Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 0062

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа  

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч У.Эрдэнэхүү  

Хохирогчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сд холбогдох эрүүгийн 1825004400298 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Чонос овогт Б.С, Монгол Улсын иргэн, 1991 оны 08 сарын 11-ний өдөр Булган аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Булган аймгийн Орхон сум 1-р баг Арбулагт оршин суух хаягтай , ял шийтгэлгүй, регистрийн дугаар ГЖ91081111

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-2-28 тоотод У.Эрдэнэхүүг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Орхон аймгйин Прокурорын газраас шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ “Хохирогчийг зодож цохисондоо харамсаж байна. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 2 373 260 төгрөг төлсөн. Цаашид гарах зардлыг баримтын дагуу төлнө” гэв.

 

 

 

 

 

 

 

 

 

            Хохирогч У.Эрдэнэхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Сундуйсүрэнтэй цэрэгт найз болсон. Цэргээс ирээд ажил хийж байгаад хуучин уурхайдаа Сундуйсүрэнг ажилд оруулж өгсөн. Бид хоёр тааралдаад ажилд оруулж өгсөн гээд намайг нэг дайлсан. Анх 4 000 000 төгрөг өгнө гэж өөрөө надад хэлсэн. Би амьдралыг нь мэддэг болохоор сард 1 000 000 төгрөг өгчих гэсэн. Дараа нь мөнгө өгөх юм уу гэж утсаар асуухад чи надаас 100 төгрөг ч олж долоохгүй гэсэн. Эцсийн эцэст миний доод талын шүд байхгүй, 3 араа авахуулсан. Эрүү маань далийгаад, одоо хадаастай байгаа. Одоо хүртэл зовиуртай байна. Миний хувьд гомдолтой байна. Шүд ч байхгүй, эрүү маань ч урьдных шигээ байхаа больсон. Би ахиад хагалгаанд орох ёстой гэтэл тэр хагалгааны мөнгийг ч надад өгөөгүй. Том тэрэг барихаар эрүү маань өвдөөд, бие маань дийлэхгүй байна. Би баян цатгалан айлын хүүхэд биш. Манай аав ээж маань 70 гарсан хөгшин настай хүмүүс байдаг. Би гомдолтой байна.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч У Эрдэнэхүүгийн ... “2018 оны 06 сарын 23-ны орой 19 цагийн үед Сундуйсүрэнтэй Шанд багийн самбарын хажууд таараад цуг өндөрлөг гарсан. Тэнд Мөнхцэцэг, Сүхбат, Сундуйсүрэн бид 5, 1 шил Ерөө архи, пиво хувааж уусан. Тэгээд зочид буудалд орсон. Архи, пиво аваад орсон. Жаахан согтох гээд байхаар нь би ер нь гэртээ харъя гэж бодоод Мөнхцэцэг, Сүхбат 2-той буудлаас гарч яваад цуг гэртээ ирсэн. Удалгүй миний араас Сундуйсүрэн 2 хүүхэн дагуулсан орж ирсэн. Нэрийг нь 2-ууланг нь Нараа гэсэн. Орж ирээд пизда минь чи миний хаан банкны виза картыг аваад явчихлаа гэсэн. Тэгээд цуг ирсэн хүүхнүүдийнхээ хажууд нүцгэлсэн. Тэгсэнээ хажууд нь байсан хуванцар сандалаар намайг нэг удаа миний толгойн тус газарт цохисон. Тэгээд би унасан чинь миний нуүрэн тус газарт өшиглөсөн. Би миний эрүү хугарчихлаа гэж хэлсэн чинь чиний эрүү хугарна гэж юу байдаг юм бэ гэж хэлээд 5,6 удаа ахиад миний нүурэн тус газарт цохисон. Тухайн үед миний уруул хамраас цус гарсан байсан. Миний биеийн байдал одоо тааруухан байна эрүүний яс 3 хугарсан, үүдэн талын 3 шүд хөдөлсөн байгаа. Сундуйсүрэн хажуу талд байсан хуванцар сандал аваад миний толгой тус газар цохитол би газар унасан. Арзгар гутлаараа миний нүүрэн тус газар нэг удаа өшиглөтөл миний эрүү эвгүй болчихсон юм”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-11, 45, 135-136-р хуудас/

 

2.Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаартай дүгнэлтийн ...“У.Эрдэнэхүүгийн биед доод эрүүний ясны далд хугарал, хоёр шүдний ганхалт, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, хүзүүний доод хэсэгт зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, цээжинд 1 тооны шалбархай, баруун даланд 3 тооны зулгаралт үүсчээ. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, маажих, самардах, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Ясны хуарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...”гэсэн /хх-ийн 13-р хуудас/

 

3. Гэрч Л.Мөнхцэцэгийн ... “2018 оны 06 сарын 23-ний шөнө 21,22 цагийн үед би Эрдэнэхүүгийн гэр болох 1-2-28 тоотод байж байсан гэтэл Эрдэнэхүү гэртээ орж ирээд байж байхад удалгүй Сундуйсүрэн гэрт орж ирээд Эрдэнэхүүгээс өөрийн Хаан банкны виза картаа нэхсэн Эрдэнэхүү байхгүй гэтэл сандалаар цохисон. Эрдэнэхүү газар унахад Сундуйсүрэн өшиглөсөн Эрдэнэхүүгийн амнаас нь цус гараад байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Сундуйсүрэн, Эрдэнэхүү 2 архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, хэл үгээ ололцохгүй байсан. Сундуйсүрэн виза картыг нэхээд Эрдэнэхүү байхгүй гэсэн чинь зодсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-р хуудас/

 

4.Гэрч Д.Нарантуяагийн ... “Сундуйсүрэн тухайн үед Эрдэнэхүүтэй маргалдаж байхад Эрдэнэхүү өөрөө өмсөж байсан подволкоо тайлаад шидсэн. Өөр ямар хувцас хунар тайлж Эрдэнэхүүг чармай шалдан болгосон зүйл тэнд байгаагүй. Хэрвээ Эрдэнэхүүг чармай шалдан болгосон бол тэнд байсан бүгд хүн харах байсан. Эрдэнэхүү доогуураа бэлтгэлийн өмдтэй байсан. Шалдан нүцгэн болгосон зүйл тэнд болоогүй тохуурхан доромжилсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 147-148-р хуудас/

 

5.Гэрч Б.Нармандахын … “Би буйдан дээр сууж байсан учраас Сундуйсүрэн Эрдэнэхүү хоёрыг сайн харсан. Тухайн үед би Мөнхцэцэгт хандаж чи наад нөхрийгөө аваач гэж хэлтэл Мөнхцэцэг яахав дээ наадуул чинь зодолдог гээд хараад суугаад байсан. Тэгээд согтуу хүмүүс хоорондоо зууралдаад унаж тусаад ноцолдоод байсан. Баатарболд цагдаа дуудаад удалгүй цагдаа ирсэн. Эрдэнэхүү чармай шалдан нүцгэн байхыг би хараагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 149-150-р хуудас/

 

6. Гэрч Л.Баатарболдын … “Сундуйсүрэн дахиж Эрдэнэхүүтэй маргалдаж байгаад хажуудаа байсан хуванцар сандал аваад Эрдэнэхүүгийн толгой тус газар нь нэг удаа цохитол Эрдэнэхүү газар уначихсан чинь Сундуйсүрэн Эрдэнэхүүгийн нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед Эрдэнэнэхүү, Сундуйсүрэн хоёр зодоон хийгээд байхаар нь жижиг Нараа, Сүхбат хоёр очиж салгах гэсэн боловч дийлэхгүй байхаар нь би өөрөө гар утсаар цагдаа дуудсан. Тухайн үед Эрдэнэхүү нилээн согтолттой, доогуураа өмд өмсчихсөн байсан санагдаж байна. Амнаас нь цус гарчихсан эрүүнийх нь орчим шалбарчихсан, эрүүгээ гараараа барьчихсан зогсож байсан. Тухайн үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. Сундуйсүрэн виза картаа хайгаад Эрдэнэхүүтэй маргалдаад тэр нь сүүлдээ зодоон болсон. Сундуйсүрэн тэнд хүн амьтан шоолж тохуурхан доромжилсон зүйл гаргаагүй. Тухайн үед их л ууртай байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 121-152-р хуудас/

 

7.Гэрч С.Сүхбатын ... “Сундуйсүрэн Нараагийн хамт орж ирээд миний виза карт алга болчихсон байна. Чи авсан уу гээд Эрдэнэхүү рүү дайраад заамдаж автал Эрдэнэхүү би чиний картыг аваагүй нэгжээд үзэхгүй юу гээд байсан. Тэгтэл Сундуйсүрэн Эрдэнэхүүг буйдан руу түлхээд дээгүүрэх цамцыг нь гараараа тайлаад өмдийг нь тайлаад хоёр халаасыг нь эргүүлж үзэж байгаад Эрдэнэхүү рүү шидчихсэн. Тэгээд хажуудаа байсан хуванцар сандал аваад толгой руу нь цохитол Эрдэнэхүү газар уначихсан чинь нүүр рүү нь өшиглөхөөр нь би очиж Сундуйсүрэнг салгах гэтэл дйилээгүй. Жижиг Нараа дундуур нь орж ирээд салгах гэтэл дийлээгүй сүүлдээ дийлэхгүй болохоор Баатарболд цагдаа дуудсан. Эрдэнэхүү дотуур өмдтэйгөө үлдсэн байсан. Чармай шалдан байгаагүй” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 165-166 р хуудас /

 

8.Хохирогч У.Эрдэнэхүү, гэрч Б.Нармандах нараас нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл. /хх-ийн 137-139- р хуудас /

 

9. Гэрч Г Сүхбат, Л Мөнхцэцэг нараас нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл. /хх- ийн 169-171 -р хуудас/

 

10.Гэрч Л Мөнхцэцэг, Д.Нарантуяа нараас нуүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл. /хх-ийн 11-144-р хуудас /

11. Шүүгдэгч Б.Сгийн ...“Надад сонсгож байгаа зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 06 дугаар сарын 23-ны орой  9 цагийн үед Эрдэнэхүүтэй Сүхбат бид хоёр Шанд багийн самбарын хажууд явж байхад нь таараад Эрдэнэхүүгийн гэрээс Мөнхцэцэгийг аваад бид өндөрлөг гарах гээд явж байтал Нараа явж байсан. Тэгээд Нарааг аваад бид нар 1 шил архи, 2,5 литрийн пиво хувааж уугаад тэндээсээ Булаг багт байрлах 2 давхар буудалд 5-уулаа орсон. Орохдоо 2 шил архи, 2,5 литрийн пиво 1-ийг аваад орсон. Архи пиво ууцгаагаад нилээн муудсан. Тэгээд Эрдэнэхүүтэй маргалдаж эвлэрчихээд Эрдэнэхүү гэр лүүгээ явлаа гэж хэлээд явсан. Би буудалдаа үлдээд хэсэг унтаж байгаад сэрсэн. Тэгээд Эрдэнэхүүгийн гэрт очиход Мөнхцэцэг, Сүхбат 3 байсан. Би та нар намайг хаяад явсан байна гээд уурласан. Тэгээд нэг шил архи авах гээд виза картаа хайгаад олоогүй. Эрдэнэхүүгээс асуухад мэдэхгүй гэсэн. Тэгээд маргалдаж эхэлсэн. Би архи согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн байсан. Уурандаа Эрдэнэхүүг цохиж унагаагаад газар унахад нь нүүрэн тус газар нь өшиглөсөн. Цагдаа ирээд би эрүүлжүүлэхэд ирсэн. Би нүүрэн тус газар нь эхлээд гараараа цохисон. Газар унахад нь хөлөөрөө өшиглөсөн. Би архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Би найзынхаа биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулах болно” гэсэн мэдүүлэг болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт 1-2-28 тоотод согтуугаар Эрдэнэхүүг виза карт авсан гэдэг шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн анхан шатанд хэргээ хүлээж өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Энэ хэрэг нь архины зохисгүй хэрэглээнээс болж үйлдэгдсэн нь тогтоогдсон. Гэмт хэрэг үйлдэх явцаа Эрдэнэхүүг тохуурхан даажигнасан зүйл тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг Орхон аймгийн хот тохижуулах газарт өдөрт 4 цагаар ажиллуулахаар тогтоож, шүүгдэгч нь өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй байна.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир дүгнэлтдээ “Гэм буруугийн талаар хэлэх зүйлгүй байна. 2 300 000 төгрөгийг эмчилгээний зардалд авсан тухайгаа хохирогч хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч 4 000 000 төгрөг өгнө гэж анх хэллсэн боловч энэ амлалтандаа хүрээгүй байдаг. Шүүгдэгч нь өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...хохирогч нотлох баримтаа бүрдүүлвэл 4 000 000 төгрөгийг өгнө гэж байна. Тиймээс шүүхийн шийдвэрт хохирогч хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг дурдаж өгөх нь зүйтэй. Мөн хуульд заасны дагуу хохирлын зарим хэсгийг нь хангах нь зүйтэй гэж бодож байна. Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьчилан төлүүлж, гэм хорыг арилгах үүрэг хүлээлгэх эрхтэй гэж заасан. Тиймээс хохирлын зарим хэсгийг гаргуулж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Зайлшгүй гарах зардал гэж яагаад үзсэн бэ гэвэл хх 13 дугаар хуудсан дахь шинжээчийн дүгнэлтээр “...хөдөлмөрийн чадвар удаан хугацаагаар алдах” гэсэн учираас иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ дүгнэлтдээ “Гэм буруугийн хувьд тусгайлсан саналгүй байна. Учир нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн, төлөхөө илэрхийлсэн. Хохирогчид 2 373 260 төгрөгийг төлсөн гэдэг нь үндэслэлтэй. Мөн давж заалдах шатны шүүх хурлын тэмдэглэл дээр хохирогч анхан шатны шүүх хурлаас хойш 2 хонь, 100 000 төгрөг хүлээж авсан гэж мэдүүлдэг. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр ч гэсэн мэдүүлж байна. Энэ мэдүүлгийг анхаарч үзэн 2 373 260 төгрөгийн хохирол төлснөөр оруулан тооцож өгнө үү. Шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн анхан болон давж заалдах шатны шүүх, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг нь илтэд худал байдаг. Өөрийг нь нүцгэлж, тохуурхан доромжилсон гэж ярьдаг. Давж заалдах шатны шүүх хурал дээр миний жин 10 кг хасагдсан гэдэг. Гэтэл хх 157-158 дугаар хуудсанд фото зургийг өгсөн байгаа. Тэр зургийг харах юм бол эрүүний гэмтлээс болж 10 кг жин хасагдсан гэдэг нь тогтоогдохгүй. Жингийн хувьд угаасаа масс багатай хүн байдаг. Худал мэдүүлсэн учраас хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой байх. Энэ байдлыг шүүх анхаарч үзнэ үү. Иймд шүүгдэгчид торгуулийн ялын хамгийн доод хэмжээ болох 450 000 төгрөгөөр торгож өгнө үү. Төлөхдөө 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн саналтай байна. Учир нь уул уурхайд ажилладаг байсан. Шүүх хуралдаанаас болоод ажлаа үргэлжлүүлэн хийх боломж байгаагүй. Энэ байдлыг харгалзан үзнэ үү.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-2-28 тоотод У.Эрдэнэхүүтэй маргалдан хуванцар сандлаар цохиж унаган нүүрэнд нь өшиглөж, доод эрүүний ясны далд хугарал, хоёр шүдний ганхалт, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, хүзүүний доод хэсэгт зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, цээжинд 1 тооны шалбархай, баруун даланд 3 тооны зулгаралт зэрэг хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Сгийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар шүүгдэгч түүний өмгөөлөгч мэтгэлцээгүй бөгөөд хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдсон байна.

 

Орхон аймгийн Прокурорын газраас Б.Сг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэгт тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, гэм хорын хохиролд 2 373 260 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч У.Эрдэнэхүү нь цаашид эрүүний хагалгаа болон түүнтэй холбоотой бусад эмчилгээ хийлгэхэд шаардлагатай 4 сая төгрөгийг нэхэмжлэнэ гэсэн боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Иймд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Чонос овогт Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний хэмжээгээр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч У.Эрдэнхүү нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС