Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 404

 

 

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
    Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, 999 төвд худалдагч ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 30-14 тоотод оршин суух Боржигон овгийн Доржготовын Наранцэцэгийн /РД:АЯ66061862/ хүсэлттэй
    Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.  
    Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов. 
    ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1983 оны 07 сарын      01-нээс 1984 оны 8 сар хүртэл Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгийн сүрьеэгийн больницын тасагт асрагчаар, 1985 оноос 1988 он хүртэл Тариат сумын ахуй үйлчилгээнд, 1988 оноос 1990 он хүртэл Цэцэрлэг хотын 8 жилийн 2-р дунд сургуульд хувцас өлгөгчөөр ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрийн тушаалын тоот дугаар он сар буруу бичигдсэнээс болж ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний дээрх газруудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 сар хүртэл, Тариат сумын ахуй үйлчилгээнд оёдолчноор 1985 оноос 1988 он хүртэл, Цэцэрлэг сумын 2-р сургуульд хувцас өлгөгчөөр 1988-1990 он хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлттэй байсан. Нийгмийн даатгалаас ажилласан жил 17 жил 2 сар болж байгаа тул Тариат сумын ахуй үйлчилгээнд оёдолчноор 1985 оны 03 сарын 25-ны өдрөөс 1988 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан жилээ тогтоолгох хүсэлттэй байна гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Архангай аймгийн Тариат сумын ахуй үйлчилгээнд оёдолчноор 1985 оны 03 сарын 25-ны өдрөөс 1988 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр дээрх Архангай аймгийн Тариат сумын нийтийн ахуй үйлчилгээний төв гэсэн тамга зөрчилгүй боловч дэвтэр нөхөн бичилттэй байна гэсэн учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн. Миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт Тариат сумын ахуй үйлчилгээнд ажилласнаас бусад газрынх болж байгаа. Иймд намайг Архангай аймгийн Тариат сумын ахуй үйлчилгээнд оёдолчноор 1985 оны 03 сарын 25-ны өдрөөс 1988 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоолгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Наранцэцэг нь 1985 оны 03 сарын 25-ны өдрөөс 1988 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Тариат сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: 
1.    Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Сүрьеэгийн больницийн асрагч С.Должинсүрэн ээлжийнхээ амралтыг авсан тул Д.Наранцэцэгийг 7-р сарын 1-нээс эхлэн асрагчаар түр томилсугай гэсэн “Ажилд түр томилох тухай” Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлэгийн даргын 1983 оны 7 сарын 7-ны өдрийн 153 тоот тушаал,

1.2. Хувцас өлгөгч Д.Наранцэцэгийн өвчтэй байх хугацаанд Ш.Гэрэлийг 1988 оны 9 сарын 15-наас эхлэн түр хугацаатайгаар авч ажиллуулсугай гэсэн “Түр ажилчид авах тухай” Архангай аймгийн Цэцэрлэг хотын 8 жилийн II дунд сургуулийн захирлын 1988 оны 9 сарын 03-ны өдрийн 37 тоот тушаал,

1.3. Хувцас өлгөгч Нарацэцэг жирэмсний амралт авах болсон тул оронд нь Нацагням овогтой Эрдэнэчимэгийг 1989 оны 2 сарын 16-наас эхлэн түр авч ажиллуулсугай гэсэн “Түр ажилчид авах тухай” Архангай аймгийн Цэцэрлэг хотын 8 жилийн II дунд сургуулийн захирлын 1989 оны 2 сарын 25-ны өдрийн 12 тоот тушаал,

2. Хүсэлт гаргагч Д.Наранцэцэгийн хүсэлтээр бүрдүүлсэн:
2.1. Гэрч Д.Энхбайгальмаагийн: “Би 1984 оноос Архангай аймгийн Тариат сумын ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилд орж уг ажлаа 1994 он хүртэл хийсэн. Д.Наранцэцэг нь 1985 онд Тариат сумын ахуй үйлчилгээнд манай залуучуудын бригадад оёдолчноор ажилд орсон. Тухайн үед би залуучуудын бригадын даргаар ажилладаг байсан. Тэр үеэс эхлэн би Д.Наранцэцэгтэй 1988 он хүртэл оёдолчноор хамт ажиллаад Д.Наранцэцэг нь хөгшчүүлийн бригадад орж ажилласан. Тэгээд удаагүй нөхөр нь өөр газар луу шилжиж ажиллахаар болж Д.Наранцэцэг нь ахуй үйлчилгээнээс гарсан. Д.Наранцэцэгийн нөхөр Ганболд нь математикийн багшаар ажилладаг байсан. Д.Наранцэцэгийг Тариат сумын ахуй үйлчилгээнээс гарснаас хойш ямар ажил хийж байсныг би сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг, 

2.2. Гэрч Г.Болдбаатарын: “Д.Наранцэцэг бид хоёр Архангай аймгийн Тариат сумын ахуй үйлчилгээнд 1985 онд буюу 1 жил хамт ажилд орж би гачегариар, Д.Наранцэцэг оёдолчноор ажилласан. Би гачегариар 1994 он хүртэл ажилласан, харин Д.Наранцэцэг нь надаас өмнө Тариат сумын ахуй үйлчилгээнээс гарч байсан. Хэзээ гарсныг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

2.3. Гэрч Н.Өлзийсайханы: “Би 1983 оноос 1994 он хүртэл Архангай аймгийн Тариат сумын ахуй үйлчилгээнд үсчинээр ажилласан. Намайг Тариат сумын ахуй үйлчилгээнд үсчинээр ажилладаг байхад Д.Наранцэцэг нь тус ахуй үйлчилгээнд 1984, 1985 оны үед оёдолчноор анх орж 1988 он хүртэл ажилласан. Д.Наранцэцэгийн нөхөр Ганболд нь Цахир сумын сургууль руу шилжиж ажиллахаар болж Д.Наранцэцэг ахуй үйлчилгээнээс гарсан. Тэрнээс хойш ямар ажил хийж байсныг нь би сайн мэдэхгүй байна. Д.Наранцэцэгийг 1985 оноос 1988 оныг хүртэл Архангай аймгийн Тариат сумын ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилласныг нь сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

2.4. Гэрч Д.Янжинлхамын:  “Би 1984 оноос 1991 он хүртэл Архангай аймгийн Тариат сумын ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилласан. Намайг Тариат сумын ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилладаг байхад Д.Наранцэцэг нь тус ахуй үйлчилгээнд 1985 онд оёдолчноор анх ажилд орж, бид хоёр нэг ээлжинд хамт гардаг байсан. Д.Наранцэцэг уг ажлаа 1988 он хүртэл хийсэн. Д.Наранцэцэгийн нөхөр Ганболд сургуульд математикын багшаар ажиллаж байгаад шилжих болоод Д.Наранцэцэг ахуй үйлчилгээнээс гарсан. Тэрнээс хойш Д.Наранцэцэгийг ямар ажил хийж байсныг мэдэхгүй. Би Д.Наранцэцэгийг 1985 оноос 1988 оныг хүртэл Архангай аймгийн Тариат сумын ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилласныг хамт ажиллаж байсан болохоор сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

3. Архангай аймгийн Тариат сумын ахуй үйлчилгээний төвийн даргын 1985 оны 3 сарын 25-ны өдрийн 14-р тушаалаар Тариат сумын ахуй үйлчилгээний төвийн оёдолчноор авч ажилуулав, Архангай аймгийн Тариат сумын ахуй үйлчилгээний төвийн даргын 1988 оны 7 сарын 20-ны өдрийн 31-р тушаалаар Тариат сумын ахуй үйлчилгээний төвийн оёдолчны үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн бичилттэй, Архангай аймгийн Тариат сумын нийтийн ахуй үйлчилгээний төвийн тамга дарагдсан Д.Наранцэцэгийн хөдөлмөрийн дэвтэр, 

4. Архангай аймгийн Тариат сумын ахуй үйлчилгээний төвийн даргын 1983 оны 4 сарын 25-ны өдрийн 37 тоот тушаалаар Тариат сумын ахуй үйлчилгээний төвийн оёдолчноор авч ажилуулав, Архангай аймгийн Тариат сумын ахуй үйлчилгээний төвийн даргын 1991 оны 12 сарын 14-ний өдрийн 59 тоот тушаалаар Тариат сумын ахуй үйлчилгээний төвийн оёдолчноос чөлөөлөв гэсэн бичилттэй гэрч Д.Энхбайгальмаагийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
    
5. Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатын даргын 1983 оны 7 сарын 8-ны өдрийн 159-р тушаалаар Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний харьяа Тариат сумын ахуй үйлчилгээний төвийн үсчнээр авч ажилуулав, Тариат сумын ахуй үйлчилгээний төвийн даргын 1991 оны 12 сарын 14-ний өдрийн 59 тоот тушаалаар Тариат сумын ахуй үйлчилгээний төвийн үсчний ажлаас чөлөөлөв гэсэн бичилттэй гэрч Н.Өлзийсайханы хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

6. Архангай аймгийн Тариат сумын ахуй үйлчилгээний төвийн даргын 1984 оны 12 сарын 01-ний өдрийн 19-р тушаалаар Тариат сумын ахуй үйлчилгээний төвийн оёдолчноор авч ажилуулав, Тариат сумын ахуй үйлчилгээний төвийн даргын 1991 оны 01 сарын 01-ний өдрийн 03-р тушаалаар хөдөө аж ахуйд гарч ажиллах болсон тул оёдолчины үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн бичилттэй гэрч Д.Янжинлхамын хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

7. Д.Наранцэцэгийн оёдолчноор ажиллаж байхдаа авахуулсан зураг,

8. Тус архивын сан хөмрөгт Тариат сумын Ахуй үйлчилгээний материал шилжиж ирээгүй тул Доржготовын Наранцэцэгт холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 316 тоот тодорхойлолт зэрэг болно.

Хүсэлт гаргагч Д.Наранцэцэгийн Архангай аймгийн Тариат сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, түүний ажилд орсон, гарсан тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 316 тоот тодорхойлолтоор нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Д.Наранцэцэгийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүх Д.Наранцэцэгийн хүсэлтээр хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан Д.Энхбайгальмаа, Г.Болдбаатар, Н.Өлзийсайхан, Д.Янжинлхам нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан, Д.Энхбайгальмаа, Н.Өлзийсайхан, Д.Янжинлхам нарын Архангай аймгийн Тариат сумын нийтийн ахуй үйлчилгээний төвд ажиллаж байсан нь тэдний хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ. 

Мөн хүсэлт гаргагчийн нотлох баримтаар бүрдүүлсэн гэрэл зураг нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримт бөгөөд хүсэлт гаргагч Д.Наранцэцэгийн Архангай аймгийн Тариат сумын нийтийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан нь гэрэл зураг, гэрч Д.Энхбайгальмаа, Г.Болдбаатар, Н.Өлзийсайхан, Д.Янжинлхам нарын 
мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэрчүүдийн мэдүүлэгт хүсэлт гаргагч Д.Наранцэцэгийг 1985 оны хэдэн сарын хэдний өдрөөс ажиллаж эхэлсэн мөн 1988 оны хэдэн сард ажлаасаа чөлөөлөгдсөнийг тодорхой мэдүүлээгүй боловч хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн, түүнчлэн хэрэгт хүсэлт гаргагчийн ажиллаж эхэлсэн болон ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй тул хүсэлт гаргагч Д.Наранцэцэгийн “Би Архангай аймгийн Тариат сумын ахуй үйлчилгээнд оёдолчноор 1985 оны 03 сарын 25-ны өдрөөс 1988 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан” гэх тайлбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн бичилт зэргийг үндэслэн Д.Наранцэцэгийг Архангай аймгийн Тариат сумын нийтийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор 1985 оны 03 сарын 25-ны өдрөөс 1988 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл ажилласнаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Д.Наранцэцэгийн хүсэлтийг хангаж, түүний 1985 оны 03 сарын 25-ны өдрөөс 1988 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Тариат сумын нийтийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Д.Наранцэцэг нь Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг болон Цэцэрлэг хотын 8 жилийн II дунд сургуульд ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргаагүй тул Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлэгийн даргын 1983 оны 07 сарын 07-ны өдрийн 153 тоот тушаал, Архангай аймгийн Цэцэрлэг хотын 8 жилийн II дунд сургуулийн захирлын 1988 оны 9 сарын 03-ны өдрийн 37 тоот, 1989 оны 2 сарын 25-ны өдрийн 12 тоот тушаал зэргийг хүсэлт гаргагчийн ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Доржготовын Наранцэцэгийг Архангай аймгийн Тариат сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор 1985 оны 03 сарын 25-ны өдрөөс 1988 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

           3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 
    

                   

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА