Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
Хэргийн индекс | 130/2024/00131/И |
Дугаар | 212/МА2024/00054 |
Огноо | 2024-07-02 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 212/МА2024/00054
М.Е-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00373 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **** багт оршин суух Т овогт М-ын Е-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар /дарга Н.С/-т холбогдох,
“Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн эрүүл мэндийн Мэдээллийн технологи, телемедицин, зайн анагаах ухаан хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч М.Е-, түүний өмгөөлөгч Х.Бакен, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Миний бие М.Е- нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тушаалаар тус газрын мэдээллийн технологи хариуцсан ажилтнаар томилогдож ажиллаж ирсэн. Гэтэл тус төвийн даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслан, албаны үүрэгт ажилд хайхрамжгүй хандаж, Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан.
1.2.Тус шүүх миний гомдлыг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 130/ШШ2023/00236 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 212/МА2023/00075 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч энэ магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд мөн өдрийн 001/ШХТ2023/00954 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан. Гурван шатны шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч М.Е- намайг Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар урьд эрхэлж байсан ажилд тухайн өдрөөс эргүүлэн томилсон байна.
1.3. Би бүтэн жил ажилгүй, орлогогүй байсан учир цалингийн зээлээ төлөх боломжгүй байдалд хүрч аргагүйн эрхэнд 2023 оны 01 дүгээр сараас Бүгд найрамдах Солонгос улс руу явж, тэнд ажил хийж байна. Би Өлгийд байхгүй байсан учир ажил олгогч намайг ажилд эргүүлэн томилсон тушаалын хувийг миний гэрийн хаягаар шуудангаар хүргүүлснийг миний эхнэр Ц.М- хүлээн авч тушаалын хувийг над руу чатаар явуулсныг хүлээн авч танилцсан. Би өөрөө биечлэн очиж ажилд орох боломжгүй байсан учир аргагүй байдлаа дурдаж 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн газрын дарга Н.С-ий нэр дээр Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэн 6 сарын хугацаатай цалингүй чөлөө авах хүсэлтээ бичгээр гаргаж шуудангаар хүргүүлсэн.
1.4. Эрүүл мэндийн газрын дарга Н.С- миний хүсэлтийг хүлээн авч танилцаад 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 743 дугаартай албан бичгээр чөлөө олгох боломжгүй талаар хариу мэдэгдэж, тухайн албан бичгийг мөн миний гэрийн хаягаар шуудангаар хүргүүлснийг миний эхнэр В.М- хүлээн авч албан бичгийн хувийг над руу чатаар явуулсныг хүлээн авч танилцсан. Дараа нь Эрүүл мэндийн газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 767 дугаартай албан бичгээр 10 хоног ажилдаа ирээгүй тул энэ талаарх тайлбараа амаар эсхүл бичгээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний дотор байгууллагад ирүүлэхийг мэдэгдэж, тухайн албан бичгийг мөн миний гэрийн хаягаар шуудангаар хүргүүлснийг миний эхнэр В.М- хүлээн авч албан бичгийн хувийг над руу чатаар явуулсныг хүлээн авч танилцаад 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариу тайлбараа бичиж шуудангаар хүргүүлсэн.
1.5. Гэтэл ажил олгогч 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн М.Е-д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/53 дугаар тушаалаар ажилдаа эргэж ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй 12 хоног ажил тасалж, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.32 1 дэх заалтад заасан зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедицин, зайн анагаах ухаан хариуцсан үүрэгт ажлаас чөлөөлж, тушаалын хувийг мөн миний гэрийн хаягаар шуудангаар хүргүүлснийг миний эхнэр В.М- 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч тушаалын хувийг над руу чатаар явуулсныг хүлээн авч танилцсан. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Тус хороо миний гомдлыг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 65 дугаартай хуралдааны тэмдэглэлээр шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгснийг миний өмгөөлөгч Х.Бакен 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээж авсан.
1.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д “энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж хуульчилсны дагуу зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно”, 100.2-т “Хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна” гэж хуульчилсан. Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд боловсруулсан Эрүүл мэндийн газрын хөдөлмөрийн дотоод журмын 10.6.1-д “Цалингүй чөлөө олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Уг тохиолдолд ажлын байрыг хадгална” гэсэн ганцхан заалттай байх ба тухайн дотоод журамд хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг нарийвчлан тусгаагүй байна. Энэ тохиолдолд цалингүй чөлөө олгохоос татгалзаж байгаа ажил олгогчийн үйлдэл холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байна гэж үзэх үндэстэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4-д зохих журмын дагуу хувийн чөлөө авах ажилтны үндсэн эрхийг хуульчилсан. Би дээрх эрхийнхээ хүрээнд ажил олгогчид хувийн чөлөө авах хүсэлтээ гаргасан учир өөрийгөө ажил тасалсан гэж үзэхгүй байна.
1.7. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж, миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн М.Е-д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн эрүүл мэндийн Мэдээллийн технологи, телемедицин, зайн анагаах ухаан хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. М.Е- нь 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд албан үүрэгт ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан албан үүрэгт ажилд хариуцлагагүй хандаж, Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх сахилгын шийтгэл авч, Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 тушаалын дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Уг ажлаас чөлөөлөгдөх тушаалыг гардан авсны дараагаар М.Е- нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 75 тоот магадлал, УДШ-ийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/00954 дүгээр тогтоолоор гомдлыг хяналтын журмаар хэлэлцүүлэхээс татгалзсаны дагуу Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдсон.
2.2. Гэтэл уг шийдвэрийг гардан авснаас хойш М.Е- нь ажилдаа ирэхгүй, албан үүргээ үндэслэлгүй тасалсан. Ийнхүү ажил тасалсан үндэслэлээ “... орлого олохоор Бүгд найрамдах Солонгос улсад ирсэн ба одоо тэнд ажиллаж байгаа, хүнд ажил хийсэн учир бие өвдөж цаашид эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Мөн алс хол газар ажиллаж, амьдарч байгаа учраас шууд буцаж очиж, ажилд орох боломжгүй нөхцөл үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор 6 сарын цалингүй чөлөө авах хүсэлт гаргаж байгаа тул 6 сарын цалингүй чөлөө олгож өгнө үү” хэмээн тайлбарлаж, хүсэлт гаргасан.
2.3. Уг хүсэлтийг хүлээн авч танилцаад Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэг болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хянаж үзээд гадаад улсад ажиллаж байгаа тул 6 сарын цалингүй чөлөө өгөхийг хүссэн хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсан. Харин бие өвдөж цаашид эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан гэх үндэслэлийн хувьд зайлшгүй шаардлагатай эмчилгээ хийлгэх талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй тул цалингүй чөлөө олгох боломжгүйг дурдаад ажилдаа яаралтай хугацаанд буцаж ирэхгүй бол хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсанд тооцох болохыг анхааруулсан. Ийнхүү анхааруулсан боловч М.Е- ямар нэгэн хариу ирүүлээгүй. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр М.Е-д дахин хандаж ажилдаа буцаж ирэхгүй байгаа талаарх үндэслэлээ Эрүүл мэндийн газарт ирүүлэхийг шаардсан. М.Е- нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 6 сарын хугацаатай цалингүй чөлөө хүссэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ Эрүүл мэндийн газар тодорхой дурдаагүй, хуулийн холбогдох зохицуулалт баримтлаагүй гэж тайлбарласан байна.
2.4. Гэтэл дээр дурдсанчлан ямар ч хуулийн этгээд өөрийн ажилтандаа үндсэн ажил үүргээ хаяад гадаад улс оронд өөр цагийн ажил хийх чөлөө олгодоггүй. Мөн түүнчлэн нэхэмжлэгчээс хэрэв эмчилгээ хийлгэж байгаа бол зайлшгүй шаардлагатай эмчилгээ хийлгэж байгаа талаар нотлох баримт ирүүлэхийг шаардсан боловч ирүүлж чадаагүй. Хэрэв үнэхээр Эрүүл мэндийн газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээлэл технологи, телемдицин, зайн анагаах ухаан хариуцсан ажилдаа буцаж орохыг хүссэн бол нэхэмжлэгч Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол Улсад ирэхэд шаардлагатай хугацааг ажил олгогчоос хүсэж болох байсан. Гэтэл М.Е- өнөөдрийг хүртэл 1 ч удаа ийм хүсэлт, тайлбар гаргаагүй. Харин Солонгос Улсад аль болох их хугацаагаар ажиллах хүсэл зорилттой байсан нь илт харагдаж байна.
2.5. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/53 тоот тушаалаар М.Е-ыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажилд томилогдсоноос хойш 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.32 дугаар зүйл “Дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно”..., мөн тус журмын 5.32.1 дэх хэсэг “ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлага болон газрын даргаас чөлөө авалгүйгээр ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан .... ноцтой зөрчил гаргасан” гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж, М.Е-ыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн эрүүл мэндийн Мэдээллийн технологи, телемедицин, зайн анагаах ухаан хариуцсан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Иймд Эрүүл мэндийн газрын даргын шийдвэр нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00373 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Е-ы Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн эрүүл мэндийн Мэдээллийн технологи, телемедицин, зайн анагаах ухаан хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00373 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч М.Е- миний Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн эрүүл мэндийн Мэдээллийн технологи, телемедицин, зайн анагаах ухаан хариуцсан ажилтны ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т ажилтны үндсэн эрхийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 42.1.4-д зааснаар зохих журмын дагуу хувийн чөлөө авах нь ажилтны үндсэн эрхэд хамаарна.
Миний хувьд 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөж бүтэн жил ажилгүй, орлогогүй байсан учир бизнесийн болон цалингийн зээл төлөх боломжгүй байдалд хүрч аргагүйн эрхэнд 2023 оны 01 дүгээр сараас Бүгд найрамдах Солонгос Улс руу явж тэнд ажил хийж байсан.
4.3. Намайг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух хаягт байхгүй байсан учир ажил олгогч ажилд эргүүлэн томилсон тушаалын хувийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр миний гэрийн хаягаар шуудангаар хүргүүлснийг миний эхнэр В.М- хүлээн авч тушаалын хувийг над руу чатаар явуулсныг хүлээн авч танилцсан.
4.4. Би өөрөө биечлэн очиж ажилд орох боломжгүй байсан учир аргагүй байдлаа дурдаж тухайн өдөр Эрүүл мэндийн газрын дарга Н.С-ий нэр дээр Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэн 6 сарын хугацаатай цалингүй чөлөө авах хүсэлтээ бичгээр гаргаж шуудангаар хүргүүлсэн.
4.5. Эрүүл мэндийн газрын дарга Н.С- миний хүсэлтийг хүлээн авч танилцаад 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 743 дугаартай албан бичгээр чөлөө олгох боломжгүй талаар хариу мэдэгдэж, тухайн албан бичгийг мөн миний гэрийн хаягаар шуудангаар хүргүүлснийг миний эхнэр В.М- хүлээн авч албан бичгийн хувийг над руу чатаар явуулсныг хүлээн авч танилцсан.
Ажил олгогч Н.С- нь тухайн үед миний Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж байсныг тодорхой мэдэж байсан бөгөөд миний тэндээс яаралтай ирж ажилд орж чадахгүй байдлыг далимдуулж намайг ажилд эргүүлэн томилсон тушаал гаргаж, дараа нь зориуд чөлөө олгохоос татгалзсан. Ажил олгогч миний Солонгос Улсад байсныг тухайн үед мэдэж байсан учир ажилд эргүүлэн томилсон тушаалыг шуудангаар хүргүүлсэн гэдгийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н- шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан.
4.6. Миний бие 2009 оны 3 сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн газарт ажилд томилогдож, 2023 оны 6 сарын 23-ны өдөр буюу ажлаас чөлөөлөгдөх хүртэл тасралтгүй ажилласан. Тухайн орон тоонд бүрэн томилогдон ажиллаж буй ажилтны хувьд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн аль нэгийг баримтлах ёстой. Улсын Дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15-т “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана.” гэж заасан. Харин ажил олгогч намайг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг баримтлаагүй.
4.7. Сахилгын зөрчил гаргах, хувийн чөлөө олгох гэдгийг шүүх зөв тайлбарлаж хэрэглээгүй байна. Ажилтны хууль, хөдөлмөрийн журамд зааснаар заавал дагаж мөрдөх ёстой хэм хэмжээг санаатай буюу болгоомжтой зөрчсөн үйлдлийг сахилгын зөрчилд тооцдог. Миний хувьд санаатайгаар ажил таслаагүй, ажил олгогчоос 10 хоногийн дотор Монгол Улсад очих боломжгүй нөхцөл байдлыг тайлбарлан хувийн чөлөө олгохыг хүссэн бөгөөд энэ нь сахилгын зөрчилд хамаарахгүй. Сахилгын зөрчил, хувийн чөлөө гэдгийг хууль тогтоогч хоёр өөр байдлаар хуульчилсан нь гарах эрх зүйн үр дагавартай шууд холбоотой. Сахилгын зөрчил гаргасан нь ажилтанд хариуцлага тооцох үндэслэл болдог. Хувийн чөлөө хүсэх эрх нь ажилтны үндсэн эрх, хувийн чөлөө олгохоос татгалзсан үндэслэлээ ажил олгогч тодорхой заасан байх шаардлагатай.
Хувийн чөлөө олгохыг хүссэн үндэслэл нь:
-Солонгос Улсын Цагаачлалын албаны холбогдох журмаар тус улсаас гарч явахын тулд урьдчилж хүсэлтээ гаргаж, тухайн албанаас холбогдох хяналт шалгалт хийсний үндсэн дээр зөвшөөрөл олгож, түүний дараа онгоцны тийз захиалах боломжтой байдаг юм байна.
-Миний хувьд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажилд эргүүлэн томилсон тушаалыг гардаж авсан даруйд буцаж ирэх боломжгүй байсан учир 6 сарын хугацаатай цалингүй чөлөө авах хүсэлтээ гаргасан.Би шүүхэд Солонгос Улсын Цагаачлалын албаны холбогдох дүрэм журам, тус улсад орж гарсан гадаад паспортын дардас зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.
4.8. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно”, 100.2-т “хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна” гэж хуульчилсан.
Ажил олгогч надад цалингүй чөлөө олгох эсэхийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалт болон хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баримтлах ёстой. Гэтэл шүүхэд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй учир шүүхээс энэ талаар дүгнэлт хийх боломжгүй болсон.
4.9. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12.1-д “Дээрх хуулийн заалтад ер нь хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаа нь хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна” гэжээ, ...хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн дотоод журмын 5.32.1 дэх заалтад заасан зөрчил гаргасан гэж тушаалдаа хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэл болгосон боловч хариуцагч байгууллага хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул түүнд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна” гэж зөв дүгнэлт хийсэн атлаа ажил олгогчийн чөлөө олгохоос татгалзсан шийдвэрийг зөвтгөж намайг хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Энэ тохиолдолд ажил олгогч дотоод журмын дагуу чөлөө олгохоос татгалзсан гэж үзэх боломжгүй. Ажил олгогч надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.32, 5.32.1 дэх заалтуудыг үндэслэл болгосон бөгөөд тушаалын тушаах хэсэгт “Хөдөлмөрийн дотоод журмын 5.32.1 дэх заалтад заасан зөрчил гаргасан” гэж тодорхой дурдсан.
4.10. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх ёстой. Намайг хөдөлмөрийн дотоод журмын 5.32.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэхэд шүүхээс дүгнэлт хийхдээ хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтаар судалж, үнэлсний үндсэн дээр зохих шийдвэрийг гаргах ёстой.
4.11. Дээр дурдсанчлан хариуцагчаас байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй тохиолдолд намайг “Эрүүл мэндийн газрын хөдөлмөрийн дотоод журмын 5.32.1 дэх заалтад заасан зөрчил гаргасан” гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүхээс сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоох ёстой.
4.12. Иймд энэхүү гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00373 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Нэхэмжлэгч хараар ажиллаж байсан шууд ирэх боломжгүй байсан гээд тайлбарлаж байна. Гэвч анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл энэ талаарх тус аймгийн Эрүүл мэндийн газарт ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Гурван шатны шүүх хуралдаан болоод нэхэмжлэгчийг эгүүлэн ажилд томилох шийдвэр нь 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гарсан. Өөрөөр хэлбэл тухайн шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Е- өөрөө цахимаар оролцсон бөгөөд шүүхээс М.Е-ыг ажилд эгүүлэн тогтоох шийдвэрийг мэдсэн байсан. Тэрнээс хойш нэг сарын хугацаанд цагаачлалын газраас зөвшөөрөл авч, асуудлыг шийдэх боломжтой хугацаа байсан.
5.2. Анх нэхэмжлэгч М.Е- 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн газарт ирүүлсэн чөлөө авах хүсэлтэд эмчлүүлэх шаардлага гарсан гэсэн үндэслэлийг дурдсан байдаг. Нэхэмжлэгч тал анхнаасаа Солонгос улсад ажиллах хүсэлттэй байсан гэдэг нь харагдаад байна. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.32.1 дэх хэсэгт зааснаар гаргаж өгөөгүй гэж байгаа. Нэхэмжлэгч өөрөө манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын зарим хэсгийг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
7. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
8. Нэхэмжлэгч М.Е- нь хариуцагч тус аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулж тус газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн эрүүл мэндийн Мэдээллийн технологи, телемедицин, зайн анагаах ухаан хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдсон боловч тухайн үед БНСолонгос улсад байсан учраас алс хол газраас шууд ажилдаа очиж чадаагүй, мөн эрүүл мэндийн шалтгаантай байсан учраас ажилдаа орж чадаагүйн улмаас хувийн чөлөө олгох хүсэлтийг ажил олгогчид хүргүүлсэн ба энэ тохиолдолд ажил олгогчоос цалингүй чөлөө олгохоос татгалзсан нь хууль тогтоомжид нийцээгүй. Иймд хуульд заасан эрхийнхээ дагуу ажил олгогчид хувийн чөлөө олгох хүсэлтээ бичгээр гаргасан учир өөрийгөө ажил тасалсан гэж үзэхгүй байна” гэж тайлбарлажээ.
9. Хариуцагч ажилтны дээрх гомдлыг эс зөвшөөрсөн бөгөөд үндэслэлээ “ажилтан М.Е-ыг шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон. Гэтэл уг шийдвэрийг гардан авснаас хойш М.Е- нь ажилдаа ирэхгүй, албан үүргээ үндэслэлгүй тасалсан. Ийнхүү ажил тасалсан үндэслэлээ “... орлого олохоор Бүгд найрамдах Солонгос улсад ирсэн ба одоо тэнд ажиллаж байгаа, хүнд ажил хийсэн учир бие өвдөж цаашид эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Мөн алс хол газар ажиллаж, амьдарч байгаа учраас шууд буцаж очиж, ажилд орох боломжгүй нөхцөл үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор 6 сарын цалингүй чөлөө авах хүсэлт гаргаж байгаа тул 6 сарын цалингүй чөлөө олгож өгнө үү” хэмээн тайлбарлаж, хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хүлээн авч танилцаад Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэг болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хянаж үзээд гадаад улсад ажиллаж байгаа тул 6 сарын цалингүй чөлөө өгөхийг хүссэн хүсэлтээс нь татгалзсан. Харин бие өвдөж цаашид эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан гэх үндэслэлийн хувьд зайлшгүй шаардлагатай эмчилгээ хийлгэх талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй” гэж тайлбарлажээ.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж маргааны үйл баримтыг зөв тогтоосон, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг оновчтой тайлбарлаж хэрэглэсэн учраас шийдвэрийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй.
11. Нэхэмжлэгч М.Е- нь Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 212/МА2023/00075 дугаар магадлалаар урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн эрүүл мэндийн Мэдээллийн технологи, телемедицин, зайн анагаах ухаан хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоогдсон бөгөөд ажил олгогч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар сайн дураараа биелүүлж, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/00954 дугаар “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоолыг гардаж авсан даруйд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.
12. Гэтэл тухайн үед буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар М.Е- нь БНСолонгос улсад хувийн шалтгаанаар зорчсон буюу тус улсад хөдөлмөр эрхэлж байхдаа шүүхийн шийдвэрийг үндэслэж ажилтныг ажилд томилсон ажил олгогчийн тушаалыг гарсан өдөрт нь мэдсэн, эхнэрээрээ дамжуулж гардаж авсан нь түүний Эрүүл мэндийн газрын даргад мөн өдөр гаргасан өргөдөл, Баян-Өлгий аймгийн Шуудан үйлчилгээний газрын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн лавлагаа зэрэг баримтуудаар нотлогджээ.
13. Ажил олгогчоос М.Е-ы 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай ба алс хол газар амьдарч байгаа учир ажилдаа шууд орох боломжгүй, тиймээс 6 сарын цалингүй чөлөө олгох” тухай хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 743 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...байгууллагын дотоод журамд ажилтанд өөр улсад ажиллах зорилгоор 6 сарын хугацаатай цалингүй чөлөө олгож болох талаар зохицуулаагүй, зайлшгүй шаардлагатай эмчилгээ хийлгэх тухай баримт ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр чөлөө олгохоос татгалзсан ба уг албан бичгээр түүнд “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилсон ба энэ хугацаанд хүрэлцэн ирж ажиллаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсанд тооцох” талаар анхааруулсан байна.
14. Тус албан бичгийг М.Е- нь эхнэрээрээ дамжуулан хүлээн авч тухай бүр танилцсан нь түүний шүүхэд гаргасан гомдлоор нотлогдсон бөгөөд ажил олгогчоос ажилтны хүсэлтийг “эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай гэх баримтыг хүсэлтдээ хавсаргаагүй, гадаад улсад ажиллах шалтгаанаар чөлөө олгох талаар байгууллагын дотоод журамд тухайлан заагаагүй” гэж үзэж, ажилтанд хувийн чөлөө олгохоос татгалзсан үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дотоод журмыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгөөгүй боловч тус байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд “ажилтныг БНСолонгос улсад хөдөлмөр эрхлүүлэхээр 6 сарын цалингүй чөлөө олгох” талаар зохицуулалт байхгүй талаар талууд харилцан маргаж, мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй. Харин хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 10.6.1 дэх хэсэгт ажилтанд хувийн чөлөө олгох асуудлаар “Цалингүй чөлөө олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ. Уг тохиолдолд ажлын байрыг хадгална” гэснээс өөрөөр зохицуулалтгүй талаар М.Е-ы гомдолд дурдсан үйл баримтыг ажил олгогч болон түүний төлөөлөгчөөс үгүйсгээгүй, энэ талаар талууд харилцан маргаагүй болно.
Тиймээс М.Е-ы Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар дугаар зүйлийн 42.1.4 дэх заалтаар зохих журмын дагуу хувийн чөлөө авах эрхтэй гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
15. Ажил олгогчоос ажилтанд дээр дурдсан 2023 оны 743 дугаар албан бичгээр томилогдсон ажилдаа эргэж орохыг сануулсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа эргэж ороогүй тохиолдолд үүсэх хууль зүйн үр дагаврыг тайлбарласны дараа Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 767 дугаар албан бичгээр ажилтныг ажилд томилсон ажил олгогчийн шийдвэрийг гардаж авснаас хойш 10 хоног ажилдаа ирээгүй талаар дурдаж, энэ талаар буюу ажилдаа ирээгүй шалтгааны талаар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тайлбар ирүүлэхийг ажилтанд мэдэгдэхэд М.Е- нь уг албан бичгийг хүлээн авч 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4 дэх заалтын дагуу чөлөө авах хүсэлтээ гаргасан тул өөрийгөө ажил тасалсан гэж үзэхгүй байна, надад цалингүй чөлөө олгох асуудлыг эргэн харж, шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
16. Ажил олгогчоос ажилтны сүүлд гаргасан хүсэлтийг өмнө нь “ажилтанд 6 сарын хугацаатай цалингүй чөлөө олгох хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэчихсэн учраас дахин энэ талаар хариу өгөөгүй, харин ажилтанд шүүхийн шийдвэрийг үндэслэн томилогдсон ажил, албан тушаалдаа эргэж ажиллахыг сануулж, боломжит хугацаа олгосоор байхад ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилдаа эргэж ороогүй буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тушаалд дурдсанчлан 12 хоног ажил тасалсан ба энэ хугацаанд ажилтан М.Е- нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажил тасалсан талаарх үйл баримт тогтоогдоогүй учраас түүний ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцсэн байна.
17. М.Е- нь эрүүл мэндийн шалтгааны улмаас зайлшгүй эмчлүүлэх шаардлага үүссэн тул ажилдаа эргэж орох боломжгүй байсан гэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, тэрээр БНСолонгос Улсад хувийн шалтгаанаар зорчиж, хөдөлмөр эрхэлж байсан үед буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилдаа эргэж томилогдсон учраас алс хол газраас даруй ирж томилогдсон ажилдаа орох боломжгүй нь илэрхий хэдий ч түүнд ажил олгогчийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ажилд эргэж орох боломжит хангалттай хугацаа олгосон, тэрээр ажилдаа томилогдсон даруйд боломжит бага хугацаанд ажилдаа эргэж орох талаар хүсэлт гаргаагүй, харин 6 сарын цалингүй чөлөө авах хүсэлт гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй ба баримтад тулгуурлаагүй учир ажил олгогчоос уг хүсэлтийг хүлээж аваагүй, БНСолонгос Улсаас Монгол Улсад ирж, боломжит богино хугацаанд шүүхийн шийдвэрийн дагуу томилогдсон ажилдаа эргэж орох талаар чармайлт гаргасан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, харин тэрээр 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн нислэгээр эх орондоо ирсэн нь онгоцны билет захиалгын хуудас болон бусад баримтаар тогтоогдож байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 12 хоног ажил тасалсан үндэслэлээр, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.
Байгууллагын дотоод журмаар “ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 12 хоног ажил тасалсан” үйл баримтыг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хэмжээний хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцох талаар талууд маргаагүй, нэхэмжлэгчээс гомдлын үндэслэлээ “хувийн чөлөө авах эрхтэй ба чөлөө олгох тухай хүсэлтээ гаргасан тул ажил тасалсан гэж үзэхгүй” гэж тодорхойлсон боловч түүний хувийн чөлөө олгох тухай хүсэлт үндэслэлгүй учраас ажил олгогчоос чөлөө олгоогүй үйлдлийг шүүхээс хууль зөрчсөн гэж үзээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
18. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, М.Е-ы шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00373 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, М.Е-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар М.Е-ы давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.Отгонхишиг
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК