрөө тулаад хохирогчийн дээр унасан. Унасан газрын талбай хаалгаар ороод тэгш гадаргуутай талбай байсан. Хэрэг гарах үед Хишигжаргал, Баатар нар гарааш дотор байсан. Баатар гэдэг ах хүүгийнхээ машиныг гарааш руу оруулж тавьчихаад гараашийн хаалгыг онгойлгох гээд зогсож байсан. Харин хохирогч Хишигжаргал эгчтэй хэрэлдээд байсан. Гарааш руу орох гэж байгаа жолооч хаалгаа өөрсдөө механикаар онгойлгодог юм. Мөн би байгаа үедээ өөрөө онгойлгож өгдөг. Миний хувьд тэр Хишигжаргал гэх эмэгтэйтэй төрөл садангийн холбоогүй. Хохирогчийн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардлын төлбөрийг төлж барагдуулна. Эхнэр маань жирэмсэн, би өөрөө цалин багатай, зуны цагаар барилгын ажил хийж орлого олж амьдардаг учир хүнд байдалд байна. Би эхнэрийнхээ ангийн охины эгчийг өмгөөлөгчөөрөө оролцуулж байгаа. Учир нь өмгөөлөгч авах боломжгүй байсан юм. Би тухайн үед цагдаа дуудах ёстой байсан байна, болсон явдалд маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг, 

 

2. Хохирогч Б.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

... 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хэрэг болсон. Тухайн харуулын байрны гарааш руу ордог хаалга нь налуу байдаг. Хаалгаар нь дотогш ороход тэгш талбайтай. Гэрч Хишигжаргалын машин урд зогсоод, бид хоёрын машин хойно нь зогсож байсан. Энэ хүмүүсийн яриагаар машины марк зөрж байна. Миний машин Приус-30, нөгөө эмэгтэйгийн машин Приус-10 маркийн машинууд байсан. Тухайн эмэгтэйн машины араас гарааш руу орох гээд 10 минут зогссон. Машиныхаа гэрлийг хойноос нь дохиод орохгүй болохоор нь би хаалгыг нь онгойлгоод “ийм хөнгөн хаалга байхад онгойлгож чадахгүй байна уу” гээд ахархаад загнасан. Тэгээд бид хоёр маргалдаад би гарааш руу хаалгаар нь ороод гараа саваад хурдан ор гэж байсан. Хаалганаас нь дотогш 2-3 метр орчихсон байхад энэ залуу гүйж ирээд  “манай эгчийг доромжлоод байгаа, чи хэн бэ” гээд намайг заамдсан. Би өөрөө нүдний шил зүүдэг болохоор хүн мөргөж чадахгүй, шүүгдэгчийн толгой руу мөргөсөн гэж худлаа ярьж байна. Тухайн үед заамдалцсан байхад хэрүүл болсон зүйл байхгүй. Бид хоёр 10 см зайтай, нүүр тулсан байдалтай өөд өөдөөсөө хараад, хоёр биенээ барьчихсан зогсож байсан юм. Тэгээд бид хоёр заамдалдсан байхдаа унасан ба шүүгдэгч намайг хөлөөрөө хашиж унагаасан.  Хоёулаа чигээрээ хойшоо унасан ба шүүгдэгч миний дээр, би доор нь нуруугаараа савж унасан. Тухайн газар уг нь тэгш гадаргуутай газар байсан. Би өөрөө хөл сайтай хүн. Гэхдээ намайг яаж өшиглөсөн гэдгийг нь хараагүй. Би бодохдоо намайг  хөлөөрөө хавсарч унагаасан байх гэж бодож байна. Дараа нь над руу залгаад “та хөлөө хугалчихаад ирсэн юм биш үү, та өөрөө унасан юм биш үү” гэх зэргээр асууж байсан. 

Хишигжаргал ирээд хараад зогсож байсан. Би тэр эмэгтэйгээс уучлалт гуйтал “надад хамаагүй” гэж хэлээд явсан. Манай найз орж ирээд миний хөлийг хугарсан гэдгийг мэдээд энэ залуутай хамт Гэмтлийн эмнэлэг явсан. Одоогоор хөдөлгөөн засах, физик эмчилгээ хийгдэж байгаа. Намайг Д витамин байнга уу гэсэн. Би энэ хэргээс болж хохирч ажлаа алдаж байгаа тул гомдолтой байна. Цаашид өвдөгний үе солих хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Санхүүгийн хувьд их зардал гаргаж хохирч байна. Зарим гарсан зардлын талаар бүрэн баримт байхгүй байна. Жишээ нь гэхэд л тахир дутуугийн тэмдгийг би 15.000 төгрөгөөр авч машинд тавьсан. Гэтэл энэ талаарх баримтыг надад өгөөгүй. Миний хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй хэдий ч хувиараа нэг хүний Юкисүх ХХК-тай, уг компанийн үйл ажиллагаанаас олсон орлогоос татвараа төлөөд ашиг нь өөрт ирдэг учир амьжиргаандаа хэрэглээд явдаг байсан. Энэ боломж алдагдсан. Аж ахуйн нэгжийнхээ орлогын тайланг хэрэгт гаргаж өгсөн. Мөн манай эхнэр сарын 800.000 төгрөгийн цалинтай цайны газарт ажилладаг, намайг гэмтсэнээс хойш 2 сар гаран хугацаанд сахиж, ажлаа алдсан. Түүний цалин орлого 1.600.000 төгрөг нэхэмжлэх тооцоонд байгаа.”  гэсэн мэдүүлэг,

 

3. Гэрч Б.Баатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би шүүгдэгчийг өмнө нь таньдаггүй байсан. Түүнийг гараашийн харуул хийж байсан гэдгээр нь мэддэг. Харин хохирогчийг танихгүй. Шүүгдэгч, хохирогч нартай өр авлага, садан төрлийн холбоо байхгүй. Би тухайн өдөр хүүхдийнхээ машиныг гарааш руу оруулж байтал араас машин сигналдаад орж ирсэн. Тэгээд хаалга онгойлгоход нэг хүүхэн байсан. Араас нь дахин нэг машин ирсэн ба тухайн машинаас нэг согтуу хүн бууж ирээд өмнөх машинаа “хурдан орооч, зайлаач” гээд байсан. Тухайн үед ямар нэгэн зодоон хийгээгүй. Нэг харахад энэ хоёр хүн барилцаад хаалганы ойролцоо ирээд давхаралдаад уначихсан байсан. Тэгэхэд хохирогч гэх энэ залуу “хөл болохоо байлаа” гээд арын машин орж ирээд хажууд нь зогссоноо гурвуулаа машинд суугаад гараад явсан. Би түүнээс хойшхи зүйлийг мэдэхгүй. Намайг гараашинд байхад хохирогч согтуу байсан юм. Энхболд хурдтай гүйж ирээд нөгөө эмэгтэйг өмөөрөөд байсан. Тэд нар хэрүүл маргаан хийж, нүүр ам руугаа цохиж зодсон зүйл болоогүй. Барилцаж аваад гараашийн хаалганы хажууд давхаралдаад унасан.” гэсэн мэдүүлэг,

 

4. Гэрч Ж.Лхагвасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би Гэмтлийн эмнэлэгт 7 дахь жилдээ ажиллаж байна. Харин дүрс оношлогооны эмчээр 10 дахь жилдээ ажиллаж байна. Би шүүгдэгч, хохирогч нарын хэн хэнийг нь таньж мэдэхгүй. Компьютер томографийн шинжилгээний дүгнэлтэд шаант ясны хэлбэр алдагдаагүй, өвдөгний үений зай хэвийн гэж дүгнэсэн байна. Баруун өвдөгний үений томограммууд дээр шаант ясны үе дайрсан хугаралтай гэж тэмдэглэсэн байна. Энэ нь өвдөгний үе дайраад дотогш цөмөрсөн байна гэж ойлгоно. Харин бүтцийн хэлбэр алдагдаагүй. Миний хувьд Гансүхийн биед 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийж дүгнэлтийг гаргахгүй, рентген зургийг нь харж тайлбар хийж дүгнэлт бичсэн байна.” гэсэн мэдүүлэг,

 

5. Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Бид дүгнэлт гаргахдаа дүгнэлтэд рентген зургийг хавсаргадаггүй, хохирогчийн өвчний түүх дээр бичсэн дүгнэлт, хийгдсэн эмчилгээ оношилгоог үндэслэн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Тухайн үед хохирогч Гансүхийн рентген зургийг дүгнэлт гаргахад  харсан гэж бодож байна. Ер нь мэргэжлийн эмч нарын гаргасан дүгнэлтэд үндэслэн тухайн учирсан гэмтлүүд гэмтлийн ямар зэрэгт хамаарахыг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргана. Хохирогчийн хувьд шаант ясны болон тахилзуур ясны зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдсон байна. Энэ гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа юм. Шугаман хугарал байсан ч хүндэвтэр гэмтэл, бяцраагүй байсан ч хүндэвтэр гэмтэл, мөн зөрүүтэй, зөрүүгүй хугарал байсан ч  бүгд хүндэвтэр гэмтэлд хамаарна. Тухайн гэмтлүүд нь хатуу гадаргуу дээр унах, эвгүй хальтирч унах зэрэгт мөн үүсэх боломжтой байдаг. Заавал ямар нэг хатуу мохоо зүйлийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэх юм. Хүндэвтэр гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах гэмтэл хамаарна. Рентген зурагнаас харахад шаант болон тахилзуур ясны зөрүүтэй хугарал нь хохирогчийн өвдөгний үений доод хэсгээр үүссэн байх ба энэ нь өвдөгний үений үйл ажиллагаанд тодорхй хэмжээнд нөлөөлнө. Өвдөгний үе нь дунд чөмөг, шаант болон тахилзуур ясны дээд хэсгүүд нийлээд, өвдөгний үеийн жижиг яснууд хооронд нь нийлүүлж өгдөг. Доод яс нь хугарвал хөдөлгөөн хязгаарлах боломжтой байдаг. Мохоо зүйлд өшиглөх, мөргөх, таших, унах зэрэг үйлчлэл хамаарна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0066 0143 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г-ийн хохирогчоор өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 19-ний орой 22:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах 89 дүгээр байрны гарааш руу найз Энхсүхийн машинтай орох гэхэд урд талд Приус-10 маркийн авто машинтай 2 эмэгтэй хүн сууж байхаар араас нь 5-10 минут гэрлээрээ дохиод орохгүй болохоор найз Энхсүх “чи буугаад гараашийн хаалга онгойлгочих” гэхээр нь би буугаад гараашийн хаалга онгойлгоод урд талд байсан авто машин дээр очиж цонхыг нь тогшиж “залуу хүүхдүүд байж машинаасаа буугаад хаалга онгойлгочихгүй, хөнгөн хаалга байна” гэж хэлэхэд өөдөөс “чамаар заалгахгүй, хөгшин төгзөг минь” гэж хэлсэн. Тэгээд би уурлаад янхан царайлчихаад хэлээд тэр машиныг хурдан орж гэж зам зааж өгөөд зогсож байтал гарааш дотор урд зүгээс 50 гаран насны эрэгтэй хүн ирж байсан. Тэгэхэд миний хөлийг хугалдаг залуу цаанаас гүйж ирээд үгийн зөрүүгүй намайг заамдаж аваад “миний эгчийг доромжилдог хэн бэ” гэхээр нь би бас зөрүүлж заамдаад “чи учрыг нь олоогүй байж, юу ярих гээд байгаа юм” гэсэн чинь хөл рүү хавсарч өшиглөсөн. Би газар унаад “над руу битгий ойртоорой, хөл хугарчихлаа” гэхэд тэр залуу намайг татаж босгох гэхээр нь би хэрэггүй гэсэн. Цаанаас манай найз Энхсүх бас хэрүүл хийсэн эмэгтэй 2 ирсэн ба эмэгтэй нь “надад хамаагүй шүү” гээд цааш явсан. Би найз Энхсүхийг “машинаа наашлуул Гэмтлийн эмнэлэг орохгүй бол, болохгүй байна” гэж хэлээд манай найз машинаа гарааш руу оруулж ирээд намайг өшиглөсөн залууд “чи бас хамт яваарай” гээд бид 3 эмнэлэг явсан. Би тухайн үед бага хэмжээгээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нөгөө харуул залуу эрүүл байсан. Миний баруун хөлийг өшиглөсөн, яаж өшиглөсөнийг хараагүй. Бид хоёрыг маргалдаж, намайг өшиглөсөнийг өөр нэг харуул залуу харсан. Одоо миний бие зовиуртай байгаа, 2018 оны 12 сарын 24-ний өдөр хагалгаанд орж 2019 оны 01 сарын 09-ний өдөр Гэмтлийн эмнэлгээс гарсан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад эргэж тойрсон бол учраа олох байсан байх, эмч нар намайг 6 сарын дараа группд гаргана гэж хэлсэн. Би бодит гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Анх бэртсэнээс хойш 2.0 сая төгрөгийн зардал гарсан бөгөөд цаашид хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй байна. 2 жилийн дараа дахин өвдөгний хагалгаанд орно гэж хэлсэн. Одоогийн ханшаар 9.0 сая төгрөг болно гэж хэлсэн. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х/,  

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Энхсүхийн гэрчээр өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр найз Гансүхийн Баянгол дүүргийн 18 хороо, 47в байрны 0 тоотод байрлах гэрт нь надаас худалдан авсан хөргөгчийн баталгааны хуудсыг хүргэж өгсөн. Тухайн үед Гансүх гэртээ архи уусан байдалтай, бага зэрэг халамцуу сууж байсан. Ингээд намайг явах гэхэд Гансүх “би танай гэрт ойрд очоогүй, очиж 100 грамм архи уумаар байна” гэхээр нь би түүнийг дагуулж Хан-Уул дүүргийн 2 хороо, Туул 89 дүгээр байр руу явсан. Би байрны гадна ирээд машинаа гараашинд байрлуулах гэхэд гараашийн хаалга таглаад саарал өнгийн Тоёота Приус-11 маркийн машин зогсоод гараашийн хаалга нээхийг хүлээгээд байх шиг байсан. Тэгтэл Гансүх машинаас буугаад гараашийн хаалга нээчихээд буцаж ирээд урд талын машины цонхыг нь тогшоод “чи гараашийн хаалгаа онгойлгоод орчихгүй яасан юм” гэтэл урд талын машины жолооч бололтой эмэгтэй “би энэ байрны эзэн нь байна, би мэдэж байна” гэж хэлж байгаа нь сонсогдсон. Мөн Гансүх тэр эмэгтэйд “чи өөрөө хаалга онгойлгоод орооч” гэхэд нөгөө эмэгтэй “хөгшин төгцөг минь дуугай бай” гэхэд Гансүх “гичий янхан минь, дуугай бай” гээд хоорондоо маргалдсан. Тэгээд тэр эмэгтэй машинаа хөдөлгөөд гарааш руу орсон. Би араас нь ортол Гансүх гараашийн хаалганы баруун талд шалан дээр хэвтэж байсан. Би машиныхаа хаалгыг нээгээд “юу болов, яагаад шалан дээр хэвтэж байгаа юм бэ” гэхэд “хөл хугарчихлаа” гэхэд нь би итгээгүй. Ингээд би зогсоод машинаа байрлуулаад буцаж ирэхэд Гансүх газраас босоогүй байхаар нь би түүний хугарсан гэх баруун хөлийг нь тэмтэрч үзэхэд өвдөг хэсгээр яс нь хугараад, арьсаа арай цоолоогүй ёрдойсон байдалтай байхаар нь би түүнийг яаралтай машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед Гансүх бид хоёртой манай байрны жижүүр залуу хамт явж байсан ба Гансүх надад “энэ манаач залуу намайг хавирч унагаахдаа миний хөлийг хугалчихлаа” гэж хэлсэн. Биднийг эмнэлэг рүү явахаас өмнө Гансүхтэй маргалдаж байсан эмэгтэй манаачийн буруу гэж хэлээд цаашаа яваад өгсөн. Гансүх манаач залуууд “би түрүүн эвгүй зан гаргасан бол уучлаарай” гэж уучлалт гуйсан. Харин манаач залуу нь “би энэ ахыг хөл рүү нь хавсарсан чинь хөл хугарчихлаа” гэж хэлж байсан. Манаач залууг Энхээ гэж дууддаг ба түүний бүтэн нэрийг нь мэдэхгүй. Тэрээр 89 дугаар байранд 0-ын өрөө түрээслэж амьдардаг гэж хэлж байсан. Энхээ нь тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, болсон асуудлыг Гансүхтэй маргалдаад байсан Хишгээ гэх эмэгтэй болон гараашийн нөгөө ээлжийн манаач болох 50 орчим насны эрэгтэй харсан. Би өөрийн нүдээр харсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Хишигжаргалын гэрчээр өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед би охин Ц.Эрдэнэзаяагийн хамт өөрийн амьдардаг байрны гарааш руу орох гэхэд гараашийн хаалга хаалттай байхаар нь хүлээгээд зогсож байтал арын машинаас үл таних 50-55 орчим насны эрэгтэй бууж ирээд хаалга онгойлгосон. Тэгэхээр нь би орох гэхэд тэр эрэгтэй гараараа дохиод цонхоо буулга гэхээр нь би буулгатал “хаалга онгойлгож чадахгүй байна уу, яасан их зарцтай хүн бэ” гэхээр нь “харин тиймээ, амжсангүй ээ” гэж хэлтэл намайг хэл амаар доромжлоод “зайлаад өг” гээд байхаар нь “би та энэ байрны оршин суугч мөн үү, ингэж уурлаж гарааш руу орох хэрэг байна уу” гэж асуухад өөдөөс “чи мэддэг юм уу, чам шиг янхан энэ гараашийг мэддэггүй юм” гээд цонхоор гараа оруулаад толгой руу чичлэх гээд байсан. Манай байрны харуул Энхболд гараашнаас гарч ирээд “та юу болоод байгаа юм бэ, энэ машиныг оруулаач” гэж хэлээд тэр хүнийг тэврээд замаас холдуулах гэтэл тэр хүн Энхболдын куртикнээс заамдаад хоёулаа газар өнхрөөд гараашийн дотор тал руу унасан. Тэр хооронд би машинтайгаа гарааш руу ороод зогсоолд байрлуулчихаад тэр хоёр дээр очтол тэр үл таних эрэгтэй хүн газар бөгсөөрөө сууж байсан ба хажууд нь байрны оршин суугч зогсож байсан. Би “та яагаад бага насы хүүхдийн хажууд намайг доромжилж байгаа юм бэ, ямар их эвгүй үг хэлж байна” гэсэн чинь надаас уучлалт гуйснаа “хөл эвгүй болчихлоо, босож чадахгүй байна” гээд суугаад үлдсэн. Би охиныхоо хамт гэртээ орсон. Тэр хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Энхболд тэр хүнийг өшиглөхийг би хараагүй, тэр хоёр хамт өнхрөөд унахад хөлөө эвгүй болгосон байх. Би гомдолтой байна, тэр хүн бага насны охины минь хажууд их муухай хараал хэлж хэл амаар доромжилсон. Манай охин их айж сандарч уйлахад тэр хүнтэй хамт явж байсан найз нь уучлалт гуйж “манай найз ийм хүн биш, архи уусан байгаа болохоор ийм ааш зан гаргаж байгаа юм” гэж хэлж байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Энх-Амгалангийн гэрчээр өгсөн:

“...2018 оны 12 сарын 19-ний 22:30 цагийн үед би нөхөр Б.Гийн утас руу залгахад “би хөлөө хугалаад Гэмтлийн эмнэлэг дээр байна” гэхээр нь 23:00 цагт Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах тасаг дээр очиход манай нөхөр хөлний зураг авахуулах гээд зөөврийн орон дээр хэвтэж байсан ба түүний найз Энхсүх, бас нэг танихгүй залуу хамт байсан. Би юу болсон талаар асуухад “би Энхсүхийн гэрийн гадна гараашийн хаалга онгойлгох гэж байгаад эмэгтэй хүнтэй маргалдсан чинь гараашийн харуул гэх залуу ирээд хувцаснаас заамдахаар нь зөрүүлээд заамдсан чинь тэр залуу хөл рүү нь өшиглөөд хавсраад унагаатал хөл эвгүй болчихлоо гэж хэлэхэд Энхсүх машинаасаа бууж ирээд, нөгөө өшиглөсөн залуугийн хамт өргөж босгоод Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн” гэж хэлсэн. Би нөгөө өшиглөсөн залуугаас асуухад “маргалдсанаас болоод хөл рүү нь өшиглөхөд ийм зүйл болчихлоо” гээд айгаад гүйгээд байсан. Тэгээд эмч үзээд эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэх шаардлагатай юм байна, зургийг нь үзэхэд машинд мөргүүлэх юм уу, хүчтэй юманд цохиулах тохиолдолд 2 яс нь ташраараа хугардаг гэж хэлсэн. Нөгөө өшиглөсөн гэх залуу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба манай нөхөр архи уусан байсан. Манай нөхөр 2018 оны 12 сарын 19-ний орой эмнэлэгт хэвтээд 2019 оны 01 сарын 10-ны өдөр гарсан. Баруун талын хөл нь өвдөгнөөс доошоо шилбэ хүртэл 2 яс нь ташраараа хугарсан, өвдөгний үе рүүгээ бяцралт өгсөн байна гэж гэмтлийн эмч хэлсэн. Одоо анх гэмтээд хэвтсэнийг бодвол сайжирсан, хэвтрийн дэглэм барь гээд гэртээ хэвтэж байгаа. Хагалгаа хийсэн хөлний яс нь гүйцэд бороолсоны дараа өвдөгний үе солих хагалгаа хийнэ гэж хэлсэн. Би гомдолтой байна, надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 29х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Баатарын гэрчээр өгсөн:

“...2018 оны 12 сарын 19-ний 21 цагийн үед би Хан-Уул дүүргийн 2 хороо, 89а байрны автомашины гараашид хүргэн А.Болдбаатарын Тоёота Прадо маркийн автомашиныг байрлуулаад нэг талын хаалгыг хааж байхад гаднаас эмэгтэй жолоочтой хар өнгийн Тоёота Харриер маркийн автомашин орж ирж байсан. Тэр машины араас цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн машин ирээд хойд хаалганаас нь өндөр залуу бууж ирээд эмэгтэй жолооч дээр очиж “зайлаад өгөөч, янхан банзал минь” гэх мэт хараалын үг хэлж орилоод байсан. 2 орчим минутын дараа гарааш хариуцдаг хамгаалагч ирээд согтуу хараагаад байсан өндөр хүнийг “болиоч, эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм” гэсэн шаардлага тавиад согтуу өндөр залууг гаргах гэж оролдоход “үгүй” гээд хэрүүл хийж байгаад Тоёота Харриер маркийн автомашин гарааш руу орсон. Ноцолдож байгаад нөгөө хоёр газар унасан. Хамгаалагч залуу түрүүлж босоход өндөр залуу босохгүй, хөл эвгүй болчихлоо гэхэд Приус-20 маркийн машины жолооч түүний хажууд тавиад эмнэлэг явъя гээд хамгаалагч залуутай хамт өндөр залууг босгоод машинд суулгаад тэр 3 эмнэлэг явсан. Би гарааш хариуцсан залууг танина, түүнийг Энхболд гэдэг. Манай нөгөө талын 89б байранд амьдардаг юм. Бид хоёр ойр дотно биш, гэхдээ ажилдаа их сайн, харилцааны соёлтой, ажилдаа хариуцлагатай ханддаг юм шиг санагдсан. Приус-20 маркийн автомашинд явж байсан 2 залууг би харж байгаагүй хүмүүс байсан. Өндөр орилоод байсан залуу нь нилээн согтуу байх шиг байсан. Энхболд түүнийг цохиж зодож байхыг хараагүй, бие биенээ дараад газар унасан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Гантулгын гэрчээр өгсөн:

“...Б.Г, 50 настай, эрэгтэй. 2018 оны 12 сарын 19-ний 19 цаг 30 минутын үед хавсарч унасан гэсэн өгүүлэмжтэй баруун шилбэ ясны дээд төгсгөлийн үед дайрсан бяцарсан хугаралтай оношоор Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд ирсэн байна. 2018 оны 12 сарын 20-ны өдөр би үзээд өвчтөнд оношилгооны эмчилгээ хийлгэсэн. 2018 оны 12 сарын 24-ний өдөр баруун шилбэний ясны шаант болон тахилзуур дээд хэсгийн төгсгөлийн хугарлын ил аргаар эвүүлэн металл бэхлэгчээр хадаж бэхлэн эмчилгээ хийгдсэн. Одоо өвчтөн мэс заслын шарх эдгэж, амбулаторын хяналтанд гадуур эмчилгээ хийгдэж байгаа. 2019 оны 01 сарын 09-ний өдөр ГССҮТөвийн хавсарсан гэмтлийн тасгаас гарсан. Эмчлүүлэгч Б.Гийн баруун шилбэний шаант болон тахилзуур ясны үе дайрсан хугарал нь эдгэрэлийн хугацаа удаан, хөдөлмөрийн болон амьдралын чадвар сэргэх нь удаан. Тодорхой хугацааны дараа буюу дунд ясны хугарал бүрэн бороолсоны дараа /дунджаар 1.6-2 жил/ өвдөгний үеийн үйл ажиллагааг сэргээх үе буюу өвдөгний үеийг хиймэлээр солих эмчилгээ хийлгэж болзошгүй. Эмчилгээний төлбөрийг Нийгмийн даатгалын сангаас 75 хувийг гаргах буюу улс дааж, 25 хувийг хувь хүн өөрөөсөө гаргаж эмчлүүлнэ. Одоогийн ханшаар 1.800.000 төгрөг байгаа. Тухайн өвчтөний хугарал нь гадны механик хүчин зүйлээс үүсэх боломжтой. Тухайн ясны хугарал нь 1.5-2 жилийн хугацаанд өвдөгний үеийн гэмтлийг бороолох боломжтой. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35х/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 сарын 11-ний өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 1027 тоот актын:

1. Б.Г-н биед шаант болон тахилзуур ясны зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэтмэл.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 39х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Ж.Ганцэнгэлийг байцаасан тэмдэглэлд:

“...1027 тоот дүгнэлтэд дурьдагдсан Б.Г-н биед шаант болон тахилзуур ясны зөрөөтэй хугарал гэмтэл нь гадны эд хүчин зүйлээр үүснэ. Ямар нэгэн юманд хүчтэй цохиход л үүсэх гэмтэл байгаа. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 41х/,

 

8. Хохирогч Б.Гийн ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 85-95х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Э-ын гэрч, яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 12 сарын 19-ний орой 22:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 89 дүгээр байрны гараашинд харуулын үүрэг гүйцэтгэж байхад манай 89 дүгээр байранд Хишигжаргал гэх эгчийг үл таних 40-45 орчим насны эрэгтэй хүн гараашийн дотор талын үүдэнд хэл амаар доромжилж салаавч гаргаад нүүр ам руу нь чичлээд байхаар нь би очоод “та идэж уусан зүйлээ шингээгээч” гээд тэврээд тэр эгчээр холдуулахад тэр ах намайг заамдаж аваад толгойгоороо толгой руу мөргөхөөр нь би цааш нь түлхтэл газар унасан. Би очоод “та яасан бэ, босооч ээ” гэхэд “хөл хугарчихлаа, хөдөлж болохгүй байна” гээд хэвтээд байсан. Тэгтэл манай байрны 9 давхарт байдаг найз нь гэх ах гарааш руу машинтайгаа орж ирээд “яасан, юу болсон бэ” гэхэд “энэ хүн намайг хөлөөрөө ташаад унагаачихлаа” гэж хэлээд хэвтээд байсан. Тэгэхээр нь би “таныг тэгээгүй шүү дээ, гэхдээ гайгүй байхаа” гээд найзаараа өргүүлж босгоод, найзынхаа машинд нь суугаад Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлнэ гээд бид 3 цуг явсан. Тэгээд замдаа хөл нь хугарсан ах өөрийнхөө дүү рүүгээ залгасан боловч дүү нь утсаа аваагүй. Эмнэлэгт ирэхэд эмч нар “таньдаг хүн байна, манай байгууллагын эмчийн ах нь байна” гээд хүлээн авахын эмч дагуулж яваад хөлний зургийг нь аваад гипсдээд, тасагт хэвтүүлсэн. Эхнэр нь гэх эмэгтэй гаднаас орж ирээд юу болсон бэ гэж асуухад “эвгүй гишгээд хөлөө гэмтээчихлээ” гэж хэлж байсан. Цаад өрөөнөөс нэг эмч ирээд өөр өрөө рүү авч яваад гарч ирэхдээ “энэ хүнийг яаралтай хагалгаанд оруулна” гэхэд нөгөө ах ондоо зүйл яриад, эхнэртээ хандаж “энэ залуу миний хөлийг хугалсан” гэж хэлсэн. Тэгээд тэр ах надаар 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи аваад ир гэхээр нь би авчирж өгөхөд “ах дээрээ ирээд хэрэггүй ээ, ах нь өөрөө чам руу утсаар ярина” гэж хэлэхээр нь би гэртээ явсан. Хөл нь хугарсан ах архи хэрэглэсэн, дундаж согтолттой байсан. Бид хоёрыг маргалдаж байхыг манай байрны гараашинд байдаг 60 гаран насны эрэгтэй харсан, бас Хишигжаргал эгч машин дотроосоо харсан. Би тэр хүний хөр рүү өшиглөсөн зүйл байхгүй.

... Намайг заамдаж байгаад татаад хойшоогоо ухарч байхдаа газар унахад нь би дээр нь унахдаа өвдгөөрөө цементэн шалан дээр тулж унасан. Бид хоёр газар унахад ямар нэгэн эд зүйлд тээгэлдэж унаагүй. Бид хоёр цуг газар унасан. Би тэр хүнд санаатай гэмтэл учруулна гэж бодоогүй, би өөрийнхөө үүргийг гүйцэтгэж байгаад шаардлага тавьсан. Ийм зүйл болно гэж бодоогүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х, 124х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 58х/, шүүгдэгч Н.Э-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 44х/, Хороо, багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 96х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 103х/, “Тэнгэр апат” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт /хэргийн 108х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Э-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Энь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 22:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 89 дүгээр байрны В1 давхарын автомашины зогсоол дотор иргэн Б.Гтэй “эмэгтэй хүнтэй зүй бус бүдүүлэг харьцлаа” гэснээс маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар харилцан заамдалцах явцдаа хохирогч Б.Гийг хөлөөрөө ташиж хавсран газарт унагаснаас түүний /баруун хөлийн/ биед “шаант болон тахилзуур ясны зөрөөтэй хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:  

- хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний орой 22:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах 89 дүгээр байрны гарааш руу найз Энхсүхийн машинтай орох гэхэд урд талд Приус-10 маркийн авто машинтай 2 эмэгтэй хүн сууж байхаар араас нь 5-10 минут гэрлээрээ дохиод орохгүй болохоор найз Энхсүх “чи буугаад гараашийн хаалга онгойлгочих” гэхээр нь би буугаад гараашийн хаалга онгойлгоод урд талд байсан авто машин дээр очиж цонхыг нь тогшиж “залуу хүүхдүүд байж машинаасаа буугаад хаалга онгойлгочихгүй, хөнгөн хаалга байна” гэж хэлэхэд өөдөөс “чамаар заалгахгүй, хөгшин төгзөг минь” гэж хэлсэн. Тэгээд би уурлаад “янхан царайлчихаад” гэж хэлээд тэр машиныг гараараа хурдан ор гэж зам зааж өгөөд зогсож байтал гарааш дотор урд зүгээс 50 гаран насны эрэгтэй хүн ирж байсан.

Тэгэхэд миний хөлийг хугалдаг залуу цаанаас нь гүйж ирээд үгийн зөрүүгүй намайг заамдаж аваад “миний эгчийг доромжилдог хэн бэ” гэхээр нь би бас зөрүүлж заамдаад “чи учрыг нь олоогүй байж, юу ярих гээд байгаа юм” гэсэн чинь хөл рүү хавсарч өшиглөсөн. Тэгээд би газарт унаад “над руу битгий ойртоорой, хөл хугарчихлаа” гэхэд тэр залуу намайг татаж босгох гэхээр нь би хэрэггүй гэсэн. Цаанаас манай найз Энхсүх, бас хэрүүл хийсэн эмэгтэй 2 ирсэн ба эмэгтэй нь “надад хамаагүй шүү” гээд цаашаа яваад өгсөн. Би найз Энхсүхийг “машинаа наашлуул Гэмтлийн эмнэлэг орохгүй бол, болохгүй байна” гэж хэлээд манай найз машинаа гарааш руу оруулж ирээд, намайг өшиглөсөн залууд “чи бас хамт яваарай” гээд бид гурав хамт эмнэлэг явсан. Би тухайн үед бага хэмжээгээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин нөгөө харуул залуу эрүүл байсан.

Тухайн үедээ миний баруун хөлийг өшиглөсөн, яаж өшиглөсөнийг хараагүй. Бид хоёрыг маргалдаж, намайг өшиглөсөнийг өөр нэг харуул залуу харсан. Одоо миний бие маш их зовиуртай байна. 2018 оны 12 сарын 24-ний өдөр хагалгаанд орж 2019 оны 01 сарын 09-ний өдөр Гэмтлийн эмнэлгээс гарсан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад эргэж тойрсон бол учраа олох байсан байх, эмч нар намайг 6 сарын дараа “группд гаргана” гэж хэлсэн. Би бодит гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Анх бэртсэнээс хойш 2.0 сая төгрөгийн зардал гарсан бөгөөд цаашид хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй байна. Хоёр жилийн дараа дахин өвдөгний хагалгаанд орно гэж хэлсэн. Одоогийн ханшаар 9.0 сая төгрөг болно гэж хэлсэн.

... 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хэрэг болсон. Тухайн харуулын байрны гарааш руу ордог хаалга нь налуу байдаг. Хаалгаар нь дотогш ороход тэгш талбайтай. Гэрч Хишигжаргалын машин урд зогсоод, бид хоёрын машин хойно нь зогсож байсан. Энэ хүмүүсийн яриагаар машины марк зөрж байна. Миний машин Приус-30, нөгөө эмэгтэйгийн машин Приус-10 маркийн машинууд байсан. Тухайн эмэгтэйн машины араас гарааш руу орох гээд 10 минут зогссон. Машиныхаа гэрлийг хойноос нь дохиод орохгүй болохоор нь би хаалгыг нь онгойлгоод “ийм хөнгөн хаалга байхад онгойлгож чадахгүй байна уу” гээд ахархаад загнасан. Тэгээд бид хоёр маргалдаад би гарааш руу хаалгаар нь ороод гараа саваад хурдан ор гэж байсан. Хаалганаас нь дотогш 2-3 метр орчихсон байхад энэ залуу гүйж ирээд  “манай эгчийг доромжлоод байгаа, чи хэн бэ” гээд намайг заамдсан. Би өөрөө нүдний шил зүүдэг болохоор хүн мөргөж чадахгүй, шүүгдэгчийн толгой руу мөргөсөн гэж худлаа ярьж байна. Тухайн үед заамдалцсан байхад хэрүүл болсон зүйл байхгүй. Бид хоёр 10 см зайтай, нүүр тулсан байдалтай өөд өөдөөсөө хараад, хоёр биенээ барьчихсан зогсож байсан юм. Тэгээд бид хоёр заамдалдсан байхдаа унасан ба шүүгдэгч намайг хөлөөрөө хашиж унагаасан.  Хоёулаа чигээрээ хойшоо унасан ба шүүгдэгч миний дээр, би доор нь нуруугаараа савж унасан. Тухайн газар уг нь тэгш гадаргуутай газар байсан. Би өөрөө хөл сайтай хүн. Гэхдээ намайг яаж өшиглөсөн гэдгийг нь хараагүй. Би бодохдоо намайг  хөлөөрөө хавсарч унагаасан байх гэж бодож байна. Дараа нь над руу залгаад “та хөлөө хугалчихаад ирсэн юм биш үү, та өөрөө унасан юм биш үү” гэх зэргээр асууж байсан.  

Хишигжаргал ирээд хараад зогсож байсан. Би тэр эмэгтэйгээс уучлалт гуйтал “надад хамаагүй” гэж хэлээд явсан. Манай найз орж ирээд миний хөлийг хугарсан гэдгийг мэдээд энэ залуутай хамт Гэмтлийн эмнэлэг явсан. Одоогоор хөдөлгөөн засах, физик эмчилгээ хийгдэж байгаа. Намайг Д витамин байнга уу гэсэн. Би энэ хэргээс болж хохирч ажлаа алдаж байгаа тул гомдолтой байна. Цаашид өвдөгний үе солих хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Санхүүгийн хувьд их зардал гаргаж хохирч байна. Зарим гарсан зардлын талаар бүрэн баримт байхгүй байна. Жишээ нь гэхэд л тахир дутуугийн тэмдгийг би 15.000 төгрөгөөр авч машинд тавьсан. Гэтэл энэ талаарх баримтыг надад өгөөгүй. Миний хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй хэдий ч хувиараа нэг хүний Юкисүх ХХК-тай, уг компанийн үйл ажиллагаанаас олсон орлогоос татвараа төлөөд ашиг нь өөрт ирдэг учир амьжиргаандаа хэрэглээд явдаг байсан. Энэ боломж алдагдсан. Аж ахуйн нэгжийнхээ орлогын тайланг хэрэгт гаргаж өгсөн. Мөн манай эхнэр сарын 800.000 төгрөгийн цалинтай цайны газарт ажилладаг, намайг гэмтсэнээс хойш 2 сар гаран хугацаанд сахиж, ажлаа алдсан. Түүний цалин орлого 1.600.000 төгрөг нэхэмжлэх тооцоонд байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-16х, шүүх хуралдааны тэмдэглэл/, 

- гэрч А.Энхсүхийн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр найз Гансүхийн Баянгол дүүргийн 18 хороо, 47в байрны 0 тоотод байрлах гэрт нь надаас худалдан авсан хөргөгчийн баталгааны хуудсыг хүргэж өгсөн. Тухайн үед Гансүх гэртээ архи уусан байдалтай, бага зэрэг халамцуу сууж байсан. Ингээд намайг явах гэхэд Гансүх “би танай гэрт ойрд очоогүй, очиж 100 грамм архи уумаар байна” гэхээр нь би түүнийг дагуулж Хан-Уул дүүргийн 2 хороо, Туул 89 дүгээр байр руу явсан. Би байрны гадна ирээд машинаа гараашинд байрлуулах гэхэд гараашийн хаалга таглаад саарал өнгийн Тоёота Приус-11 маркийн машин зогсоод гараашийн хаалга нээхийг хүлээгээд байх шиг байсан.

Тэгтэл Гансүх машинаас буугаад гараашийн хаалга нээчихээд буцаж ирээд урд талын машины цонхыг нь тогшоод “чи гараашийн хаалгаа онгойлгоод орчихгүй яасан юм” гэтэл урд талын машины жолооч бололтой эмэгтэй “би энэ байрны эзэн нь байна, би мэдэж байна” гэж хэлж байгаа нь сонсогдсон. Мөн Гансүх тэр эмэгтэйд “чи өөрөө хаалга онгойлгоод орооч” гэхэд нөгөө эмэгтэй “хөгшин төгцөг минь дуугай бай” гэхэд Гансүх “гичий янхан минь, дуугай бай” гээд хоорондоо маргалдсан. Тэгээд тэр эмэгтэй машинаа хөдөлгөөд гарааш руу орсон. Би араас нь ортол Гансүх гараашийн хаалганы баруун талд шалан дээр хэвтэж байсан. Би машиныхаа хаалгыг нээгээд “юу болов, яагаад шалан дээр хэвтэж байгаа юм бэ” гэхэд “хөл хугарчихлаа” гэхэд нь би итгээгүй. Ингээд би зогсоод машинаа байрлуулаад буцаж ирэхэд Гансүх газраас босоогүй байхаар нь би түүний хугарсан гэх баруун хөлийг нь тэмтэрч үзэхэд өвдөг хэсгээр яс нь хугараад, арьсаа арай цоолоогүй ёрдойсон байдалтай байхаар нь би түүнийг яаралтай машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед Гансүх бид хоёртой манай байрны жижүүр залуу хамт явж байсан ба Гансүх надад “энэ манаач залуу намайг хавирч унагаахдаа миний хөлийг хугалчихлаа” гэж хэлсэн. Биднийг эмнэлэг рүү явахаас өмнө Гансүхтэй маргалдаж байсан эмэгтэй “манаачийн буруу” гэж хэлээд цаашаа яваад өгсөн. Гансүх манаач залууд “би түрүүн эвгүй зан гаргасан бол уучлаарай” гэж уучлалт гуйсан. Харин манаач залуу нь “би энэ ахыг хөл рүү нь хавсарсан чинь хөл хугарчихлаа” гэж хэлж байсан. Манаач залууг Энхээ гэж дууддаг ба түүний бүтэн нэрийг нь мэдэхгүй. Тэрээр 89 дугаар байранд 0-ын өрөө түрээслэж амьдардаг гэж хэлж байсан. Энхээ нь тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, болсон асуудлыг Гансүхтэй маргалдаад байсан Хишгээ гэх эмэгтэй болон гараашийн нөгөө ээлжийн манаач болох 50 орчим насны эрэгтэй харсан. Би өөрийн нүдээр харсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21/,

- гэрч Д.Хишигжаргалын: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед би охин Ц.Эрдэнэзаяагийн хамт өөрийн амьдардаг байрны гарааш руу орох гэхэд гараашийн хаалга хаалттай байхаар нь хүлээгээд зогсож байтал арын машинаас үл таних 50-55 орчим насны эрэгтэй бууж ирээд хаалга онгойлгосон. Тэгэхээр нь би орох гэхэд тэр эрэгтэй гараараа дохиод цонхоо буулга гэхээр нь би буулгатал “хаалга онгойлгож чадахгүй байна уу, яасан их зарцтай хүн бэ” гэхээр нь “харин тиймээ, амжсангүй ээ” гэж хэлтэл намайг хэл амаар доромжлоод “зайлаад өг” гээд байхаар нь “би та энэ байрны оршин суугч мөн үү, ингэж уурлаж гарааш руу орох хэрэг байна уу” гэж асуухад өөдөөс “чи мэддэг юм уу, чам шиг янхан энэ гараашийг мэддэггүй юм” гээд цонхоор гараа оруулаад толгой руу чичлэх гээд байсан. Манай байрны харуул Энхболд гараашнаас гарч ирээд “та юу болоод байгаа юм бэ, энэ машиныг оруулаач” гэж хэлээд тэр хүнийг тэврээд замаас холдуулах гэтэл тэр хүн Энхболдын куртикнээс заамдаад хоёулаа газар өнхрөөд гараашийн дотор тал руу унасан.

Тэр хооронд би машинтайгаа гарааш руу ороод зогсоолд байрлуулчихаад очтол тэр үл таних эрэгтэй хүн газар бөгсөөрөө сууж байсан ба хажууд нь манай байрны оршин суугч зогсож байсан. Би “та яагаад бага насы хүүхдийн хажууд намайг доромжилж байгаа юм бэ, ямар их эвгүй үг хэлж байна” гэсэн чинь надаас уучлалт гуйснаа “хөл эвгүй болчихлоо, босож чадахгүй байна” гээд суугаад үлдсэн. Тэр хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Энхболд тэр хүнийг өшиглөхийг би хараагүй, тэр хоёр хамт өнхрөөд унахад хөлөө эвгүй болгосон байх. Тухайн үед тэр хүнтэй хамт явж байсан найз нь надаас  уучлалт гуйж “манай найз ийм хүн биш, архи уусан байгаа болохоор ийм ааш зан гаргаж байгаа юм” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27х/,

- гэрч Ж.Энх-Амгалангийн: “...2018 оны 12 сарын 19-ний 22:30 цагийн үед би нөхөр Б.Гийн утас руу залгахад “би хөлөө хугалаад Гэмтлийн эмнэлэг дээр байна” гэхээр нь 23:00 цагт Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах тасаг дээр очиход манай нөхөр хөлний зураг авахуулах гээд зөөврийн орон дээр хэвтэж байсан ба түүний найз Энхсүх, бас нэг танихгүй залуу хамт байсан. Би юу болсон талаар асуухад “би Энхсүхийн гэрийн гадна гараашийн хаалга онгойлгох гэж байгаад эмэгтэй хүнтэй маргалдсан чинь гараашийн харуул гэх залуу ирээд хувцаснаас заамдахаар нь зөрүүлээд заамдсан чинь тэр залуу хөл рүү нь өшиглөөд хавсраад унагаатал хөл эвгүй болчихлоо” гэж хэлсэн. Би нөгөө өшиглөсөн гэх  залуугаас нь асуухад “маргалдсанаас болоод хөл рүү нь өшиглөхөд ийм зүйл болчихлоо” гээд айгаад гүйгээд байсан. Тэгээд эмч үзээд эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэх шаардлагатай юм байна, зургийг нь үзэхэд машинд мөргүүлэх юм уу, хүчтэй юманд цохиулах тохиолдолд 2 яс нь ташраараа хугардаг гэж хэлсэн. Нөгөө өшиглөсөн гэх залуу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба манай нөхөр архи уусан байсан. Манай нөхөр 2018 оны 12 сарын 19-ний орой эмнэлэгт хэвтээд 2019 оны 01 сарын 10-ны өдөр гарсан. Баруун талын хөл нь өвдөгнөөс доошоо шилбэ хүртэл 2 яс нь ташраараа хугарсан, өвдөгний үе рүүгээ бяцралт өгсөн байна гэж гэмтлийн эмч хэлсэн. Одоо анх гэмтээд хэвтсэнийг бодвол сайжирсан, хэвтрийн дэглэм барь гээд гэртээ хэвтэж байгаа. Хагалгаа хийсэн хөлний яс нь гүйцэд бороолсоны дараа өвдөгний үе солих хагалгаа хийнэ гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29х/,

- гэрч Б.Баатарын: “...2018 оны 12 сарын 19-ний 21 цагийн үед би Хан-Уул дүүргийн 2 хороо, 89а байрны автомашины гараашинд хүргэн А.Болдбаатарын Тоёота Прадо маркийн автомашиныг байрлуулаад нэг талын хаалгыг хааж байхад гаднаас эмэгтэй жолоочтой хар өнгийн Тоёота Харриер маркийн автомашин орж ирж байсан. Тэр машины араас цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн машин ирээд хойд хаалганаас нь өндөр залуу бууж ирээд эмэгтэй жолооч дээр очиж “зайлаад өгөөч, янхан банзал минь” гэх мэт хараалын үг хэлж орилоод байсан. 2 орчим минутын дараа гарааш хариуцдаг хамгаалагч ирээд согтуу хараагаад байсан өндөр хүнийг “болиоч, эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм” гэж шаардлага тавиад согтуу өндөр залууг гаргах гэж оролдоход “үгүй” гээд хэрүүл хийгээд ...Ноцолдож байгаад нөгөө хоёр газар унасан. Хамгаалагч залуу түрүүлж босоход өндөр залуу босохгүй, “хөл эвгүй болчихлоо” гэхэд Приус-20 маркийн машины жолооч түүний хажууд тавиад “эмнэлэг явъя” гээд хамгаалагч залуутай хамт өндөр залууг босгоод машинд суулгаад тэр 3 эмнэлэг явсан. Би гарааш хариуцсан залууг танина, түүнийг Энхболд гэдэг. Манай нөгөө талын 89б байранд амьдардаг юм. Бид хоёр ойр дотно биш, гэхдээ ажилдаа их сайн, харилцааны соёлтой, ажилдаа хариуцлагатай ханддаг юм шиг санагдсан. Приус-20 маркийн автомашинд явж байсан 2 залууг урьд харж байгаагүй хүмүүс байсан. Өндөр орилоод байсан залуу нь нилээн согтуу байх шиг байсан. Энхболд түүнийг цохиж зодож байхыг хараагүй, бие биенээ дараад газар унасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х/,

- гэрч Ж.Лхагвасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Гэмтлийн эмнэлэгт 7 дахь жилдээ ажиллаж байна. Харин дүрс оношлогооны эмчээр 10 дахь жилдээ ажиллаж байна. Би шүүгдэгч, хохирогч нарын хэн хэнийг нь таньж мэдэхгүй. Компьютер томографийн шинжилгээний дүгнэлтэд шаант ясны хэлбэр алдагдаагүй, өвдөгний үений зай хэвийн гэж дүгнэсэн байна. Баруун өвдөгний үений томограммууд дээр шаант ясны үе дайрсан хугаралтай гэж тэмдэглэсэн байна. Энэ нь өвдөгний үе дайраад дотогш цөмөрсөн байна гэж ойлгоно. Харин бүтцийн хэлбэр алдагдаагүй. Миний хувьд Гансүхийн биед 2018 оны 12 дугаар срын 20-ны өдөр үзлэг хийж дүгнэлтийг гаргахгүй, рентген зургийг нь харж тайлбар хийж дүгнэлт бичсэн байна.” гэсэн мэдүүлэг,

- гэрч Ж.Гантулгын: “...Б.Г, 50 настай, эрэгтэй. 2018 оны 12 сарын 19-ний 19 цаг 30 минутын үед “хавсарч унасан” гэсэн өгүүлэмжтэй баруун шилбэ ясны дээд төгсгөлийн үед дайрсан бяцарсан хугаралтай оношоор Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд ирсэн байна. 2018 оны 12 сарын 20-ны өдөр би үзээд өвчтөнд оношилгоо эмчилгээ хийлгэсэн. 2018 оны 12 сарын 24-ний өдөр баруун шилбэний ясны шаант болон тахилзуур дээд хэсгийн төгсгөлийн хугарлыг ил аргаар эвлүүлэн металл бэхлэгчээр хадаж бэхлэх эмчилгээ хийгдсэн. Одоо өвчтөн мэс заслын шарх эдгэж, амбулаторын хяналтанд гадуур эмчилгээ хийгдэж байгаа. 2019 оны 01 сарын 09-ний өдөр ГССҮТөвийн хавсарсан гэмтлийн тасгаас гарсан. Эмчлүүлэгч Б.Гийн баруун шилбэний шаант болон тахилзуур ясны үе дайрсан хугарал нь эдгэрэлийн хугацаа удаан, хөдөлмөрийн болон амьдралын чадвар сэргэх нь удаан. Тодорхой хугацааны дараа буюу дунд ясны хугарал бүрэн бороолсоны дараа /дунджаар 1.6-2 жил/ өвдөгний үеийн үйл ажиллагааг сэргээх үе буюу өвдөгний үеийг хиймэлээр солих эмчилгээ хийлгэж болзошгүй.

Эмчилгээний төлбөрийг Нийгмийн даатгалын сангаас 75 хувийг гаргах буюу улс дааж, 25 хувийг хувь хүн өөрөөсөө гаргаж эмчлүүлнэ. Одоогийн ханшаар 1.800.000 төгрөг байгаа. Тухайн өвчтөний хугарал нь гадны механик хүчин зүйлээс үүсэх боломжтой. Тухайн ясны хугарал нь 1.5-2 жилийн хугацаанд өвдөгний үеийн гэмтлийг бороолох боломжтой.” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний: “... Б.Г-н биед шаант болон тахилзуур ясны зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэтмэл, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 2019 оны 01 сарын 11-ний өдрийн 1027 тоот дүгнэлт /хэргийн 39х/,

- шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн: “...1027 тоот дүгнэлтэд дурьдагдсан Б.Г-н биед шаант болон тахилзуур ясны зөрөөтэй хугарал гэмтэл нь гадна хүчин зүйлийн үйлчиллээр үүснэ. Өшиглөх юм уу, ямар нэгэн юманд хүчтэй цохиход л үүсэх гэмтэл юм. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 41х/,

- хохирогч Б.Гийн ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 85-95х/ болон шүүгдэгч Н.Э-ын мөрдөн шалгаж ажиллагааны явцад /хэргийн 23-24х, 122х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Энь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 22:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 89 дүгээр байрны В1 давхарын автомашины зогсоол дотор иргэн Б.Гтэй “эмэгтэй хүнтэй зүй бус бүдүүлэг харьцлаа” гэснээс маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар харилцан заамдалцах явцад хохирогч Б.Гийг хөлөөрөө ташиж хавсран газарт унагаснаас түүний /баруун хөлийн/ биед “шаант болон тахилзуур ясны зөрөөтэй хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хооронд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Прокуророос Н.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, тухайн хэргийн хувьд нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байх тул шүүгдэгч Н.Э-ыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.    

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одгэрэлээс: “...Миний үйлчлүүлэгч эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдээгүй, тухайн хэргийн нөхцөлд Н.Э-ын үйлдэлд гэм буруугийн шууд санаатай хэлбэр үгүйсгэгддэг, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй нөхцөл байдалд гэм буруугуйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Э-ыг цагаатгаж өгнө үү” гэсэн санал, дүгнэлт гаргаж мэтгэлцсэнийг шүүх дээр дурьдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.     

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Тухайн хэргийн хувьд хохирогч Б.Ганбатын биед учирсан “...шаант болон тахилзуур ясны зөрөөтэй хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаатай холбоотой болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд” бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чавдар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тодорхой зааж зохицуулсан байна. 

 

Хэргийн хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон эмчилгээ, эм тарианы зардалд зарцуулсан гэх 1.334.000 төгрөг, өвчтэй 2 сарын хугацаанд эхнэр Ж.Энх-Амгалан нь ажил хөдөлмөр эрхлээгүй сахисан тул түүний ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин олговорт 1.600.000 төгрөг, өөрийн олох байсан орлого ашгийг өөрийн үүсгэн байгуулсан нэг үүсгэн байгуулагчтай “Юкисүх” ХХК нь жилд 54.350.000 төгрөгийн орлоготой ажиллаж, татвар төлдөг тул компанийн үйл ажиллагаа зогсонги болж орлого ашиг олох боломжгүй болсон тул гэмтэл бэртэл авсан үеэс хойш одоог хүртэлх 64 хоногийн хугацаанд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас олох байсан орлогыг өөрт учирсан хохиролд тооцон 11.148.800 төгрөг, цаашид өвдөгний үе солиулах хагалгаа хийх шаардлагатай үндэслэлээр уг хагалгааны зардалд хувиас гарах төлбөрийг 2.250.000 төгрөг гэж тус тус тодорхойлж, нийт 14.082.800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан /хэргийн 113х дахь хохирлын тооцоо баримт/ ба хохирогчоос хэрэгт хавсаргуулахаар өгсөн баримт бүхий эм тариа, эмчилгээний зардлын тооцоог нэгтгэн дүгнэхэд нийт 1.439.850 төгрөгийн үнийн дүн бүхий эм тариа худалдан авсан, оношилгоо шинжилгээ хийлгэсэн, мэс заслын төлбөр тооцоо хийсэн тухай баримтууд хэргийн 8-10, 160-161 дугаар талд тус тус авагдсан байна.  

Үүнээс хохирогчийн Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэний болон мэс заслын эмчилгээний төлбөрөөс Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 270.465 төгрөг, 431.766 төгрөг, нийт 702.231 төгрөгийг /хэргийн 8х/ хасаж тооцсон үлдэгдэл 737.620 төгрөгийг хохирогчид нөхөн төлүүлэхээр шүүгдэгч Н.Э-оос гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй.  

Дээрх төлбөрөөс шүүгдэгч 2019 оны 04 сарын 18-ны өдөр 500.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд нөхөн төлж, үлдэх 237.620 төгрөгийг 2019 оны 05 сарын 01-ний өдрийн дотор нөхөн төлөхөөр тохирч, хохирогчтой бичгээр хэлцэл хийсэн баримтыг /хэргийн 162х/ эрүүгийн хариуцлагын хуралдаанд бичгээр гаргасан тул уг 237.620 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Гэд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.   

Хохирогч Б.Гийн нэхэмжлэлээс эхнэр Ж.Энх-Амгалан 2 сарын хугацаанд өвчтөн асрамжилж ажилгүй байсан хугацааны цалин 1.600.000 төгрөг, мөн өөрийн олох байсан ашиг орлогын 11.148.800 төгрөг, цаашид хийлгэх өвдөгний үе солиулах хагалгааны төлбөрт  2.250.000 төгрөг тус тус нэхэмжилсэн шаардлагын тухайд хэрэгт гаргасан тодорхойлолт баримтын хэмжээнд нэг мөр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй, эдгээр шаардлагад хамаарах нотлох баримтын бүрдэл хангагдаагүй байх тул шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь дээрх нэхэмжлэлд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэв.  

 

Хэргийн 44 дүгээр талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад ЦЕГ-ийн мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай тэмдэглэгдсэн байх тул шүүгдэгч Н.Э-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Н.Э-од 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сарын цалин орлогын хэмжээг харгалзан тухайн  ялыг тодорхой хугацаанд буюу 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.      

 

Энэ хэрэгт Н.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурьдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Х овогт Н-ийн Э-ыг ЭРүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э-ыг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Э нь торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож,   шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт нэхэмжлэлээс үлдэх 237.620 /хоёр зуун гучин долоон мянга зургаан зуун хорь/ төгрөгийг  Н.Э-оос гаргуулан хохирогч ... оршин суух Б овогт Б-ийн Г-д /РД:/ олгож, хохирогч Б.Г нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт Н.Энь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Н.Э-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД