Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01513

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01513

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/02416 дугаар шийдвэртэй,

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.А-д холбогдох

СӨХ-ны төлбөрт 2,859,540 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Т ХХК нь 2019 оны 01 сарын 15-ны өдөр NС06/19/0028 тоот үйлчилгээ үзүүлэх гэрээг Н ХХК болон Гарден сити-1 хотхоны СӨХ буюу ашиглалтын өмнөх захиргаатай байгуулсан. Гарден сити хотхоны * байрны * тоот орон сууцны оршин суугч Г.А нь 2019 оны 08 сарын 14-ний өдөр байр хүлээлгэн өгөх комиссын актаар байрыг хүлээн авсан байдаг. Г.А нь СӨХ-ийн төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд 2019 оны 08 сараас 2024 оны 03 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны СӨХ-ийн төлбөрт 2,859,540 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Г.А нь Гарден сити хотхоны *-* тоотод амьдардаг. Энэ байрыг 2017 онд худалдаж авсан ба СӨХ-н төлбөр нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Учир нь манай хотхоны оршин суугчдын анхны хурал 2020 оны 09 сарын 20-ны өдөр болж, Г СӨХ -г байгуулсан тул СӨХ-доо төлбөрийг төлж байгаа. NСD групп болон Т ХХК-ийн хоорондын гэрээ нь оршин суугч Г.А-д хамааралгүй. Мэргэжлийн байгууллага болох Т ХХК -д халаалт, халуун, цэвэр, бохир усны төлбөрт 1,866,039 төгрөг төлсөн. Г СӨХ -д СӨХ-ны төлбөрөө төлж байгаа тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар Т ХХК-ийн Г.А-д холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал болон конторын төлбөр 2,859,540 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 2019 оны 01 сарын 15-ны өдөр байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээгээр Т ХХК нь болон Н ХХК Г СӨХ буюу СӨХ байгуулагдах хүртэл ашиглалтын өмнөх түр захиргаагаар үйл ажиллагаагаа явуулж оршин суугчдын тав тухтай байдал, сууц өмчлөгчдын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт засвар үйлчилгээг хариуцаж байсан. Тус гэрээнд зааснаар Т ХХК үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг хууль ёсны дагуу нэхэмжлэх бүрэн эрхтэй хуулийн этгээд юм.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэргийн ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж заасан. Гэтэл хууль болон гэрээнд ямар нэгэн тогтсон хугацаанд төлөхөөр заагаагүй байтал дээрх төлбөр, зардлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гэж үзэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хууль зөрчсөн гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Г.А-аас орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг 2019 оны 08 сараас 2024 оны 02 сарын хугацаагаар тооцон 2,859,540 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Миний амьдардаг Гарден сити хотхоны Г СӨХ 2020 оны 09 сард байгуулагдсан, тус СӨХ-д төлбөрөө төлдөг гэж тайлбарлан маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Т ХХК нь Гарден сити хотхоны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын үйл ажиллагааг хариуцан явуулдаг талаар зохигч маргаагүй байна. Нэхэмжлэгч нь энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2019 оноос эхлэн холбогдох мэргэжлийн болон хангагч байгууллагуудтай гэрээ байгуулан тус хотхоны оршин суугчдын хэвийн амьдрах нөхцөлийг хангахаар үйл ажиллагааг явуулж ирсэн байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 01 сарын 15-ны өдөр Н ХХК -тай байгуулсан NС06/19/0028 тоот үйлчилгээ үзүүлэх гэрээгээр Гарден сити-1 хотхоны СӨХ буюу орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцахаар гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, тус хотхоны * байрны * тоот од оршин суугч хариуцагч Г.А дээрх гэрээний дагуу орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй гэжээ.

Хэргийн баримтаар Хан-Уул дүүргийн 4-р хороонд орших Гарден сити хотхоны 110*-110*,120*-120*,130*-130* дугаар байруудыг хамруулан Г СӨХ байгуулагдсаныг Хан-Уул дүүргийн засаг дарга 2020 оны 12 сарын 16-ны өдөр бүртгэж 20/42 дугаартай гэрчилгээ олгосон нь тогтоогдсон байна. Мөн СӨХ-ны 2024 оны 03 сарын 27-ны өдрийн А-24/16 тоот албан бичигт Г.А нь СӨХ-ны төлбөрийн үлдэгдэлгүйг тодорхойлсон байна.

Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг шаардах эрхгүй, нэхэмжлэгчээс 2019 онд Н ХХК -тай байгуулсан гэрээний үүрэг хариуцагчид хамааралгүй гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч Т ХХК нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар Гарден сити хотхоны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг явуулдаггүй байна.

Мөн Н ХХК -тай 2019 онд үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байх боловч Г СӨХ 2020 оны 12 сард байгуулагдан бүртгэгдэж, үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхой бус, энэ талаархи нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

4. Харин нэхэмжлэгч нь 2024 оны 06 сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн үндэслэлээ тодруулж, 2019 оны 08 сараас 2020 оны 11 сар хүртэлх хугацааны орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,408,752 төгрөг, 2020 оны 01 сараас 2024 оны 04 сар хүртэлх хугацааны орон сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгааны зардалд 1,450,788 төгрөг, нийт 2,859,540 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Тус шаардлагаас хариуцагч конторын зардал 1,450,788 төгрөгийг төлөх ёстой бол төлнө гэж хүлээн зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтаар хариуцагч Г.А нь 2021 оны 01 сараас 2024 оны 04 сарын хугацааны конторын буюу орон сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгааны зардалд 2,607,318 төгрөг төлөхөөс 1,866,039 төгрөгийг төлж 741,279 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тухай баримтыг гаргажээ. Энэ баримтыг хариуцагч үгүйсгэж маргаагүй байна.

Нэхэмжлэгч орон сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгааны зардлыг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргасныг анхан шатны шүүх анхаарахгүйгээр орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.А-аас орон сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгааны зардал 741,279 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК -д олгож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч 2019 оны 08 сараас 2020 оны 11 сар хүртэлх хугацааны орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1,408,752 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь нэхэмжлэгчийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд хамаарахгүй, уг төлбөрийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасанд нийцсэн байна.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагч Г.А-аас 741,279 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК -д олгож, нэхэмжлэлээс 2,118,261 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/02416 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг баримтлан хариуцагч Г.А-аас 741,279 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК -д олгож, нэхэмжлэлээс 2,118,261 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А-аас 22,341 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК -д олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ