| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0391/э |
| Дугаар | 0411 |
| Огноо | 2018-12-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 0411
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба
Улсын яллагч Б.Бүжинлхам
Хохирогчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир
Хохирогч О.Баасансүрэн
Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Эд холбогдох эрүүгийн 1825007310473 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Хужгаа овогт Т.Э, Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Тэс суманд аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 11А-01 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар РЙ86031103
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Яллагдагч Т.Э нь гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч О Баасансүрэнгийн ... “Намайг хөдөө яваад ирэхэд миний эхнэр Энхжаргалын байрыг авна гээд байсан. Эхнэр минь хямд зүгээр байр байсан гэхээр нь бид эхнэртээ итгээд Энхжаргалын байрыг авахаар болсон юм. Энхжаргал гэж хүнтэй уулзаад байрны талаар ярилцахад өөрөө Австрали улс руу сурах гээд явж байгаа. Гадаад улсад гарах виз гарсан. Сургалтын төлбөр хэрэг болсон учир байраа зарж байгаа. Миний өөрийн байр гэхдээ манай аавын нэр дээр бүртгэлтэй байгаа гэж ярьсан. Ингээд Энхжаргалтай наймаа хийхээр болж 2018 оны 10 сарын 09-ний өдөр би Энхжаргалын Хаан банкны 5094656932 тоот данс руу “Төрийн банк” дахь өөрийнхөө 108801247494 тоот данснаас 20 сая төгрөг шилжүүлсэн. 2018 оны 10 сарын 12-ны өдөр Энхжаргал над руу утсаар яриад эгч нь гадаад явах ажлаараа Улаанбаатар хотод явж байна. Мөнгө дутчихлаа эгч рүүгээ 7 сая төгрөг явуулаач гээд Голомт банкны 4005114590 тоот дансыг өгсөн. Тэгэхээр нь би Төрийн банк дахь өөрийнхөө 108801247494 тоот данснаас 7 сая төгрөг шилжүүлсэн. Энхжаргал нь 2018 оны 10 сарын 14-ний өдөр байраа суллаж өгөөд бид нар орсон. Тэгээд Энхжаргалд орон сууцныхаа гэрчилгээгээ шилжүүлж авъя гэж хэлсэн чинь намайг гадаад явахад аав минь батлан даагчаар орж байгаа юм. Наад байр чинь манай аавын нэр дээр байдаг юм. Намайг батлан дааж байгаа болохоор нэр дээр нь бүртгэлтэй эд зүйлийг шилжүүлж болохгүй байна, тэгээд ч манай аав хөдөө Завхан аймаг руу явсан гэж хэлээд 2018 оны 10 сарын 16-ны өдөр “Түмэндэмбэрэл овогтой Энхжаргал миний бие Өнөр хорооллын 101 байрын 61 тоот 2 өрөө 40.2 метр квадрат орон сууцыг О.Баасансүрэнд 30000000 төгрөгөөр худалдахаар тохиролцож О.Баасансүрэнгээс 27000000 төгрөг авсан болно. Орон сууц худалдах гэрээг 10 сарын 22-ны өдөр хийж албан ёсоор шилжүүлж өгнө, уг байр нь банкны барьцаанд байгаа тул 10 сарын 22-ыы дотор банкны зээлээс чөлөөлж авна” гэсэн бичиг хийж нотариатаар батлуулсан. Энэ бичгийг хийж өгөх үед тухайн байр нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд 2018 оны 10 сарын 22-ны өдөр Энхжаргал руу утсаар яриад гэрчилгээний нэрийг шилжүүлэх гэсэн чинь Татварын алба, банкаар явж байна гэх мэтэзр худлаа яриад яваад байсан. Тэгэхээр нь улсын бүртгэлээс асуусан чинь миний худалдаж авсан байр Шижирбаатар гэж хүний нэр дээр бүртгэлтэй байсан. Үүнээс гадна миний нагац эгч Мөнхцэцэг ч гэсэн ажлын газрынхаа хүнтэй ярилцаж байгаад Энхжаргалын байр нь Шижирбаатар гэж хүний байр болохыг мэдсэн байсан. Энхжаргал надад учруулсан хохирлоосоо 2 сая төгрөг өгсөн. Одоо 25 сая төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /5-7 дугаар хуудас/
2. Гэрч Ц.Цацралын ... “Манайх байртай болох гээд нөхөр бид хоёр бэлэн 30 сая төгрөгөөр байр худалдан авна гэсэн зарыг “Мэдээллийн бирж" телевизид өгсөн. Гэтэл 2018 оны 10 сарьын 05-ны өдөр 12 цаг 50 минутанд 94990369 гэсэн дугаараас нэг эмэгтэй хүн залгаад байр авна гэсэн зар өсгөн үү гэж асуусан. Нөхөр Баасансүрэн хөдөө ажилтай байсан. Нөгөө эмэгтэй хүнтэй утсаар яриад байрыг нь үзэхээр болоод үнэ ханшийг нь асуусан чинь 30 сая төгрөгөөр бэлэн өгнө гэж хэлсэн. Би хадам ах Батжаргал, түүний эхнэр Мөнхцэцэг нарын хамт Баянцагаан багийн Өнөр хороолол 101 дүгээр байрны 61 тоот 2 өрөө орон сууцыг очиж үзсэн. Тухайн байрыг очиж үзэхэд Энхжаргал гэж эмэгтэй хоёр бага насны хүүхдийн хамт байсан. Энхжаргап би Австрали улсруу явах гэж байгаа юм. Сургалтын төлбөр хэрэгтэй байгаа учир байраа зарах шаардлагатай байгаа. Байр миний нэр дээр бүртгэлтэй байгаа гэж хэлсэн. 2018 оны 10 сарын 09-ний үүрээр манай нөхөр ирэхээр нь Энхжаргал гэж хүнтэй нөхөр бид хоёр уулзаад байр худалдаж авах талаар ярилцсан. Худалдан авч байна гээд 27 сая төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/
3. Гэрч М.Шижирбаатарын ... “Манайх Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт баригдаж 2013 онд ашиглалтанд орсон Өнөр хорооллын 101 дүгээр байрын 61 тоот 40.2 метр квадрат орон сууцны байрыг ашиглалтанд орох үед нь Худалдаа хөгжлийн банкны зээлээр авч байсан бөгөөд тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь “Худалдаа хөгжлийн банканд барьцаанд байгаа. Манайх энэ байраа байнга л хүнд түрээсэлж байсан. 2018 оны 05 сарын 25-ны өдөр миний эхнэр Д.Өнөрбилэг нь Т.Э гэж хүнтэй ярилцаж байгаад Өнөр хорооллын 101 дүгээр байрын 61 тоот байрыг гурван сарын хугацаатай түрээслэх гэрээг байгуулан Т.Эд түрээслүүлсэн. Түрээсийн гэрээ дуусгавар болохоор нь дахин 3 сараар сунгаж түрээсэлсэн байсан. Би өөрөө эхнэрийн хамт Солонгос улсад явж байсан чинь миний дүүгийн эхнэр Будмаа гэж хүн надтай холбогдоод танай байрыг түрээсэлж байсан хүн бусдад зарсан байна шүү гэж хэлсэн. Өөр надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар хуудас /
4. Гэрч Д.Өнөрбилэгийн ... “Манайх өөрсдөө Зэст багийн 1-12-36 тоотод орон сууцтай бөгөөд Өнөр хорооллын 101 дүгээр байрын 61 тоот 40.2 тоот орон сууцыг авснаасаа хойш хүнд түрээсэлж байсан. 2018 оны 05 сарын 25-ны өдөр Т.Э гэж хүнтэй ярилцаж байгаад Өнөр хорооллын 101 дүгээр байрын 61 тоот байрыг гурван сарын хугацаатай түрээслэх гэрээг байгуулан Т.Эд түрээслүүлсэн. Түрээсийн гэрээ дуусгавар болохоор нь дахин 3 сараар сунгаж түрээсэлсэн байсан. Т.Э хүүхдүүдээ Баянцагаан багийн сургууль, цэцэрлэгт оруулсан байгаа учир танай байрыг удаан хугацаагаар түрээсэлж сууна гэж байсан. Би түүнд байрны урсгал зардал болон бусад төлбөрийг цаг тухай бүрт нь өгч байгаарай гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр хуудас /
5. Яллагдагч Т Энхжаргалын ... “Би үйлдсэн хэрэг болон сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өрийн дарамтаас болж өөрийн түрээслэж байсан. Өнөр хорооллын 101-р байрны 31 тоот байрыг Баасансүрэнд худалдан борлуулна гэж түүнээс 27 сая төгрөг авсан. Хохирлоо ирэх долоо хоногт төлж барагдуулах болно. Би орон сууцыг худалдан борлуулах захиран зарцуулах эрхгүй. 27 сая төгрөгийг Голомт банкны өөрийн дансаар шилжүүлэн авсан. Би өөрөө гадаад улсад явах гэж байгаа. Яаралтай зарах болоод зарж байгаа юм гэж хэлээд зарсан. Баасансүрэнгээс авсан мөнгөөрөө урд хүнд өгөх ёстой байсан өрөө дарсан. Энэ талаар мэдүүлэг өгөхгүй. 2018 оны 06 сараас хойш түрээсэлж байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-ййн 25-26 дугаар хуудас/
6. Эд зүйл, баримт бичиг хүлээн авч, хэрэгт хавсаргах тогтоол, хавсаргасан баримтууд /хх-ийн 40-57 дугаар хуудас /
7. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, албан бичиг /хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ “Өрийн дарамтнаас болоод энэ хэргийг хийсэн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй.” гэв.
Хохирогч О.Баасансүрэн шүүхийн хэлэлцүүлэгт “…Би 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр энэ байрыг авна гэж тохирсон. 10 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэртэй яриад ийм байр байна авах уу, яах уу гэсэн. Манай эхнэр, ах, эгч нар үзсэн. Би маргааш нь ирж үзээд авахаар болсон. Тэгээд эхлээд дансаар 20 000 000 төгрөг хийгээд нэрээ шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө төлөхөөр тохирсон. Эгч нь хотод явж байна, мөнгөний хэрэг гарчихаад байна, дахиад 7 000 000 төгрөгөө хийх боломж байна уу гэхээр нь нэмж 7 000 000 төгрөг хийсэн. 10 дугаар сарын 14-ний өдөр байраа суллаж өгнө гэж хэлж байсан. Байр суллаж өгөх өдөр нь болоод байр суларч байна уу, яаж байна гэхэд аав, ээж нь хүртэл байсан, бид нар орох гэж байгаа юм гэж хэлэхэд за, за гэсэн. 10 дугаар сарын 14-ний өдөр ороод 10 дугаар сарын 16-ны өдөр нэрээ шилжүүлье гэсэн чинь энд тэнд татварын газар, банк дээр байна гэж худлаа яриад эгчийгээ уучлаарай, эгч нь худлаа ярьсан юм гэсэн .Тэгээд бид нар үл хөдлөх эд хөрөнгө дээр очиж шүүлгэхэд Шижирбаатар гэдэг хүний нэр дээр байсан. Шижирбаатар гэдэг хүнийг ямар учиртай хүн юм гэж асуухад би авах ёстой юм, би уг нь мөнгийг нь өгчихсөн, одоо 13 000 000 төгрөг дутуу байгаа, тэгж байж гэрчилгээгээ авах ёстой гэж хэлсэн. Шижирбаатар нь Солонгост явна гэсэн. Манай эгч эмнэлэгт ажилладаг, цуг ажилладаг хүн нь Шижирбаатарын эгч нь байсан. Шижирбаатартай холбогдоход манайх зараагүй, түрээслэж байсан юм гэж хэлэхээр нь мэдээд тэрнээс хойш хохирлоо барагдуулна гэж худлаа ярьж явсаар байгаад хашаа, байшинг нь 20 000 000 төгрөгөөр авахаар болсон. Тэр нь өөрийнх нь нэр дээр ч биш, дүүгийнх нь нэр дээр байсан. Дүүгийнх нь нэр дээрээс шилжүүлж авсан. Үлдэгдэл 5 000 000 төгрөгийг яаралтай барагдуулж өгөхийг хүсч байна. Би их гомдолтой байна. Би эхнэр хүүхдийн хамт байр түрээсэлж амьдардаг. Мөнгөгүй бараг байрнаасаа хөөгдөх гээд байж байна. Жоохон хүүхэдтэй болохоор хаашаа ч очих юм билээ. Хашаа байшинд нь очих гэхээр хөндий байшинд мөнгөгүй бид нар яах юм. Гомдолтой байна.” гэв.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Энхжаргал нь өөрийн түрээслэн амьдарч байсан орон сууцыг бусдад зарна гэж хуурч мэхэлж 27 000 000 төгрөгөөр шилжүүлэн авч Баасансүрэнд 27 000 000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар, шүүгдэгчийн хэргээ хүлээж өгсөн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна. Гэм буруу болон хохирлын талаар шүүгдэгч, хохирогч нар нь маргаангүй. Энэ нь давхар нотлогдож байна. Ийм учраас Энхжаргалыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Энхжаргалыг гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүхээс Энхжаргалыг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна. Т.Э нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн асуудал дээр маргаангүй, хохирол төлөхөө илэрхийлж байгаа байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээ буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. 5 000 000 төгрөгийг Энхжаргалаас гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэх, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг дүгнэлтдээ: Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага үлдэгдэл 5 000 000 төгрөг байгааг нэхэмжилсэн. Одоогийн байдлаар 2 000 000 төгрөгийг бэлэн өгсөн. 20 000 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хашаа байшинг 15 000 000 төгрөгөөр, газрыг 5 000 000 төгрөгөөр үнэлж нийт 20 000 000 төгрөгийг мөнгөнийх нь оронд шилжүүлсэн. Үлдэгдэл 5 000 000 төгрөгийг эрүүгийн хэрэг үүссэнээс хойш өнөөдрийг хүртэл бэлэн мөнгө өгөөгүй, өөрийнх нь нэр дээрх биш, дүүгийнх нь нэр дээр байсан, дүү нь өгөх өгөхгүй нь мэдэхгүй, сүүлд 25 000 000 төгрөгөө яаж өгөх гэж байгаа юм бэ гэж асуулт асуухад хашаа байшин маань аавын нэр дээр байдаг гэсэн. Цаг хугацаа бүртэй л дандаа худлаа ярьдаг. Одоо мөнгийг чинь шилжүүллээ банкан дээр байна гэдэг мөртлөө шилжүүлдэггүй. Дандаа худлаа ярьж залилж, итгэл үзүүлж байгаа байдал нь өөрчлөгддөггүй. Өнөөдрийг хүртэл худлаа ярьж хуурч мэхэлж байна гэж үзэж байна. 5 000 000 төгрөгийг яаж төлөх юм гэхээр 3 000 000 төгрөг байгууллагаас ирнэ гэж хэлж байна. Анх хүний байрыг худалдахдаа би Австрали явах гэж байгаа, суралцах гэж байгаа болохоор мөнгөний хэрэгтэй болоод байраа зарах гэж байгаа гэж бусдад итгүүлж байсан. Энэ хүмүүс өөрсдөө оюутан болох гэж байгаа, орон сууц хэрэгтэй гэдэг шаардлагаар хямдхан юм байна гэж авсан. Гэтэл цаанаа Шижирбаатар гэдэг хүний нэр дээр өмчлөгч нь байдаг. Прокурорын шатанд хохирлоо бүрэн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаад өсгөн байгаа. Шүүхийн байгууллагад хүртэл худлаа ярьж байгаа нь илт мэдэгдэж байгаа. Тэгэхэд энэ хүн нэг төгрөг ч өгөөгүй, хохирол ч барагдуулаагүй. Тухайн үед хашаа байшинг шилжүүлээгүй, маргаантай өгөх өгөхгүй нь мэдэгдэхгүй байсан. Үйлчлүүлэгч маань хохирлоо төлж байж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж тайлбар бичиж өгсөн. Үлдэгдэл 5 000 000 төгрөгөө яаж төлөх нь тодорхойгүй, ажил хийдэггүй. 27 000 000 төгрөгийг хуурч мэхэлж аваад хэнд ямар зориулалтаар өгсөн нь тодорхойгүй, зарцуулалтаа өөрөө ч хэлэхгүй байна. Өөрөө аваад хэрэглэчихсэн юм уу, эсвэл Австрали гарах гээд визэндээ өгчихсөн ч юм уу тодорхой хэлэхгүй байна. Банканд байсан бол хүү нь өсөх байх, бусдад шилжүүлсэн бол тодорхой хэмжээний ашиг олох байсан. Цаг хугацаа бүрт өөрт нь худлаа ярьж итгэл үнэмшил төрүүлсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Хашаа байшингаа мөнгөнийхөө оронд шилжүүлчихээд дүйцэхүйц хэмжээний мөнгө гаргасан гэж ярих гээд байгаа бол өрөөсгөл ойлголт байх гэж бодож байна. Өөрсдөө мөнгөний оронд хашаа байшин өгье гэдэг санал тавьсан. Хашаа байшингаа шижлүүлээч гэдэг шаардлагыг тавьсан. Улсын бүртгэл дээр очихоор аавынх нь нэр дээр биш дүүгийнх нь нэр дээр байгаа. Ингэж явсаар байгаад шүүх хурлаас өмнө хашаа байшинг шилжүүлсэн. Хохирол төлье гэсэн сэтгэл, зорилго ерөөсөө байхгүй. Залилан үйлдээд байгаа хүмүүс цаг хугацаа бүрт хүнийг хохироодог, хохироосон үйлдлээ ухамсарладаггүй. Энэ мөнгийг аваад хэрэглэчихсэн юм гэж сэтгэл зовдоггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирлоо яаж төлөх эсэх нь ял шийтгэлийн хурал дээр асуугдах байх гэж бодож байна. Хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа боловч хэзээ төлөх нь тодорхойгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад ямар байгууллагад ажилладаг нь тодорхойгүй, хэдэн төгрөгийг цалин авдаг нь тодорхойгүй нөхцөл байдлууд харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл хөнгөн ял шийтгэл оногдуулсан тохиолдолд гадагшаа гарах боломжтой, өөр байр суурьтай байх магадлалтай гэсэн хардалт байна. Хохирогчид анх байрыг зарахдаа гадагшаа гарах гэж байгаа гэж байрыг зарж байсан. Тэгж итгэл үнэмшил төрүүлж хүний банканд байсан 27 000 000 төгрөгийг гаргуулж авсан. Ийм магадлал байгаа болохоор ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх нь үндэстэй болов уу. Өөрөөр хэлбэл дараа дараагийн гомдол гаргах эрх нь нээлттэй. Энэ хугацаандаа хохирлыг бүрэн барагдуулах найдвар нь эргэлзээтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч 5 000 000 төгрөгийг төлөх нь их амархан юм шиг ярьж байна. Яг өөрөө бэлнээр гаргаж өгсөн мөнгө нь 2 000 000 төгрөг л байгаа. Өөр хүний нэр дээрх байшин хашааг шилжүүлээд байгаа дээр шүүх үнэлэлт дүгнэлт өгөх байх. Өөрөөр хэлбэл хохирол төлөөд байгаа энэ үйлдэл нь өөрийнхөө өмчлөлийн юмаар төлөөд хохирлыг барагдуулаад байна гэдэг ойлголт нь эргэлзээтэй байна. Үүнээс харахад 5 000 000 төгрөгийг байгууллагаас дарга нь урдаас ирээд өгнө гээд үлгэр шиг юм яриад байна. Байгууллагаас мөнгө өгнө, очоод ажил хийгээд төлчих байх гэдэг байр суурийг үнэлэхгүй байх гэж үзэж байна. Хохирлыг барагдуулах нь эхний асуудал. Хэрэг үүссэнээс хойш хохирлыг төлье гэдэг сэдэл зорилго байгаагүй. Дандаа өгнө гэж худлаа ярьсаар өнөөдрийг хүрч байна. Шүүх үүнд дүгнэлт өгөх байх” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир дүгнэлтдээ “Гэм буруугийн талаар мэтгэлцэх зүйл байхгүй. Ял шийтгэл оногдуулах хэлэлцүүлгийн үед ярих зүйл байгаа. Гэхдээ одоо тодруулж хэлэх асуудал гэвэл Австрали явна гэж анх хэлсэн нь шуурхай мөнгөний хэрэгтэй болж хямдхан зарж байгаа гэдгээ үнэмшүүлэхийн тулд тэгж ярьсан болохоос биш энэ мөнгийг аваад Австрали руу явах санаа зорилго байгаагүй. Анх цагдаагийн газарт гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргахдаа Энхжаргал гэдэг хүн Австрали явах гээд байна гэсэн байдлаар хандсан юм. Нэгэнт Австрали явах гэж байсныг нь тогтоож чадаагүй учраас энэ асуудлыг бодитой зүйл байсан гэж хүлээж авахгүй байхыг хүсье. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье гэдэг зорилго байсан. Түүнээс биш хууль хяналтын байгууллагыг залилъя гэдэг зорилго байгаагүй. Хохирлыг төлөх боломж өнөө маргаашгүй харагдаад байдаг, яг өөрөөс нь шалтгаалахгүй ажил үйлс нь болж өгөхгүй байгаад учир нь байгаа юм. Түүнээс биш мөрдөгч Оюунболдод хэлээд энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлүүлье, хохирлыг төлөх боломж байна гэсэн. Хашаа байшин 35 000 000 төгрөгөнд зарагдчих боломжтой гэж харагдахаар байсан. Гэхдээ энд хохирогчийг буруутгаж байгаа зүйл биш. Тийм нөхцөл байдал байсан юм гэдгийг илэрхийлэх гэсэн юм. Тэрнээс биш гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй. Гэм буруугаа ойлгосон, гэм буруутай нь тогтоогдсон байгаа. Тэгэхээр эрүүгийн хариуцлага гарцаагүй байх ёстой. Гэхдээ эрүүгийн хариуцлага тохирсон байх ёстой. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. Энд торгууль, хорих, эрх хязгаарлах ял байгаа. Үүнээс тохирсон нь хорих, торгох ял гэж бодож байна. Хорих ял бол хүнд. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Үүнийг прокурор түрүүн дурдсан. Харин хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн ял нь нэгдүгээрт шүүгдэгчид төрийн шийтгэл хүлээлгэж цээрлүүлж байгаа хариуцлага, хоёрдугаарт хохирогчийн нөхцөл байдалтай тохирсон байх ёстой гэж бодож байна. Энэ хүнийг хорилоо гэхэд хохирогчид хохирол төлөх байдал удаашрах магадлалтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх асуудал байгаа. Аль ч талаараа бодсон тэр нөхцөлийг хэрэглэх боломжтой учраас бодитой зүйл гэвэл торгох ялын хамгийн бага хэмжээ буюу 450 000 төгрөгөөр торгох боломж байна гэж үзэж байна. Цаашид энэ хүн өөрөө хохирлоо төлнө гэж байгаа учраас хохирлыг шүүхээс хугацаа заагаад хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал байвал зүгээр болов уу. Хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд ял шалгах хуудас байгаа. Үүнээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдож байгаа байдал харагдаж байна. Тохиолдлын шинжтэй гэдэг нь нэг л удаа гэсэн үг. Түүнээс биш үүнийг амьдралын эх үүсвэрээ болгосон зүйл байхгүй. Гэхдээ байлаа гэж бодоход шалгаад тогтоож чадаагүй. Автрали улс руу гарах, ажил хийх нь тодорхойгүй гэсэн зүйлүүд байхгүй. Энэ хүнд хохирол төлөх боломж байгаа. Үнэлгээний асуудал нь их хэмжээний мөнгөөр үнэлэгдэх юмыг хямдхан авчихлаа гэж байгаа юм биш. Хамгийн гол нь энэ хүнд хохирлыг төлөх чин сэтгэл байсан гэдэг нь харагдаж байгаа. Энийг өөр хүнтэй ярьж зарлал тавьж байгаад гучин сая гаргаад төлчихөж чадна гэсэн байдлаар өдийг хүргэсэн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл энэ хүн хохирогчийн хэлсэн үнэлгээнд тохируулж төлсөн байдаг. 2 000 000 төгрөгийн асуудал байгаа. Хойшлуулж болзошгүй асуудал болсон нь аав нь хорт хавдартай гэсэн анхан шатны шинжилгээний дүгнэлт гарчихсан. Тэгэхээр аавыгаа хагалгаанд ороход ямар ч мөнгөгүй байх уу гэдэг эргэлзээтэй байдлын улмаас төлөхгүй байна. Амьдралд муугаасаа сайн нь илүү байдаг. Хэд хоногийн дараа эцгийнх нь одоогоор хорт хавдар гэж ярьж байгаа өвчин нь хорьт хавдар биш байж таараад яаралтай хагалгаанд орохгүй эмчийн хяналтанд байлгах сайхан мэдээг дуулгах юм бол 2 000 000 төгрөгийг нь өгчихнө. Бас ажил дээрээс нь 3 000 000 төгрөг ороод ирэх юм бол өгчихнө. Заавал засан хүмүүжүүлэх байгууллагад байлгаж ял эдлүүлэх үү, торгох ял эдлүүлэх үү гэдэг асуудал яригдана. Хэрвээ хорих ялыг оногдуулъя гэх юм бол Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд боломж байгаа. Хохирлыг 27 000 000 төгрөгийн 80 гаран хувийг төлчихсөн, үлдэгдэл мөнгийг төлнө гэдгээ зөвшөөрч байгаа хүний хувьд хорих ял оногдуулахгүй гарах боломж байгаа. Тэгэхээр торгох ялыг сонгосон нь зүйтэй гэж бодож байна. Эцэст нь Шүүхээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгөөч гэж хүсч байна. Энэ ялыг оногдуулсан тохиолдолд шүүхээс гарсан шийдвэрийг ягштал биелүүлнэ. Торгох ял болон хохирлыг шүүхээс заавал түүнээс өмнө төлж чадна гэж шүүгдэгч Энхжаргалын зүгээс хэлж байгааг давхар дамжуулж хэлье гэж хүсч байна” гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч О.Баасансүрэнгийн мэдүүлэг, гэрч Ц.Цацрал, М.Шижирбаатар, Д.Өнөрбилэг, Т.Э нарын мэдүүлэг, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, албан бичиг зэргээр шүүгдэгч Т.Энжаргал нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Өнөр хотхоны 101 дүгээр байрын 61 тоот орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууцыг түрээслэн амьдарч байхдаа өөрийн байр гэж хуурч мэхлэн О.Баасансүрэнгээс 2018 оны 10 сарын 09-ний өдөр 20 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 7 000 000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 27 000 000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Эыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлын зохих хувийг төлсөн үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч О.Баасансүрэнд нийт 27 000 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч 22 000 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн 5 000 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч Т.Эаас 5 000 000 төгрөг гаргуулж хохирогч О.Баасансүрэнд олгох нь зүйтэй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ “үлдсэн 5 сая төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулна” гэж байх тул түүний хохирол төлөх хугацааг 3 сар хугацаагаар тогтоох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хужгаа овгийн Т.Эыг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эаас 5 000 000 төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-1-48 тоотод оршин суух /РД:ГН92090418/ О.Баасансүрэнд олгож, шүүгдэгчийн хохирол төлөх хугацааг 3 сараар тогтоосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС