Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б ургийн овогтой Бын Э.т холбогдох 1935000270012 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5-р баг 4-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЖ70102017, Б ургийн овогтой Бын Э..

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн нутагт хохирогч Ц.Жг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Э.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч Б.нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн нутагт хохирогч Ц.Жг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Жгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Миний бие 2018 оны 09 сараас А ХХК-ийн барилга дээр Д, нарын хамт нэг бригад болж ажиллан өрөөний дотор талын шавардлага хийсэн. Миний хувьд 2 сар гаруй хугацаанд уг барилга дээр ажилласан бөгөөд 450.000 төгрөгийн цалин авсан ба үлдсэн мөнгөө аваагүй ба хэдэн төгрөг гарсан болохыг мэдэхгүй байна. Бид гурвын цалин Дгийн дансанд ордог ба түүний нөхөр юм. Тэгээд би гэртээ түлэх нүүрсгүй болоод өчигдөр буюу 2019 оны 01 сарын 09-ний өдөр Дгийн гэрт очсон ба би тэр хоёрт “ үлдсэн мөнгөө авмаар байна, гэртээ түлэх нүүрсгүй боллоо” гэж хэлтэл Д “цалин мөнгө дансанд ороогүй байна, хэдэн төгрөг орохыг мэдэхгүй байна, орсон үед нь хэдэн төгрөг өгөхөө тооцож  өгнө” гэж хэлтэл хажуунаас нь “ чамд 70.000 төгрөг өгнө, шаврын үлдэгдэл чинь тийм л гарна” гэхэд нь би “дор хаяж 500.000 төгрөг авах ёстой” гэж хэлтэл Д намайг хоёулаа гэрээс гарья гэж хэлсэн. Тэгээд бид 2 тэдний гэрээс гарч замдаа Дтай ярилцаж, би 70000 төгрөг авахад арай харамсалтай байна, ядаж 200.000 төгрөг авмаар байна, энэ намаржингаа ажил хийж хийчихээд гэж хэлэхэд Д цалин мөнгө буухаар нь шийдье гэж хэлсэн. Гэтэл өчигдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ сууж байтал 16 цагийн үед манай гэрийн хашааны хаалгыг чанга цохих чимээ сонсогдохоор нь би гараад очиж хартал байсан ба тэр шууд “чи ямар мөнгө нэхэж байгаа пизда вэ” гэж хэлэхээр нь би “та юу яриад байгаа юм бэ, би хийсэн ажлынхаа цалинг авдаг юм байгаа биз дээ” гэхэд тэр шууд миний хоёр талын шанааг хоёр гараараа атгаж бариад толгой уруу давхар цохисон. Тэр үед миний толгой хүчтэй өвдөөд би Э.оос зугатаж гэр лүү орсон. миний араас гэрт орж ирж хэрүүл хийж, чамд мөнгө өгөхгүй, юу ч өгөхгүй гэж хэлсэн. Тэгвэл би цагдаад гомдол гаргана гэж хэлсэн. Тэгээд намайг уйлахад “ чи юундаа  уйлдаг юм бэ, би чамд юу ч өгөхгүй, чи юу хийсэн гэж надаас мөнгө нэхдэг юм бэ гэж хэл амаар доромжилж байгаад яваад өгсөн.

 Тухайн үед нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан юм. Э.оор зодуулснаас хойш миний толгой хааяа өвдөөд байдаг болсон, миний толгойг бариачид нэг удаа бариулсан.Миний ажил хийж авах ёстой мөнгөнөөс 140.000 төгрөг өгсөн ба түүний дараа надад 360.000 төгрөг өгөөд нийт надад 500.000 төгрөг өгсөн болно. Надад одоо Э.оос нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 19-22, 31-32х/,  

-гэрч Ш.Дгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би Улаангом сумын 9-р багийн нутаг Буянт хорооллын 14-12 тоотод хамтран амьдрагч Э., 2 хүүхдийн хамт амьдардаг юм. бид хоёр хамт амьдраад 10 гаруй жил болж байна. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байх бид хоёр гэртээ байтал манай гэрт 14 цагийн орчим Ж ганцаараа ирээд “бид хоёртой хамт ажиллаж байсан ажлын хөлсөө авна” гэж хэлсэн. Тухайн үед компаниас цалин мөнгө бодогдож ирээгүй байсан учир энэ талаар Жд хэлээд явуулсан юм. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны орой байх  Ж над уруу утсаар залгаад “ах манай гэрт ирээд цалин мөнгө буугаагүй байхад надаас мөнгө нэхлээ гэж хэлээд хоёр гараараа миний шанаа хэсэг рүү цохисон, одоо улайчихсан байна, гэхдээ дараа нь надаас ирж уучлалт гуйсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуу явна уу? гэж Жгээс асуухад эрүүл явсан гэж хэлсэн юм. Ж 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай гэрт ирэхэд бид хоёр хамт  байсан ба Ж бид нарын хооронд хэрүүл маргаан зодоон үүссэн асуудал байхгүй. Би Э.той хамт барилгын заслын ажил хийдэг бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр Э., Ж бид нар хамтарч нэг бригад болж барилгын шаврын ажил хийсэн. Тухайн хийсэн ажлын мөнгө болох 2.700.000 төгрөгнөөс Жд 20 хувиар бодож өгөхөөр болж тохирсон байсан, Ж үлдэгдэл ажлын хөлсөө нэхэж ирсэн нь тэр юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35х/,  

         - шүүгдэгч Б.Э.ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ байтал манай гэрт Ж ирж уулзаад “ ажилласан цалингаа авмаар байна, цалин буучихсан байна ш дээ, гэрт нүүрс дуусчихлаа” гэж хэлж байсан ба тухайн үед  би түүнд “цалин буугаагүй байна, саяхан барилгын ажил хүлээлгэж өгсөн. Чи бид нараас мөнгө нэхээд байдаг, чи хэд хоног ажил хийснээ мэдэж байна уу, чи ажлаа дунд нь хаяад явснаас болж Д бид хоёр ачаалалтай ажилласан, чи ажил дууссан хойно ямар нүүрээрээ мөнгө нэхээд байгаа юм бэ, чамд өгөх мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэр үед Ж болон Д нар хамт гараад явсан. Тэгээд орой Д гэрт ирэхдээ “Ж 200,000 төгрөг нэхэж байна” гэж хэлсэн ба тэгэхээр нь би “наад хүний чинь хийсэн ажил нь 200,000 төгрөг болох юм уу” гэж ярилцаад орхисон. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр доор захын тэнд явж байгаад Жгийн гэрийн гадна очиж хаалгыг нь цохиход Ж гарч ирсэн, тэгэхээр нь би Жд “чи хэд хоног ажилласнаа мэдэж байна уу” гэхэд миний үгийг сонсохгүй, миний урдаас хуруугаа гозойлгож ярихаар нь би Жд “ чи битгий хуруугаа гозойлгоод байгаарай” гээд гарыг нь түлхээд миний уур хүрч Жгийн нүүрийг хоёр гараараа барьж дараад тавьсан. Тэгээд би Жгийн гэрт орж бид хоёр учраа олоод явцгаасан юм. Тухайн үед Ж уйлаад үлдсэн юм. Би тэр орой Жгийн гэрт очиж уучлалт гуйсан ба Жг зодсон нь миний буруу юм. Би хийсэн хэргээ хүлээж байна. Ж нь 2018 оны намар Д бид нартай хамтраад А компанийн барьсан барилгын 2 давхрын шаврын ажлыг хийхээр тохиролцоод шаврын ажлаа хийгээд Жгийн ажлын хөлс 540.000 төгрөг гарснаас  500.000 төгрөгийг нь өгсөн ба түүний дараа нарийн засал хийгээд эхэлж байтал Ж 4 хоног ажиллаад дахин ирж ажиллаагүй юм. Тэгээд Жд хийсэн ажлынх нь хөлс гэж 200.000 төгрөг өгөх ёстой  байсан юм. Сүүлд Жд ажлын хөлсөнд 250.000 төгрөг өгсөн. Мөн Би Жгийн эмчилгээний зардал, хохиролд нийт 250.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,

-Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 84 дугаартай: “Үзүүлэгч Ц.Жгийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, зүүн хацрын нуманд зулгаралт, баруун, зүүн хацрын нумын дээд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь өөрийнх нь зааж буй хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 12/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

Шүүгдэгч Б.нь 2018 оны 9 дүгээр сард өөрийн хамтран амьдрагч Ш.Д болон хохирогч Ц.Жтэй хамтарч барилгын шавардлага, заслын ажил гүйцэтгэсэн байх ба тэдний хооронд ажлын хөлсөө дутуу өгсөн гэх маргаанаас үүдэж, Б.нь Ц.Жгийн толгой хэсэгт гараараа цохисон нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Жгийн   биед тархи доргилт, зүүн хамрын нуманд зулгаралт, баруун, зүүн хацрын нумын дээд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Б.Э.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Б.Э.т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Б.урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 49х/-аар нотлогдсон.  

Шүүгдэгч Б.Э-ын зан байдлын талаар гэрч Ш.Дгийн өгсөн: “ Би Э.той 2009 оноос хамтран амьдарч байгаа. Бид хоёр дулааны улиралд хамтарч барилгын засал хийж орлого олдог бөгөөд өвлийн улиралд таксинд явдаг юм. нь зан аашийн хувьд хүнд тусархуу, хүний төлөө, янз бүрийн муухай зангүй, хүний хэлсэн үгнээс гардаггүй, ямар нэг муу зуршилгүй хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 36х/,

гэрч Г.Г-ийн өгсөн: “ ах тамхи, архи хэрэглэдэггүй. Зан байдлын хувьд даруу төлөв, ажилсаг, хүнтэй маргалдаж, хэрэлдээд байдаггүй, харин хааяа огцом уурладаг хүн юм. Д эгч, ах хоёр дулааны улиралд барилгын засал хамтран хийж амьжиргаагаа залгуулдаг бөгөөд харин өвөлд нь ах таксинд явж орлого олдог юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38х/,

гэрч П.Я-гийн өгсөн: “Манай хүргэн нь даруу төлөв зантай, үг дуу цөөнтэй, хүнд тусархуу, хүний хий гэсэн ажлыг үг дуугүй хийчихдэг. нь одоо Дтай хамт дулааны улиралд барилгын ажил хийж амьдардаг бөгөөд одоогоор Улаангом сумын 9-р багт байх Дгийн гэрт хамтран амьдарч байгаа. нь өвлийн улиралд өөрийн машинаараа таксинд явж орлого олдог ба төрсөн охин Э нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг юм. нь архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, ямар нэгэн хорт зуршилгүй, цайлган сэтгэлтэй хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 39х/ зэрэг хэрэгт авагджээ.                            

Хохирогч Ц.Ж нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 250.000 төгрөг төлүүлж авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн, мөн түүнчлэн шүүгдэгч Б.Э.оос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар Прокурорт хүсэлт гаргасан  / 96х, нотариатоор гэрчлүүлсэн/ байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй  гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураар төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, улсын яллагч торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт  заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба  мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.Э.т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Шүүгдэгч Б ургийн овогтой Б-ын Э-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Э торгох ялыг хуульд заасан хугацаанд сайн дураар биелүүлэхгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

4. Шүүгдэгч Б.Э энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                        Л.АЛТАН