Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/46

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,   

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Э.Хд холбогдох эрүүгийн 1807002180065 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, *******тай, эмэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, *******, *******, *******, хамтаар тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, овогт Э.Х.         

          Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э.Х нь эрүүгийн 201701080221 дугаартай хэрэгт шалгагдаж байсан хамт ажилладаг Б.Бн нөлөөнд автаж түүнийг удаа дараа ятгасан ятгалгийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрчид Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг танилцуулж үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Хгийн өгсөн “Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Хгийн мөрдөн байцаалтад 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр өгсөн “...Би тэр өдөр манайд хамт ажилладаг М эгчийн төрсөн өдөр болоод д тэмдэглэсэн. Тэгээд тэндээс орой гарсан яг хэдэн цагт гарснаа мэдэхгүй байна. Тэгээд тэндээс гараад О, Б, Э, М бид хэд “М” клуб баар руу орсон юм. Тэгээд тэнд М эгч найзуудтайгаа явж байхад нь тааралдаад хамт ширээн дээр сууцгаагаад пиво захиалж ууцгаасан. Тэгтэл М эгчийн хамаатан ах гээд нэг залуу М эгчид дарс авч ирж өгөөд үнссэн. Тэгтэл ******* нь хардаад “явна, явахгүй” гээд хэрэлдээд байсан, тэгээд тэндээс бармен нь хөөгөөд гаргасан. Тэгээд бид нар ч авсан юм аа ууж амжилгүй гарцгаасан. Тэгээд баарны гадаа гараад М эгчийн ******* нь М эгчийг алгадаад авсан. Тэгтэл Б “та яагаад эмэгтэй хүнд гар хүрч байгаа юм бэ” гэтэл Бг шанаа руу нь алгадсан уу шанаадсан уу мэдэхгүй байна цохиод авсан. Тэгтэл Б “та яаж байгаа юм бэ” гээд байсан. Тэгтэл дахиад алгадсан байх аа, тэгээд бид нар Бг салгаад “М” клуб баарны зүүн талд байдаг засмал замын тэнд Б, Э, М нарын хамтаар бид 4 очсон. Тэгтэл Б болохоор “О эгчийг аваад ирье” гээд явсан. Тэгээд бид нар араас нь 5 минут хэртэй болоод очтол зодоон болоод дуусчихсан М эгч “чи яаж байгаа юм бэ муу ч гэсэн эгчийнх нь ******* шүү дээ” гээд байсан тэр үед М эгчийн нөхрийнх нь нүд нь хавдчихсан байсан. Зүгээр болоод зогсож байсан. Нөхөр нь “чи шоколадны үйлдвэрийн хүүхдүүдээр зодуулчихаж байгаа юм уу” гээд орилоод байсан. Тэгээд бид нар Бг аваад явсан...” гэх,

2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр өгсөн “...Миний урьд өгсөн мэдүүлэг худлаа Б 2017 оны 7 дугаар сарын үеэр М, Э бид гурваас Э ахын хохирлыг барагдуулсан ч ял авах юм шиг байна та нар намайг Э ахыг цохихыг хараагүй гээд хэлээд өгчихөөр газар тамхи татаад зогсож байсан тэгээд ирэхэд зодоон болоод дуусчихсан байсан гээд хэлээд өгөөч би тэгвэл Э ахын хохирлыг асуудалгүй барагдуулна та нар л миний хэлснээр мэдүүлэг өгөөч гээд нэлээн олон удаа гуйсан. Тэгэхээр нь Бгээс “чи яг хохирлыг нь барагдуулах юм уу” гэж асуухад “тэгнэ ээ” гээд гуйсан. Тэгээд Э, М бид 3 ерөнхийдөө болсон үйл явдлыг хараагүй хол тамхи татчихаад ирэхэд зодоон болоод дууссан байсан гэж худал мэдүүлэг өгсөн юм...” гэх,

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Цагдаагаас намайг 2017 оны 04 дүгээр сар болсон хэргийн талаар мэдэх зүйлээ ярь гэсэн. Мэдүүлэг өгөхөөс өмнө Б өдөр болгон шахуу Э, Х бид гурвыг “Э ахыг зодсоныг огт хараагүй гээд цагдаад хэлчих би хэрэгт орох гээд байна, Э ахын хохирлыг барагдуулаад өгнөө гээд бид нараас гуйдаг байсан. Тэгээд цагдаа ирээд мэдүүлэг авахад нь болсон явдлыг нь хэлсэн. Надаас цагдаа тодорхой асуулт бол асуугаагүй. Харин сүүлд 2018 оны 3 бил үү 4 сард өгсөн мэдүүлэгтээ Б биднээс хараагүй гэж хэлээд өгөөрэй гэж хэлснийг мэдүүлсэн. Намайг худал мэдүүлэг өгсөн байна гэж яллагдагчаар татсан, миний буруу гэвэл Б худлаа хэлчих гэж хэлснийг нь байцаагчид хэлсэн нь буруу байсан юм байна, би урд нь цагдаад мэдүүлэг өгч үзээгүй болохоор байцаагчийн асуултад мэдэх зүйлээ л ярьсан. Тэгээд өмгөөлөгч аваад, шүүх дээр хуралд ороод би Эрүүгийн хуульд заасан зориуд худал мэдүүлэх гэмт хэрэгт гэм буруугүй юм байна гэдгийг ойлгосон.

...Би байцаагч ирэхэд нь тухайн үед санаж байгаа зүйлээ ярьсан. Хэрэг болсон өдөр нь мэдүүлэг авсан өдрөөс 3 сарын өмнө байсан. Тухайн үед би бас согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлийг санахгүй байсан. Дараа нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ Б “та нарыг худлаа хэл гэж гуйсан уу” гэхээр нь тэгэж гуйсан гэдгээ хэлсэн. Ер нь бол эхний гэрчээр өгсөн мэдүүлэгтээ мэдэх зүйлээ л ярьсан. Дараагийн мэдүүлэгт бол хэргийн талаар Э, М, М, Б нартай ярьж байгаад санасан зүйлээ ярьсан шүү дээ. Намайг худлаа мэдүүлсэн гэж байгааг би зөвшөөрөхгүй байна.

/хх-ийн 07-14, 131-132 дугаар тал/

Гэрч З.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 8 дугаар сарын сүүлээр М нь манай гэрт ирээд надад “тантай Б ирж уулзсан уу таны нөхрийн хохирлыг барагдуулна худлаа мэдүүлэг өгчих гээд гуйгаад намайг Э ахыг цохисоныг хараагүй гээд хэлээд өгчих гээд байхаар нь Х, Э бид 3 2017 оны 4 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө болсон үйл явдлыг хараагүй мэдэхгүй гээд худлаа мэдүүлэг өгчихсөн” гээд хэлж байсан. Мөн түүнээс хойш ажил дээрээ очиход бас М, Х, Э нар гадаа салхилаад сууж байхад “Бат-Ирэдүй Э ахын хохирлыг нь барагдуулна асуудалгүй гээд та нар хараагүй гээд мэдүүлгээ өгчихөөрэй гээд гуйгаад байхаар нь худлаа мэдүүлэг өгчихсөн” гээд хэлж байсан. Тэгээд би М, Х, Э нарыг худлаа мэдүүлэг өгсөн байна гэж мэдсэн юм. Мөн манай ******* зодуулснаас хойш хэд хоногийн дараа ажил дээр байх үед Э, Х, М нар болсон үйл явдлыг харсан гэж надад ярьж байсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 02 дугаар тал/

Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бага зэргийн согтолттой болсон үйл явдлын талаар бүгдийг санаж байна. Эыг газарт биеийнхээ баруун хэсгээр уначихсан толгой нь цемент дээр хүрээгүй зайтай байх үед зүүн хэсэгт нь гараараа нэг удаа цохисон, толгойн ар дагз хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн юм. Тэгсэн чинь намайг салгаад аваад явсан. Өөр цохисон асуудал байхгүй. Э ахыг эхнэрийнх нь 2, 3 найз нь мөн Халиун, Э, М нар болсон үйл явдлыг харсан. Би Халиун, Э, М нарт 2017 оны 7 дугаар сарын үед /өдрийг нь тодорхой санахгүй байна/ болсон үйл явдлыг хараагүй гээд хэлээд өгөөч би хохирогчийн хохирлыг барагдуулна гэж найзын хувиар гуйсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 05-06 дугаар тал/

Гэрч Ө.Эийн мөрдөн байцаалтад 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өгсөн “...М эгч *******тэйгээ хэрэлдээд байсан. Тэгтэл М эгчийг алгадаад авсан юм тэгтэл Б “та яагаад эмэгтэй хүнийг алгадаад байгаа юм бэ” гэхээр нь “би чамд гэр бүлийн асуудал ямар хамаатай юм бэ” гэхэд Б “арай дэндүү эмэгтэй хүнийг дээрлэхээд байна” гээд дахиад *******т хандаж хэлэхэд Б уурласан, тэгэхээр нь би Бг аваад Х, М бид гурав “М” клуб баарны зүүн тал руу яваад тайвшруулсан. Тэгээд тэнд тамхи татаж байгаад Б “М” клубын тийшээ явсан. Араас нь бид 3 байж байгаад би тамхи татаж дуусаад “М” клубын үүдэнд очиход зодоон болсон гээд  М эгчийн ******* “Чи ажлынхаа газрын хүүхдүүдээр намайг зодуулчихлаа” гээд орилоод байсан. Тэр ахад ил харагдах гэмтэл шарх анзаарагдаагүй. Бг тэр үед хаана зогсож байсныг анзаараагүй. Тэгээд баарны үүднээс Бг аваад бид 4 таксинд суугаад явсан бусад нь тарцгаасан.” гэх,

2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...Нэмж ярих зүйл гэвэл Б, М, Х бид 4 М клубын ард очиж тамхи татаагүй болсон үйл явдлыг хараагүй гэж мэдүүлсэн нь худлаа Б нь бид нарыг мэдүүлэг өгөхөөс өмнө 2-3 удаа би Э ахын хохиролыг нь барагдуулна, эрүүгийн хэрэгт ормоогүй байна Х, М бид гурвыг “Э ах намайг нэг удаа цохисон тэгээд та гурав намайг тайвшруулах гээд М клубын арагшаа авч яваад тамхи татсан, тэгээд би түрүүлээд М клубын тийш явсан та нар араас ирэхэд зодоон дууссан байсан хараагүй гэж хэлээд өгөөч” гээд гуйгаад байсан. Тэгээд эхний удаадаа зөвшөөрөөгүй дахин гуйхаар нь бас зөвшөөрөөгүй, мөн дахин гуйхаар нь бид гурав зөвшөөрөөд болсон үйл явдлыг хараагүй гэж худлаа мэдүүлэг өгсөн юм. Уг нь болсон үйл явдал нь гэвэл М клубын үүдэнд зогсож байхад Э ах эхнэр М эгчтэй маргалдаад цохисон чинь Б “боль боль” гээд урдуур нь ортол Э ах Бг цохихоор нь Х бид хоёр салгаад байж байтал Б дайрсаар байгаад Э ахын нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиод хавирч унагаад унаж байх явцад нь нэг удаа толгой хэсэгт нь өшиглөөд тэр үед Э ах доошоо дөрвөн хөллөсөн байдалтай газар унасан байхад нь Б толгойных нь ар дагз хэсэг рүү нь 3-4 удаа гараараа хүчтэй цохисон. Тэгэхээр нь Х бид хоёр Бг салгаж аваад М клубын үүдэнд аваачаад тэгээд ерөнхийдөө тэндээ байж байгаад М, Х, Б бид нар үйлдвэр рүү явцгаасан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12-17 дугаар тал/

Гэрч Т.Мгийн мөрдөн байцаалтад 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өгсөн “...Б М эгчийн нөхрийг цохиод авсан. Тэгэхээр нь бид нар салгаад “М” клуб баарны зүүн талд очоод суусан. Тэнд тамхи татаж байснаа Б “О эгчийг дуудаад ирье” гээд явсан. Э тамхи татаж дуусчихаад араас нь бид 4 очтол зодоон болчихсон М эгчийн нөхрийнх нь нэг нүд нь хавдаад хөхөрчихсөн Бн гар нь тулчихсан байсан. тэгээд Бг аваад явцгаасан.” гэх,  

2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...Би урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байна. Б нь 2017 оны 7 дугаар сараас хойш Э, Х бид гурвыг “миний талд ороод Э ахыг намайг зодсон үйл явдлыг хараагүй өөр газар байсан. Зодоон дууссаны дараа ирсэн гээд худлаа мэдүүлэг өгөөд өгөөч” гээд бараг шахуу өдөр бүр тэгэж гуйдаг байсан. Тэгээд Б нь “Х, Э бид гуравт М клубээс гарч ирээд Э ахтай муудалцаад тэгээд та 3 намайг салгаад Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тэнд очиж дөрвүүлээ хамт тамхи татаад зогсож байхад би О эгчтэй уулзаад ирье гээд явсан тэгээд та гурав тамхиа татчихаад миний араас ирсэн тэр үед зодоон болоод дуусчихсан байсан гэж хэлээрэй” гээд гуйгаад байсан. Тийм учраас Х, Э бид гурав зодооныг хараагүй гэж мэдүүлэг өгчихсөн юм.

...2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манай ажлын эгч Мгийн төрсөн өдөр болоод манай ажлын хамт олон, түүний найзуудын хамт Налайх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Алтан-говь ресторанд орж тэмдэглэж хоол унд, архи дарс ууцгаасан. Тэгээд орой 23-00 цагийн хооронд Алтанговиос бүгдээрээ гараад манай ажлын хүмүүс болох Б, Халиун Э, О эгч бид нар ярилцаад М клуб орохоор болоод тэндээсээ шууд алхаад М клуб руу ортол дотор нь М эгч ******* болон найзуудтайгаа сууж байсан. Тэгэхээр нь бид нар хамт нэг ширээнд суугаад байж байтал М эгчийн ******* нь болох Э ах нэг залуутай хардаж уурлаад тэр хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл Э ах хардаад байсан залуутайгаа уулзана гээд гарахаар нь араас нь Б салгах гээд гарсан бөгөөд Халиун, Э бид гурав араас нь бас гарсан. Тэгсэн чинь М эгч *******тэйгөө муудалцаад байхаар нь Б өмөөрөөд та болиоч эмэгтэй хүнийг төрсөн өдрөөр нь зүгээр байлгахгүй гэхэд чи манай эхнэрийг өмөөрдөг хэн юм бэ түрүүнээс хойш өмөөрөөд байх юм гэж байснаа Бгийн нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Б Э ахыг зөрүүлж цохиод  газар унагаад Б нь дээрээс нь дарж байгаад нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохиод толгой хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд Халиун зүс таних Амраа гэх эгч нар Бг салгаад М клубээс М эгчийн найзууд нь гарч ирээд тэд нар бүгд яваад бид нар ч гэсэн такси бариад явцгаасан юм. Тэгээд бид нар ажил дээрээ очиж хоносон бөгөөд тэр үед Бн гар нь хавдчихсан байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18-22 дугаар тал/

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 745 дугаар магадлалын хуулбар,

/хх-ийн 110-112 дугаар тал/

Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-133-136 дугаар тал/, 

Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 38 дугаар тал/ нотлох баримт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг судлав.

Шүүгдэгч Э.Х нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөн оны 4 дүгээр 29-нөөс 30-нд шилжих шөнө М түүний ******* Н.Э, Б.Б, Ө.Э, Т.М нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа Н.Э нь эхнэр З.Мг хардан алгадсан, түүнийг нь болиулсан Б.Бг Н.Э нь алгадсан талаар мэдүүлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэмж ярих зүйл байна гээд дахин мэдүүлэг гэрчээр өгөхдөө Т.М, Ө.Э бид гурвыг найз Б.Б Н.Э ахыг зодсоныг хараагүй гээд мэдүүлэг өгөөч гэсэн учир 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлэхдээ хэлээгүй тухайгаа нэмж хэлсэн үйл явдал болсон байна.

Энэ үйл явдал нь шүүхийн хэлэлцүүлэгт судласан шүүгдэгч Э.Хгийн яллагдагчаар өгсөн “...Тэгээд цагдаа ирээд мэдүүлэг авахад нь болсон явдлыг нь хэлсэн. Надаас цагдаа тодорхой асуулт бол асуугаагүй. Харин сүүлд 2018 оны 3 бил үү 4 сард өгсөн мэдүүлэгтээ Б биднээс хараагүй гэж хэлээд өгөөрэй гэж хэлснийг мэдүүлсэн...” гэх,

улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн судласан гэрч З.Мгийн “...2017 оны 8 дугаар сарын сүүлээр М нь манай гэрт ирээд надад тантай Б ирж уулзсан уу таны нөхрийн хохирлыг барагдуулна худлаа мэдүүлэг өгчих гээд гуйгаад намайг Э ахыг цохисоныг хараагүй гээд хэлээд өгчих гээд байхаар нь Х, Э бид гурав 2017 оны 4 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө болсон үйл явдлыг хараагүй мэдэхгүй гээд худлаа мэдүүлэг өгчихсөн гээд хэлж байсан...” гэх, гэрч Б.Бгийн өгсөн “...Би Халиун, Э, М нарт 2017 оны 7 дугаар сарын үед /өдрийг нь тодорхой санахгүй байна/ болсон үйл явдлыг хараагүй гээд хэлээд өгөөч би хохирогчийн хохирлыг барагдуулна гэж найзын хувиар гуйсан юм. ...2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...Нэмж ярих зүйл гэвэл Б, М, Х бид дөрөв “М” клубын ард очиж тамхи татаагүй болсон үйл явдлыг хараагүй гэж мэдүүлсэн нь худлаа. ...2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...Би урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байна. Б нь 2017 оны 7 дугаар сараас хойш Э, Х бид гурвыг “миний талд ороод Э ахыг намайг зодсон үйл явдлыг хараагүй өөр газар байсан.”  гэх мэдүүлгүүдээр тогтоогдохгүй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан гэрч Ө.Э, Т.М, Э.Х өөрөө /гэрчээр/ нарын 2018 оны 3 дугаар сарын 29 /хх-ийн 21-22/, 31 /хх-ийн 16-17/,  4 дүгээр сарын 03-ны /хх-ийн 10-11/ өдөр нэмж ярих зүйл байна, миний урьд өгсөн мэдүүлэг худлаа, гэрч З.Мгийн 2017 оны 8 дугаар сарын сүүлчээр Т.М нь манай гэрт ирээд надад таньтай Б.Б ирж уулзсан уу таны нөхрийн бүх хохирлыг барагдуулна худлаа мэдүүлэг өгчих гээд гуйгаад байхаар нь Э.Х, Ө.Э бид хараагүй, мэдэхгүй гэж мэдүүлсэн /хх-ийн 02/, гэрч Б.Б нь би Э.Х, Ө.Э, Т.М нарыг 2017 оны 7 дугаар сарын үед /өдрийг нь санахгүй байна/ болсон үйл явдлыг хараагүй гээд хэлээд өгөөч би хохирогчийн хохирлыг барагдуулна гэсэн мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч Э.Х нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2017 оны 4 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө болсон үйл явдлыг санаатай нуун дарагдуулсан, үнэнийг буруу гуйвуулсан, Б.Бд ял завшуулахаар зориуд худал мэдүүлэг өгсөн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

          Тухайлбал: Худал мэдүүлэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Хорин нэгдүгээр бүлэг буюу Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хамаардаг  бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт саад учруулсан, шүүхээс бодит байдалд нийцсэн, хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхөөс гадна хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг, сонирхол ноцтой зөрчигддөг бол шүүгдэгч Э.Хгийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б.Бг Н.Эыг зодож цохисон талаар мэдүүлээгүй, мөрдөгч энэ талаар тодруулаагүй, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр миний урьд өгсөн мэдүүлэг худлаа гэж мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зориуд худал мэдүүлсэн гэх шинжийг хэлбэрийн төдий агуулсан энэ үйлдлийн улмаас энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учраагүй байх тул Э.Хгийн энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцох боломжгүй гэж шүүх үзлээ.

          Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт Э.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  1807002180065 тоот хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгах нь зүйтэй байна.

          Харин Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 745 тоот магадлал, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 395 тоот захирамжаар заасан заалтыг хангаагүй тул магадлал, захирамжийн заалтыг хангаж ажиллаагүй гэж үзлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн овогт Э.Хд холбогдох эрүүгийн 1807002180065 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Хг цагаатгасугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Хд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Эрүүгийн 1807002180065 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

4. Цагаатгагдсан этгээд нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЧИНЗОРИГ