Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2024/00040

 

 

 

 

Д.О-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч т ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Х, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2024/...... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: т ХХК-д холбогдох,

Алтан бөгжний үнэ 965.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Н.М-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагчийн өмгөөлөгч Н.М, нарийн бичгийн дарга М.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2023 оны 11 сарын 25-ны өдөр ломбардад өөрийн 3,65 гр алтан бөгжөө 540,000 төгрөгт тавьсан. 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ломбардын хүний ................... дансанд 550,100 төгрөг шилжүүлсэн. Би У хотод байдаг учир ирж авах боломжгүй байсан учир замын унаанд тавиад явуулчих гэж хэлсэн. Таньдаг хүнээрээ явуулах гэсэн явуулж чадаагүй. Тендерийн унаанд тавиад явуулчихлаа, дугаарыг над руу явуулсан гэж хэлж байсан. Маргааш нь бөгжөө авах гэтэл жолооч нь хаячихсан байна. Надад флаш гэж хэлж өгсөн, би флашаар нь төлье гэж хэлээд надад өгөөгүй. Би найдвартай унаанд тавиад өгөөрэй гэж хэлсэн. Зоос гоёлоос худалдаж авсан. 3,65 гр алтан бөгжийг 965,000 төгрөгөөр худалдаж авсан Одоог хүртэл миний бие бөгжөө авч чадаагүй байна. Би 965,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж байна. Бөгжөө аваад удаагүй байсан. Иймд миний бөгжийг тус ломбардын газраас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч т ХХК-ийн төлөөлөгч М.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2023 оны 11 сарын 25-ны өдөр үйлчлүүлэгч Д.О- нь манай төвд хандан өөрийн 3,6 грамм алтан бөгжийг тавьж, 540,000 төгрөгийг зээлсэн. Анх бөгжөө тавихдаа л өөрийгөө У хотод байдаг тул шуудангаар буюу хот руу явдаг унаагаар явуулаад өгөөч гэж хэлээд байсан. Ингээд 2023 оны 11 сарын 27-ны өдөр холбогдоод мөнгөн дүн хэд болсныг асуусан бөгөөд удалгүй 2023 оны 12 сарын 01-ний өдөр Д.О- нь нийт төлбөр 550,100 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа мөнгөө өгсөн тул та У хотын дайварт тавиад өг гэж удаа дараа олон удаа гуйсан тул түүний хүсэлтээр найдвартай баталгаатай албан ёсны тендерийн унаагаар явуулж өгөхөөр болж судалсан. Улмаар 2023 оны 12 сарын 03-ны өдөр Зэст багт байрлах Барилгачдын талбай орж хот руу явах албан ёсны тендерийн унаа асуухад ......... ОРХ соната маркийн унаа байсан бөгөөд тухайн жолоочоос тендерийн унаа эсэхийг тодруулахад Б ХХК-ийн жолооч гэсэн тул тухайн машины жолоочид дайврыг өгсөн. Дайврыг өгөхдөө цагаан өнгийн дэвтрийн цаасыг жижиглэж хуйлаад битүү скочоор ороож өгсөн. Тухайн үед би Д.О- руу утасдаж ямар машинд өгсөн, ямар дугаартай машинд өгсөн талаар ярьж байх хооронд жолооч нь энэ юу вэ? Жижиг юм байна флаш уу гэж асуух шиг болсон, би утсаар ярьж байсан болохоор жолоочид ямар нэгэн хариу өгч чадаагүй. Ингээд би Д.О- руу тосож аваарай гээд мессежээр жолоочийн гар утасны дугаар, машины дугаар, дансны дугаар зэрэг мэдээллийг явуулсан. Тухайн өдөр над руу жолооч болон тосож авах Д.О- нар эргэж холбогдоогүй тул дайвраа авсан байх гэж бодож байсан. Гэтэл маргааш өдрийнх үдээс хойшоо 2-3 цагийн үед Д.О- холбогдоод жолоочоос дайвраа аваагүй, дайвар байхгүй, олдохгүй байна гэж холбогдсон. Ярьсных нь дараа гайхаж жолоочтой холбогдоход скочтой жижиг болохоор хүний ачаанд наалдаад явсан байж магадгүй, эсхүл хүн андуураад аваад явсан байж магадгүй, хайгаад олохгүй байна гэж хэлсэн. Би жолоочид өгсөн, жолооч тухайн дайврыг яасан гэдгээ мэдэхгүй байгаа. Жолоочийн өгсөн тайлбараас харахад дайвар авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг, авчихаад тухайн хүнд нь өгөлгүйгээр хайнга хандаж бусдын эд хөрөнгийг алдаж, бусдыг хохироож байна. Энэ бүх учир байдлыг хэлэхэд жолооч флаш байсан юм биш үү тэр флашийн мөнгийг нь би өөрөө өгчихье гэж хэлээд байгаа. Иймд би ямар нэгэн байдлаар бусдыг хохироосон, бусдын эд хөрөнгийг завшсан, хулгайлсан луйвардсан зүйл байхгүй. Би уг хүний өөрийнх нь буюу Д.О-ын удаа дараа гуйсан хүсэлтийнх нь дагуу албан ёсны дайвар тээвэрлэдэг газар хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгсөн тухайн өдөртөө Д.О- нь өөрөө очиж дайврыг аваагүй, магадгүй тэр өдрөө очоод авсан бол дайвар алга болохгүй ч байсан байх магадлалтай тул нэхэмжлэгчийн бас буруутай үйлдэл байгаа. Мөн дайврыг авсан жолоочийн буруутай үйлдэл байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч т ХХК-ийн төлөөлөгч М.Д, хариуцагчийн өмгөөлөгч Н.М нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.О- нь би У хотод байдаг учир та миний бөгжийг унаанд тавиад өгөөч гэж надаас гуйсан. Таньдаг хүнээрээ явуулах гээд Д.О- руу утасдаж асуух гэтэл тэр үед утсаа аваагүй. Тэгээд би тендерийн унаанд бөгжийг нь тавиад явуулсан. Бөгжөө У хотод очсон өдөр нь очиж аваагүй, маргааш нь очиж авах гэсэн чинь жолооч өгөхгүй байна гэхээр нь би жолоочоос асуусан чинь та надад флаш өгсөн биз дээ. Тэр флашийг чинь аваад өгье гэж хэлсэн. Би тухайн үед жолоочид яг флаш гэж хэлээгүй. Тэгж хэлж болдог үгүйг мэдэхгүй байсан. Жолооч та надад алтан бөгж гээд хэлчихгүй яасан юм бэ? гэж хэлсэн. Би өөрөө аваад алга болгосон бол хамаа алга төлж болно. Хүнд өгч явуулчихаад, хүний алга болгосон эд зүйлийг би өмнөөс нь төлнө гэдэг хэцүү байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Д.О- нь т ХХК-д холбогдуулан бөгж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,65 гр алтан бөгжөө 540,000 төгрөгт тавьсан. Барьцааны төлбөрөө төлөөд нэхэмжлэгч У хот руу дайврын унаагаар явуулахыг гуйсан учир хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийн хэлсний дагуу такси үйлчилгээнд уг маргаан болоод байгаа бөгжийг өгч явуулсан. Хариуцагчийн төлөөлөгч уг бөгжийг дайврын унаад өгч явуулсан, өгч явуулсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө мөн хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд буюу жинхэнэ хариуцагчаа тодорхойлоогүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч байгууллага хоёрын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, зээлийг төлснөөр тухайн харилцаа дууссан. Харин дайврыг өгсөн талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. У хот руу дайврыг хүргэж өгөх үүрэг хүлээсэн жолооч нь Иргэний хуулийн 396 дугаар зүйлийн 396.1 дэх хэсэгт заасан үүргээ хүлээгүйгээс үүссэн, тодруулбал эд хөрөнгийг тухайн тээвэрлэгч тухайн этгээдэд хүлээн өгөх хүртэл ачаа дутсан, гэмтсэн гэх мэт аливаа хариуцлагыг жолооч хэсэгчлэн болон бүхэлд хариуцна гэсний дагуу хариуцагч тээвэрлэлтийн улмаас бий болсон хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө тухайн жолооч өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж бусдын эд зүйлсийг гээгдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2024/...... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч т ХХК-аас 965,000 төгрөгийн үнэ бүхий 3,65 гр жинтэй алтан бөгжийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,710 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 27,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.М шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхээс хариуцагч т ХХК-ийг гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ хэрэгжүүлээгүй, зээлдэгчид хохирол учруулсан гэж хариуцагчаас алтан бөгжийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож шийдвэрлэсэн. Гэтэл барьцааны эд зүйлийг хэрхэн хүлээн авах, яаж хүлээн авах, хэзээ хүлээж авах талаар гэрээний нэг тал болох зээлдэгч Д.О-ын удаа дараагийн хүсэлтийн дагуу түүний хэлснээр хариуцагч байгууллагын төлөөлөгч У хот руу хот хооронд явдаг тендерийн унаанд дайж явуулсан бөгөөд энэхүү үйл баримтын талаар нэхэмжлэгч маргадаггүй. Өөрөө биечлэн ирж эд зүйлийг шалгаж хүлээн авалгүйгээр өөртөө амар хялбараар буюу тээврийн хэрэгслээр өгч явуулах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн. Энэхүү гуйлт хүсэлтийн дагуу арга хэмжээ авсан боловч эд зүйл алдагдсан, хэн хэзээ хэрхэн алдагдсан талаараа буюу дайвар буюу эд зүйлийг дайж авч явсан жолооч хуулбарыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд талууд энэ талаар маргадаггүй. Өөрөөр хэлбэл дээрхи үйл явц, түүнээс учирсан үр дагавар, учирсан хохирол нь дан ганц хариуцагчийн төлөөлөгч М.Дгийн буруутай үйлдлээс хамааралтай биш, нэхэмжлэгчийн буруутай үйлдэл бас нөлөөлсөн. Мөн нэхэмжлэгч нь тухайн эд зүйлийг ачаа дайж явуулсан өдөр нь очиж аваагүй талаараа шүүх хуралдаанд тайлбарладаг. Хэрвээ дайвар өгч явуулсан өдөр нь тухайн машиныг тосож тухайн өдөрт нь багтааж эд зүйлийг очиж авсан бол эд зүйл алга болохгүй байх боломжтой байсан, иймд барьцааны эд зүйл алдагдсан нь дан ганц хариуцагчийн буруутай үйлдэл биш, хариуцагч санаачлагаараа дур мэдэн бусдын эд хөрөнгийн дайж явуулаагүй буюу нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу энэхүү үйлдлийг хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс өөрөө мэдэгдэлтэй зөвшөөрөл өгч, өөрийнх нь хүсэл зоригийн дагуу арга хэмжээ авч, эд зүйлийг дайж явуулсан боловч түүнээс гарах эрсдэл, үр дагаврыг хамтран хариуцахгүйгээр, мөн өөрийнхөө буруутай үйлдлээс хамааралтай, шалтгаант холбоотой гэж үзэлгүйгээр бөгжний мөнгөн дүнг гаргуулахыг хүсч, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн талууд барьцааны эд зүйлийг хот хоорондын тээврийн жолооч Ш.Э алга болгосон гэдэгт маргадаггүй бөгөөд бусад этгээдийн буюу гуравдагч этгзэдийн буруутай хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцагч дангаараа хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн142/ШШ2024/...... дугаартай шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж, холбогдох өөрчлөлтийг оруулж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн хамт биечлэн оролцоно гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч т ХХК-д холбогдуулан алтан бөгжний үнэ 965.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч т ХХК-аас 965,000 төгрөгийн үнэ бүхий 3,65 гр жинтэй алтан бөгжийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Д.О- нь Хариуцагч т ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3.65 гр жинтэй алтан бөгжийг барьцаалан 1 сарын хугацаатай 540.000 төгрөгийг хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож, 4044 дугаар барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Зохигчдын хооронд 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүссэн ба дээрх гэрээ нь хүчин төгөлдөр болсон байна .

Хариуцагч т ХХК нь дээрх гэрээний дагуу 540.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.О-д шилжүүлсэн, нэхэмжлэгч Д.О- нь гэрээнд заасан 1 сарын хугацаанаас өмнө буюу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлж авсан 540.000 төгрөгийг тухайн өдрийг хүртэлх хугацаанд бодогдсон хүүгийн хамт нийт 550.100 төгрөгийг хариуцагч т ХХК-д төлжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч т ХХК-иас 3,65 гр жинтэй алтан бөгжий үнэ 965.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож шийдвэрлэсэн Иргэний хууль болон Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд нийцжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.М ...анхан шатны шүүхийн142/ШШ2024/...... дугаартай шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж, холбогдох өөрчлөлтийг оруулж өгнө үү... гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэг авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан ...зохигч , гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч биелүүлээгүй болно.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.М-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.М-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27.710 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2024/...... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Н.М-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Н.М-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27.710 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

 

ШҮҮГЧ Л.Х

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б