Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01478

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01478

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 182/ШШ2024/01802 дугаар шийдвэртэй

Б.Б-ын нэхэмжлэлтэй, НШ-т холбогдох

Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 сарын 24-ний өдрийн 22290403/190 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Б нь 2012 оноос хойш Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо, Дэнжийн * дүгээр гудамжны * тоот хашаа, байшинд амьдарч байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 10 сарын 24-ний өдөр уг хашаа, байшинг хураан авах тухай тогтоолыг танилцуулсан. Тэрээр А.Н-гээс 5,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд А.Н-ийн та миний мөнгийг бүтэн өгөхгүй бол болохгүй байна. Таны хашаа, байшинг би өөрийн нэр дээр шилжүүлж банкнаас зээл авья, та зээлээ төлчих гэсний дагуу Төрийн банкнаас зээл авч А.Н-т өгсөн. Би банкнаас авсан зээлээ төлж дуусгасан.

Одоо А.Н-т төлбөргүй. Гэтэл тэрээр Б.Б-ын хашаа, байшинг С.А гэх хүнд шилжүүлсэн байна. Энэ тухай гомдол гаргаж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст А.Н, С.А нарт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байгаа. С.А нь шүүхийн шийдвэрээр бусдад өртэй нь шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ажиллагаа явуулахад Б.Б-ын хашаа, байшин нэр дээр нь байсан учраас хурааж авах тогтоол гарахаас өмнө прокурорын тогтоолоор тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн. Тухайн эд хөрөнгөтэй холбоотой өмчлөх эрхийн маргаан үүссэн байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь үндэслэлгүй.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан бүхий эд хөрөнгөтэй холбоотойгоор талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Б ыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд иргэний хэрэг үүссэн. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 сарын 24-ний өдрийн 22290403/190 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 2733 дугаар захирамжаар С.А гаас 44,400,000 төгрөг гаргуулж, БНСУ-ын иргэн *-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа.

Б.Б нь түүхчилсэн лавлагаагаар тухайн хөрөнгийн өмчлөгч байсан нь харагддаг. Бид төлбөр төлөгчийн эд хөрөнгийн лавлагаа авах, дансыг битүүмжлэх зэрэг ажиллагаа явуулж Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс авсан лавлагаагаар дээрх * тоот хувийн сууц, мөн 188 м.кв талбайтай газар нь төлбөр төлөгч С.А гийн өмчлөлд бүртгэгдсэн хөрөнгө бөгөөд ямар нэгэн үүрэг ногдсон хэлцэл бүртгэлгүй байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 сарын 24-ний өдрийн 22290403/190 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 10 сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн * дүгээр гудамж, * тоот хашаа байшин буюу үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа ба тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Б.Б-ын эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Уг асуудалтай холбогдуулан эрхийн болоод, эрүүгийн маргаан үүссэн ба энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхэд эрхийн болоод эрүүгийн хэрэг нэг талдаа шийдвэрлэгдэх хүртэл тус хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан боловч хүлээн авалгүй шийдвэрлэсэн нв хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд цаашид Б.Б аас өөр этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эрх зүйн үр дагаврыг үүсгэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НШ-т холбогдуулан 2023 оны 10 сарын 24-ний өдрийн 22290403/190 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх тайлбар гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан тухайн хэрэгт хамаарал бүхий нотолгооны ач холбогдолтой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 2733 дугаартай захирамжаар хариуцагч С.А 44,400,000 төгрөгийг нэхэмжлэгч БНСУ-ын иргэн *-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг С.А биелүүлээгүй тул шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг хариуцагч байгууллага 2022 оны 03 сарын 23-ны өдрөөс эхлэн явуулсан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч С.А гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо, Дэнжийн * дүгээр гудамж, * тоот хаягтай 41,85 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байх эрхийн улсын бүртгэлийн Г-*, нэгж талбарын * дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 188 м.кв талбайтай газрыг тус тус 2022 оны 10 сарын 05-ны өдрийн 22290403/05 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, мөн 24-ний өдрийн 22290403/190 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан байна.

Ийнхүү явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасныг зөрчиж явуулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаархи нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч шүүхэд нотлоогүй байна.

 

5. Хариуцагчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах тодорхой арга хэмжээг авч 2023 оны 10 сарын 05-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх үед нэхэмжлэгчийн маргаж буй хөрөнгүүд нь төлбөр төлөгч С.А гийн өмчлөлд бүртгэлтэй байсан нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийг битүүмжлэх болон хураах тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 5/18349 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогдсон байна.

Иймээс шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна гэж заасны дагуу явуулсан ажиллагааг хууль зөрчсөн буюу бусдын өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо ...эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар уг хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан ч хүсэлтийг хангаагүй шийдвэрлэсэн нь процессын ноцтой зөрчил болсон... гэсэн агуулгыг илэрхийлжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь 2017 онд маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг иргэн А.Н-т худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байх бөгөөд уг асуудлаар түүнд залилуулсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж, цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөх шалгах ажиллагааг явуулж байгаа, мөн нэхэмжлэгч нь иргэн А.Н-тэй байгуулсан дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа зэрэг үйл баримт тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөлд уг хэргийг түдгэлзүүлэхээр заасан. Б.Б-ын нэхэмжлэлтэй НШ-т холбогдох эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь дээрх эрүүгийн болон иргэний хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэх эрх зүйн үндэслэлд хамаарахгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 182/ШШ2024/01802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Э.ЭНЭБИШ