Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 102/2023/05438/И |
Дугаар | 210/МА2024/01258 |
Огноо | 2024-06-19 |
Маргааны төрөл | Бэлэглэл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/01258
2024 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 210/МА2024/01258 |
Л.,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/01649 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Л.,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э.,,,,,,,,,,,,,,,,д холбогдох,
Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй,
Бэлэглэлийг гэрээ бус арилжааны гэрээ байгуулагдсаныг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.,,,,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Э.,,,,,,,,,,,,,,,,тэй Баянгол дүүрэг, 5 дугаар хороо 51/3 байранд хөршүүд болон амьдарч байсан. Манай орон сууц 16 тоотод байрладаг 42 м.кв талбайтай, Э.,,,,,,,,,,,,,,,,гийнх 15 тоотод байрладаг 30 м.кв талбайтай байсан.
Миний орон сууцыг Э.,,,,,,,,,,,,,,,, 71,400,000 төгрөгөөр худалдан авахаар, үүнээс 17,000,000 төгрөгийг гэрээ хийсний дараа бэлнээр, 54,400,000 төгрөгт нь өөрийн өмчлөлийн 30 м.кв орон сууцыг өгөхөөр тохиролцсон.
Гэрээ байгуулах үед Э.,,,,,,,,,,,,,,,, бэлэглэлийн гэрээ хийе, татвар бага төлнө, харин засварт 8,000,000 төгрөг өгнө гэж хэлсэн тул 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлийн орон сууцыг Э.,,,,,,,,,,,,,,,,д шилжүүлж, Э.,,,,,,,,,,,,,,,, надад өөрийн орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн.
Э.,,,,,,,,,,,,,,,, нь үлдэгдэл төлбөр 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч засварын төлбөр 8,000,000 төгрөгийг огт өгөөгүй тул маш их гомдолтой байна. Би өөрийн байрыг бэлэглэлийн гэрээгээр биш худалдах, худалдан авах гэрээгээр борлуулах байсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээ хийсэн тохиолдолд байр засварын мөнгийг гэрээний төлбөрт оруулж тооцох байсан.
Иймд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.
1.2. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Одоо амьдарч байгаа байрных нь зургийг харахад миний хийсэн засвар байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Бэлэглэгчийг гомдоосон зүйл байхгүй, тохиролцооны дагуу бүх зүйлээ шилжүүлэн өгч 17,000,000 төгрөгийг нэмж төлсөн. Байр солилцсоны дараа 10,000,000 төгрөгийг байрны засварт зарцуулсан. Л.,,,,,,,,,,,,,,,,,,,т засвар хийхэд нь зориулж 8,000,000 төгрөг өгнө гэж огт яриагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү .
2.2. Л.,,,,,,,,,,,,,,,,,,,тай 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр арилжааны гэрээ байгуулж, орон сууцаа солилцож, талбайн зөрүүд 17,000,000 төгрөг төлсөн.
2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн газарт уулзаж гэрээ хийх гэхэд Л.,,,,,,,,,,,,,,,,,,, нь татварын мөнгө төлөх юм байна, бэлэглэлийн гэрээ байгуулцгаая гэж хэлсний дагуу харилцан бэлэглэлийн гэрээ байгуулсан.
Иймд талуудын хооронд байгуулсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо 51/3 байрны 15 тоот 30 м.кв, орон сууц, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 51/3 байрны 16 тоот 42м.кв орон сууцыг солилцоход, бэлэглэлийн гэрээ бус арилжааны гэрээ байгуулагдсаныг тогтоож, Э.,,,,,,,,,,,,,,,,г Баянгол дүүрэг, 51/3 байрны 16 тоот 42 м.кв орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Э.,,,,,,,,,,,,,,,,д холбогдох 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2587 дугаарт бүртгэлтэй Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Л.,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох эрхийн улсын Ү-2205045713 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51-3 дугаар байр, 16 тоот хаягт байрлах, 42 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай Э.,,,,,,,,,,,,,,,,гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 408,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Бид анхнаасаа бэлэглэлийн гэрээ байгуулахаар тохиролцоогүй бөгөөд Э.,,,,,,,,,,,,,,,, татвар бага төлдөг болохоор бэлэглэлийн гэрээ байгуулъя гэж гуйсан. Миний хувьд тухайн үед худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж ойлгосон. Би өөрийн 42 м.кв орон сууцаа 71,400,000 төгрөгөөр худалдсан. Өөрөөр хэлбэл бид анхнаасаа худалдах худалдан авах гэрээ хийхээр тохирсон боловч бэлэглэлийн гэрээ хийсэн.
Би Э.,,,,,,,,,,,,,,,,д бүрэн засвар хийсэн байр шилжүүлсэн. Э.,,,,,,,,,,,,,,,, надад орон сууцны засварт 8,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон боловч огт өгөөгүй.
Хэрвээ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийг гомдоосон гэдгийг харгалзан үзэх ёстой байсан.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:
Талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан. Үүний дагуу бэлэглэлийн гэрээ хийгдсэн. Энэ талаар шүүх зөв дүгнэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Л.,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч Э.,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулж 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51-3 дугаар байр, 16 тоот хаягт байрлах, 42 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээгээр Л.,,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51-3 дугаар байр, 16 тоот хаягт байрлах, 42 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э.,,,,,,,,,,,,,,,,гийн өмчлөлд,
мөн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээгээр Э.,,,,,,,,,,,,,,,, нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51-3 дугаар байр, 15 тоот хаягт байрлах, 30 м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Л.,,,,,,,,,,,,,,,,,,,ын өмчлөлд тус тус шилжүүлсэн байна.
Дээрх бэлэглэлийн гэрээний дагуу Э.,,,,,,,,,,,,,,,, нь Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51-3 дугаар байр, 16 тоот хаягт байрлах, 42 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, Л.,,,,,,,,,,,,,,,,,,, нь Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51-3 дугаар байр, 15 тоот хаягт байрлах, 30 м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус тус бүртгэгдсэн.
Түүнчлэн Э.,,,,,,,,,,,,,,,, нь Л.,,,,,,,,,,,,,,,,,,,т 17,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн байна.
3.2. Ийнхүү талууд орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлж, ийнхүү шилжүүлсэн хөрөнгийн үнийг тэнцүүлэх үүднээс Э.,,,,,,,,,,,,,,,,гээс Л.,,,,,,,,,,,,,,,,,,,т 17,000,000 төгрөг шилжүүлж өгсөн нөхцөл байдлыг харгалзан тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний шинжтэй харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
3.3. Хэдийгээр талууд арилжааны гэрээ байгуулах хүсэл зоригийг бэлэглэлийн гэрээ байгуулж харилцан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн байгаа нь уг бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй.
Энэ талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр өөрчлөгдөх шаардлагад нийцүүлэх үүднээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг зохигчид 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу харилцан шилжүүлсэн гэж дүгнэсэн нь зөв.
Өөрөөр хэлбэл, зохигч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг харилцан шилжүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн тул бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцохгүй.
Иймд, анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт нийцсэн.
4. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 8,000,000 төгрөгийг засварын зардалд авахаар тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
5. Хариуцагчийн гаргасан арилжааны гэрээ байгуулагдсаныг тогтоолгох шаардлага нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд хамаарна гэж шүүх зөв дүгнэсэн.
Мөн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51-3 дугаар байр, 16 тоот хаягт байрлах, 42 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй учир энэ талаар дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.
6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/01649 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Т.БАДРАХ