Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 465

 

 

 

 


                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
    Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Булган сумын Тамир баг, Дунд тээл гэх газар оршин суух Дэндэв овгийн Дамдингийн Алтанцэцэгийн /РД:АБ66101306/ хүсэлттэй
    Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.  
    Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов. 
    ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Алтанцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1986 оны 7 сарын 01-нээс тэжээлийн цех дээр томилогдон 1987 оны 5 сарын 15 хүртэлх хугацаанд ажилласан. 1987 оны 5 сарын 15-наас сүүн заводод томилогдон 1988 оны 3 сарын 15 хүртэлх хугацаанд ажилласан. 1988 оны 3 сарын 15-наас малчнаар томилогдон 1991 оны 7 сарын 15 хүртэл ажиллаж байсан. Энэ бүхнийг харгалзан үзэж ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983-1986 онд Өвөрхангай аймгийн ТМС-д суралцаж төгсөөд 1986 оноос Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд хуваарилагдаж сүүн завод болон тэжээлийн цехэд, мал аж ахуйн салбарт ажиллаж байсан. Би ТМС-ээс ирэхдээ хөдөлмөрийн дэвтэртэй ирээд Булган сумын Пионерийн зам нэгдэлд хураалгасан боловч буцааж аваагүй. Би Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй. Иймд намайг Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд тэжээл бэлтгэгчээр, сүү тосны заводод ажилчнаар, малчнаар 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Алтанцэцэг нь 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд тэжээл бэлтгэгч, сүү тосны заводод ажилчин, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: 
1.    Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. ТМС болон ЕБ-ын сургуулийн 8-р анги төгсч мал аж ахуйд хуваарилагдсан сурагчдыг хавсралтанд дурьдсанаар ажилд томилсугай. Хавсралтанд: Дамдин овогтой Алтанцэцэг, тэжээл бэлтгэх гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1986 оны 07 сарын 01-ний өдрийн 42 тоот тушаал,
1.2. Сүү тосны завод тасгийн ажилчдыг хавсралтанд дурдснаар томилсугай. Хавсралтанд: Дамдин овогтой Алтанцэцэг гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1987 оны 05 сарын 15-ны өдрийн 25 тоот тушаал,
1.3. Баянбулаг хэсгийн 45, Тусгалт хэсгийн 98, Тамир хэсгийн 96, бүгд 239 малчдыг хавсралтанд дурьдсан хуваарийн дагуу 1988 оны амралтыг ажлын 15 хоногоор бодож олгосугай. Хавсралтын 71-р мөрөнд: Д.Алтанцэцэг, сар-10, амрах хоног-15 гэсэн “Малчдын ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1988 оны 06 сарын 01-ний өдрийн 32 тоот тушаал,
1.4. Саалийн механикжсан фермийн саальчнаар ... Д.Алтанцэцэг нарыг 1989 оны 10 сарын 27-ноос, ... эхлэн тус тус томилсугай гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1989 оны 11 сарын 25-ны өдрийн 59 тоот тушаал,
1.5. СМФ нь бие дааж аймгийн ХААХҮУ Газрын мэдэлд шилжиж байгаа учир хавсралтанд дурьдсан нэр бүхий 42 хүнийг нэгдлийн мэдлээс гаргаж, СМФ-ийн мэдэлд шилжүүлсүгэй. Хавсралтанд: саальчин Д.Алтанцэцэг гэсэн “Ажилд шилжүүлэн томилох тухай” Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1990 оны 04 сарын 01-ний өдрийн 13 тоот тушаал,
2. Гэрч Г.Мөнгөнтуяагийн: “Би Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд Баянбулаг, Ногоо бригадад ногоочноор 1984 оноос 1987 он хүртэл ажиллаад 1987 оноос 1990 оныг дуустал Пионерийн зам нэгдлийн заводод саальчнаар Д.Алтанцэцэгтэй хамт ажиллаж байсан. Намайг 1987 онд Пионерийн зам нэгдлийн заводод ажиллаж эхлэхэд Д.Алтанцэцэг тугал хариулж, сүү, цөцгийн тос цохиж, ээдэмцэр хийдэг байсан. Дараа нь мал малладаг байсан. Д.Алтанцэцэг бид хоёр Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийг хувьчлагдах хүртэл хамт ажилласан” гэх мэдүүлэг, 
3. Гэрч С.Мөнххишигийн: “Би 1986 онд Архангай аймгийн ТМС төгсөж Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд очиход Д.Алтанцэцэг тус нэгдэлд ажилладаг байсан. Би Д.Алтанцэцэгтэй хамт сүүн заводод ээдэмцэр хийж байгаад би 1987 оноос Пионерийн зам нэгдэлд чанар шалгагчаар тус нэгдлийг хувьчлагдах хүртэл ажилласан. Д.Алтанцэцэг нь Пионерийн зам нэгдлийн сүүн заводоос гадна малчин, саальчнаар, тэжээлийн цехэд ажилладаг байсан. Би 1987 оноос хойш Д.Алтанцэцэгтэй нэг дор хамт ажиллаж байгаагүй ч нэг нэгдэлд ажиллаж байсныхаа хувьд түүнийг 1986 оноос Пионерийн зам нэгдлийг хувьчлагдах хүртэл тасралтгүй ажиллаж байсныг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүх Д.Алтанцэцэгийн хүсэлтээр хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан, түүний ажиллаж байсан талаар мэдэх Г.Мөнгөнтуяа, С.Мөнххишиг нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Мөн Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
 Д.Алтанцэцэгийн Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд тэжээл бэлтгэгч, сүү тосны заводод ажилчин, малчнаар ажиллаж байсан нь Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1986 оны 07 сарын 01-ний өдрийн 42 тоот, 1987 оны 05 сарын 15-ны өдрийн 25 тоот, 1988 оны 06 сарын 01-ний өдрийн 32 тоот, 1989 оны 11 сарын 25-ны өдрийн 59 тоот, 1990 оны 04 сарын 01-ний өдрийн 13 тоот тушаал, гэрч Г.Мөнгөнтуяа, С.Мөнххишиг нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 
 Хүсэлт гаргагч Д.Алтанцэцэг 1986 оны 07 сарын 01-ний өдөр Булган сумын Пионерийн зам нэгдэлд ажилд орж, 1990 оны 04 сарын 11-ний өдөр хүртэл ажилласан нь Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1986 оны 07 сарын          01-ний өдрийн 42 тоот, 1990 оны 04 сарын 01-ний өдрийн 13 тоот тушаалуудаар тогтоогдож байна. 
Иймд Д.Алтанцэцэгийг Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд тэжээл бэлтгэгч, сүү тосны заводод ажилчин, малчнаар 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дэндэв овгийн Дамдингийн Алтанцэцэгийг Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд тэжээл бэлтгэгч, сүү тосны заводод ажилчин, малчнаар 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 72000 төгрөгөөс 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 1800 төгрөг гаргуулж хүсэлт гаргагч Д.Алтанцэцэгт олгосугай.

           3. Хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 
    

                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА