Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01259

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01259

 

 

Л.,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2024/01473 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,,,инд холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.,,,,,,,,,,,,,,,, Д.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.,,,,,,,,,,,,, Б.,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,,,,,,наас хөдөлмөрийн дотоод журмын 5.2.7-д албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт заасан ажил үүрэг, удирдлага болон захирал, ахлах ажилтны өгсөн үүрэг, даалгаврыг тогтоосон хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан зөрчлийг гаргасан, хөдөлмөрийн гэрээний 3.2.5-д ,,,,,,,,,,,,,,,,ны нэр хүндийг гутаах үйлдэл хийсэн, удирдлагын зөвшөөрөлгүй хэвлэл, мэдээллийн хэрэгслээр байгууллага, ажилтнуудтай холбоотой сөрөг мэдээлэл тараасан гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж тайлбарладаг.

Миний бие хөдөлмөрийн дотоод журмын 5.2.7-д заасныг зөрчөөгүй, ямар зөрчил гаргасан талаар тайлбарлаж, тайлбар аваагүй. Мөн 2021 онд Монгол Улсын Их Сургуулийн төрийн удирдлагын магистрын ангид суралцахдаа 2022 оны 02 дугаар сард Д.,,,,,,,,,,,,,, багшийн цахим хичээл дээр тухайн хичээлийн сэдвийн агуулгатай холбоотой өөрийн үзэл бодлоо ярилцан хичээлд оролцсон. Тухайн хичээлийг Youtube хуудсанд тавьсныг мэдээгүй бөгөөд энэ мэдээлэл одоо байгаа эсэх нь ч тодорхойгүй, мөн санаатайгаар ,,,,,,,,,,,,,,,,ны нэр төрийг гутаан доромжилсон агуулга бүхий үйлдэл гаргаагүй.

Иймд ,,,,,,,,,,,,,,,,ны Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б-372 дугаартай Л.,,,,,,,,,,ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал үндэслэлгүй тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, тус хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийг ,,,,,,,,,,,,,,,,ны Аюулгүй албанд мэргэжилтнээр ажиллаж байхдаа удаа дараа алдаа гаргадаг байсан талаар тус албаны ахлах мэргэжилтэн нь тодорхойлсон, мөн Ёслолын албанд мэргэжилтнээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн гэрээний 2.3.2-д заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй тул 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан.

Ёслолын албанд орон тоо нэмж, бүтцийн өөрчлөлт хийж байгаатай холбогдуулан мэргэжил, ур чадварын шалгалт авахад Л.,,,,,,,,,, нь шалтгаангүй шалгалт өгөхөөс татгалзсан нь Хөдөлмөрийн гэрээний 2.3.2-т заасныг зөрчсөн. Ёслолын албанд мэргэжилтнээр ажиллаж байхдаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.6, 5.2.7 дахь заалтыг зөрчсөн тул 2023 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн Б-124 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан.

Л.,,,,,,,,,,той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.5-д ,,,,,,,,,,,,,,,,ны нэр хүндийг гутаах үйлдэл хийсэн, удирдлагын зөвшөөрөлгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр байгууллага ажилтнуудтай холбоотой сөрөг мэдээлэл тараасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцно гэж заасан байхад ,,,,,,,,,,,,,,,,ны нэр хүндийг гутаах үйлдэл хийсэн, удирдлагын зөвшөөрөлгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр байгууллага ажилтнуудтай холбоотой сөрөг мэдээлэл тараасан болохыг илрүүлсэн.

Энэ асуудал нь ,,,,,,,,,,,,,,,,ны нэр хүндэд урт хугацаанд сөргөөр нөлөөлөх үр дагаврыг бий болгосон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.,,,,,,,,,,ыг ,,,,,,,,,,,,,,,,ны Удирдлага төлөвлөлтийн газрын Гадаад харилцаа, ёслолын албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,наас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 24,187,376 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.,,,,,,,,,,од олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Л.,,,,,,,,,,ын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ,,,,,,,,,,,,,,,,инд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.,,,,,,,,,, нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,наас улсын тэмдэгтийн хураамжид 349,087 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүх хариуцагчийн гарган өгсөн нотлох баримтыг бүх талаас нь бүрэн, бодитой дүгнэлгүй шийдвэр гаргасан. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон ,,,,,,,,,,,,,,,,ны Тамгын газрын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.,,,,,,,, мэдүүлэгтээ ажлаас чөлөөлөх тушаал гарахаас 1 сарын өмнө зөрчлийг мэдсэн тухай дурьдсан байдаг.

Л.,,,,,,,,,, сургалтад хамрагдаж байх хугацаандаа нийтэд ,,,,,,,,,,,,,,,,ны талаар аливаа нэгэн нотлох, баримтад суурилсан мэдээлэл биш, эрх бүхий байгууллагаас түүнийг олж ирүүлсэн, түүнийг шийдвэрлэсэн явдал албан ёсоор бүртгэгдээгүй байхад, ийнхүү ярьсан нь илэрхий нөхцөл ярьж байгаа мэт сэтгэгдлийг олон нийтэд түгээхээс гадна, ,,,,,,,,,,,,,,,,ны нэр хүндэд урт хугацаанд сөргөөр нөлөөлөөлөх үр дагаврыг бий болгосон. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх нөхцөлд хамаарна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Яригдаж буй зөрчил нь хэзээ гарсан, үүнийг хэзээ илрүүлсэн болох нь тодорхойгүй байхад хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй. Гэрч М.,,,,,,,,гийн мэдүүлгээр дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Л.,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,инд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Л.,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,ны Тамгын газрын Гадаад харилцаа, ёслолын албаны мэргэжилтнээр 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллаж, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн.

 

3.1. ,,,,,,,,,,,,,,,,ны ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн б-372 дугаар тушаалаар Л.,,,,,,,,,,ыг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, тогтоосон хугацаанд чанартай хийж гүйцэтгээгүй, ,,,,,,,,,,,,,,,,ны нэр хүндийг гутааж байгууллага, ажилтнуудтай холбоотой худал мэдээлэл тарааж давтан зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан /хх 116/.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйд тохирох сахилгын шийтгэлийг ногдуулах эрхтэй.

Гэхдээ энэ тохиолдолд ажилтны гаргасан сахилгын зөрчил тогтоогдсон байх ёстой.

 

4.1. ,,,,,,,,,,,,,,,,ны ерөнхийлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн б-124 дугаар тушаалаар Л.,,,,,,,,,,од удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй үндэслэлээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна /хх 117/.

Харин Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр уг тушаалыг хүчингүйд тооцжээ /хх 134-135/.

Иймд ,,,,,,,,,,,,,,,,ны ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн б-372 дугаар тушаалд Л.,,,,,,,,,,ыг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, тогтоосон хугацаанд чанартай хийж гүйцэтгээгүй зөрчил, мөн давтан зөрчил гаргасан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

4.2. Л.,,,,,,,,,,той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.5-д ,,,,,,,,,,,,,,,,ны нэр хүндийг гутаах үйлдэл хийсэн, удирдлагын зөвшөөрөлгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр байгууллага ажилтнуудтай холбоотой сөрөг мэдээлэл тараасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцно гэж заажээ.

Ажил олгогчийн зүгээс ажилтан нь цахим орчинд Би ,,,,,,,,,,,,,,,,инд ажилладаг. Улсын их хурлын гишүүдийн захиалгаар, тэр тусмаа захиалгаа н.,,,,,,,,,,,, даргын захиалгаар миний мэдэхийн 10 хүн шууд очиж байна гэж нотлох баримтад суурилсан мэдээлэл биш, эрх бүхий байгууллагаас түүнийг олж илрүүлсэн, шийдвэрлэсэн явдал албан ёсоор бүртгэгдээгүй байхад ийнхүү ярьсан нь илэрхий нөхцөл ярьж байгаа мэт сэтгэгдлийг олон нийтэд түгээхээс гадна, ,,,,,,,,,,,,,,,,ны нэр хүндэд урт хугацаанд сөргөөр нөлөөлөх үр дагаврыг бий болгосон гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу шүүхийн журмаар 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Си Ди бичлэгт хийсэн үзлэгээр дээрх агуулга бүхий дүрс бичлэг бичигдсэн байх боловч уг бичлэг нь хэзээ хийгдсэн, ямар хэлбэрээр нийтэд түгсэн нь тодорхойгүй.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүхийн зүгээс уг зөрчлийг хэзээ гарсан, зөрчлийг хэзээ илрүүлснээ ажил олгогч баримтаар нотлоогүй, уг зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сарын хугацаанд зөрчилд сахилгын шийтгэл ногдуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4.3. Учир нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар цуцлахаас өмнө ажилтны гаргасан зөрчлийг илрүүлж, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор сахилгын шийтгэлийн ногдуулах ёстой.

Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан гэх ,,,,,,,,,,,,,,,,ны нэр хүндийг гутаах үйлдэл хэзээ гарсан, үүнийг хариуцагч хэзээ илрүүлж сахилгын арга хэмжээ ногдуулсан нь тодорхойгүй байна. Үүнээс шалтгаалан хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан сахилгын зөрчил гаргасан өдрөөс хойш зургаан сарын дотор нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан гэж дүгнэх үндэслэлгүй.

Энэ талаарх мэтгэлцээний байр сууриа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Хэрэгт авагдсан гэрч Н.,,,,,,,,гийн мэдүүлэг нь зөрчил гарсан болон зөрчлийг илрүүлсэн хугацааг нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн.

 

4.4. Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Л.,,,,,,,,,,ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.

5. Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосны үр дагаврыг шүүх шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 24,187,376 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Энд заасан тооцоололд зохигч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2024/01473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.15-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ