Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01511

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01511

 

Ө.М, М.Э нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/01891 дугаар шийдвэртэй

Ө.М, М.Э нарын нэхэмжлэлтэй, НШ-т холбогдох

Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын болон гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 2429 дугаартай захирамжаар Х ХХК нь 1,195,621,533 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ч ХХК хүлээн зөвшөөрсөн эвлэрлийг шүүх баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлийн Ү-* дугаартай Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, * дугаар хороолол, *а байр, * тоот, 86 м.кв 3 өрөө орон сууцыг 143,500,000 төгрөгөөр, мөн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны * байрны * тоотод байх 132.22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 174,425,300 төгрөгөөр, мөн улсын бүртгэлийн Ү-* бүртгэлийн дугаартай мөн байрны зоорийн давхарын * тоот хаягт байх 15.5 м.кв авто зогсоолыг 15,246,000 төгрөгөөр үнэлж, 2022 оны 04 сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын сайтаас мэдлээ. Энэ талаар өмчлөгчид мэдэгдэж, дуудлага худалдааны талаар сонин хэвлэлд мэдээлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхээс түдгэлзүүлсэн байхад хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийгээгүй нь хууль бус юм.

Мөн дээрх хөрөнгүүд нь Улаанбаатар хотын өндөр зэрэглэлд байршилтай, зах зээлийн эрэлт ихтэй, тансаг зэрэглэлд хамаарах, бие даасан харуул хамгаалалтгай, тав тухтай зэргийг харгалзан үзэлгүй хэт доогуур үнээр анхны албадан дуудлага худалдаанд оруулж байгаад гомдолтой байна. Бид 2022 оны 04 сарын 01-ний өдөр албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах гомдлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус гаргасан боловч гомдлыг хангаагүй. Иймд дээрх хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 03 сарын 29-ний өдрийн 4/24, 4/25 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Анхны АДХ-нд 2022 оны 03 сарын 29-ний 4/24, 4/25 дугаар тогтоолоор тус тус хөрөнгийг үнэлсэн үнийн 70 хувиар тооцон дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг 2022 оны 04 сарын 04-ний өдөр төлбөр төлөгч Ч ХХК -ийн гүйцэтгэх захирал М.Э өмчлөгч Ө.М нарт хүлээлгэн өгсөн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байгаа, Шүүхийн шийдвэрт гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж зарласан зарын сонин зэргээр тогтоогддог бөгөөд албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга: Н.Т нь 2014 оны 09 сарын 10-ны өдөр Ө.М төй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан ХУД, 11 хороо, Ар зайсан гудамж, Зайсан хороолол, * байр, * тоот хаягт байрлалтай, 132,22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, мөн * байрны * тоот 15.5 м.кв талбай бүхий авто зогсоолыг худалдан авсан. Гэтэл Ө.М нь уг орон сууц, авто зогсоолыг 2014 оны 11 сарын 28-ны өдөр Худалдаа хөгжлийн банкинд барьцаалан зээл авахдаа Н.Т т мэдэгдэлгүй нуужээ. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 28 өдрийн 2429 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх орон сууц, авто зогсоолыг битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоон дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийгдсэнийг олж мэдлээ. Энэ нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шууд хохироож байх тул бие даасан шаардлага гаргаж Н.Т ийн өмчлөлийн ХУД, 11 хороо, Ар зайсан гудамж, Зайсан хороолол, * байр, * тоот хаягт байрлалтай 132,22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 96 байр * тоот 15.5 м.кв талбай бүхий авто зогсоолыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Э Ө.М нарын гаргасан хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд Н.Т ийн гаргасан ХУД, 11 хороо, Ар зайсан гудамж, Зайсан хороолол, * байр, * тоот хаягт байрлалтай 132,22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, * байр * тоот 15.5 м.кв талбай бүхий авто зогсоолыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын төлсөн 210,600 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт цугларсан нотлох баримтуудтай танилцахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ө.М, М.Э нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж, бүртгүүлээгүй, мөн тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээний маргааныг хянан шийдвэрлэснээс хойш 2 сараас дээш хугацаа өнгөрсний дараа анхны албадан дуудлага худалдаанд оруулсныг олж мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ" гэж заасан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй нь хэргийн баримтаар тогтоогдсон ба хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн гэх үндэслэлтэй байна.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор... албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна" гэж заасан. Хэргээс харахад хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээний маргааныг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш 2 сарын хугацаа өнгөрсөн байхад албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь хуулийг илтэд зөрчсөн үйлдэл юм.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дээрх үндэслэлүүд шинээр тогтоогдсон тул энэ талаар шүүх хуралдааны мэтгэлцэх үе шатанд илэрхийлж, хариуцагчийн зүгээс уг үндэслэлүүдэд хариу тайлбарыг өгч, талуудын хооронд мэтгэлцэх ажиллагаа бүрэн явагдсан. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлдээ дурьдаагүй үндэслэл гаргаж, хариуцагчийг мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж дээрх хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож буй, хариуцагч талд нэгэнт илэрхий байсан үндэслэлийг хэргийг хянан шийдвэрлэхдээ үнэлж үзээгүй нь ойлгомжгүй, нэг талд хэт давуу байдлыг олгосон үйлдэл юм. Мөн нэхэмжлэгчийн зүгээс анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээ ямар нэгэн байдлаар өөрчлөөгүй бөгөөд зөвхөн тухайн нэхэмжлэлийн хүрээнд маргаж, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон шинэ үндэслэлийг мэтгэлцэх шатанд илэрхийлсэн.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 сарын 29-ний өдрийн 4/24, 4/25 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хэргийг шийдвэрлэх шүүх хурал 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 11:30 цагт товлогдсон ба миний бие тухайн өдөр өөр хуралд оролцож байсан ба тэр хурал цагтаа эхлээгүй учир энэхүү хуралд хоцорч очсон. Намайг хуралд ирэхэд шүүх хуралдаан ирцийн асуудлаар завсарласан байсан ба миний бие хурал завсарласны дараа орсон боловч хэргийн оролцогчоор бус ажиглагчийн журмаар оролцуулсан. Миний санал хүсэлт, тайлбарыг сонсохгүйгээр шүүх хуралдааныг явуулж, шийдвэр гаргасан нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үйлдэл юм.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, түүний төлөөлөгч зохигчийн эрх эдэлж үүрэг хүлээх ба шүүх хуралдаанд өөрийн биеэр ирсэн байхад хэргийн оролцогчийг эзгүй хэмээн тооцож шүүх хуралдааныг явуулж шийдвэр гаргасанд гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч нарын болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын болон гуравдагч этгээдийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ө.М , М.Э нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар, гуравдагч этгээд Н.Т нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ар зайсан гудамж, Зайсан хороолол, * байрны * тоот хаягтай 132,22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, мөн байрны * тоот хаягтай 15,5 м.кв талбай бүхий авто зогсоолыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлөхийг даалгахаар бие даасан шаардлагыг тус тус гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан гэх тайлбар гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 2429 дугаартай захиарамжаар хариуцагч Ч ХХК нь 1,195,621,533 төгрөгийг нэхэмжлэгч Х ХХК -д төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Ө.М гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны * байрны * тоот хаягтай 132.22 м.кв талбай бүхий 4 өрөө орон, мөн байрны зоорийн давхрын * тоот хаягтай 15.5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-* дугаартай авто зогсоол, М.Э ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хорооллын 8а байрны * тоот хаягтай, 86 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх батиалгаажуулах арга хэмжээний хүрээнд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулж улмаар тус хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоожээ. Энэ хугацаанд төлбөр төлөгч төлбөрийг барагдуулаагүй байх тул барьцаа хөрөнгийг албадан худалдах борлуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар зохион байгуулж явуулсан нь хуульд нийцсэн байна.

 

5. Дээрх барьцааны хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт 2021 оны 07 сарын 01-ний өдөр гарсныг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, хөрөнгийн өмчлөгч нарт хариуцагч мэдэгдсэн байна. Улмаар төлбөр төлөгч, хөрөнгийн өмчлөгч нар хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд маргаан үүсгэснээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 сарын 30-ны өдрийн 8531 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүрэгт орших * тоот 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 08 сарын 05-ны өдрийн 8780 дугаартай захирамжаар Хан-Уул дүүрэгт орших * тоот 132.22 м.кв талбайтай 4 өрөө орон, * тоот 15.5 м.кв талбайтай автозогсоолд холбогдуулан явуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

 

Уг маргааныг Улсын дээд шүүхийн 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 240, 245 дугаартай тогтоол гарснаар эцэслэн шийдвэрлэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 04 сарын 15-ны өдөр явуулахаар 2022 оны 03 сарын 29-ний өдрийн 4/24, 4/25 тоот тогтоол гарчээ.

 

Энэ тухай төлбөр төлөгч Ө.М , Ч ХХК -ийн захирал М.Э нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн нь 2022 оны 04 сарын 04-ний өдрийн тэмдэглэлээр болон уг тогтоолын талаар нэхэмжлэгч нар 2022 оны 04 сарын 08-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаснаар нотлогдож байх тул барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдээллийг ...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын сайтаас мэдсэн... гэх тайлбар үндэслэлгүй.

 

Мөн ...үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор албадан дуудлага худалдааг явуулна гэснийг хариуцагч зөрчсөн гэх гомдлыг хангахгүй. Учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсан нь нэхэмжлэгч нар үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан, шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, нэхэмжлэгч нар дуудлага явуулах тогтоолын талаар гомдол гаргасан зэргээс шалтгаалжээ.

 

6. Хариуцагч нь албададн дуудлага худалдаа явуулах зарыг Монголын мэдээ сонин, Өнөөдөр сонингуудын 2022 оны 03 сарын 31-ний өдрийн дугаарт нийтэлж, тус байгууллагын цахим мэдээллийн сайтаар дамжуулан нийтэд мэдээлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Харин уг тогтоолыг бүртгэх байгуулагад хүргүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх боловч энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох ноцтой зөрчилд тооцогдохгүй, хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул энэ тухай гомдлыг хангахгүй.

 

7. Гуравдагч этгээд Н.Т ийг барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон нь хүчин төгөлдөр барьцааны эрхийг үгүйсгэхгүй. Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-д шүүх хуралдааны товыг 2024 оны 04 сарын 11-ний өдөр мэдэгдсэн байна. Гэвч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 05 сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товлосон цагт шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хоцорч ирсэн нь хүндтэгэн үзэх шалтгаанд хамаарахгүй тул гуравдагч этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/01891 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талын төлсөн 210,600 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ