| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 125/2019/0003/З |
| Дугаар | 221/МА2019/0551 |
| Огноо | 2019-10-24 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2019/0551
2019 оны 10 сарын 24 өдөр Дугаар 221/МА2019/0551 Улаанбаатар хот
Э.Д-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Э.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, гуравдагч этгээд З.Б нарыг оролцуулан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 125/ШШ2019/0021 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Э.Д-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 125/ШШ2019/0021 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/84 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Э.Д-ыг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7.040.236 /долоон сая дөчин мянга хоёр зуун гучин зургаа/ төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэлдээ: Төсвийн тухай хуулийн заалтуудыг удаа дараа зөрчсөн, орон тооны давхардал бий болгосон сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж буруутгах үндэслэлгүй гэсэн байна. Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагч Ж.Ц-ийн Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хийсэн хяналт шалгалтын танилцуулгад “Батлагдсан орон тооноос барилгын материалын лабораторийн ажилтан, Жаргалант сумын газрын даамал гэсэн 2 орон тоог хэтрүүлэн ажилласан байна” энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтыг зөрчиж байна гэжээ.
Гэтэл шүүх “... Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын бүтцэд 26-д Жаргалант сумын газрын даамал П.Б, 27-д Жаргалант сумын газрын даамал Т.О, 38-д гэрээт ажилтан Б.Н ... гэх баримт ... хэмээн заасан, барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээч Ч.Ганчимэг нь Э.Д-ыг томилогдохоос өмнө ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна ...” гэж өөрөөр хэлбэл 2 орон тоо илүү ажиллуулсан байна гэдгийг шүүх үндэслэсэн мөртлөө шийдвэрээ гаргахдаа хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь буруу юм.
Шүүх санхүүгийн зөрчлүүдийн гаргасан эсэх талаар ямар нэгэн дүгнэлт гаргаагүй зөвхөн “... зөрчил гаргасан талаар улсын байцаагчийн акт, дүгнэлт гаргаагүй ... байгууллагад танилцуулаагүй ... Ховд аймгийн Төрийн аудитын газрын гэрчилгээнд зөрчилгүй санал дүгнэлт гарсан гэх үндэслэлээр шийдвэр гаргасан байна. Гэрч Ж.Ц “эдгээр зөрчлүүд илэрсэнтэй холбоотой шалгалтын танилцуулгыг Дотоод аудитын дүрмийн 7.6.1, 4.1, 4.2-т зааснаар бичиж аймгийн Засаг даргад хүргүүлсэн” гэсэн байдаг.
Улсын байцаагч Ж.Ц-ийн танилцуулгад “... шалгалтын хугацаанд гэрээ байгуулсан 24 аж ахуйн нэгжээс авах 24,025,000 төгрөгийг тайлан блансад авлагаар тусгаагүй, найдваргүй өр авлага үүсгэсэн, техник хяналтын зардлаас 2,471,100 төгрөгийг хоолны зардалд, 896,000 төгрөгийг буудлын зардалд, 1,270,000 төгрөгийг бэлэг дурсгалын зүйлд, дарга Э.Д-ын гар утасны төлбөрт 402,000 төгрөгийг тус тус зориулалт бусаар зарсан. “Т” ХХК-аас авах техник хяналтын зардлын 1,000,000 төгрөгийг нярав н.Н-ийн хувийн дансаар авсан ... зөрчлүүд илэрсэн гэсэн байдаг.
Нэхэмжлэгчийн зүгээс эдгээр зөрчлүүдтэй холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй байдаг бөгөөд дээрх зөрчлүүд байсан талаар Ховд аймаг дахь Төрийн аудитын газар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 122 тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгээр маргаан бүхий захиргааны актын үндэслэл тогтоогдож байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь буруу тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Э.Д-ыг Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/84 дүгээр захирамжаар “Төсвийн тухай хуулийн заалтуудыг удаа дараа зөрчсөн, орон тооны давхардал бий болгосон нь шалгалтаар тогтоогдсон” гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасны дагуу төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халжээ.
Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж илтгэх хуудас, тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч танилцуулга үйлджээ. Үүнийг үндэслэн нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Учир нь Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалттай.
Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 35-06/23 тоот хяналт шалгалтын удирдамжид зааснаар санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч нь зөвлөмж, акт, шаардлага гаргаагүй харин хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлыг танилцуулсан танилцуулга үйлдсэн байна. Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2/11 тоотоор Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн тайлан тодруулгад санхүүгийн тайлангийн аудит хийж зөрчилгүй гэсэн санал дүгнэлт гаргажээ.
Түүнчлэн, маргаж буй захиргааны актын гол үндэслэл болсон “Батлагдсан орон тооноос барилгын материалын лабораторийн ажилтан, Жаргалант сумын газрын даамал гэсэн 2 орон тоогоор хэтрүүлэн ажилласан” гэх зөрчлийн тухайд: Б.Н-ыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар газрын даамал Д.Ө-ын хүүхэд асрах хугацаанд албан үүргийг нь түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон. Ч.Г-ийг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчээр томилон ажиллуулж байсан бөгөөд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж үзэхээргүй байх тул “2 орон тоо илүү ажиллуулсан байна гэдгийг шүүх үндэслэсэн мөртлөө шийдвэрээ гаргахдаа хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь буруу” гэх гомдол үндэслэлгүй байна.
Давж заалдах гомдлын “танилцуулгад ... зөрчлүүд илэрсэн гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс эдгээр зөрчлүүдтэй холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь танилцуулгад дурдагдсан санхүүгийн зөрчил гэж тогтоосон зардлуудыг холбогдох тушаал шийдвэрүүдийг үндэслэн гаргасан, анхан шатны баримтаар нотлогдсон байх бөгөөд санхүүгийн тайлант жил дуусаагүй байхад гаргасан дээрх танилцуулгыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас халсан нь буруу болжээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 125/ШШ2019/0021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Ц.ЦОГТ