Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 966

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2016/00966

Төв аймаг

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 22-р хороо, Зүүннаран, 16-166 тоотод оршин суух, Ум овогт Галхүүгийн Сугар /РД:УК64021108/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Баянчандмань сум, 1-р баг, Чандмань, Мал эмнэлгийн гудамж, 1 тоотод оршин суух, Хар сарлагт овогт Энхээгийн Мөнхбат /РД:НХ84072218/-д холбогдох

           3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Сугар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Мөнхбат нь 2015 оны 5 дугаар сард Улаанбаатар хот Баянгол дүүрэг дэх “Оллоо” телевизэд түрээсэлж байсан гэрийг сарын 100.000 төгрөгөөр түрээсэлнэ гэж авч яваад 1 жилийн хугацаанд эхний сарын түрээснээс өөр түрээс өгөөгүй. Иймд гэрээ 2 сая төгрөгөөр үнэлж мөн түрээс 1 сая төгрөгийн хамт Э.Мөнхбатаас нийт 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Мөнхбат нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг /5 ханатай гэр/-ийг бүрэн бүтнээр нь 2016 оны 10 дугаар сарын 1-ний дотор буцаан өгч, түрээсийн төлбөр 200.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор хоёр хуваан төлж,  дээрх төлбөрийг барагдуулахыг зөвшөөрсөн байна.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Сугар нь Э.Мөнхбатаас 3.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч Г.Сугар нь 3.000.000 төгрөгт хариуцагч Э.Мөнхбатаас 5 ханатай гэрээ /бүрэн бүтнээр/ 2016 оны 10 дугаар сарын 1-ний дотор буцаан авч, гэрийн түрээсийн төлбөрт 200.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор хоёр хувааж авахаар нэхэмжлэгч Г.Сугар, хариуцагч Э.Мөнхбат нар эвлэрсэн байна.

 Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Г.Сугар, хариуцагч Э.Мөнхбат нарын 5 ханатай гэрийг /бүрэн бүтнээр/ 2016 оны 10 дугаар сарын 1-ний дотор буцаан өгч, түрээсийн төлбөр 200.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор хоёр хуваан төлөхөөр тохирсон эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мөнхбатаас 62.900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Сугарт буцаан олгосугай.

3. Хариуцагч тохирсон хугацаанд хүлээсэн үүргээ сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУУЛ