Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 0071

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй    

Улсын яллагч Ц.Идэрмөнх    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав  

Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.От холбогдох эрүүгийн 1825005620367 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Хонинванжил овгийн Э.О, Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.О нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 4-38 тоотод оршин суух Д.Энхжаргалын байшинд нэвтэрч 32 инчийн хэмжээтэй Монел загварын зурагт хулгайлж 275 710 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Э.О нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Харин хохирогч Энхжаргалаас би авлагатай юм. Тэгэхээр 45 000 төгрөг өгөх ёсгүй гэж бодож байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 10-15-р хуудас/

 

 

 

 

 

 

 

 

 

2. Хохирогч Д.Энхжаргал ...“2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр манай хойд талын айлын залуу манай гэрийн цонх хагархай байна гэж манай найз Мөнхбат гэх залуу над руу ярьсан юмаа. Би тэгээд сандраад гэртээ иртэл цонх хагалаад хулгайч орж зурагтыг маань аваад явсан байсан. Зурагтаа буцааж авсан. Одоо зөвхөн цонхныхоо 45 000 төгрөгийг гаргаж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19-р хуудас/

 

3. Гэрч Э.Нямдорж ... “2018 оны 8 дугаар сарын 16-ны шөнө 00-01 цагийн хооронд Хабитатын чиглэлд хүн хүргэж өгчихөөд буцаж явтал “Жаст Ойл” шатахуун түгээх станцын дэргэдээс 1 танихгүй залуу зурагт тэвэрчихсэн суугаад 3- 24 дүгээр байр орно гээд хүргүүлсэн. Тэгээд хүргээд буулгахад таксины мөнгө байхгүй гээд, тэр байрнаас нь аав гэх хүн бас мөнгөгүй гээд надад маргааш мөнгийг нь өгчихье наад хүүхдээ Дэнжийн халуун усны газрын хажууд буулгачих гээд хэлэхээр нь би тэнд хүргэж өгөөд зурагтыг нь барьцаанд аваад ажлаасаа буугаад харьсан. Маргааш нь өглөө 08:00 цагийн орчим ирээд зурагтаа ломбарданд тавья гээд хэд хэдэн ломбардаар яваад бичиг баримтгүй гээд тавьж чадаагүй. Сүүлдээ надаас зурагтаа барьцаалаад 50.000 төгрөг зээлж аваад таксиныхаа мөнгөтэй 60.000 төгрөг өгнө гээд явсан. Таксины мөнгө болон зээлүүлсэн 50.000 төгрөгөө олж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21-р хуудас/

 

4. Эд зүйл хураан авч хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл./хх-н 25-26-р хуудас/

 

5.“Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №18/223 дугаартай дүгнэлтийн “Алдагдсан зурагт 275710 төгрөг, хагарсан шил 45 000 төгрөг, нийт 320 710 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-н 28-32-р хуудас/

 

6. Шүүгдэгч  Э.Оын ...“2018 оны 8 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед Энхжаргалын гэрт очсон чинь хүн байхгүй байхаар нь байшингийнх нь цонхыг хагалаад зурагтыг нь аваад гарсан юм. Тэгээд зам дээрээс таксинд суугаад 3-24 дүгээр байр ороод аавтай уулзаж таксины мөнгө  авах гэсэн боловч аавд маань мөнгө байхгүй байсан юм. Тэгэхээр нь Дэнж багийн халуун усны орчим хүргүүлээд Энхжаргалын зурагтыг барьцаанд үлдээгээд таксины жолоочийн утасны дугаарыг аваад үлдсэн юм. Тэгээд маргааш нь таксины жолоочтой уулзаад ломбардаар барьцаанд тавих гэсэн бичиг баримтгүй хүнээс эд зүйл авахгүй гээд аваагүй юм. Тэгэхээр нь таксины жолоочоос 50 000 төгрөг зээлээд дараа нь мөнгөө өгөөд авъя гэж хэлсэн юм. Таксиныхаа мөнгөтэй 60 000 төгрөг болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хамааралтай байх тул нотлох баримтаар үнэдэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жилийн  хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав шүүх хуралдаанд гаргасан саналдаа “шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол ялимгүй тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

            Шүүх хуралдаанд хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Энхжаргал, гэрч Э.Нямдорж нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.О нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 4-38 тоотод оршин суух Д.Энхжаргалын байшингийн цонхийг хагалан орж 32 инчийн хэмжээтэй Монел загварын зурагт хулгайлж 275 710 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Э.Оын үйлдэл нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзлээ.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.От ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.О нь 26 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол нь хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгснөөр төлөгдсөн бөгөөд, шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогчийн орон байранд учруулсан эвдрэлийн үнэ болох 45 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Нямдоржийн нэхэмжилсэн 60 000 төгрөг төлөгдөөгүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, түүнтэй холбогдон гарсан иргэний нэхэмжлэлийг хариуцан төлөх үндэстэй байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хонинванжил овогт Э.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Оыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оын цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оаас 105 000 /нэг зуун таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Энхжаргалд 45 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Нямдоржид 60 000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС