Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 462

 

 

129/2014/0743/и

 

 

 

 


   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
    Хүсэлт гаргагч: 1991 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Хотонт сумын Их булгийн 10-06 тоотод оршин суух Боржигон овгийн Цэндсүрэнгийн Оюумаагийн /РД:АМ91070100/ хүсэлттэй     
     Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.  
     Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Оюумаа, гэрч Д.Сарантуяа, Г.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ  НЬ:

Хүсэлт гаргагч Ц.Оюумаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Гэтэл миний нөхөр болох Б.Отгонмягмар нь хүү О.Гантөгсийг хэвлийдээ 6 сартай байхад гэнэтийн ослоор 2014 оны 09 сарын 29-нд нас барсан. Б.Отгонмягмар бид 2 албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй юм. Иймд хүү О.Гантөгсийн төрсний гэрчилгээ болон бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг Б.Отгонмягмартай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Ц.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Отгонмягмар бид хоёр хүүхэд байхын нэгнийгээ мэддэг таньдаг байсан. 2010 онд дотносож эхлэн, хайр сэтгэлтэй болж 2012 онд өөрийн ээжийнд, нөхөртэйгөө амьдарч, 2013 оноос хадам ээжийнд, нөхрийн хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт 2 жил хамт амьдарсан. Нөхөртэйгөө хамтран амьдрах хугацаандаа 2014 оны 4-р сард хүү О.Гантөгсийг тээж 2015 оны 1 сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд хүү маань төрсөн. Миний нөхөр Б.Отгонмягмар нь 2014 оны 9 сарын 29-ний өдөр гэнэтийн ослоор нас барсан. Тухайн үед хүү маань хэвлийдээ 6 сартай байсан. Би Б.Отгонмягмартай 2012 оноос 2014 оны 9 сарын 28-ны өдөр хүртэл хамт амьдарсан. Төв аймгийн Заамар суманд амьдарч байхдаа өрхийн бүртгэлд хамрагдаж, тоологдож байгаагүй. Учир нь манайх хаягийн шилжүүлэг хийгээгүй байсан учраас хүн амын бүртгэл орж ирдэггүй байсан. Хүү О.Гантөгстөө тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч Б.Отгонмягмар бид хоёр гэрлэлтээ батлуулж амжаагүй тул Б.Отгонмягмар бид хоёрыг 2012 оноос Б.Отгонмягмарыг нас барах хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
    
    Гэрч Д.Сарантуяа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний охин Ц.Оюумаа нь нөхөр Б.Отгонмягмарын хамт хадмындаа 2012 оноос 2014 он хүртэл амьдарч байсан. 2014 оны 9 сарын 28-ны үеэр нөхөр нь ослоор нас бараад хүү О.Гантөгсийн хамт над дээр ирсэн. Одоо надтай хамт амьдардаг. Б.Отгонмягмар, Ц.Оюумаа нар гэр бүл болж тусдаа гарч амьдарч байгаагүй. Хадмынхаа гэрт л амьдарч байсан. Хамтран амьдарч байх хугацаандаа манайд байнга ирдэг байсан. Манайх Төв аймгийн Заамар суманд түр амьдарч байгаад Б.Отгонмягмарын ажил явдлыг дуусгаад  нутагтаа нүүж ирсэн гэв.

Гэрч Г.Алтангэрэл шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Б.Отгонмягмар, Ц.Оюумаа нар нь 2012 оноос эхлэн хамтран амьдарсан. Б.Отгонмягмар, Ц.Оюумаа нар нь Төв аймгийн Заамар суманд хадам ээжтэйгээ амьдардаг байсан. Ц.Оюумаагийн эгч нь манай гэрийн хүн. Бид нар байнга хамт наашаа, цаашаа явцгаадаг нэгнийхээрээ ирэн очиж байдаг байсан. Б.Отгонмягмар, Ц.Оюумаа нар 2014 оны 9 сарын 29-ний өдөр хүртэл амьдарч байгаад Б.Отгонмягмар гэнэтийн ослоор нас барсан. Хоёр жил гаран хамт амьдарсан. Энэ хугацаанд  Б.Отгонмягмар, Ц.Оюумаа нар тусдаа амьдарсан зүйл байхгүй, хамт амьдарч байсан гэв. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Ц.Оюумаа нь Б.Отгонмягмартай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: 
1. Батсүх овогтой Отгонмягмарыг 2016 оны 09 сарын 29-ний өдөр нас барсныг бүртгэсэн Г-21 тоот нас баралтын гэрчилгээ,
2. Хүүхдийн эх Цэндсүрэнгийн Оюумаа гэсэн Оюумаагийн Гантөсгийн төрсний гэрчилгээний хуулбар,
3. Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн иргэн Оюумаа овогтой Гантөгс нь /АМ15211810/ 2015 оны 01-18-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж, одоо эцэг эхийн гар дээр эсэн мэнд бойжиж байна гэсэн Архангай аймгийн Хотонт сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 05 сарын 25-ны өдрийн 1/62 тоот тодорхойлолт,
4. Цэндсүрэн овогтой Оюумаа Хотонт багийн Их булаг хорооллын 10-6 тоотод оршин суудаг. Ам бүл 3. Хотонт багийн иргэн болохыг тодорхойлов гэсэн Архангай аймгийн Хотонт сумын 1-р багийн засаг даргын 2016 оны 05 сарын 25-ны өдрийн 184 тоот тодорхойлолт,
5. Тус багийн иргэн Батсүх овогтой Отгонмягмар РД:НН92012511, ам бүл-3. Алтандорнод 3-50 тоотод оршин сууж байгаад 2014 оны 9-р сарын 29-ний өдөр гэнэтээр нас барахад эхнэр Цэндсүрэнгийн Оюумаа нь 6 сартай жирэмсэн үлдээд хүү Гантөгс 2015 оны 1-р сарын 18-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн болохыг уламжлав гэсэн Төв аймгийн Заамар сумын 3-р багийн засаг даргын 2016 оны 4 сарын 13-ны өдрийн 10/117 тоот тодорхойлолт,
6. Тус багийн иргэн Батсүх овогтой Отгонмягмар РД:НН92022511, ам бүл 2. Алтандорнод 3-31 тоотод эхнэр Оюумаагийн хамт 2012-2014 оны 9-р сарын 28 хүртэл хамт амьдарч хүн амын тоонд тоолуулж явсан нь үнэн болохыг тодорхойлов гэсэн Төв аймгийн Заамар сумын 3-р багийн засаг даргын 2016 оны 6 сарын 6-ны өдрийн 10/418 тоот тодорхойлолт, 
7. Төв аймгийн Заамар сумын харъяат иргэн Батсүх овогтой Отгонмягмар нь Заамар суманд 1992 онд төрсөн. Энэ суманд ажиллаж амьдарч байсан. Ам бүл 2 эхнэр Цэндсүрэнгийн Оюумаагийн хамт 3-р багт амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлов гэсэн Төв аймгийн Заамар сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 2/65 тоот тодорхойлолт,
8. Гэрч Ц.Хишигтийн: “Ц.Оюумаа нь бэр маань юм. Би 6 хүүхэдтэй, Б.Отгонмягмар нь хамгийн бага нь байгаа юм. Миний хүү 2014 онд нас барсан. Энэ намар 10 сард 2 жил болно. Б.Отгонмягмар, Ц.Оюумаа нар 2012 онд танилцаад 2013 оноос манайд болон хадам ээжийндээ ирж, очиж хамтран амьдарч байсан. Тэдний дундаас 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүү Гантөгс төрсөн. Гэрлэлтээ батлуулна гэж байсан. Гэнэтийн ослоор өөд болсон. Эхнэр Ц.Оюумаа нь жирэмсэн үлдсэн” гэх мэдүүлэг зэрэг болно. 

Шүүх Ц.Оюумаагийн хүсэлтээр Ц.Хишигт, Д.Сарантуяа, Г.Алтангэрэл нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Мөн хэрэгт эх хувиараа авагдсан Б.Отгонмягмар, Ц.Оюумаа нарын хамтын амьдралтай байсан талаарх тодорхойлолтууд болон Б.Отгонмягмарын нас барсныг бүртгэсэн нас баралтын гэрчилгээ, О.Гантөгсийн төрсний гэрчилгээг тус тус хуулбарлаж нотариатчаар гэрчлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан, нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай баримт байна.
Б.Отгонмягмар, Ц.Оюумаа нарын хамтын амьдралтай байсан нь Төв аймгийн Заамар сумын 3-р багийн засаг даргын 2016 оны 4 сарын 13-ны өдрийн 10/117 тоот, 2016 оны 6 сарын 6-ны өдрийн 10/418 тоот тодорхойлолт, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 2/65 тоот тодорхойлолт, Б.Отгонмягмарын нас барсныг бүртгэсэн нас баралтын гэрчилгээний хуулбар, О.Гантөгсийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Ц.Хишигт, Д.Сарантуяа, Г.Алтангэрэл нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 
Иймд Б.Отгонмягмар, Ц.Оюумаа нарыг 2012 оноос 2014 оны 9 сарын 29-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан гэж үзэх үндэслэлтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон                                                                                  

     ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Хамба овгийн Батсүхийн Отгонмягмар /РД:НН92022511/, Цорс овгийн Цэндсүрэнгийн Оюумаа  /РД:АМ91070100/ нарыг 2012 оноос 2014 оны 9 сарын 29-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Оюумаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

   
                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.БАЙГАЛМАА

,