| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0045/Э |
| Дугаар | 0084 |
| Огноо | 2019-02-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 0084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ш.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй
Иргэдийн төлөөлөгч А.Амаржаргал
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд
Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Эод холбогдох эрүүгийн 1825003820422 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
1. Боржигон овгийн О.Э, Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
1. Шүүгдэгч О.Э нь 2018 оны 06 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Уртцагаанд байрлах “Сара” Солонгос хувцасны дэлгүүрийн шатны доод талд Б.Амарбаясгалангийн ажиллуулдаг гутал засварын газарт нэвтэрч бэлэн 80 000 төгрөг, 3 ширхэг гутал, 3 ширхэг бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 638 000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2018 оны 07 сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн” супермаркет дэлгүүрт нэвтэрч бэлэн 91 630 төгрөг хулгайлж хохирогч Б.Энх-Амгаланд хохирол учруулсан,
3. 2018 оны 06 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах “Мөнхсүндрэл” өрхийн эрүүл мэндийн төвийн цонхоор нэвтэрч “Р 5130” загварын проектор хулгайлж хохирогч Х.Кулсаулед 990 000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2018 оны 07 сарын 29-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ДГТ-ийн 2-1 тоотод оршин суух Г.Долгорсүрэнгийн байранд нэвтэрч ая фоне 5 загварын гар утас, монетон ээмэг хулгайлж 405 000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2018 оны 07 сарын 30-наас 31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Даниста” худалдааны төвийн урд талбайд үйл ажиллагаа явуулдаг павилонд нэвтэрч Монел загварын 32 инчийн зурагт хулгайлж хохирогч Т.Цэцэгмаад 200 000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2018 оны 10 сарын 03-04-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Шарын шанд” ХХК-ний эмийн сангийн цонхоор нэвтэрч бэлэн 773 600 төгрөг хулгайлж хохирогч Б.Отгонжаргалд хохирол учруулсан,
7. 2018 оны 08 сарын 20-ны шөнө Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Тод-од” нэртэй өдөр өнжүүлэх төвд нэвтэрч зөөврийн комьпютер хулгайлж хохирогч Г.Өлзийсайханд 390 000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2018 оны 08 сарын 22-ны шөнө Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Дашчойлон хийдийн урд байрлах “Нанжвандан” шашны дэлгүүрт нэвтэрч бэлэн 32 000 төгрөг, 60 ширхэг бохь, 26 хайрцаг тамхи, 8 ширхэг лаазтай алое ундаа зэргийг хулгайлж хохирогч О.Дөлцэцэгт 158 980 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Эыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч О.Э нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, Сара дэлгүүрийн доод талын гутал засвараас эд зүйл хулгайлаагүй. Энэ хэргийг эрүүгийн төлөөлөгч Бадамжунай намайг дарамталж хүлээлгэсэн учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад хэргийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй. Хохирогч нар “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо гаргуулах хүсэлтэй байна” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /1 дүгээр хх-ийн 8-12-р хуудас/
2. Яллагдагч О.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд. /1 дүгээр хх-ийн 14-20-р хуудас/
3. Хохирогч Б.Амарбаясгалангийн ...“Миний бие Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Уртцагаанд Сара Солонгос хувцасны дэлгүүрийн шатны доод талд гутал засвар ажиллуулдаг юм. 2018 оны 06 сарын 02-ны өдөр 19 цагийн үед ажпаа хаагаад хаалга үүдээ түгжээд гараад явсан. Тэгээд 2018 оны 06 сарын 03-ны өглөө 09 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирэхэд манай гутал засварын модон хаалгыг онгойлгоод хулгайч орсон байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Ширээн дээр байсан жижигхэн эм хийгээд байдаг цагаан шургуулга тэр чигээрээ дотор талд нь байсан бэлэн 80000 төгрөг, 3 ширхэг бугуйн цаг, 2 эмэгтэй, 1 эрэгтэй цаг байсан. Сейфний цаад талд байсан бор шаргал өнгөтэй урт түрийтэй эмэгтэй арьсан гутал, хүрэн бор өнгийн өсгийтэй арьсан гутал, эмэгтэй өсгийтэй богино түрийтэй гутал ззрэг эд зүйл алдагдсан”... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 23-25-р хуудас/
4. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 18/134 дугаартай дүгнэлтийн “3 ширхэг гутал нийт 432.000 төгрөг” гэсэн үнэлгээ. /1 дүгээр хх-ийн 29-34-р хуудас/
5. Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 11 сарын 02-ны өдрийн 18/367 дугаартай дүгнэлтийн “3 ширхэг бугуйн цаг нийт 126000 төгрөг” гэсэн дүгнэлт. /1 дүгээр хх-ийн 37-44-р хуудас/
6. Яллагдагч О.Эоос 78070 төгрөгийг хураан авч Б.Азжаргалд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /1 дүгээр хх-ийн 106-р хуудас/
7. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /1 дүгээр хх-ийн 107-р хуудас/
8. Хохирогч Б.Энх-Амгалангийн ...“2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр би Сэлэнгэ аймгаас Орхон аймаг руу явж байхад миний утас руу нягтлан Н.Ариунбаяр залгаад дэлгүүрийн цонхоор хулгай орчихсон байна гэсэн. Тэгээд орой нь Орхон аймагт ирээд юу болсон талаар сураглахад дэлгүүрийн ар талын 00-ын өрөөний цонхоор хулгайч ороод кассанд байсан задгай 91.630 төгрөгийг хулгайлсан байсан. ..Манай дэлгүүрийн барааны мэргэжилтэн Б.Азжаргалд 78070 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна. Одоо үлдэгдэл 13560 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна”... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 110-111/,
9. Гэрч Б.Азжаргалын ...“2018 оны 07 сарын 23-ны өдөр ажлынхаа хүмүүстэй хамт салхинд гарах гээд өдөр 16 цаг 46 минутанд дэлгүүрээ хаагаад дохиоллыг нь залгаж “Бамбай” харуул хамгаалалтын албанд хүлээлгэн өгсөн. Тэгээд бид нар салхинд гараад байж байхад 18 цагийн үед “Бамбай” харуул хамгаалалгын газраас залгаад манай дээр дохиолол дуугараад байна, танай дэлгүүрт орох шаардлагатай байна гэхээр нь би ачигч Золжаргалын хамт дэлгүүр дээр ирэхэд хамгаалалтын албаны хүмүүс ирчихсэн байсан. Тэгээд дэлгүүр лүү хамгаалалтын албаны хүмүүсийн хамт ороод цонхнуудыг шалгахад хойд талаасаа ордог 00-ийн өрөөний цонх онгорхой байсан. Хамгаалалтын албаны хүмүүсийн хамт дохиолол дуугарсанаас хойш дэлгүүрийн дотор талын хяналтын камерыг шүүж үзэхэд хойд талын онгорхой цонхоор нэг эрэгтэй хүн ганцаараа орж ирээд агуулах руу ороод буцаж гарч ирээд төв заалаар явж байгаад кассанд байсан задгай мөнгөнүүдийг аваад орж ирсэн газраараа буцаад гарч байсан. Бараанд бол хүрэхгүй байсан. Хамгаалалтын албаны хамгаалагч нар бид нар өөрсдөө асуудлыг шийднэ гэсэн болохоор цагдаагийн байгууллагад тухайн үед дуудлага өгөөгүй, шууд цонхоо хаагаад хамгаалалтын албанд дэлгүүрийг хүлээлгэж өгөөд явсан”... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 112-р хуудас/
10. Гэрч Т.Мөнгөн-Эрдэний ...“2018 оны 07 сарын 23-ны өдөр би Хангайн бүс худалдааны төвийн хажуу талд байх “Жем” зочид буудалд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байхад буудлын захирал Ариунболд намайг дуудаад өрөөндөө оруулан сая доод талын караокед хулгайч ороод зугтаачихлаа, гэхдээ ямар нэгэн алдагдсан зүйл байхгүй, үүдэндээ сууж байгаарай гэсэн. Тэгээд намайг захирал 10 минутын дараа дахиж дуудаад нөгөө хулгайч чинь Хангайн бүс худалдааны төвийн ард талд байх шиг байна, чи дагуулаад ирээч гэхээр нь би очиход тэр залуу гартаа задгай мөнгө тоолчихсон сууж байсан ба дагуулаад явах гэхэд зугтаасан. Би араас нь гүйгээд Богд гол худалдааны төвийн мухар гудамж руу оруулан барьж авахад нөгөө хулгайч залуу надад хандаж чи энэ мөнгийг авчих, тэгээд хохиролгүй бол гээд байсан. Би “Бамбай” харуул хамгаалалтын шуурхай бүлгийг дуудахад Эрхэмбаяр, Нэргүй нар ирээд хулгайчийг цагдаад хүлээлгэж өгсөн. Маргааш нь буюу 2018 оны 07 сарын 24-ний өдөр цагдаа дээр очоод миний барьсан хулгайч “Сайн” супер маркет дэлгүүрээс хулгай хийсэн гэдгийг мэдсэн”... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 113-114-р хуудас/
11. Гэрч Э.Золжаргалын... “Дэлгүүрийн дотор талын хяналтын камерыг шүүж үзэхэд танихгүй эрэгтэй хүн ганцаараа 00-ийн өрөөний цонхоор ороод кассанд байсан задгай мөнгийг аваад эргэж гарч байгаа бичлэг бичигдсэн байсан. Хамгаалалтын албаны хүмүүс бид нар эхлээд өөрсдийнхөө арга хэмжээг авна гэхээр нь цагдаагийн байгууллагад хандаагүй. Азжаргал мэргэжилтэн бид хоёр дэлгүүрийг хааж хамгаалалтын албанд дохиоллыг хүлээлгэж өгөөд явсан”... гэх мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 115-р хуудас/
12. Гэрч Т.Батбаярын ...“2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр би хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан. Уг өдөр 18 цаг өнгөрч байхад 7035102 дугаараас “Жем” буудлын харалдаа байх дэлгүүрийн касснаас мөнгө хулгайлаад зугтаачихлаа гэсэн дуудлагын дагуу “Хангайн бүс” худалдааны төвийн гудамжинд ирэхэд “Бамбай” харуул хамгаалалтын ажилчид О.Эыг барьчихсан зогсож байсан ба задгай баахан мөнгөн дэвсгэрт газарт тараачихсан байсан. Тэр мөнгөнүүдийг хамгаалагчаар түүлгүүлж аваад О.Эыг эрүүлжүүлэх баривчлах байранд хүлээлгэж өгсөн”... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 117-р хуудас/
13. Гэрч Д.Даваажаргалын ...“2018 оны 07 сарын 23-ны өдөр цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу орой 18 цаг 50 минутанд О.Э гэдэг нэртэй хүн хулгай хийгээд баригдсан гэсэн зөрчлөөр эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирсэн. Энхболдыг хөдөлгөөнт эргүүлийн цагдаа, ахлах ахлагч Батбаяр авчирсан ба 1000 төгрөгийн дэвсгэрт 15 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 113 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 98 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 10 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 21 ширхэг, нокиа маркын гар утас зэргийг хураан авч О.Эыг эрүүлжүүлсэн юм. О.Эоос өөрийнх нь регистрийн дугаарыг тодруулж байгаад цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангаас хайлт лавлагаагаар хайхад О.Э гэсэн нэртэй байсан ба олон удаа хулгайн хэргээр ял шийтгэгдсэн байсан. Маргааш өглөө нь О.Эыг дэслэгч Г.Энхбатад хүлээлгэн өгөхдөө хураан авсан бэлэн мөнгө болон гар утас зэргийг Энхболдын хажууд тоолж хүлээлгэн өгсөн. Гэхдээ хураагдсан гэх мөнгөнөөс эрүүлжүүлэх байрны зардал 4150 төгрөгийг суутгаад өгсөн. Эд зүйл хураасан тэмдэглэл дээр Энхболдоор гарын үсэг зуруулах гэсэн боловч би хулгай хийгээгүй, миний мөнгө биш гээд гарын үсэг зурахгүй байсан”... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 118-р хуудас/
14. Хохирогч Х.Кулсаулегийн ...“Миний бие Баянцагаан багт байрлах “Мөнхсүндрэл” өрхийн эмнэлэгт арга зүйчээр ажиллаж байгаа юм. Манай өрхийн эмнэлэгт ашиглаж байсан “IР 5130” загварын проектор алдагдсан гэх хэрэгт би байгууллагыг төлөөлөн хохирогч, иргэний нэхэмжпэгчээр оролцож байгаа юм. Манай өрхийн эмнэлэг 2016 онд “IР 5130” загварын проекторыг 1 650 000 төгрөгөөр худалдан авч байсан. Өрхийн эмнэлгийн өмч байгаа юм”... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 145-р хуудас/
15. Гэрч Б.Цэнд-Аюушийн... “Миний бие Баянцагаан багт өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг "Мөнхсүндрэл” эмнэлэгт арга зүйч, няравын ажил хавсран гүйцэтгэдэг. Манай байгууллага сургалтын үйл ажиллагаанд ашиглахаар 2016 онд зөөврийн проектор худалдан авсан. Энэ проекторыг зөөврийн байдлаар бусад байгууллагуудад сургалт явуулахдаа ашигладаг юм. Проекторыг алга болсон талаар эхэндээ мэдээгүй юм, эмч сувилагч нараа л сургалтаар авч яваад өөр газарт үлдээсэн гэж бодож байсан юм. Проектор алдсанаа мэдээгүй байсан учраас цагдаагийн байгууллагад тухайн үед хандаагүй байсан юм”... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 146-147-р хуудас/
16. Гэрч Г.Хишигжаргалын... “Проекторыг яг хэдэн сард алдагдсан талаар мэдэхгүй байна. Цагдаагаас залгаад танайд хулгай орсон уу, проектор алдагдсан уу гэхэд проектор алдагдсан байна гэдгийг мэдсэн. Би 2018 оны 03 дугаар сард проектор ашиглаж сургалт зохион байгуулаад эргээд проекторыг дарга Жаргалсайханы өрөөнд оруулаад тавьчихсан юм. Тэрнээс хойш проектор ашиглаагүй. Алдагдсан гэх проекторыг өрхийн эмнэлгийн даргын өрөөний шүүгээн дотор тавьдаг, гаднаас нь харахад проектор байгаа эсэх нь мэдэгдэхгүй”... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 149-р хуудас/
17. Гэрч Б.Жаргалсайханы... “Проектор яг хэзээ алдагдсан талаар мэдэхгүй байна. Ажлынхаа газрын хүмүүсээс сайтар тодруулж асуухад 2018 оны 03 сард эмч Хишигжаргал проектор ашиглаж сургалт зохион байгуулаад эргүүлээд миний өрөөнд тавьсан гэсэн. Ямарч байсан 2017 оны 12 дугаар сард бол проектор алдагдаагүй юм байна. Алдагдсан гэх проекторыг миний өрөөний шүүгээн дотор тавьдаг, гаднаас нь харахад байгаа эсэх нь мэдэгдэхгүй”... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 150-р хуудас/
18. “Бан хас” ХХК- ний шинжээчийн 2018 оны 10 сарын 24-ний өдрийн 2018/Э-0292 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлтийн “проектор 990.000 төгрөг” гэсэн үнэлгээ. /1 дүгээр хх-ийн 151-155-р хуудас/
19. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /1 дүгээр хх-ийн 170-173-р хуудас/
20. Хохирогч Г.Долгорсүрэнгийн... “Би нөхөрийн хамт хувиараа хөдөлмөр эрхэлж Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Сувд” караоке бар, ресторан ажиллуулдаг, түүнийхээ урд үзүүрт гэр маань байрлаж ажиллаж, амьдардаг юм. 2018 оны 07 сарын 29-ний орой 23 цаг 40 минутын орчим баарны тооцоо хийхээр дээшээгээ нөхөр бид хоёр цуг гараад явсан. Тухайн үед нөхөр Мянганбаяр гуанзанд мах янзлаж байгаад гэр лүү орж иртэл 1 хүн гэр дотор явж байснаа зугтаагаад цонх руу үсрээд гарах гэтэл нөхөр маань араас нь барьж аваад татаад дийлдэхгүй алдсан байсан. Миний хэрэглэж байсан ая фоне 5 эс загварын гар утас байсныг аваад явсан байсан. Манай ээжийн ээмэг зүүлт хийдэг жижиг хайрцагтай байсан эд зүйлс алдагдсан. Би өөрийнхөө гар утсыг барьцаалан зээлдүүлэх газраас олоод авсан. Одоо монетон ээмэг маань олдохгүй байна, буруутай этгээдээс нэхэмжилнэ”... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 175-176/
21. Гэрч А.Уянгын... “2018 оны 07 сарын 30-ны өдрийн 12:30 цагийн орчим ая фоне 5 эс загварын гар утсыг цалин буудаггүй, автобусны мөнгөгүй болчихлоо хэдэн төгрөгийн хэрэг байна гээд гуйгаад байхаар нь 40000 төгрөгийн барьцаанд авсан. Тэр хүн О.Э гэсэн иргэний бүртгэлийн лавлагаагаар бичиг баримтаа үзүүлж авсан. Тэр хүн тухайн үед гар утас тавихдаа Монел маркын 32 инчийн ЛСД зурагтыг мөн тусад нь 80000 төгрөгөөр барьцаанд тавьсан”... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 178-р хуудас/
22. Гэрч Н.Мянганбаярын... “2018 оны 07 сарын 29-30-нд шилжих шөнө эхнэр бид хоёр гэртээ байж байгаад Сувд караокег хаах гээд эхнэрийн хамт гэрээс гарчихаад 10-15 минутын дараа би ганцаараа гэр лүүгээ ороход намхан нуруутай эрэгтэй хүн цонхоор үсрээд гарахаар би хөлнөөс нь барьсан боловч гутал нь сугараад нөгөө хулгайч зугтаачихсан. Манай гэрээс манай эхнэрийн ая фоне 5 эс загварын гар утас, монетон эдлэл алдагдсан. Сүүлд эхнэр маань гар утсаа 5-1 дүгээр байранд байх барьцаалан зээлдүүлэх газраас олж авсан”... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 180- хуудас/
23. “Бан хас” ХХК-ний шинжээчийн 2018 оны 08 сарын 01-ний өдрийн 18/189 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлтийн “утас, монетон ээмэг нийт 405.000 төгрөг” гэсэн үнэлгээ. /1 дүгээр ХХ-ийн 181-186-р хуудас/
24.“ДУЭЯ” ХХК барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээний хуулбар. /1 дүгээр хх-ийн 217-р хуудас/
25. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /1 дүгээр хх-ийн 233-235-р хуудас/
26. Зурагт хураан авч хохирогч Т.Цэцэгмаад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг. /1 дүгээр хх-ийн 238-240-р хуудас/
27. Хохирогч Т.Цэцэгмаагийн... “2018 оны 07 сарын 30-ны орой 21 цагийн үед цайны газраа хаачихаад явсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 07 сарын 31-ний өдрийн 07 цаг 20 минутын үед цайны газарт ороход хулгай орчихсон байсан. Би шууд цагдаад дуудлага өгсөн. Миний алдагдсан зурагт 32 инчийн Монел маркын зурагт, би анх зурагтаа 37 инчийн гэж андуураад буруу мэдүүлсэн байна. Цагдаагийн байгууллагаас зурагтаа хүлээн авахад 32 инч болох талаар мэдсэн, миний зурагт мөн байсан”... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 242-243-р хуудас/
28. Гэрч А.Уянгын ...“2018 оны 08 сарын 01-ний өдөр би О.Э гэх хүний бичиг баримтаар 32 инчийн Монел маркын зурагт барьцаанд авсан. Зурагтыг 80000 төгрөгөөр тавьсан”... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 246-247-р хуудас/
29. Иргэний нэхэмжлэгчээр А.Уянгын ...“надад учирсан 120000 төгрөгийг буруутай этгээдээс нэнэмжилж байна”... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр ХХ-ийн 250-р хуудас/
30. “ДУЭЯ” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээний хуулбар. /1 дүгээр хх-ийн 217-р хуудас/
31. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 11 сарын 16-ны өдрийн 02/02-41 дугаартай дүгнэлтийн “32 инчийн ЛСД зурагт 200000 төгрөг” гэсэн үнэлгээ. /2 дугаар хх-ийн 15-19-р хуудас/
32. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /2 дугаар хх-ийн 88-90-р хуудас/
33. Хяналтын камерын бичлэгийн хуулбар, үзлэг хийсэн тэмдэглэл. /2 дугаар хх-ийн 94-96-р хуудас/
34. Б.Отгонжаргалд 714700 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /2 дугаар хх-ийн 99-р хуудас/
35. Хохирогч Б.Отгонжаргалын... “Би 2018 оны 10 сарын 04-ний өглөө Багануур дүүргийн 1 дүгээр хороо 8 дугаар байрны “Шарын шанд” эмийн санд ажил руугаа ороход дотор хаалга онгорхой, лангууны доод талын цоожтой байдаг шургуулга эвдэрсэн, дотор нь байсан 773600 төгрөг алдагдсан байсан. Би 717650 төгрөг хүлээж авсан ба одоо 55950 төгрөг дутуу байгаа. Гэхдээ би нэгэнт л мөнгөнийхөө ихэнхийг олоод авчихсан болохоор одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй”... гэсэн мэдүүлэг. /2 дугаар хх-ийн 104-107, 141-р хуудас/
36. Гэрч С.Эрдэнэчимэгийн ... “2018 оны 10 сарын 04-ний өглөө Багануур дүүргийн 1 дүгээр хороо 18-60 тоот гэртээ байж байхад манай ажлын газрын эмэгтэй Б.Отгонжаргал өөрийн дугаараас миний дугаарт залгаж “чи эмийн сангийнхаа үүдийг түгжсэн үү, эмийн санд хулгайч орсон байна” гэхээр нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо 8 дугаар байрны “Шарын шанд” эмийн санд ирсэн. Би эмийн сангийн хаалгаа түгжээд, татаж үзэж шалгаад явсан. Намайг ажлаас гарахад цонх хаалттай байсан, манай ажилчид цонхоо нээдэггүй. Бэлэн мөнгө 773600 төгрөг алдагдсан байсан”... гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 109-р хуудас/
37. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /2 дугаар хх-ийн 150-154-р хуудас/
38. Хохирогч Г.Өлзийсайханы ... “Би “Тод монгол эдүкейшн” ХХК-ний өдөр өнжүүлэх төвийн захирал нь байгаа юм. 2018 оны 08 сарын 19-20-нд шилжих шөнө манай компаний байрнаас зөөврийн компьютер алдагдсан. 20-ны өглөө 10-11 цагийн орчимд зөөврийн компьютер алга болсон байна гэж мэдэцгээж цагдаад мэдэгдсэн”... гэсэн мэдүүлэг. /2 дугаар хх-ийн 155-156-р хуудас/
39. Гэрч Х.Оюун-Эрдэнийн... “Чимэд-Оргил багш өрөө рүүгээ ороод нотебүүк хаана байна гэж асуусан. Тэгээд би энд байсан хүмүүсээс асуухад мэдэхгүй гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Гадна хаалга цоожтой байдаг, тоглоомын өрөөний цонх онгорхой хоносон”... гэсэн мэдүүлэг. /2 дугаар хх-ийн 158-р хуудас/
40. Гэрч Б.Батчимэгийн... “2018 оны 08 сарын 20-ны өдөр 11 цаг өнгөрч байхад миний дугаарт Оюун-Эрдэнэ эгч залгаж чи компьютер авсан уу, цэцэрлэгийн компьютер алга байна гэж хэлсэн. Оюун-Эрдэнэ эгч утсаар байрны түлхүүртэй, компьютер авсан байж магадгүй хүмүүс рүү залгаж асуугаад авсан хүнгүй байсан тул хулгайч орж авсан байна гэж таамаглаж цагдаад хандсан”... гэсэн мэдүүлэг. /2 дугаар хх-ийн 159-р хуудас/
41. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2018 оны 08 сарын 24-ний өдрийн 03/450 дугаартай... “Шинжилгээнд тэнцсэн №4 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь О.Эын зүүн гарын ядам, №1 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь О.Эын баруун гарын эрхий, №6 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь О.Эын баруун гарын долоовор хурууны дардастай тус тус тохирч байна”... гэсэн дүгнэлт. /2 дугаар хх-ийн 162-167-р хуудас/
42. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 08 сарын 24-ний өдрийн дүгнэлт. /390.000 төгрөг/. /2 дугаар хх-ийн 171-172-р хуудас/
43. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /2 дугаар хх-ийн 204-208-р хуудас/
44. Хохирогч О.Дөлцэцэгийн... “Би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Дашчойлон хийдийн урд байрлах Нанжвандан дэлгүүрийг ажиллуулдаг юм. Уг дэлгүүрт манай охин Дуламханд бид хоёр ээлжилж суудаг. 2018 оны 08 сарын 21-ний орой дэлгүүрээ хаачихаад гэртээ харьсан. Маргааш нь би нөхрийн хамт хөдөө явчихсан хойгуур манай дэлгүүрт хулгай орсон гэдгийг охин Дуламхандаас сонсож мэдсэн. 2018 оны 08 сарын 21-22-нд шилжих шөнө хулгай орсон байсан. Манай дэлгүүрээс 60 ширхэг бохь, 8 ширхэг лаазтай Алое гэсэн бичигтэй ундаа, 6 хайрцаг парламент, 5 хайрцаг майлд, 4 хайрцаг улаан шонхор, 2 хайрцаг ченж эссэ, 6 хайрцаг эссэ, 1 хайрцаг райсан, 2 хайрцаг ЛД тамхи, нийт 26 хайрцаг тамхи алдагдсан. Мөн дэлгүүрээс 1 ширхэг өгөөжийн цайны боов, 1 ширхэг шүдэнз алдагдаагүй, манай охин эд зүйлээ буруу бүртгэсэн байна. Мөнгөний гахай дотор ойролцоогоор 32000 төгрөг байсан. Тэрнээс биш 150000-160000 төгрөг байгаагүй”... гэсэн мэдүүлэг. /2 дугаар хх-ийн 214-215-р хуудас/
45. Криминалистикийн шинжээчийн 2018 оны 08 сарын 23-ны өдрийн 03/455 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн №1, 2 “цонхны тавцангийн дотор талаас” гэж дугаарласан гарын мөрүүд нь Отгонбат овогтой Энхболдын баруун гарын алганы хээтэй тохирч байна”... гэх дүгнэлт. /2 дугаар хх-ийн 229-233/
46. Шүүгдэгч О.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүхээс шүүгдэгч О.Энболдыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байх тул дараах ялын санал гаргаж байна. Шүүгдэгч О.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж уг эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч 156 хоног цагдан хоригдсон. Уг цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хос гуталыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж үлдээх саналтай байна гэв.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд санал дүгнэлтдээ “Хулгайлах гэмт хэрэг нь 5-12 жилийн хорих ялын санкцитай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байдаг. Шүүгдэгч О.Эын хувьд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Хэдийгээр олон удаагийн үйлдэл байгаа боловч зарим хохирлоо төлж барагдуулсан. Одоогоор 2 490 540 төгрөгийн хохирол төлбөр төлөөгүй байгаа юм байна. Хамгийн доод ял буюу 5 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсан санал гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад үлэмж их хэмжээний хохирол учруулаагүй. Хорих ангид олон жил суугаад байхыг хэн бодох вэ?. Хүн л юм чинь идэх хэрэгтэй, өмсөх хэрэгтэй наад захын хэрэгцээг хангах ёстой. Амьдралын эх үүсвэр болсон гэдэг нь нэг талдаа зөв. Шүүгдэгч бусдад үлэмж их хэмжээний хохирол учруулаагүй тул ялын доод хэмжээгээр буюу 5 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Мөн хаалттай дэглэмд ял эдлүүлж өгнө үү гэж хүсч байна. Энэ миний өмгөөлж байгаа үйлчлүүлэгчийн хүсэлт байгаа. Нээлттэй хорих байгууллагад хийх ажилгүй болохоор хохирол төлбөрөө төлөх боломж олдохгүй байна гэсэн. Хаалттай дэглэмд тодорхой хэмжээний ажил хийж данс руу нь мөнгө ордог юм байна.” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч А.Амаржаргал дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Эыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын болон хурууны хээнд харьцуулан шинжилгээ хийсэн криминалистикийн шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйл хураан авсан хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, хяналтын камерын бичлэгийн хуулбар болон үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл, О.Эын мэдүүлгийг шалгах ажиллагааны тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Э нь 2018 оны 06 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Уртцагаанд байрлах “Сара” Солонгос хувцасны дэлгүүрийн шатны доод талд Б.Амарбаясгалангийн ажиллуулдаг гутал засварын газарт нэвтэрч бэлэн 80 000 төгрөг, 3 ширхэг гутал, 3 ширхэг бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 638 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 07 сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн” супермаркет дэлгүүрт нэвтэрч бэлэн 91 630 төгрөг хулгайлж хохирогч Б.Энх-Амгаланд хохирол учруулсан, 2018 оны 06 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах “Мөнхсүндрэл” өрхийн эрүүл мэндийн төвийн цонхоор нэвтэрч “Р 5130” загварын проектор хулгайлж хохирогч Х.Кулсаулед 990 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 07 сарын 29-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ДГТ-ийн 2-1 тоотод оршин суух Г.Долгорсүрэнгийн байранд нэвтэрч ая фоне 5 эс загварын гар утас, монетон ээмэг хулгайлж 405 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 07 сарын 30-наас 31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Даниста” худалдааны төвийн урд талбайд үйл ажиллагаа явуулдаг павилонд нэвтэрч Монел загварын 32 инчийн зурагт хулгайлж хохирогч Т.Цэцэгмаад 200 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 10 сарын 03-04-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Шарын шанд” ХХК-ний эмийн сангийн цонхоор нэвтэрч бэлэн 773 600 төгрөг хулгайлж хохирогч Б.Отгонжаргалд хохирол учруулсан, 2018 оны 08 сарын 20-ны шөнө Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Тод-од” нэртэй өдөр өнжүүлэх төвд нэвтэрч зөөврийн комьпютер хулгайлж хохирогч Г.Өлзийсайханд 390 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 08 сарын 22-ны шөнө Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Дашчойлон хийдийн урд байрлах “Нанжвандан” шашны дэлгүүрт нэвтэрч бэлэн 32 000 төгрөг, 60 ширхэг бохь, 26 хайрцаг тамхи, 8 ширхэг лаазтай алое ундаа зэргийг хулгайлж хохирогч О.Дөлцэцэгт 158 980 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Э нь урьд нь удаа дараа буюу 5 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, сүүлийн ял шийтгэлээ эдлэж дуусан суллагдсны дараа 2018 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын хооронд нийт 8 удаагийн үйлдлээр иргэдийн орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. О.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э нь “Уртцагаанд байрлах “Сара” Солонгос хувцасны дэлгүүрийн шатны доод талд байрлах гутал засвараас эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдээгүй, эрүүгийн төлөөлөгч мөрдөн байцаагч нар намайг дарамталж хэрэг хүлээлгэсэн. Бусад гэмт хэргийг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлжээ. Шүүх хавтаст хэрэг авагдсан хохирогчийн мэдүүлэг, О.Эын мэдүүлгийг шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг зэргийг шинжлэн судлаад О.Э нь 2018 оны 06 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Уртцагаанд байрлах “Сара” Солонгос хувцасны дэлгүүрийн шатны доод талд Б.Амарбаясгалангийн ажиллуулдаг гутал засварын газарт нэвтэрч бэлэн 80 000 төгрөг, 3 ширхэг гутал, 3 ширхэг бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 638 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж үзлээ. О.Эыг дарамталж хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, энэ талаар урьд нь гомдол хүсэлт гаргасан, шалгасан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Эыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 157 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ял оруулан тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлоос хохирогч Б.Амарбаясгаланд 638 000 төгрөг, Б.Энх-Амгаланд 13560 төгрөг, Х.Кулсаулд 990 000 төгрөг, хохирогч Г.Долгорсүрэнд 180 000 төгрөг, хохирогч Г.Өлзийсайханд 390 000 төгрөг, хохирогч О.Дөлцэцэгт 158 980 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Уянгад 120 000 төгрөг тус тус төлөгдөөгүй байна. Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт болон хохирогч нарт учирсан хохирлын талаар хэргийн оролцогчид мэтгэлцээгүй, хохирлын талаар санал хүсэлт гараагүй тул шүүгдэгч О.Эоос нийт 2 490 540 төгрөг гаргуулж хохирогч Б.Амарбаясгаланд 638 000 төгрөг, Б.Энх-Амгаланд 13560 төгрөг, Х.Кулсаулд 990 000 төгрөг, хохирогч Г.Долгорсүрэнд 180 000 төгрөг, хохирогч Г.Өлзийсайханд 390 000 төгрөг, хохирогч О.Дөлцэцэгт 158 980 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Уянгад 120 000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.6 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, 1 хос гуталыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт О.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эод оногдуулсан 5 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эын цагдан хоригдсон 157 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эоос нийт 2 490 540 төгрөг гаргуулж хохирогч Б.Амарбаясгаланд 638 000 төгрөг, Б.Энх-Амгаланд 13560 төгрөг, Х.Кулсаулд 990 000 төгрөг, хохирогч Г.Долгорсүрэнд 180 000 төгрөг, хохирогч Г.Өлзийсайханд 390 000 төгрөг, хохирогч О.Дөлцэцэгт 158 980 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Уянгад 120 000 төгрөгийг тус тус олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.6 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, 1 хос гуталыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС
ШҮҮГЧИД Д.АРИУНЦЭЦЭГ
Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ