Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01509

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01509

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 17-ны өдрийн 102/ШШ2024/02639 дугаар шийдвэртэй

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ү ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 95,549,880 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Х ХХК нь бетон зуурмаг үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 оны 04 сарын 13-наас 2019 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Ү ХХК-ийн гүйцэтгэж байсан Нисэх, Зуслан, Дөлгөөннуур зэрэг байршил дахь барилгын талбайд харилцан тохиролцсон үнээр нийт 803 м.куб 127,273,770 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. Ү ХХК бүтээгдэхүүний үнэд 63,521,700 төгрөг төлж, талуудын тооцоо нийлсэн актад тус компанийн нягтлан бодогч н.Шүрэнцэцэг гарын үсэг зурсан ба 27,000,000 төгрөгийг төлнө гэсэн боловч үлдэгдэл төлбөрийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, тооцооллоо танилцуулаагүй.

Иймд хариуцагч Ү ХХК-аас үлдэгдэл төлбөр 63,752,070 төгрөг, алданги 31,797,810 төгрөг нийт 95,549,880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ү ХХК нь Х ХХК -тай хамтран ажиллаж Нисэх, Зуслан, Дөлгөөннуурт баригдаж буй барилгуудад 2019 оны 04 - 10 сар хүртэл хугацаанд бетон зуурмаг авсан. Зуслан, Дөлгөөннуурын барилгад авсан бетон зуурмагт маргахгүй. Харин Нисэхийн барилгад авсан бетон зуурмагын тооцоо нь Х ХХК-ийн тооцооноос зөрж байгаа бөгөөд төлбөр 90,000,000 төгрөг болсон. Бетон зуурмаг хүлээлцсэн баримтад манай нярав н.М, тооцоо нийлсэн актад нягтлан бодогч н.Ш гарын үсэг зурсан байсан. Төлбөрөөс 63,521,700 төгрөгийг төлсөн, үлдэх 27,000,000 төгрөгийг төлнө гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ү ХХК-аас 63,752,070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК -д олгож, үлдэх 31,797,810 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635,700 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Ү ХХК-аас 476,710 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК -д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: "Х ХХК-ийн шүүхэд гаргасан баримтууд хуулийн шаардлага хангаагүйг шүүх хуралдаанаар хэлэлцэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хэлж, шүүх хуралдааныг хойшлуулан нотлох баримт гаргах боломжоор хангасан. Шүүх үүний дараа хариуцагч Ү" ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З оролцсоор байхад хариуцагч компанийн гүйцэтгэх захирал О.Б-ыг биечлэн оролцуулна гэсэн захирамж гаргаж, улмаар О.Б-ыг торгох арга хэмжээ авч шүүх хуралд оролцуулахаар шийдвэрлэсэн.

О Б нь шүүх хуралд (гэрч, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн аль байр сууриас оролцож байгаа нь мэдэгдэхгүй) өөрийн биеэр ирж оролцож Э.З нь итгэмжлэлийн дагуу хамт оролцож, хууль зүйн зөвлөгөө өгч, мэтгэлцэхээр болсон ч шүүгч нэхэмжлэлд тайлбар өгөх, мэтгэлцэх болон асуулт хариултын үе шат зэрэгт хууль зүйн мэдлэггүй, хэргийн үйл баримтыг сайн ойлгоогүй О Б аас тайлбар авч, хуульчийн хувьд оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З г оролцуулаагүй, тайлбар хэлэх боломжоор хангаагүйгээс тооцоолол буруу хийгдэж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчсөн.

Шүүх хэргийн үйл баримтыг тал бүрээс нь судлалгүй зөвхөн нэхэмжлэгчийн үйл баримтад тулгуурлан шийдвэрлэж, 804 м.куб бетон нийлүүлсэн гэж үзэж 63,752,070 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэн хариуцагчийг 13,421,800 төгрөгийн төлбөрт оруулсан. Гэтэл уг хэрэгт тооцоо нийлсэн баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгч нь өгөөгүй бараа материалаа өгсөн гэж тооцоо бодуулсан нь хэргийн бусад баримтаар нотлогдоогүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан 2019 оны 04 сарын 13-ны өдрөөс 2019 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 804 м.куб бетон зуурмаг нийлүүлсний үлдэгдэл төлбөр 63,752,070 төгрөг, алданги 31,797,810 төгрөг, нийт 95,549,880 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 27,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзан маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан тухайн хэрэгт хамаарал бүхий хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эрггэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4. Нэхэмжлэгч талаас зохигчийн хооронд бетон зуурмаг нийлүүлэхтэй холбоотой худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг болон уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь 127,273,770 төгрөгийн үнэ бүхий 803 м.күб бетон зуурмаг нийлүүлснээс хариуцагч 63,521,700 төгрөгийг төлж 63,752,070 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг нотлох зорилгоор хариуцагчид 6 сарын турш бетон зуурмаг нийлүүлсэн тухай акт, хариуцагч бетон зуурмагийн төлбөрт 33,587,500 төгрөгийн НӨАТ-ын баримт олгосон болон нэхэмжлэгчийн Голомт банкны дансанд бетон зуурмагийн төлбөр шилжүүлж байсныг нотлох дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргажээ.

Эдгээр баримтууд нь зохигчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэнийг нотлох ач холбогдолтой байна. Энэ талаар хариуцагч маргаагүй буюу нэхэмжлэгч Х ХХК -аас 2019 оны 04-10 сар хүртэлх хугацаанд бетон зуурмаг хүлээн авч байсныг зөвшөөрч гагцхүү бетон зуурмагийн төлбөрт 63,521,700 төгрөгийн төлбөргүй, харин 27,000,000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үлдэгдэлтэй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна.

 

Дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй боловч зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар зохигчийн хооронд бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй, харин талууд амаар хэлэлцэн тохиролцож нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалсан бетон зуурмагийг тухай бүр нийлүүлж, хариуцагч зуурмагийг хүлээн авч барилгад ашиглаж байсан талаар маргаагүй учир зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Энэ талаархи үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

5. Нэхэмжлэгч Х ХХК нь 2019 оны 04 сарын 13-ны өдрөөс 2019 оны 10 сарын 15-ны өдрийн хугацаанд хариуцагчид 803 м.куб бетон зуурмагийг 127,273,770 төгрөгөөр нийлүүлснээс 63,521,700 төгрөгийн үнэ төлөгдөж, хариуцагч нь 63,752,070 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа, мөн төлбөрийн хугацаа хэтрүүлсний алданги 31,797,810 төгрөг төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байна.

Тодруулбал, хариуцагчид бетон зуурмаг нийлүүлж байсныг нотлохоор нэхэмжлэгчийн гаргасан санхүүгийн анхан шатны баримтууд нь нэхэмжлэгч Х ХХК-ийн бус J ХХК-ийн санхүүгийн баримтууд байхын зэрэгцээ уг баримтуудыг гадаад хэлээр үйлдсэн, орчуулга нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна. Мөн тухайн санхүүгийн баримт нь хариуцагч Ү ХХК 803 м.күб бетон зуурмаг хүлээн авсныг нотлохгүй буюу уг баримтад зурагдсан гарын үсэг нь хариуцагч талын эрх бүхий этгээд эсхүл тус компанийн тамга, санхүүгийн тэмдгээр баталгаажаагүй байна.

Мөн хэргийн 1-р хавтасны 5-6 дахь талд авагдсан Х ХХК J ХХК-ийн хооронд борлуулалтын тооцоо нийлсэн тухай хүснэгтэд нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал, нягтлан бодогч нар гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарагдсан боловч хариуцагч Ү ХХК -иас уг баримтад хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй, Ү ХХК-ийн тамга эсхүл санхүүгийн тэмдгээр баталгаажаагүй байна. Уг баримтад хариуцагч талаас гарын үсэг зураагүй, тооцоо нийлж байгаагүй гэж хариуцагч маргасан учир уг баримтыг үндэслэн талуудын хооронд тооцоо нийлсэн гэж үзэхгүй.

Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүлйин 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасантай нийцэхгүй тул шүүх тухайн баримтуудыг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.

 

Анхан шатны шүүх талууд бетон зуурмаг хүлээлцсэн баримт, зохигчийн хооронд тооцоо нийлж хариуцагч нь 803 м.күб бетон зуурмагийн үнэ, үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлж байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

 

6. Хариуцагч Ү ХХК-ийн захирал О Б 2024 оны 05 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, нэхэмжлэгч 2019 онд бетон зуурмаг нийлүүлж, хариуцагч хүлээн авч барилгад ашигласны төлбөрт 27,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэснийг үндэслэн нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрсөн 27,000,000 төгрөгийн хэмжээгээр хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ү ХХК-аас 2023 оны 02 сарын 14-ний өдөр төлөөлөгч Э.З д нэг жилийн хугацаатай итгэмжлэл олгожээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч Ү ХХК -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал О Б , тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З нар оролцсон нь хуульд харшлахгүй. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд зааснаар явуулаагүй гэх гомдлыг хангахгүй.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 17-ны өдрийн 102/ШШ2024/02639 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...63,752,070 төгрөг... гэснийг 27,000,000 төгрөг гэж, ...үлдэх 31,797,810 төгрөгийн... гэснийг 68,549,880 төгрөгийн гэж,

2 дахь заалтын ...476,710 төгрөг... гэснийг 331,750 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476,710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Э.ЭНЭБИШ