| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0045/э |
| Дугаар | 0063 |
| Огноо | 2019-02-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Батболд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 0063
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Ө.Есүхэй
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Хохирогч Д.Болор-Эрдэнэ
Хохирогчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа
Шинжээч Ж.Гэрэлмаа, Д.Хишигболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг
Гэрч Б.Чимэддорж
Шүүгдэгч А.Бнарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Батболдод холбогдох 1825007280519 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Бадрах овогт А.Б, Монгол Улсын иргэн, 1957 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй,
.
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч А.Бнь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн нутаг дэвсгэрт байрлах “Морьтон” мини маркет дэлгүүрийн урд талын авто зам дээр 55- 29 ОРО улсын дугаартай Ниссан Экстрайл загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан 5 настай Д.Даваацэрэнг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бмэдүүлэхдээ “Их залуу багаас наашаа явж байсан. Би удаан явж байсан. Миний машины урд 3 машин явж байсан. Гэтэл хүү гэнэт гүйж орж ирж мөргүүлсэн. Тэр даруй машинаа зогсоож буусан. Тэр үед би их сандарсан байсан. ” гэв.
Хохирогч Д.Болор-Эрдэнэ мэдүүлэхдээ “Манай хүүхдийг зүүн талаас мөргөсөн гэж байгаа боловч замын баруун талын замын хөвөөн дээр өнхөрөөд хэвтэж байсан. Над дээр ирэхэдээ ухаангүй, шороо, цустай хутгалдсан байсан. Би өөрөө тэврээд эмнэлэгт аваачиж өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 21 ний өдөр Батболд хүүг миний машинаар мөргөсний улмаас хүүгий минь нүүрэнд гэмтэл их учирч, толгойнд нь цус хурсан харвалт болсон. Гэмтэл их учирсан, одоогийн байдлаар 7 шүд байхгүй байгаа. Осол болсноос хойш миний хүү өрөөл татанхай болсон. Уламжилалт эмчилгэээ хийлгэсний улмаас хөл дээрээ босч явж байгаа. Сар гаран миний хүү хөл дээрээ босч явж чадаагүй. Би ажил хийдэг байсан. Хүүгээ эмчилүүлэх гээд ажлаасаа гараад одоо хүртэл ажилгүй байгаа. Хүү маань хоол унд идэхдээ муу, шүдгүй учраас махгүй хоол идэхгүй бантан, кааш идэж байгаа. Биеийн байдал бол өмнөхөө бодвол гайгүй болсон. Тархины 3 цус хуралт нь шимэгдэхгүй бол цаашдаа хагалгаанд орох магадлалтай гэсэн. Одоогийн байдлаар хяналтанд байгаа. Эмчилгээ хийлгэж байгаа. Би маш их гомдолтой байна. Эмнэлэгт хэвтэж байх үед нь нэг удаа асуусан. Хоёр удаа очсон. Хот руу хүүхдээ аваад эмчилгээнд явах гэж байна. Мөнгө төгрөг хэрэгтэй байна гэсэн чинь өөрийнхөө эхээс ав. Бид нарт мөнгө төгрөг байхгүй. Бид нарт ямар хамаатай юм. Хүний замд гай болсон гэж намайг доромжилсон. Эхнэр нь намайг муухай муухай үгээр доромжилсон. Би үнэхээр гомдолтой байна. Хүүхдээ өөрөөл татанхай болгочихсон. Сэтгэл санаагаар унасан байхад нэг ч удаа эргэж ирээгүй. Цаашдаа миний хүү эмчилгээ хийлгэнэ 320000 төгрөг өгсөн нь үнэн. Нэхэмжилсэн мөнгөндөө 320000 төгрөгийг оруулаагүй. Миний мэдэхгүй баримтууд байна. Хүзүүний зураг авахуулсан нь үнэн. 2 ширхэг тариа авч ирж өгсөн. Зүүн талаас мөргөөд 50-60 см зайтай байсан гэж байгааг ойлгохгүй байна. Миний хүү яагаад тийм хол өнхөрч цустай холилдсон над дээр ирсэн юм бол. Зөөлөн явж байгаад хүүхэд мөргөсөн бол хүүхэд тийм болохгүй. Тархиндаа ч гэмтэл авахгүй. Эрүүл ухаанаар бодоход итгэхгүй байна. Хүү маань 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хот руу эмчилгээ хийлгэхээр яваад тэрнээс хойш энд ирээгүй. Эх нялхасын эмч Болормааг манай хамаатанууд хөлслөж аваад гадуур эмчлүүлж байгаа. Уламжлалт аргаар бас эмчилгээ хийлгэж байгаа. Эмээтэйгээ хотод байр хөлслөж байгаа. Нэхэмжилсэн зүйл мөнгөө гаргуулж авна. Гомдолтой байна. Хүүгээ эрүүл саруул болгож авна гэв.” гэв.
Гэрч Б.Чимэддорж мэдүүлэхдээ: “Миний машинд суусан эмээ 2 хүхэдтэй явж байсан. Эмээ эхлээд машинаас бандийг буулгаад охиноо буулгах гэж байхад араас машин ирээд хүүг мөргөсөн. Би араас машин ирээд гуфер мөргөчихлөө гэж бодсон. Замын уулзварын тэндээс хүн чи хүн алчихлаашдээ гэсэн. Тэгтэл эмээ нь охиноо буулгаад хүүхэд алчихлаа шдээ гэсэн. Эргээд толинд харсан чинь хүү зам дээр өнхөрч байсан гэв.”
Шинжээч Ж.Гэрэлмаа мэдүүлэхдээ: “ 51,52,62 дугаар шүд хугарсан. Энэ шүднүүд нь дээд үүдэн шүд, хатуу мохоо зүйлтэй мөргөлдсөний үүднээс унасан. Баруун мөр, өгзөгөнд цус хуралт яаж, мөргөснөөс болж үүсэх магадлалтай, нүүр, доод, дээд эрүүнд үүссэн зулгаралт нь мөргөх, шүргэх байдлаас үүсч болно. Хацар, шанаа, дух зулгарсан нь мөргөлтөөс болж үүсэхийг үгүйсгэхгүй. Хүндэвтэр гэмтэл нь ямар нэг юм үлдвэл хүнд гэмтэл болно. 1 жилийн хугацаанд сайн эмчлүүлж байж эдгэрэх боломжтой. Гэхдээ хүндэвтэр гэмтийг сайн эмчилүүлчихвэл тийм үлдэц үлдэхгүй. Килиникийн эмч нар тархины гэмтэлийн няцрал гэж үзсэн. Тархины няцралаас болж ухаан алдах ёстой. Ямар хугацаагаар ухаан алдах вэ? гэдгээс хамаараад хүлээж авсан эмч маань дунд зэргийн няцрал гэсэн учраас хүндэвтэр гэмтэл гэж дүгнэлт гаргасан. Хэрвээ амь насанд аюултай байдал илрэх юм бол хүнд гэмтэлд ордог. Тийм учраас хүнд гэмтэлд оруулаагүй.” гэв.
Шинжээч Д.Хишигболд мэдүүлэхдээ “Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Ж.Амарсанаа шинжээч томилсон. Тухайн зам тээврийн осол болсон газар дээр очсон. Тухайн үеийн зам тээврийн осол болсон газрын схем зураг болон холбогдогч, хохирогч нарын мэдүүлэг дээр үндэслэж дүгнэлт гаргасан. Морьтон дэлгүүрийн урьд 5529 ОРО авто машины зорчих хэсэг дээр гарсан байсан. Баруунаас зүүн чиглэлтэй гарсан. Замын хөдөлгөөний дүрэмд явган зорчигч ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрөөж байж эгц хөндлөн гарна гэсэн заалт байгаа. Тухайн явган зорчигч харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөн оролцохыг хориглосон заалттай. Давуу эрх гэж яривал явган зорчигч тухайн тээврийн хэрэгслийг өнгөрөөж байгаад хөдөлгөөнд оролцох ёстой байсан.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /хх- ийн 9-14-р хуудас/
2.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 90-93-р хуудас/
3.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 18-21-р хуудас/
4. Хохирогч Д.Болор-Эрдэний ... “2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байтал манай ээж миний гар утас руу залгаад хүүхдээ машинд мөргүүлчихлээ одоо эмнэлэг рүү явж байна гэхээр нь шууд эмнэлэг дээр очсон юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-р хуудас/
5.Гэрч Г.Цэцэгмаагийн ...“Эхлээд ах нь болох 5 настай Д.Даваацэрэнг түрүүлж буулгаж хажууд зогсоож байгаад араас нь дүү нь болох Анударийг тэврээд буутал эхлэж буусан Д.Даваацэрэн замын эсрэг зүгт зам хөндлөн гүйгээд нөгөө талаас ирж байсан цагаан өнгийн машинд мөргүүлсэн байдалтай зам дээр доошоо хараад хэвтэж байсан. Би таксинаас буулгаад хаалганы хажуу талд зогсоогоод дүүг нь татаад машинаас тэврэх хооронд зам руу гүйчихсэн байсан. Би зам руу гүйж байгааг нь хараагүй. Нэг харахад замын эсрэг талд машинд мөргүүлээд газар унасан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-р хуудас/
6.Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 750 дугаартай дүгнэлтийн ... “Д.Даваацэрэнгийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн дунд зэргийн няцрал, 51, 52, 61, 62 шүдний хугарал, түүшин сэртэнгийн хугарал, нүүрэнд зулгаралт, баруун мөр, өгзөгт зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 33-р хуудас/
7.Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дугаартай дүгнэлтийн ... “55-29 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2.Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт. /х/х-н 37-р хуудас/
8. Бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 75 дугаартай дүгнэлтийн .. “55-29 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан А.Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2.Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Даваацэрэнгийн асран хамгаалагч эмээ Г.Цэцэгмаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар бүлэг. 13.2.7 дугаар зүйлийг зөрчсөн нь осол болох үндэслэл болохгүй. Жолооч А.Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2.Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гарсан байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 45-46/
9. Гэрч Б.Чимэддорж ... “Тэгээд хөдлөх гэтэл тас гэх чимээ гараад дуугарахаар нь хоёр машин мөргөлдчихлөө гэж бодоод буутал хүүхэд алчихлаа шүү дээ гэж нэг залуу орилохоор нь харсан чинь миний машинаас буусан хүүхэд цагаан өнгийн жижиг жийп машинд мөргүүлсэн юм. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн эмэгтэйг Их залуу баг самбарын автобусны буудал дээр буулгасан гэж андуурч зөрүүтэй ярьсан байна. Би үүнийг яагаад андуурсан гэхээр хэрэг учрал болсон гэх газрыг сайн санахгүй' байсан. Тэгээд дараа нь цагдаа нарын хамт Их залуу баг гэсэн самбар дээр очоод нүдээрээ харахад нөгөө эмэгтэйг хоёр хүүхдийнх нь хамт хаана буулгаснаа мэдсэн юм. Тэгээд нөхөн үзлэг явуулж байх явцад хүн буулгасан газраа зааж өгсөн юм. /хх-ийн 87, 88-р хуудас/
10. Шүүгдэгч А.Бмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:... “Тэгээд охиныхоо гэрээс өөрийн эзэмшлийн 55- 29 ОРО улсын дугаартай цагаан өнгийн Ниссан Экстрайл маркийн тээврийн хэрэгслийг унаад город уруудсан юм. Ингээд Их залуу баг гэсэн самбар өнгөрөөд явж байсан. Миний урд талд 2, 3 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоод явж байсан. Тэгээд явж байтал гэнэт л замын хойд тал буюу зүүн гар талаас бага насны хүүхэд гүйж гарч ирээд миний урдуур ороод мөргүүлээд газар унасан юм. /хх-ийн 4-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Батболдыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас шүүгдэгч А.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, дээрхи ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Батболдын эзэмшлийн 55-29 ОРО улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлөх саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд 2.380.725 төгрөгийг төлж барагдуулсан байна. Яагаад торгох ялыг сонгосон бэ? гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл нь нэг бол торгох, нэг бол нийтэд тустай ажил хийлгэх ялын санкцитай байгаа. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх боломжгүй юм байна гэж үзэж торгох ял оногдуулах санал гаргаж байна.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа дүгнэлтдээ “.Шүүгдэгчийн өмгөөлөгч жолооч зүүн талаар мөргөөд хүүхдийн үүдэн шүд унасан гэж байна. Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн дүгнэлтээр уг гэмтэлүүд нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчилээр үүссэн. Мөн мөргөх үед үүсэх боломжтой гэж үзэж байсан. Хүүхдийн биед учирсан гэмтэл нь байнгын эмчилгээ хийж байж эдгэрэнэ гэж мэдүүлсэн. Ломбардны мөнгө бол эмчилгээний мөнгөний баримттай давхардаагүй. Одоо 3 сарын дундуур дахиад томо графикийн зураг авахуулж тархины битүүрэл нь шимэгдсэн байна уу?. шимэгдэх боломжтой байна уу? гэдгийг нь тодорхойлох гэж байгаа. Одоо эмчилүүлж байгаа эмчилгээний карт нь нотлох баримтаар ирээгүй байгаа. Хохирол төлбөрийг эмчилгээ хийлгэж байгаа нотлох баримтын хүрээнд нэхэмжилж байгаа юм. Хүүхэд өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа. Бусад эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэж өгнө үү. Тухайн үед жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй гэдэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгээр хүүхэд маш хол зайд өнхөрсөн гэдэг нь тогтоогдож байгаа. Мөн БОЭТ-ийн яаралтай түргэн тусламжийн бүртэл дээр дээр тодорхой бичигдсэн байгаа гэв.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг дүгнэлтдээ “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж ялаас чөлөөлж өгнө үү гэсэн санал гаргаж байна. Яагаад гэвэл нэгдүгээрт энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хоёрдугаарт гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нотлох баримтууд байгаа. Мөн асран хамгаалагч нь бас буруутай гэдэг нь тодорхой болсон. Шүүгдэгч өөрөө бол гэм буруугаа ойлгосон байгаа. Шүүгдэгчийн хувьд замын хөдөлгөөний дүрмийн нэг заалтыг зөрчсөн. Тэрхүү заалт нь ерөний заалт байдаг. Зарим тохиолдолд самбаачлах хугацааг тогтоож хохирогч буруутай юу?, жолооч буруутай юу гэдгийг тогтоодог. Энэ хэрэгт шинжээч Хишигболд энэ зүйлийг гаргаж өгсөнгүй. Прокурорын тогтоолоор томилогдсон шинжээч нар ч тэрийг тогтоож чадсангүй. Энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэхгүй хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруутайд тооцсон гэж бодож байна. Энэ хэргийн улмаас бага насны хүүхдэд хүндэвтэр гэмтэл учирсан. Энэ гэмтэл эдгэрсэн үү? үгүй юу? гэдэг дээр хохирогч ямар нэгэн баримт ирүүлээгүй учраас ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй болгож байна. Би бол энэ ослоос хойш 4 сар өнгөрсөн учраас хүндэвтэр гэмтэл эдгэрэх хугацаа болчихсон гэж үзэж байна. Хэрвээ хохирогч талаас эмчилгээ хийгдэж байгаа. Биеийн байдал нь дээрдээгүй байгаа гэдэг нотлох баримтаа гаргаж өгсөн бол хохирогчийн биеийн байдал сайжраагүй байна гэсэн дүгнэлтийг хийж болно. Тийм баримт байхгүй байна. Хохирогчийн биеийн байдал дээрдсэн бол шүүгдэгчийн ял хариуцлагын тал дээр тодорхой дүгнэлт хийж болох байсан. Харин ийм баримт байхгүй тохиолдолд ял шийтгэлийг хүндрүүлэх зүйл байхгүй байна гэж үзэж байна. Ял хөнгөрүүлэх хуульд заасан үндэслэлийн хувьд тохиолдолын шинжтэй гэмт хэрэг, анх удаа үйлдсэн. Тохиодолдын шинжтэй гэдэг нь замын хөдөлгөөний дүрмийг санаатайгаар зөрчсөн зүйл байдаггүй. Шүүгдэгчийн хувьд эрүүл, машин техник нь бүрэн бүтэн байсан. Хохирлын хувьд өмнө нь хэрэгцээтэй зүйлийг авч өгч байсан. Мөн шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлсөн. Шүүгдэгч өөрөө хохирогчид эмнэлэгийн түргэн туслаж үзүүлсэн. Тухайн үед амралтын өдөр машин тэрэг байхгүй байсан учраас өөрийнхөө машинаар түргэн тусламжийн газарт хүргэж өгсөн. Хоёрдугаарт нь өөрийнх нь эрүүл мэндийн байдал муу 60 нас хүрсэн учраас группээс гарч тэтгэвэр тогтоолгосон. Энэ эрүүл мэндийн байдлыг харгалзаж үзэхийг хүсч байна ” гэв.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Бнь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн нутаг дэвсгэрт байрлах “Морьтон” мини маркет дэлгүүрийн урд талын авто зам дээр 55- 29 ОРО улсын дугаартай Ниссан Экстрайл загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан 5 настай Д.Даваацэрэнг мөргөж гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн дунд зэргийн няцрал, 51, 52, 61, 62 шүдний хугарал, түүшин сэртэнгийн хугарал, нүүрэнд зулгаралт, баруун мөр, өгзөгт зөөлөн эдэд цус хуралт зэрэг хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
А.Бнь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн заалтыг биелүүлээгүй, болгоомжгүй эс үйлдлээр явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад хохирогч, түүнийг харгалзаж явсан асран хамгаалагчийн буруутай үйлдэл нөлөөлсөн боловч шүүгдэгч А.Бнь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон гэж үзэх үндэстэй байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Б-ыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэгт тохирсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байх тул түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь урьд 1983 онд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан боловч тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуульд зааснаар ялгүйд тооцох хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол зэргийг харгалзалзан түүнд торгох ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулж, уг ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.Болор-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэлийн баримтууд 8 хуудас баримт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 7 хуудас баримт ирүүлсэнийг хүлээн авч шинжлэн судаллаа. Хохирогчийн нэхэмжилсэн 2 380 725 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хуралдааны завсарлагаар шүүгдэгч төлж барагдуулсан байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно. Хохирогч нь хүүхэддээ цаашид эмчилгээ хийлгэх шаардлагтай байгаа учир гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэсэтй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бадрах овогт А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 9 сарын хугацаанд сар бүр 50 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Батболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохын тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС