| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2016/00419/И |
| Дугаар | 457 |
| Огноо | 2016-08-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хаан банкны Архангай салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1982 онд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 12-11 тоотод оршин суугч Монгол овгийн Содномдагвын Лхагвадорж /РД:АИ82110314/,
Хариуцагч: 1990 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, Ар-Мөнгөн чагнуур өрхийн эмнэлэгт үйлчлэгч ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 12-11 тоотод оршин суугч Баяжих овгийн Гүррагчаагийн Мөнхтуяа /РД:АЮ90072962/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 49,055,446.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч С.Лхагвадорж, Г.Мөнхтуяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Архангай салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Лхагвадорж 2014 оны 05 сарын 14-ний өдөр тус банкнаас 40,000,000 /дөчин сая/ төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө зориулалтаар зээл авсан. Зээлдэгч С.Лхагвадорж нь 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш төлөх зээлийн төлбөрөө төлөөгүй ба зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг шаардсан боловч төлөлгүй 520 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ үл биелүүлж, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс зээлдэгч С.Лхагвадоржоос 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дараахь хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөр-34,495,623.39 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр-13,481,196.05975 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр-1,078,626.83 төгрөг, нийт 49,055,446.28 төгрөг гэжээ.
Хариуцагч С.Лхагвадорж, Г.Мөнхтуяа нар шүүхэд гаргасан тайлбартаа: Содномдавга овогтой Лхагвадорж, Гүррагчаа овогтой Мөнхтуяа бид Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 12-18 тоотод 0-6 насны гурван хүүхдийн хамт амьдардаг. Бид 2013 онд Хаан банкнаас 40 сая төгрөгийн зээл авч хүнсний дэлгүүрээ тогтвортой ажиллуулж, мөн банкнаас авсан зээлээ гэрээний дагуу яг хугацаанд нь төлдөг байсан. 2014 оны 10-р сарын эхээр төрөөд түүнээс сар орчмын дараагаас хүүхдийн бие гэнэт муудаж сэхээн тасагт хэвтэж, онош тодрохгүй Улаанбаатар хот руу онош тодруулах, эмчилгээ хийлгэх гэж явсан. Хүүхэд маань одоог хүртэл эмчилгээ нь дуусаагүй, сар өнжөөд эмчилгээ хийлгэдэг, хүүхэд өвдснөөс хойш хүнсний дэлгүүрээ ажиллуулж чадахгүй, мөн банкнаас авсан зээлийн төлбөрөө төлж чадахгүй эдийн засгийн хүндрэлд орсон. Тухайн үеийн учир байдлаа Хаан банкинд удаа дараалан хэлж мэдэгдэж байсан. Тэр үед бид хоёр банкинд зээлээ төлж барахгүйд хүрлээ одоо яах вэ? хүүг нь зогсоогоод урт хугацаанд хуваагаад сард 400.000 төгрөг төлөхөөр болгоод өгөөч аль болох талаас нь шийдээд өгөөч гэж олон удаа хүсэлт гаргасан. Банкнаас тийм боломж байхгүй ээ гэсэн хариу өгч байсан. Бид банкинд сард 1.650.000 төгрөг төлдөг байсан. Үлдэгдэл зээл хүүтэйгээ 34 сая төгрөг байсан гэтэл алданги хүүгийн хүү тооцсоор 49 сая болсон байна. Алданги хүүг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 1 бие муу хүүхэдтэй гэр орноо хураалгах хэцүү байна. Бид банкнаас авсан зээлээ заавал төлж барагдуулна. Бид 2 хашаа байшингаа 45 саяд авч байсан. Одоо 20 саяд банкинд өгөөд гэр оронгүй гурван хүүхэдтэй хүмүүс үлдэгдэл мөнгийг төлж барагдуулж бүр дийлэхгүй байх. Тиймээс бидний нөхцөл байдлыг харгалзан үзээд 34 сая төгрөгийг урт хугацаанд хувааж сард 400.000 төгрөг төлөхөөр болгож өгнө үү. Одоо бидэнд ийм боломж байна. Алданги хүүний төлбөрийг төлж барагдуулж дийлэхгүй байгаа тул хөнгөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: С.Лхагвадорж, Г.Мөнхтуяа нар ХААН банкнаас авсан зээлээ төлөхгүй байгаа. Бага хэмжээгээр төлөх боломжтой байсан бол төлөх байсан байх. Одоо ямар нэг тодорхой бодит орлого нотлогдохгүй байгаа. Зээлийн төлөлтийг бууруулах ямар ч боломжгүй тул уг асуудлыг шүүх хурлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Лхагвадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр Хаан банкнаас зээл авсан. Хүүхдийн бие муудаад Улаанбаатар хотруу явж эмчилгээ хийлгээд зээлээ төлж чадаагүй. Энэ тухайгаа Хаан банкныханд хэлж зээлийн төлөлтөө багасгаад сард 600.000 төгрөг төлж барагдуулъя гэхэд бидний тавьсан нөхцлийг зөвшөөрөөгүй. Бид сард 1.600.000 төгрөг төлдөг байсан учраас 600.000 төгрөгөөр зээлээ төлөхөд зээлийн хүүндээ хүрэхгүй, үндсэн зээлээсээ ч хасагдахгүй гэж байсан. Тэгээд хүүг зогсоогоод өгөөч гэхэд шүүхээр шийдвэрлүүлсний дараа болно гээд байсан. Даргатай нь уулзахад эдийн засагчтайгаа тохиролц гэсэн. Эдийн засагчтайгаа уулзахад тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Одоогоор Хаан банкнаас зээлсэн үндсэн зээл 34.495.623.39 төгрөг нэхэмжилж байгаа, энэ үнийн дүнтэй маргах зүйлгүй. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Г.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 10 дугаар сарын 10-нд хүүхдээ төрүүлсэн. Төрөөд сар болсны дараа манай хүүхдийн бие муудаад Улаанбаатар хотод эмчлүүлэх шаардлагатай болсон. Тэр үед бид 2 тодорхой орлогогүй, ажилгүй байсан учраас зээлийн төлөлтөө багасгахыг Хаан банк хүлээн зөвшөөрөхгүй байсан байх. Харин одоо би өрхийн эмнэлэгт ажилтай болсон, манай хүн Улаанбаатар хотод хүнтэй нийлж ачаа ачаад явж байгаа. Бид зээлийн төлөлтийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бидний зээлсэн мөнгөний хугацааг нь уртасгаад өгөх юм бол үндсэн зээл болох 34.000.000 төгрөгийг төлөхийг хүсч байна. Хаан банкнаас зээлийнхээ хүүг зогсоогоод төлөлтийн хугацааг сунгаад өгсөн бол бид ийм өрөнд орохгүй байсан. Манайх гэртээ хүнсний дэлгүүр ажиллуулдаг, эргэлтийн мөнгө хэрэгтэй байсан. Хүүхдээ эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд авсан өндөр зээлээ төлж чадахгүй, олон сар алдсан. Бид Хаан банкинд 2015 оны 01 сараас хойш нэг ч удаа төлөлт хийгээгүй. Гэхдээ манай дунд хүү хөгжлийн бэрхшээлтэй учраас асаргааны мөнгө нь Хаан банкны дансаар ордог байсан. Тухайн мөнгийг шууд зээл рүү татчихдаг байсан. Харин одоо манай хүү 2015 оны 12 дугаар сараас группээсээ гараад тэтгэмжийн мөнгө нь орохгүй зээл төлөгдөөгүй байгаа. Одоогоор Хаан банкнаас зээлсэн үндсэн зээл 34.495.623.39 мөнгө нэхэмжилсэнтэй маргах зүйлгүй. Бидний зээлийн төлөлтийг багасгаад, хүүг зогсоох хүсэлтийг ХААН банк тухайн үед хүлээж авсан бол бид ийм өрөнд орохгүй байсан. Иймд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Архангай салбар нь хариуцагч С.Лхагвадорж, Г.Мөнхтуяа нарт холбогдуулж үндсэн зээлийн төлбөр 34,495,623.39 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,481,196.05975 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,078,626.83 төгрөг, нийт 49,055,446.28 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хаан банкны Архангай салбараас С.Лхагвадорж, Г.Мөнхтуяа нар нь 40.000.000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй зээлж, 2014 оны 05 сарын 14-ний өдөр 1013 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд тэдний байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцэж байх ба хариуцагч С.Лхагвадорж, Г.Мөнхтуяа нар зээлийн гэрээ байгуулсан болон зээл шилжүүлэн авсантай маргахгүй байна.
Зээлийн гэрээний 5.1.7-д “банк зээлийн гэрээний үүргийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу ХААН банк зээлдэгч С.Лхагвадорж, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Мөнхтуяа нараас зээлийн гэрээний үүргийг шаарджээ.
Нэхэмжлэгч ХААН банк, хариуцагч С.Лхагвадорж, Г.Мөнхтуяа нар байгуулсан зээлийн гэрээндээ зээлийн хүү жилийн 26,4 хувь /гэрээний 2.1.4/, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь /гэрээний 2.1.5/ гэж тохиролцжээ.
Нэхэмжлэгч Хаан банкны Архангай салбар нэхэмжлэлдээ “Зээлдэгч С.Лхагвадорж нь 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш төлөх зээлийн төлбөрөө төлөөгүй ба зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг шаардсан боловч төлөлгүй 520 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ үл биелүүлж, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна” гэснийг хариуцагч Д.Мөнхтуяа, хариуцагч С.Лхагвадорж хүлээн зөвшөөрдөг, мөн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар С.Лхагвадорж, Г.Мөнхтуяа нар нь зээлийн гэрээний 2.4.1-д заасныг зөрчсөн нь тогтоогдож байна.
Зээлийн гэрээний 6.1.1-д “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардахаар”, 7.1-д “Зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиололд энэ гэрээний 2.1.5-д заасан нэмэгдүүлсэн хүүг Банкинд төлнө” гэж тус тус заажээ.
Хариуцагч С.Лхагвадорж, Г.Мөнхтуяа нар нь зээлийн төлбөрийг сар бүр “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч Хаан банкны Архангай салбар зээлийн гэрээг цуцалж зээл 34,495,623.39 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,481,196.05975 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,078,626.83 төгрөг, нийт 49,055,446.28 төгрөгийг төлүүлэхээр хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
Хариуцагч нар “зээлийн хүүг зогсоолгох болон төлөлтийг багасгах хүсэлтийг ХААН банк тухайн үедээ хүлээн аваагүй” гэсэн үндэслэлээр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч нэхэмжлэгч тал хариуцагч нарын хүсэлтийг хүлээн зөвшөөрөөгүй, талууд гэрээндээ зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасах талаар заагаагүй, зээлдэгч нь гэрээнд заасан бол зээлийн хүүг буцаан төлөх үүрэгтэй тул зээлийн хүүгийн төлбөр 13,481,196.05975 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,078,626.83 төгрөгийг төлөхөөс хариуцагч нар чөлөөлөгдөхгүй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.Лхагвадорж, Г.Мөнхтуяа нараас зээлийн төлбөр 34,495,623.39 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,481,196.05975 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,078,626.83 төгрөг, нийт 49,055,446.28 төгрөг гаргуулж Хаан банкны Архангай салбарт олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батмөнхөд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч М.Батмөнх нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагч нар хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.Лхагвадорж, Г.Мөнхтуяа нараас 49,055,446.28 /дөчин есөн сая тавин таван мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Архангай салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Архангай салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 403.227 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч С.Лхагвадорж, Г.Мөнхтуяа нараас улсын тэмдэгтийн хураамжинд 403.227 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Архангай салбарт олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА