Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 101/2024/00061/И |
Дугаар | 210/МА2024/01225 |
Огноо | 2024-06-10 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2024/01225
2024 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 210/МА2024/01225 |
,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/02195 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ч.,,,,,,,,,,,,,,т холбогдох,
хохирол 14,489,561 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,,,,,,,,,,, хариуцагч Ч.,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч Т.,,,,,,,,,,, /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Ч.,,,,,,,,,,,,,, нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.,,,,,,,,,,,,,,ийг төрийн албанаас халсан. .
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0691 дүгээр магадлалаар Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын дээрх захирамжийг хүчингүй болгож, Г.,,,,,,,,,,,,,,ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийн даалгаж шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийн дагуу Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг Тамгын газраас нийт 14,489,561 төгрөгийг Г.,,,,,,,,,,,,,,т ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалд тооцож олгосон. Манай байгууллагад Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг Тамгын газраас 2023 онд анх Ч.,,,,,,,,,,,,,,ийн хууль бус шийдвэрийн талаар мэдэгдсэний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.
Иймд хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 14,489,561 төгрөгийг Ч.,,,,,,,,,,,,,,ээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Засаг даргын Тамгын газар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.
Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш нэхэмжлэгч байгууллагаас төрд учирсан хохирлын талаар маргаан үүсгээгүй, надаас огт шаардаагүй. Шүүхэд засаг дарга, прокурор нэхэмжлэл гаргаж байсныг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй.
Төрийн албаны тухай шинэчилсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтыг биелүүлэхийг даалгасан нь 2015 онд гаргасан шийдвэрт хамааралгүй гэж ойлгож байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1, Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.,,,,,,,,,,,,,,ээс 10,104,242 төгрөг гаргуулж Төрийн сан банкны улсын төсвийн 100900021501 тоот дансанд оруулж, нэхэмжлэлээс үлдэх 4,385,319 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 176,618 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэрээр тогтоосон цалинг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Г.,,,,,,,,,,,,,,т олгож дууссанаар нэхэмжлэгч байгууллагын шаардах эрх үүссэн. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс надад мэдэгдэл хүргүүлсэн.
2016 оны шүүхийн шийдвэрийг 2023 оны 11 сард мэдсэн гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хуулийн тодорхой зохицуулалтыг гуравдагч этгээдийн мэдэгдсэнээр шаардах эрх үүсч буй мэт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Иргэний хуулийн 76.4-т шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно гэж заасан бөгөөд Төрийн албаны зөвлөл нь шүүхийн шийдвэрээр тогтоосон цалин, хөлсийг ажилтан Г.,,,,,,,,,,,,,,т 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүрэн олгож дууссанаар шаардах эрх үүссэн, энэ үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно.
Нэхэмжлэгч байгууллага бус өөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүдээс шаардаж байсныг Төрийн албаны зөвлөлөөс шаардсан гэж үзэхгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
2023 оны 11 дүгээр сард уг нөхцөл байдлыг мэдсэн даруйдаа Ч.,,,,,,,,,,,,,,т шаардлага хүргүүлж, анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Ч.,,,,,,,,,,,,,,т холбогдуулан төрд учруулсан хохирол 14,489,561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0691 дүгээр магадлалаар хариуцагч Ч.,,,,,,,,,,,,,,ийн Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Г.,,,,,,,,,,,,,,ийг Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож, Г.,,,,,,,,,,,,,,ийг ажилд эгүүлэн тогтоосон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын Тамгын газраас Г.,,,,,,,,,,,,,,т ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,104,242 төгрөг олгосон болохыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон байна.
Анхан шатны шүүх хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас бусдад ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг төр хариуцан олгож хохирсон байх тул гэм хорын хохиролд 10,104,242 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.
Харин шийдвэрийн тогтоох хэсэгт гэм хорын хохирол шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй Төрийн албаны тухай хууль /2002/-ийн заалт баримталсныг залруулж, өөрчлөлт оруулна.
Нэхэмжлэлээс 4,385,319 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу үүнд эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.
6. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааны талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
6.1. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын тамгын газраас 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/161 тоот албан бичгээр Ч.,,,,,,,,,,,,,,ийн төрд учруулсан хохирлын талаар Төрийн албаны зөвлөлд мэдэгдсэн байна.
Энэ үеэс эхлэн нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт нийцжээ.
6,2.Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын тамгын газраас 2019 оны 09 дүгээр сард, Дундговь аймгийн Прокурорын газраас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус тус Ч.,,,,,,,,,,,,,,т холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэрэг анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан үйл баримт нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарч байна.
6.3. Шүүх хуралдаанд хуульд зааснаар оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан ...хугацаандаа нэхэмжлэлээ гаргаж чадаагүй тул хохирлыг барагдуулах шаардлагагүй... гэх дүгнэлт хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна.
7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/02195 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад , Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176,617 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Т.БАДРАХ